Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0044

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

улсын яллагч Р.Энх-Оюун,

иргэний нэхэмжлэгч Ч.Б ,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч П.Баттулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2948/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Мянган овогт Б Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0547 41851 дугаартай, нэг хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Мянган овогт Б Б  нь Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн “.......” .......сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс  “.......” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: .............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “.......” .......бага сургуульд иргэн Д.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийгээд маргааш өгье” гэж хууран “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан,

-2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “.....” цогцолбор .......бага сургуульд иргэн Ц.Н ээс “маргааш эцэг эхийн хуралтай, нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж хууран “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан,

-2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “.......” .......бага сургуульд иргэн Б.А ээс “нөүтбүүкийг чинь нэг хоног ломбарданд тавиад нээлтэнд өмсөх хувцас авах гэсэн юм” гэж хууран “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавж, мөнгөөр нь мөрийтэй тоглосон,

-2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ....... .......бага сургуульд иргэн Д.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийгээд өгье” гэж хууран “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “.......” .......бага сургуульд иргэн Б.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийгээд өгье” гэж хууран “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж залилан, бусдад нийт 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: Би өөрийн гэм бурууг ухаарч байгаа. Ярих зүйл байхгүй. Би төлөгдөөгүй хохирлоос 880.000 төгрөг нэмж барагдуулсан. Одоо үлдэх  220.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цалин буухаар төлнө гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б  мэдүүлэхдээ: Манай барьцаалан зээлдүүлэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-181 тоотод байрладаг. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шиг санагдаж байна, Б  19 цагийн үед орж ирээд “нөүтбүүк байна 350.000 төгрөгөөр барьцаалъя” гэхээр нь би “320.000 төгрөгөөр барьцаалж болно” гэж хэлсэн. Б  7 хоног, 5 хувийн хүүтэй нөүтбүүк барьцаалж, зээл авсан. Өнөөдрийн байдлаар дансаар 130.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр барагдуулбал гомдол саналгүй. 190.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0547 41851 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед 203 тоот ангид сууж байтал 2 дугаар ангийн багш Б  ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийгээд маргааш би танд буцааж өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкийг өгч явуулсан. 2019 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Б аас “нөүтбүүкээ авъя, хэрэг болоод байна” гэж гуйсан боловч “би арай дуусаагүй байна, удахгүй танд өгнө” гэж хэлээд хойшлуулаад байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Б багш надтай таараад ярилцаж байхад надаас гадна 4 багшийн нөүтбүүкийг “судалгаа хийгээд өгье” гэж хэлээд авсан байсан. Тэгээд бид маргааш нь Б  багшийг ажилдаа ирэхээр нь дагуулж яваад цагдаад гомдол гаргасан. Тухайн нөүтбүүк миний өөрийн нөүтбүүк байсан. 2016 онд компьютерийн дэлгүүрээс 1.580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 4GB рамтай, i5 CP-тэй, хар өнгийн нөүтбүүк байсан. Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. Одоо миний нөүтбүүк “Хар хорин”-гийн автобусны буудлын ард талын барьцаат зээлийн газарт байгаа. Б  ажил хийгээд мөнгөтэй болохоороо ломбарднаас аваад өгье гэж байсан. Би өргөдөл өгсөн өдрөө нөүтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

2. Хохирогч Ц.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед сургуулиасаа гараад гэр рүүгээ явах гэж байтал 2 дугаар ангийн багш Б  над дээр ирээд “маргааш би эцэг, эхийн хуралтай учир нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкийг өгч явуулсан. Маргааш нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ангид нь ороод Б аас нөүтбүүкээ асуухад “гэртээ үлдээсэн байна, гэртээ очиж хонохгүй байгаа, хонохоороо аваад ирье” гэж хойшлуулсаар байгаад нилээн удсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр багш нарын хурал болоход Б  нь надаас гадна 4 багшийн нөүтбүүкийг бас залилж авсан байсан. Бид маргааш нь Б ыг ажилдаа ирэхээр нь дагуулж яваад цагдаад гомдол гаргасан. Тухайн нөүтбүүк миний өөрийнх байсан. 2016 онд компьютерийн дэлгүүрээс 1.580.000 төгрөгөөр худалдан авч байсан. 4GB рамтай, i5 CP-тэй, хар өнгийн нөүтбүүк байсан. Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. Одоо миний нөүтбүүк Хар хорингийн автобусны буудлын ард талын барьцаат зээлийн газарт байгаа. Б  ажил хийгээд мөнгөтэй болохоороо ломбарднаас аваад өгье гэж байсан. Өөрийн нөүтбүүкээ буцааж авах хүсэлттэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

3. Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед 302 тоот ангид хичээлээ бэлдээд сууж байтал 2-и ангийн багш Б  над дээр ирээд “нөүтбүүкээ түр өгч байгаач, би нөүтбүүкийг чинь ломбардад 1 хоногийн хугацаатай тавиад өргөтгөлийн нээлтэд өмсөх хувцас авах гэсэн юм” гээд гуйгаад байхаар нь “за нэг л хоног шүү, түүнээс хэтрүүлэхгүй шүү” гэж хэлээд өөрийн нөүтбүүкээ Б  болон найз С ын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “......” нэртэй барьцаат зээлийн газар очиж 7 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, 250.000 төгрөгөөр тавьсан. Түүнээс хойш Б  “яг маргааш мөнгөтэй болно, тэгээд аваад өгье” гэж хэлж хойшлуулсаар 7 хоногийн хугацаа өнгөрсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр багш нарын ярианаас миний нөүтбүүкээс гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг “судалгаа хийгээд өгье” гэж хэлээд авсан байсан. Бид маргааш нь Б ыг ажилдаа ирэхээр нь дагуулж яваад цагдаад гомдол гаргасан. Тухайн нөүтбүүк миний өөрийнх байсан. 2016 онд компьютерийн дэлгүүрээс 1.580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 4GB рамтай, i5 CP-тэй, 500GB хардтай, 14 инчийн, хар өнгийн нөүтбүүк байсан. Сүүлд цагдаа дагуулж очоод ломбардны газраас нөүтбүүкийг хурааж авсан, сая өөрийн нөүтбүүкийг хүлээн авлаа. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дүгээр тал),

4. Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед 208 тоот ангидаа хичээлээ ороод сууж байтал 2 дугаар ангийн багш Б  над дээр ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш би танд буцааж өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкээ өгч явуулсан. Тэгээд маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ангид нь ороод Б аас нөүтбүүкээ асуухад “одоо ээж гэрээс таны нөүтбүүкийг авчирч өгнө” гэж хэлж хойшлуулсаар нилээн удсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр багш нарын хурал болоход Б  нь бусад дөрвөн багшийн нөүтбүүкийг бас адилхан “судалгаа хийчихээд өгье” гэж хэлээд авсан байсан. Бид маргааш нь Б ыг ажилдаа ирэхээр нь дагуулж яваад цагдаад гомдол гаргасан. Тухайн нөүтбүүк миний өөрийнх байсан. 2016 онд компьютерийн дэлгүүрээс 1.580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 4GB рамтай, i5 CP-тэй, хар өнгийн нөүтбүүк байсан. Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. Цагдаа тухайн ломбарднаас миний нөүтбүүкийг хүлээлгэж өгсөн учир гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147 дугаар тал),

5. Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...  2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед 202 тоот ангидаа хичээлээ ороод сууж байтал 2 дугаар ангийн багш Б  над дээр ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш би танд буцаагаад өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкээ өгч явуулсан. Тэгээд маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөүтбүүкээ асуухад “дүү авчирч байгаа, дүүг ирэхээр нь би танд буцаагаад өгье” гэж хэлэхээр нь ангидаа очоод хүлээж байтал 13 цагийн үед Б  багш манай хажуу талын ангид Б ын талаар ярьж байгааг сонсоод очиж тодруулахад надаас гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг бас адилхан судалгаа хийчихээд өгье гэж хэлээд авсан байсан. Бид маргааш нь Б ыг ажилдаа ирэхээр нь дагуулж яваад цагдаад гомдол гаргасан. Тухайн нөүтбүүк миний өөрийнх байсан. 2016 онд компьютерийн дэлгүүрээс 1.580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 4GB рамтай, i5 CP-тэй, хар өнгийн “Леоново” брэндийн нөүтбүүк байсан. Сүүлд Б  болон ээжтэй нь хамт яваад ломбарднаас 320.000 төгрөгөөр тавьсан байсныг Б аар мөнгийг нь гаргуулж нөүтбүүкээ эргүүлж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 178 дугаар тал),

            6. Иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

            “...Миний бие “Шигтгээ капитал” ХХК-д зээлийн ажилтнаар ажилладаг. ......  ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 256 тоотод үйл ажиллагаа явуулдаг “......” барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас 30 орчим насны залуу ганцаараа орж ирээд “би багш ажилтай, энэ саяхан бид нарт тавьж өгсөн зөөврийн компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна” гээд нөүтбүүк гаргаж ирэхээр нь үзэж байгаад 260.000 төгрөгөөр үнэлж, 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй уг нөүтбүүкийг барьцаанд аваад бэлэн 260.000 төгрөг тоолж өгсөн. Тухайн үед тэр залуу иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн. Б Б  ...... гэсэн регистрийн дугаарын бичиг баримттай байсан. Иргэний үнэмлэх дээрх зургийг тааруулж үзэхэд өөрөө мөн байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа цагдаа орж ирээд хойшлуулшгүйгээр нөүтбүүкийг хурааж авсан. Манай байгууллага хулгайн эд зүйл гэж мэдэлгүй авсан, 260.000 төгрөгөө буцаан авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

            7. Иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “... Миний бие “......” ХХК-нийг үүсгэн байгуулсан, ганцаараа ажиллуулдаг, захирал нь юм. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 181-ийн өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас 30 орчим насны залуу ганцаараа орж ирээд, нэг нөүтбүүк гаргаж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлэхээр нь үзэж байгаад 320.000 төгрөгөөр үнэлж, 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй уг нөүтбүүкийг нь барьцаанд аваад бэлэн 320.000 төгрөг тоолж өгсөн. Тухайн үед тэр залуу иргэний үнэмлэхээ гаргаж ирээд бүртгүүлсэн, Б Б  гэсэн бичиг баримттай байсан. Иргэний үнэмлэх дээрх зургийг тааруулж үзэхэд өөрөө мөн байсан. Б  нөүтбүүкээ барьцаанд тавихдаа “богино хугацаанд тавина, удахгүй цалин буухаар авчихна, яаралтай мөнгөний хэрэг байна” гэж хэлээд аваад явсан. 320.000 төгрөг, хүү болох 48.000 төгрөгийг буцааж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

8. Иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.......ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“... Би “......” ХХК-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 8 дугаар орц, 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ний “......” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хүн хоёр орж ирээд “нөүтбүүк барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлээд С о нэртэй иргэний үнэмлэхийг эмэгтэй нь гаргаж ирэхээр нь үзэж байгаад 250.000 төгрөгөөр үнэлж, 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй аваад, бэлэн 250.000 төгрөг тоолж өгсөн. Иргэний үнэмлэх дээрх зургийг тааруулж үзэхэд С о гэх эмэгтэй өөрөө мөн байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа цагдаа орж ирээд хойшлуулшгүйгээр нөүтбүүкийг хурааж авсан. Анх хулгайн эд зүйл гэж мэдэлгүй авсан, 250.000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

9. Иргэний нэхэмжлэгч “Дугантын гол” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 78 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дугантын гол” ХХК-ний “Компьютер, Тв, Ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд байж байтал гаднаас 30 орчим насны залуу ганцаараа орж ирээд “энэ миний нөүтбүүк байгаа юм, тултал нь тавьмаар байна” гээд нөүтбүүк гаргаж ирэхээр нь үзэж байгаад 220.000 төгрөгөөр үнэлж, 14 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй уг нөүтбүүкийг барьцаанд аваад бэлэн 220.000 төгрөг тоолж өгсөн. Тухайн үед тэр залуу иргэний үнэмлэхээ гаргаж ирээд бүртгүүлсэн, Б Б , ...... гэсэн регистрийн дугаарын бичиг баримттай байсан. Иргэний үнэмлэх дээрх зургийг тааруулж үзэхэд өөрөө мөн байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа цагдаа орж ирээд хойшлуулшгүйгээр нөүтбүүкийг хурааж авсан. 220.000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142 дугаар тал), 

10. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед сургуулиас гараад явж байтал Б  над дээр ирээд “би өдөр А ээс зөөврийн компьютерийг нь ломбардад тавьж хувцас аваад маргааш нь буцаагаад өгье гэж хэлээд зөөврийн компьютерийг нь авчихсан байгаа, би барьцаанд тавих гэтэл миний иргэний үнэмлэх алга байна, чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг ашиглуулаач” гээд надаас гуйгаад байхаар нь би юм бодолгүй зөвшөөрөөд хамт ломбард дээр очиж иргэний үнэмлэхээ ашиглуулсан. Гэтэл дараа нь цагдаа сэргийлэх болоод бөөн асуудал болсон. ...А  багш надаас “Б  миний зөөврийн компьютерийг ломбардад тавиад маргааш аваад өгье гээд гуйгаад байх юм, яах вэ” гэж асууж байсан. Тухайн нөүтбүүкийг “......” нэртэй ломбардад тавьсан. Мөнгөө аваад л надаас салаад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

11. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар

            2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б  багш дээр очоод “таны нөүтбүүкийг судалгаа хийхдээ ашиглаад нэг хоногийн дараа буцаагаад өгье” гэж хэлээд хар өнгийн “.....” маркийн нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад Цамбагаравын ломбардад 260.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн. Удалгүй нөүтбүүкийг нь барьцаанд тавьсан гэдэг нь мэдэгдээд цагдаа дээр ирсэн. Би өмнөх багшийн барьцаанд тавьсан зөөврийн компьютерийг нь авч өгөх санаатай барьцаанд тавиад, олсон мөнгөөрөө мөрийтэй тоглож, өрөө дарахаар авсан. Судалгаанд ашиглаагүй. Одоо миний тоглодог байсан мөрийтэй тоглоомын газар ажиллахаа болиод хаагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо барагдуулахаар харуул хамгаалалтын газарт ажил хийж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Н  багш дээр очоод “эцэг, эхийн хуралд хэрэглээд, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө гаргачихаад өгье” гэж хэлээд, хар өнгийн “Ленова” маркийн нөүтбүүкийг нь авч ажлаас гараад 32-ын автобусны буудлын ард байдаг “......” барьцааны газарт 320.000 төгрөгөөр тавиад, тухайн мөнгийг 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн. ...Миний өр нэхэгдээд байсан болохоор нь Н ийн нөүтбүүкийг нь авсан, олсон мөнгөөр нь 130.000 төгрөгийн өрөө дараад, үлдсэн мөнгөөр нь мөрийтэй тоглосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал),

-2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад А , С о хоёрыг юм ярьж байхад нь очоод “хичээлийн өргөтгөлийн нээлтэнд зориулж шинэ хувцас авах гэсэн юм, нөүтбүүкийг чинь 1 хоног ломбардад тавьчихъя” гэж хэлээд хар өнгийн “.....” маркийн нөүтбүүкийг нь аваад, ажлаас гараад Цамбагаравын автобусны буудлын ард талын барьцааны газарт С о багшийн хамт очоод иргэний үнэмлэхийг нь ашиглаж 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн мөнгөнийхөө талыг 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн. Гэтэл удалгүй нөүтбүүкийг нь барьцаанд тавьсан гэдэг нь мэдэгдээд цагдаа дээр ирсэн. ...Би барьцаанд тавьж олсон мөнгөөрөө хувцас аваагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

