Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 2020             04           23                                         2020/ДШМ/497                           

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор Х.Онолт,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Баттулга,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 1908054741851 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б-гийн Б, Улаанбатар хотод 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 80 дугаар бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, нагац ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 09-ний хооронд 5 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 80 дугаар бага сургуульд хамт ажилладаг багш нар болох Ц.Н-, Б.А-, Д.Б-, Д.Б-, Б.Б- нараас “түр хэрэглээд өгөх” нэрийдлээр зөөврийн компьютерүүдийг нь хуурч аваад зээлийн барьцаанд тавьж, нийт 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-ыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 190,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Арслант ширхэнцэг” ХХК-ийн “Өнөр” барьцаалан зээлдүүлэх газарт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анх удаа гэмт хэрэг үйлдэж, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Нагац ах Амаржаргал нь 79 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан, миний асаргаанд байдаг. Хажууд нь байнга байх шаардлагатай учир хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Би хохирлоо төлж барагдуулна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бямбажаргалын хувьд өнөөдрийн байдлаар цагдан хоригдоод засрал хүмүүжил олж, өөртөө хатуу дүгнэлт хийж байгаа. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа ойлгон гэмшсэн. Шүүхийн хэлэлцүүлгээс өмнө хохирогч нарын хохирлыг төлж, одоогоор иргэний нэхэмжлэгч “Арслант ширхэнцэг” ХХК-д төлөх 190,000 төгрөгийг барагдуулсан. Түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал болох шамбарам, эвэрхий өвчтэй зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү ...”  гэв.  

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б- нь 5 удаагийн үйлдлээр хамт ажилладаг багш нарыг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээр хэрэг хэлэлцэх явцад зарим хохирол төлөгдөөгүй байсан. Хувийн байдлын хувьд, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомын өр төлбөрөө дарахын тулд үйлдсэн байдаг. Шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх үүднээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хамгийн бага ял болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 09-ний хооронд 5 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 80 дугаар бага сургуульд хамт ажилладаг багш нар болох Ц.Н-, Б.А-, Д.Б-, Д.Б-, Б.Б- нараас “түр хэрэглээд өгөх” нэрийдлээр зөөврийн компьютерүүдийг нь хуурч аваад зээлийн барьцаанд тавьж, нийт 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ийн “... 2 дугаар ангийн багш Бямбажаргал “Нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийчихээд маргааш өгье” гэж гуйхаар нь итгээд өгсөн. Маргааш, нөгөөдөр нь нэхэхэд “арай дуусаагүй байна, удахгүй өгнө” гээд хойшлуулаад байсан. 10 дугаар сарын 15-ны өдөр надаас гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг “судалгаа хийгээд өгье” гэж хуурч авсан тухай мэдэж цагдаад гомдол гаргасан ...” /1-р хх 22/,

хохирогч Ц.Н-ийн “... 2 дугаар ангийн багш Бямбажаргал “маргааш эцэг эхийн хуралтай, нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж гуйхаар нь итгээд өгч явуулсан. Маргааш нь “гэртээ үлдээчихсэн байна, гэртээ очиж хонохгүй байгаа, гэртээ харихаараа аваад ирье” гэж хойшлуулсаар удсан ...” /1-р хх 64/,

хохирогч Б.А-ийн “... 2 дугаар ангийн багш Бямбажаргал “Нөүтбүүкээ түр өгөөч” гэж гуйхаар өгсөн ... 10 дугаар сарын 10-ны өдөр багш нарын ярианаас надаас гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг авсан тухай мэдсэн ...” /1-р хх 104/,

хохирогч Д.Б-ийн “... 2 дугаар ангийн багш Бямбажаргал “Нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийгээд маргааш өгье” гэж гуйхаар нь итгээд өгч явуулсан. Маргааш нь асуухад “одоо ээж гэрээс авчирч өгнө” гэж хойшлуулаад удсан. 10 дугаар сарын 10-ны өдөр багш нарын хурал дээр надаас өөр дөрвөн багшийн нөүтбүүкийг авсан тухай мэдсэн...” /1-р хх 147/,

хохирогч Б.Б-гийн “... 2 дугаар ангийн багш Бямбажаргал “Нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, судалгаа хийгээд маргааш өгье” гэхээр нь итгээд өгсөн. “Дүү авчирч байгаа,  ирэхээр нь өгье” гэж хэлсэн. Надаас гадна дөрвөн багшийн нөүтбүүкийг “судалгаа хийгээд өгье” гэж авсан болохыг Бадарч багшаас мэдсэн ...” /1-р хх 178/,

иргэний нэхэмжлэгч Ө.Болдбаатарын “... би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 256 тоотод үйл ажиллагаа явуулдаг “ДУЭЯ” барьцаалан зээлдүүлэх газарт 30 орчим насны залуу “Би багш, саяхан бид нарт тавьж өгсөн зөөврийн компьютер байгаа юм. Мөнгөний хэрэг гараад байна” гээд нөүтбүүкээ 260,000 төгрөгөөр үнэлж, 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй барьцаанд тавьж зээл авсан...” /1-р хх 17/,

иргэний нэхэмжлэгч Ч.Баасансүрэнгийн “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр 181-н өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Арслант ширхэнцэг” ХХК-ийн “Өнөр” барьцаалан зээлдүүлэх газарт 30 орчим насны залуу орж ирээд нөүтбүүк барьцаанд тавьж 7 хоногийн хугацаатай зээл авсан...” /1-р хх 59/,

иргэний нэхэмжлэгч Х.Очирхуягийн “... 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцны 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эвсэл хүсэл” ХХК-ийн “Марал” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд нөүтбүүк барьцаанд тавьсан...” /1-р хх 99/,

иргэний нэхэмжлэгч С.Отгонбаатарын “... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байр, 78 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дугантын гол” ХХК-ийн “Компьютер, ТВ ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 30 орчим насны залуу орж ирээд нөүтбүүкээ 220,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /1-р хх 142/ гэх мэдүүлгүүд,

Барьцаат зээлийн гэрээ /1-р хх 12/, зөөврийн компьютерүүдийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх 7-10, 50-52, 89-92, 132-135/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 29-30, 70-71, 112-113, 153-154, 184-185/, шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 231-232/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчдоос эд хөрөнгийг нь “түр хэрэглээд өгье” гэж хуурч аваад бусдад барьцаалан зээл авч өөртөө ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН