Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0232/З |
Дугаар | 221/МА2021/0533 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0533
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, С.О, Ц.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч “А” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, “А” ТӨҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнгөнхөдөлгүүр” ХХК-ийн Сангийн яам, “А” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “А” ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148, 149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “А” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МR-2021-03-22 дугаар бүхий Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ-г хүчингүй болгуулах, “А” ТӨҮГ-т дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, хянан үзэх шатанд шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үздэг.
Тендерийн баримт бичгийн бүх нөхцөл, болзлыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Гэтэл Үнэлгээний хороо зарласан тендерийн баримт бичигт заасан нөхцөлөөс зөрүүтэй, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлага хангаагүй “Х” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, үнэлгээг буруу хийсэн.
Иймд “Х” ХХК-ийн тендерийн доорх зөрчлүүд нь шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс шууд татгалзах үндэслэлүүд болох ба хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарах боломжгүй. Үүнд:
Нэг. “Х” ХХК нь бүх татвар хураамжийг багтаасан тендерийн үнийн санал ирүүлэх ёстой /ТОӨЗ 15.7/. Мөн үнийн хуваарийг тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт заасан тендер шалгаруулалтын маягтаас тохирох маягтыг ашиглан бэлтгэж ирүүлэх ёстой. ТОӨЗ 13.2/.
Үнийн хуваарьт дараах зүйлсийг тусад нь бичиж ирүүлнэ. /ТОӨЗ 15.9/
-Импортоор орж ирэх бараанд ногдох гаалийн, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татвар /ТОӨЗ-15.9 б-ын 2/
-Тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал /ТОӨЗ 15.9 б-ын 3/
Гэтэл “Х” ХХК нь дээрх татвар, зардлуудыг үнийн хуваарьт тооцоогүй, маягтыг өөрчилж, дутуу бөглөж ирүүлсэн нь тендерийн иж бүрдэл хангагдаагүй гэж үзэж, хуулийн дагуу тухайн тендерээс татгалзах үндэслэл болдог. Тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендерийн иж бүрдэлд ТОӨЗ-ийн 12-ын 1-д заасны дагуу энэхүү үнийн хуваарь заавал орно.
Хоёр. Мөн “А” ТӨҮГ-ын зарласан тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлэгт ТЭМ 2 маркийн сэлгээний илчит тэргийг Бор-Өндөрт хүлээн авч хүлээн авсан өдрөөс хойш 180 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэж, ТШӨХ-ийн 15.9-д заасан хаягаар хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гарах зардлыг үйлчилгээ үзүүлэгч байгууллага 100 хувь бүрэн хариуцна гэж заасан. ТШӨХ-ийн 15.9-д заасан хаяг гэдэг нь Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр юм.
Гэтэл “Х” ХХК нь Бор-Өндөрт хүлээн авч Оросын Холбооны Улс руу бэлдэж явуулах хугацааг оруулахгүйгээр Астраханийн зүтгүүр засварын үйлдвэр дээр хүлээн авсан өдрөөс хойш 90 хоног гэж тендерт ирүүлснийг Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй буруу шийдвэр юм.
Учир нь Үнэлгээний хороо өөрийн зарласан тендерийн баримт бичгийн дагуу л ирсэн тендерт үнэлгээ хийх хуулийн зохицуулалттай байтал зөрүүтэй тендерийг хүчээр шаардлагад нийцнэ гэж үнэлэхгүй ба тендерээс татгалзах ёстой. 180 хоногийг 90 хоног гээд санал ирүүлж байхад шаардлагад нийцэж байгаа, тендерээс татгалзах үндэслэлгүй гэж тайлбар гаргаж болохгүй. Тэгж үнэлгээ хийвэл тендер зарлах шаардлагагүй байсан. Энэхүү 90 хоног гэж ирүүлсэн санал үндэслэлгүй гэдэг нь “А” ТӨҮГ-ын өөрсдийн ирүүлсэн тайлбар, мөн “Х” ХХК-тай байгуулсан “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ” зэргээр нотлогдож байна. “Х” ХХК-тай байгуулсан гэрээнд барааг 180 хоногт нийлүүлэхээр болгож өөрчилж оруулсан. Энэ нь мөн хууль зөрчсөн. Учир нь компанийн ирүүлсэн тендерийн дагуу л гэрээ хийгддэг ба гэрээний үед компанийн ирүүлсэн тендерийн хугацааг өөрчилж, засварлаж болохгүй.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн агуулгад дурьдсан зөрүүнүүдийг холбогдох хууль, журмын дагуу тендерийн баримт бичигтэй харьцуулж яагаад шаардлагад нийцнэ гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй, хариуцагч талын тайлбараар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлуудын талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг дурьдаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Монголросцветмет ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 1/48, 1/49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, “А” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МР-2021-03-22 дугаар бүхий “Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгох, “А” ТӨҮГ-т “Илчит тэрэгний их засвар КР-2” МРЦМ/202004437 дугаартай тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-аас ““Х” ХХК нь импортоор орж ирэх бараанд ногдох гаалийн, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татвар, тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал татвар, зардлуудыг үнийн хуваарьт тооцоогүй, маягтыг өөрчилж, дутуу бөглөж ирүүлсэн нь тендерийн иж бүрдэл хангаагүй ... ТЭМ 2 маркийн сэлгээний илчит тэргийг Бор-Өндөрт хүлээн авч хүлээн авсан өдрөөс хойш 180 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэх гэж ТОӨЗ-д заасан байтал гуравдагч этгээд “Х” ХХК Астраханийн зүтгүүр засварын үйлдвэр дээр хүлээн авсан өдрөөс хойш 90 хоног гэсэн тендер ирүүлсэн ... гэсэн атлаа “Х” ХХК-тай байгуулсан гэрээнд барааг 180 хоногт нийлүүлэхээр болгож өөрчилж оруулсан” нь хууль бус хэмээн маргасан байна.