-2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б  багш дээр очоод “судалгаа хийчихээд өгье, танд бас хийлгэх юм байвал хийж өгье” гэж хэлж хар өнгийн “.....” загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад Цамбагаравын автобусны буудлын ард талын барьцааны газарт очоод 220.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөөрөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт тоглоод алдчихсан. ...Би өмнөх багш нарынхаа барьцаанд тавьсан нөүтбүүкийг нь авч өгөх санаатай мөрийтэй тоглож мөнгө олж, өрөө дарахаар Б  багшийн нөүтбүүкийг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164 дүгээр тал),

-2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б багш дээр очоод “би судалгаа шивээд өгье, маргааш гэхэд дуусчихна” гэж хэлээд хар өнгийн .....загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад 21 дүгээр хорооллын ломбардад 320.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 196 дугаар тал),

-2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “.......” .......сургуулийн 5 багшаас “зөөврийн компьютерыг нь хэрэглээд өгье” гэж авсан.  1 дүгээрт: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......сургуульд бага ангийн багшаар ажиллаад 1 сар болсон. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б багштай таарахаар нь “би судалгаа шивээд өгье, маргааш гэхэд дуусчихна” гэж хэлээд хар өнгийн .....загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад, 21 дүгээр хорооллын ломбардад 320.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн.

2 дугаарт: 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад А , С о хоёр багшийг юм ярьж байхад нь очоод “хичээлийн өргөтгөлийн нээлтэд зориулж шинэ хувцас авах гэсэн юм, нөүтбүүкийг чинь 1 хоног ломбардад тавьчихъя” гэж хэлж хар өнгийн “.....” загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад Цамбагаравын автобусны буудлын ард талын барьцааны газарт С о багшийн хамт очоод иргэний үнэмлэхийг нь ашиглаж, 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн мөнгөөр 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт тоглоод, тал мөнгөөр нь хүний өр өгч, цамц худалдаж авсан.

3 дугаарт: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Н  багш дээр очоод “эцэг, эхийн хуралд хэрэглээд, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө гаргачихаад өгье” гэж хэлж, хар өнгийн “.....” загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад 32-н автобусны буудлын ард байдаг “......” барьцааны газарт 320.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн.

4 дүгээрт: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б  багш дээр очоод “таны нөүтбүүкийг судалгаа хийхдээ ашиглаад нэг хоногийн дараа буцаагаад өгчихье” гэж хэлээд хар өнгийн “.....” загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад Цамбагаравын ломбардад 260.000 төгрөгөөр барьцаанд тавиад тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт үрсэн.

5 дугаарт: 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 11 цагийн үед би сургууль дээрээ байж байгаад Б  багш дээр очоод “судалгаа хийчхээд өгье, танд бас хийлгэх юм байвал хийж өгье” гэж хэлж, хар өнгийн “.....” загварын нөүтбүүкийг нь аваад ажлаас гараад Цамбагаравын автобусны буудлын ард талын барьцааны газарт очоод 220.000 төгрөгөөр барьцаанд тавиад, тухайн мөнгөө 3 дугаар эмнэлгийн замын урд талд байрлах нэр хаяггүй мөрийтэй тоглоомын газарт тоглоод алдчихсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 232 дугаар тал),

12. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Б ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

“...1. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 78 тоотод үйл ажиллагаа явуулдаг шаргал өнгийн “Компьютер, Тв, Ломбард” гэсэн хаяг бүхий цагаан өнгийн төмөр хамгаалалттай, цагаан өнгийн вакум хаалгатай  барьцаалан зээлдүүлэх газрын гадаа очоод “би энэ ломбардад Б  багшаас авсан нөүтбүүкийг 220.000 төгрөгөөр тавьсан” гэсний дагуу тус ломбард руу орж, нэг ширхэг Ленова маркийн, Корь Ай 5, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн зөөврийн компьютер байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

2. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 256 тоотод үйл ажиллагаа явуулдаг шаргал өнгийн, “......” ХХК, Ломбард гэсэн хаяг бүхий, цагаан өнгийн вакум хаалгатай барьцаалан зэлдүүлэх газрын гадаа очоод “би энэ ломбардад Б  багшаас авсан нөүтбүүкийг 260.000 төгрөгөөр тавьсан” гэсний дагуу тус ломбард руу орж, нэг ширхэг Ленова маркийн, Корь Ай 5, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн зөөврийн компьютер байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

3. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 256 тоотод үйл ажиллагаа явуулдаг цагаан өнгийн, “......” ломбард гэсэн хаяг бүхий, хүрэн өнгийн төмөр хаалгатай барьцаалан зээлдүүлэх газрын гадаа очоод “би энэ ломбардад А  багшаас авсан нөүтбүүкийг 250.000 төгрөгөөр тавьсан” гэсний дагуу тус ломбард руу орж, нэг ширхэг Ленова маркийн, Корь Ай 5, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн зөөврийн компьютер байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дугаар тал),

13. “......” ХХК, “......”, “......” “Компьютьер, Tv, Ломбард” “Арвин 2” барьцаат зээлийн газрын барьцаат зээлийн гэрээнүүд (хавтаст хэргийн 12, 54, 94, 137 дугаар тал),           

            14. “Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн CXД-3-19-895, CXД-3-19-897, CXД-3-19-893, CXД-3-19-896, CXД-3-19-894 дугаартай “...4GB Ram-тай, i5 үзүүлэлттэй, хар өнгийн зөөврийн компьютерүүдийг тус бүрийн үнийг 350.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 30, 71, 113, 154 дүгээр тал),

            15. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, “......” ХХК-ний “......” ломбарднаас “Ленова” маркийн, Корь Ай 5, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн, 7627 дугаарын лацтай зөөврийн компьютерийг хураан авч, хохирогч Ц.Н т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

            -“......” барьцаалан зээлдүүлэх газраас “Ленова” маркийн, Корь Ай 5 сипутэй, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн, 1864 дугаарын лацтай зөөврийн компьютерийг хураан авч, хохирогч Б.А т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 90-92 дугаар тал),

            -“Дугантын гол” ХХК-ний “Компьютер, ТВ ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас “Ленова” маркийн, Корь Ай 5 сипутэй, 5200 сериалтай, 4 гегагийн рамтай, 50 гегагийн хардтай, 14 инчийн, хар өнгийн, 1864 дугаарын лацтай зөөврийн компьютерийг хураан авч, хохирогч Д.Б т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 134-135 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            16. Гэрч С.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...Миний бие Б ын төрсөн ээж нь байгаа юм. Б  айлаас ганцаараа, ах, эгч, дүү байхгүй. 10 дугаар ангийг 2005 онд төгссөн. Тухайн үедээ Дэлхийн зөн хүүхэд залуучуудын сайн дурын олон улсын байгууллагад гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Дараа нь Г  багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр 2017 онд төгсөөд 140, 124, ....... .......сургуулиудад багшилж байсан боловч сүүлд энэ зөөврийн компьютерийн асуудалд ороод .......сургуулиас халагдаад одоогоор хохирлоо барагдуулах зорилгоор хойд аавынхаа оронд түр ажиллаж байгаа. Хохирлоосоо нэг зөөврийн компьютерийг ломбардаас нь мөнгийг нь өгч чөлөөлсөн. Үлдэгдэл 4 зөөврийн компьютерийнх нь хохирлын мөнгийг олохоор ажиллаж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 200 дугаар тал),