“А” ТӨҮГ-аас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан МРЦМ/202004437 дугаар бүхий “Илчит тэрэгний их засвар КР-2” тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор “Х” ХХК шалгарч, харин “М” ХХК-д өндөр үнийн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/274 дүгээр албан бичгээр “Голомт банкны тендерийн баталгааны хүчинтэй хугацаа дууссан байх тул гомдлыг буцаав” гэсэн хариуг өгчээ.
Дээрх хариуг хүлээн авсны дараа нэхэмжлэгчээс дахин гомдол гаргасан байх бөгөөд хариуцагч Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан дээрх шаардлагууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тодруулбал, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Х” ХХК-ийн тендерийн материалд ТЭМ 2 маркийн сэлгээний илчит тэргийг Астраханийн зүтгүүр засварын үйлдвэр дээр хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэнэ /Оросын Холбооны Улс руу бэлдэж явуулах Монгол дахь засварын хугацаа ороогүй/ гэсэн нь “А” ТӨҮГ-ын зарласан тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлэгт ТЭМ 2 маркийн сэлгээний илчит тэргийг Бор-Өндөрт хүлээн авч, тухайн өдрөөс хойш 180 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэх” гэж заасан нийлүүлэлтэд тавигдах шаардлагад нийцсэн гэж үзсэн хариуцагч “А” ТӨҮГ-ын шийдвэр хуульд нийцжээ.
Учир нь тендерийн баримт бичигт засварын ажлыг 180 хоногийн дотор хийж гүйцэтгэх гэж зааснаас үзэхэд тухайн их засварын ажлыг Астраханид 90 хоногийн дотор гүйцэтгэх, их засварт явахаас өмнөх явах эд ангийн засвар, бичиг баримт бүрдүүлэх ажлыг мөн 90 хоногийн хугацаанд гүйцэтгэх боломжтой болохыг ойлгохоор байх бөгөөд Монгол Улсад Ковид-19 цар тахал гарсантай холбоотой Астрахань хот хүртэл явахад ТЭМ2№1272 илчит тэрэгний явах ангийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг /унтраах болон алсын харилцааны зөвшөөрөл болох ТУ-25-ын актыг бүрдүүлэн бэлтгэх/ Бор-Өндөрт биш Улаанбаатар төмөр замын харьяа татах хэсэгт хийлгэхээр болсныг тендерийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх боломжгүй.
Мөн тендерийн баримт бичгийн 15.6-д “...Үнийн задаргааны агуулга нь захиалагчаас тендерийг харьцуулж үнэлэх зорилгоор шаардагдана. Энэ нь санал болгосон аливаа нөхцөлөөр гэрээ байгуулах захиалагчийн эрхийг хязгаарлахгүй” гэж зааснаас үзэхэд оролцогчдоос ирүүлсэн тендерийн үнийн задаргааг хэрхэн харьцуулж үнэлэх нь захиалагчийн эрхийн асуудал байх бөгөөд гуравдагч этгээдийн тендерийн материалд иж бүрдэл-1 ширхэг, нэгжийн үнэ 770,909,091 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 77,090,909, нийт үнэ 848,000,000 төгрөг гэснийг тендерийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй.
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан үзэхийг хариуцагч Сангийн яаманд даалгаж, “А” ТӨҮГ-ын 1/48, 1/49 дүгээр шийдвэр болон “Х” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, тендерт дахин үнэлгээ хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д маргаан бүхий актуудын дугаарыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “148, 149” гэснийг “1/48, 1/49” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