            17. Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 206 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 203 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 207 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 208 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 209 дүгээр тал), түүний Голомт банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 210 дугаар тал), Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 211-216 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр хохирогч Д.Б , Ц.Н , Б.А , Д.Б , Б.Б нарын нөүтбүүкийг судалгааны ажил хийнэ, нээлтийн хичээлд өмсөх хувцас авах гэсэн юм гэх зэргээр худал хэлж, шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газарт тавьж залилсан, тус хэргийн улмаас бусдад 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч нарт хохирол төлсөн учраас төлөх төлбөргүй. Харин иргэний нэхэмжлэгч Ч.Б д 320.000 төгрөг төлөхөөс 130.000 төгрөг төлж барагдуулсан, үлдэх 190.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б аас гаргуулж түүнд олгох гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн дүгнэлтдээ хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч Б.Б  маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Б д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б  нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” .......сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхдаа өөрийн хамт ажиллаж байсан багш нараас буюу:

-2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “.......” .......бага сургууль дээр иргэн Ц.Н ээс “маргааш эцэг эхийн хуралтай, нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 350.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ....... .......бага сургууль дээр иргэн Д.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийчихээд маргааш өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 350.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “.......” .......бага сургууль дээр иргэн Б.А ээс “нөүтбүүкийг чинь нэг хоног ломбарданд тавиад нээлтэнд өмсөх хувцас авах гэсэн юм” гэж хуурч, түүний эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 350.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ....... .......бага сургууль дээр иргэн Д.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийчихээд өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 350.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “.......” .......бага сургууль дээр иргэн Б.Б аас “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгааны ажил хийчихээд өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Ленова” маркийн зөөврийн компьютерийг нь шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, 350.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, бусдад нийт 1.750.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Ц.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед ...2 дугаар ангийн багш Б  ирээд “маргааш би эцэг, эхийн хуралтай учир нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкийг өгсөн. ...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б аас нөүтбүүкээ асуухад “гэртээ үлдээсэн байна, гэртээ очиж хонохгүй байгаа, хонохоороо аваад ирье” гээд  хойшлуулсаар нилээн удсан. ...Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

-хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн     “... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед ...багш Б   “нөүтбүүкээ түр өгч байгаач, би нөүтбүүкийг чинь ломбардад 1 хоногийн хугацаатай тавиад өргөтгөлийн нээлтэд өмсөх хувцас авах гэсэн юм” гээд гуйхаар нь ...нөүтбүүкээ Б , найз С ын хамтаар ...“......” нэртэй барьцаат зээлийн газарт 250.000 төгрөгөөр тавьсан. Б  “маргааш мөнгөтэй болно, тэгээд аваад өгье” гэж хэлж хойшлуулсаар 7 хоногийн хугацаа өнгөрсөн. ...Сүүлд цагдаа дагуулж очоод ломбардны газраас нөүтбүүкийг хурааж авсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дүгээр тал),

-хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед... 2 дугаар ангийн багш Б  ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш танд буцааж өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкээ өгсөн. ...Б аас нөүтбүүкээ асуухад “одоо ээж гэрээс таны нөүтбүүкийг авчирч өгнө” гэж хэлээд хойшлуулсаар удсан. ...Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147 дугаар тал),

-хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед ...2 дугаар ангийн багш Б  ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш танд буцааж өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкийг өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Б аас “нөүтбүүкээ авъя, хэрэг болоод байна” гэж гуйсан боловч “би арай дуусаагүй байна, удахгүй танд өгнө” гэж хэлээд хойшлуулаад байсан. ...Сүүлд Б  миний нөүтбүүкийг ломбардад тавьсан байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед ...багш Б  ирээд “нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш танд буцаагаад өгье” гэж хэлэхээр нь итгээд өөрийн нөүтбүүкийг өгсөн. ...нөүтбүүкээ асуухад “дүү авчирч байгаа, дүүг ирэхээр нь би танд буцаагаад өгье” гэж хэлсэн. ...надаас гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг судалгаа хийгээд өгье гэж хэлээд авсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 178 дугаар тал),

            -иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...30 орчим насны залуу орж ирээд “би багш ажилтай, энэ саяхан бид нарт тавьж өгсөн зөөврийн компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна” гээд нөүтбүүк гаргаж ирэхээр нь үзэж байгаад 260.000 төгрөгөөр үнэлж, ...нөүтбүүкийг барьцаанд аваад бэлэн 260.000 төгрөг өгсөн. Тэр залуу Б Б  гэсэн бичиг баримттай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

            -иргэний нэхэмжлэгч “......” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...30 орчим насны залуу орж ирээд, нөүтбүүк гаргаж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь барьцаанд аваад бэлэн 320.000 төгрөг тоолж өгсөн. ...Б Б  гэсэн бичиг баримттай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ...эрэгтэй, эмэгтэй хүн хоёр орж ирээд “нөүтбүүк барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлээд С о нэртэй иргэний үнэмлэхийг эмэгтэй нь гаргаж ирсэн,...бэлэн 250.000 төгрөг тоолж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-иргэний нэхэмжлэгч “Дугантын гол” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30 орчим насны залуу орж ирээд “энэ миний нөүтбүүк байгаа юм, тултал нь тавьмаар байна” гээд нөүтбүүк гаргаж ирэхээр нь 220.000 төгрөгөөр үнэлж, ...220.000 төгрөг тоолж өгсөн. Б Б  гэсэн бичиг баримттай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142 дугаар тал), 

-гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б  “би өдөр А ээс зөөврийн компьютерийг нь ломбардад тавьж хувцас аваад маргааш нь буцаагаад өгье гэж хэлээд зөөврийн компьютерийг нь авсан байгаа, барьцаанд тавих гэтэл миний иргэний үнэмлэх алга байна, чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг ашиглуулаач” гээд надаас гуйхаар нь ...ломбард дээр очиж иргэний үнэмлэхээ ашиглуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

-шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 05, 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 39-40,  80-81,122-123, 164, 196, 231 дугаар тал), түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дугаар тал), “......” ХХК, “......”, “......” “Компьютьер, Tv, Ломбард” зэрэг барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээнүүд (хавтаст хэргийн 12, 54, 94, 137 дугаар тал), “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 30, 71, 113, 154 дүгээр тал), хохирогч нарт компьютерийг биетээр нь хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 51-52, 90-92, 134-135 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Б  нь хамт ажилладаг багш нарын итгэл, нэг байгууллагад ажиллаж байсан байдлыг ашиглаж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, улмаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, зээлсэн мөнгөөрөө мөрийтэй  тоглоом тоглох, өр төлбөрийг төлөх зэргээр зарцуулсан зэрэг үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ыг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б , Ц.Н , Б.А , Д.Б , Б.Б  нарт “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр тус бүр 350.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, хохирогч нар нь зөөврийн компьютерийг биет байдлаар хүлээн авсан байх тул шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газруудад буюу итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ө.Б т 260.000 төгрөгийн, Х.......т 250.000 төгрөгийн, С.О т 220.000 төгрөгийн, Ч.Б д 320.000 төгрөг төлөхөөс шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б  нь Ө.Б т 260.000 төгрөг, С.О т 230.000 төгрөг, “......” /Х......./ барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөг тус тус нөхөн төлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар тал),

Харин иргэний нэхэмжлэгч “......” барьцаалан зээлдүүлэх газар, Ч.Б д 320.000 төгрөгийн хохирол төлөхөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 130.000 төгрөгийг төлсөн байх ба, үлдэх 190.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б аас гаргуулж иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б д олгохоор шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт;

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баттулгаас “шүүгдэгч Б.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг ялаас чөлөөлж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын заримыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзах учиртай.

Иймд шүүгдэгч Б.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу мөрийтэй тоглоом тоглох зорилгоор бусдын эд хөрөнгийг залилсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийн хувьд 5 хохирогч, 4 иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баттулгын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан  эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянган овогт Б Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1908 0547 41851 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б , Ц.Н , Д.Б , Б.А , Б.Б , иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар /Ө.Б /, “Эвсэг хүсэл” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүлэх газар /Х......./, “Дугантын гол” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар /С.О /-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 190.000 (нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “......” ХХК-ний “......” барьцаалан зээлдүүлэх газар /Ч.Б /-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА