| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0465/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 316
2020 04 20 2020/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Солонго,
хохирогч Г.Энхмаа,
иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, В.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Д.Д /РД: НН85032374/-д холбогдох эрүүгийн 1911 0065 80342 дугаартай хэргийг 2020 оны 3 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, Төв аймгийн Заамар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хос богд ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шалны модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз, цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлөгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлийн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид хоёрын дунд хардалтын улмаас үл ойлголцол үүссэн. Бид хоёр тэр үйл явдлаас хойш ярилцаж ойлголцсон. Дахин ийм алдаа гаргахгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Хохирогч Г.Энхмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн гэр бүлийн хүний талаар эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэв.
Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Энхмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 15-р хуудас/, гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/, шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн /хавтаст хэргийн 50, 51, 52-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний Дугаар 2447 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2/б/973 тоот албан бичиг, хавсаралт /хавтаст хэргийн 55-57-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10-р хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/, АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 73-88-р хуудас/, хохирогч Г.Энхмаагийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээтэй холбогдох баримтууд /хавтаст хэргийн 143-144-р хуудас/ шүүгдэгч Д.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 9 дугаар хорооны засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 60-р хуудас/, Хос богд ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №06/02 тоот албан бичиг /хавтаст хэргийн 130-р хуудас/, шүүгдэгч Д.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхмаатай эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, бие махбодид халдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шалны модоор толгойн тус газарт нь нэг удаа цохиж хохирогчийн биед зүүн талын чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, зүүн бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2006 онд Д.Дтэй танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо бид хоёр 10-11 насны хоёр хүүхэдтэй ба Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 57-12 тоотод амьдардаг. 2019.01.29-ний өдөр 22:00 цагийн орчим гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамтаар дөрвүүлээ байж байсан юм. Тэгээд би Д.Д-д хандан хоёр хоног гэрт ирж хоноогүй талаар нь хэлэхэд гэр бүлийн маргаан үүссэн. Би тухайн үед хувцасаа угаагаад угаалгын машины урд зогсож байтал Д.Д гэнэт уурлаад шалны мод аваад миний толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгсэн миний толгойноос маш их цус гарч ухаан алдах шахсан. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан болохоор Д.Д өрөөнд оруулж хэвтүүлээд миний толгойг юмаар боосон. Тэгээд эмнэлэг, цагдаад битгий хэлээрэй бас гэрийхэндээ хэлж болохгүй шүү гээд байн байн гуйгаад байсан. Ингээд би маргааш өдөр нь гэртээ бүтэн хэвтээд өвчин намдаах эм уугаад лаа хийсэн. Цагаан сараар хөдөө явж золголт хийгээд 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод ирээд гэртээ байсан. Тэгсэн нүд харанхуйлаад толгой өвдөөд байхаар нь 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Д хөдөө явсан үеэр нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зургаа авахуулаад ир гэсэн. Маргааш өдөр нь зургаа авахуулаад эмчид үзүүлэхэд тархинд буюу дагзны ясны цөмрөл гэмтэл учирсан байсан яаралтай хэвтэж эмчилгээнд ор гэсний дагуу 02 дугаар сарын 13-ны өдөр тархины хагалгаанд орсон. ...намайг цохих болсон шалтгаан нь хэрүүл хийлээ гэж уурлаад л шалны модоор намайг цохьсон. Ер нь бид хоёр байнгын хэрүүл маргаантай байдаг юм. ...намайг анх 2012 онд зодож эхэлсэн. ...Үүнээс хойш жилдээ 2-3 удаа зоддог. ...Тэр болгонд нь цагдаад хандаагүй”
“...манай нөхөр Д.Д 2012 онд нэг хүүхэнтэй явалддаг болсон. Тэрнээс тэр хүүхэн нь байнга мессеж бичиж дууддаг ярьдаг гэр орноор ирдэг тэр хүүхэнтэй холбогдсоноос хойш бид хоёрын дунд байнга хэрүүл маргаан гардаг болсон. ...2012 оноос хойш надад гар хүрэх нь ихэссэн., жилд 2 удаа гар хүрч байсан. өөрийнх нь үгэнд орсонгүй нөгөө хүүхэнтэй хардлаа гэх шалтгаанаар үс толгойноос зулгаах, юм шидэх, цохиж, өшиглөх болсон. Зодуулсан болгондоо цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ойролцоогоор 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2012 оны 9 дүгээр сард тоосгоор цохиж байхад, 2014 бил үү 2015 онд бас л нөгөө хүүхнээс болоод хоорондоо хэрүүл хийчихээд хүүхдүүдээ аваад хөдөө явчихсан байхад нөхөр маань аргадаж аргадаж авчирчихаад гэртээ ирэнгүүт галын дэгээ төмрөөр нуруу хөх эрээн болтол зодож байсан. ...Тухайн өдөр бас л нөгөө хүүхнээс болж маргалдсан, манай нөхөр урд өдөр нь гэртээ хонохгүй алга болчихоод маргааш нь гэртээ ирчихээд тоож байгаа ч юм байхгүй хүн даапаалаад байгаа юм шиг инээж ханиагаад гэмшсэн шинжгүй байгаад байсан. Тэр үед би 2 хүүхдийнхээ хувцасыг угааж байгаад маргалдсан, тэгтэл гэнэт угаалгын машины хажууд байсан шалны модоор толгой руу нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм. ...би байнга л хэрүүл уруултай амьдарч байна. Намайг ажил хийлгэдэггүй гэртээ хүүхдээ харуулаад гэрийн зарц шиг байлгах санаатай, өөрийнх нь үгэнд орохгүй бол их уурлана. Нэг уурлахаараа орилж чарлаад хүүхдүүдийг айлгадаг. Хүүхдүүд айгаад уйлахаар үхсэндээ уйлаад байгаа юм гээд загнаад байдаг. ...би ажил ихтэй үедээ утасныхаа дууг унтраачихаар ажлын утас руу байнга залгаад дарамталдаг. ...манай нөхөр бол огцом ууртай, биеэ барих чадвар муу, нэг уурлахаараа юм хум авч шиднэ, гэрийнхээ эд зүйлийг эвддэггүй, жижиг сажиг зүйл авч шиддэг, ер нь их огцом ууртай, догшин харгис зантай ...намайг сая эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон зардал, эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг Д.Д өөрөөсөө гаргасан. ...цаашид би эмчилгээ хийлгэхийн тулд нэлээн их эм тариа хэрэглэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Хэчнээн төгрөг гарахыг би мэдэхгүй байна, гэхдээ цаашид гарах эмчилгээний зардал болон хэчнээн төгрөг гарахыг би мэдэхгүй байна. ...түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, харин хуулийн дагуу шалгуулмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 15-р хуудас/
Гэрч Г.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2009 онд шөнө 04:00 цагийн үед манай дүү Энхмаа эгээ хүрээд ирээч таксины мөнгөгүй намайг хүрээд ирээд аваач гэхээр нь гайхаад яваад очиход Д.Д гэртээ найзтайгаа дулаахан сайхан унтаж байсан. Энхмаа өвлийн хүйтэнд цамцтай гэрийнхээ гадаа зогсож байхаар нь гэр лүү нь ороход Д.Д найзтайгаа гэртээ сайхан дулаахан орондоо орчихсон ундаа ууж байхад нь чи яасан хүн өрөвдөх сэтгэлгүй юм бэ? энэ хүн чинь гадаа хөлдөж үхэх гээд байхад ямар сонин хатуу сэтгэлтэй юм бэ гэж хэлээд ундааг нь өшиглөөд дүүгээ аваад гарч байсан. ...2012 онд Энхмаа над руу би гэмтлийн эмнэлэг дээр байна та хүрээд ир гэхээр нь явж очтол толгойгоо битүү ороолгочихсон, хүзүүн дээр нь цус урсаад хатчихсан, баруун гарын булчин хэсэг нь тэр чигээрээ бондойгоод хавдчихсан байхаар нь юу болсон юм бэ гэхэд бас л нэг их юм ярихгүй Д.Д-тай нэг хүүхнээс болж маргалдаад зодуулчихлаа гэж хэлсэн. ...2015 онд дүү Энхмаа арван жилийн найзуудтайгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн хардаад уурласан байсан. Тэгээд Энхмаа Д.Д-с сална гээд хөдөө явчихсан чинь Д.Д араас нь уйлж дуулаад аргададаа гэртээ авчирсан. Тэгээд гэртээ авчирчихаад 10 орчим хоногийн дараа чи яасан их очдог газар хамгаалдаг хүнтэй юм бэ зодсон юм байна лээ. Зодуулж байхдаа хамаатныхаа ах руу залгасан юм байна лээ. Тэгсэн чинь чи хэн рүү залгаад байгаа юм бэ гэсэн чинь Энхмаа манай хамаатны ах гэтэл битгий худлаа яриад бай яадаг хүн бэ гээд хардаад галын дэгээ төмрөөр нуруу руу нь нэлээн олон удаа цохисон байсан ...2014 оноос хойш Д.Д-с салах гэж 5 удаа өргөдөл өгч байсан, эврэлүүлэн зуучлахаар нэг удаа эвлэрч байсан. Бусад өргөдөлийг нь шийдэх хугацаанаас нь өмнө ямар нэгэн аргаар өргөдлөөр хаалгаж байсан. Тухай бүр Д.Д л манай дүү Энхмаад ямар нэгэн аргаар нөлөөлж байсан. Тэрнээс хойш ер нь л байнга хэрүүл уруултай зодууллаа л гэнэ, юм хум авч шидсэн л гэнэ, тэр болгонд л бид нар цагдаагийн байгууллагад өгөх үедээ өгдөг, заримдаа өгдөггүй байсан ...сүүлд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Д манай дүүгийн толгойг шалны модоор цохиж хагалсаныг Энхмаа гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2 хоногийн дараа бид нарт хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэнээр мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/
Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр эхнэр Г.Энхмаа миний гар утсыг авчихаад нөгөө хүүхнээс чинь мессеж ирсэн байна гэж хардаад хэрүүл маргаан үүсгэсэн, учир нь эхнэр Энхмаатай гэр бүл болохоос өмнө буюу 2003 онд үерхдэг байсан Батбуян гэх эмэгтэйгээс чинь мессеж ирсэн одоо хүртэл холбоотой байдаг юм байна гээд хардаад байсан би түүнтэй ямар ч холбоогүй байгаа гэж хэлсэн боловч надад итгэхгүй байсан, тэр үед юм угааж байсныг ч хэлэх үү гэнэт уур хүрээд хажууд байсан шалны модоо аваад түүний цохиход толгой руу нь санаандгүй шалны модны ишээр цохичихсон чинь эхнэрийн толгойноос гэнэт цус гараад явчихсан. Тэгэхээр нь толгойных нь цусыг алчуураар арчаад гайгүй намдчихаар нь унтаад өгсөн, маргааш нь эхнэр толгой өвдөөд байна гээд ажилдаа яваагүй, ажлаасаа чөлөө авсан юм, нөгөөдөр нь ажилдаа явчихаад ирэхдээ толгой өвдөөд байна гэхээр нь бариач дээр очиход тархи хөдөлсөн байна, 3 хоног бариулчихаад цагаан сарын битүүний өдөр гэр бүлээрээ Булган аймгийн Бүрэг хангай сум руу нэг явчихаад буцаад Заамарт очсон, тэгээд шинийн 2-нд гэртээ ирсэн, шинийн 3-нд аав, ээж дээрээ золгочихоод шиний 4-нд ээж, аавыгаа хүргэж өгөх гээд Заамар луу явж байхад араас эхнэр Энхмаа залгаад толгой өвдөөд байна гэмтлийн эмнэлэгт очиж үзүүллээ гэхээр нь тэгээд очоод үзүүлчихсэн гэсэн, тэгээд очоод үзүүлсэн чинь тархины зураг авхуулчихаад ир, эмнэлэгт яаралтай хэвтэж хагалгаа хийлгэ гэсэн гэхээр нь шөнөдөө буцаад ирээд эхнэр дээрээ очиж уулзахад тархины яс цөмөрсөн байна, хагалгаа хийлгэ гэж байна гэдгийг эхнэрээсээ мэдсэн, би тухайн үед эхнэртээ ийм хүнд гэмтэл учирна гэж бодоогүй, санаандгүй, бухимдсандаа болоод нэг удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50, 51, 52-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний Дугаар 2447 тоот дүгнэлт: “1. Г.Энхмаагийн биед зүүн талын чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, зүүн бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2/б/973 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 55-57-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “...Г.Энхмаагийн авчирсан шалны модыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” /хавтаст хэргийн 9-10-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/
АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 73-88-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ гэсэн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр. 6.1.Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ: 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд: 3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эсрэг мөн хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсний улмаас эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бий болгож, хохирол, хор уршигт хүргэсэн байхыг ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй, хохирогчийн бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд байнга халдаж, дарамтанд байлгасан, айдас түгшүүрт оруулсан, харгис хэрцгий хандсан, догшин авирлах, тарчлаах зэрэг үйлдлээр илэрдэг. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдэх үйлдлийн давтамж болно.
Шүүгдэгч Д.Д нь хохирогч Г.Энхмаатай 2007 оноос хойш хамт амьдарч эхэлсэн, гэрлэлтээ батлуулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд зааснаар хохирогч Г.Энхмаа нь шүүгдэгч Д.Д-н эхнэр байх тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчилэлд хамаарах этгээд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хуулийн зүйлийн дотор алгасуулан иш татаж хэрэглэх зохицуулалтыг оруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлана гэж заажээ. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголт, нэр томъёо, ухагдахууныг тайлбарласан бие даасан хуулийг баталсан, энэхүү хууль нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж, үйлчилж байх тул гэр бүлийн хүчирхийлэл, хамаарах этгээд, хүчирхийллийн төрөл, хүчирхийлэлд тооцох үйлдэл зэрэг ойлголтуудыг тайлбарлахад дээрх хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Г.Энхмаатай хувийн сэдэлтэй буюу эр, эмийн хардалтын улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт шалны модны үзүүр хэсгээр нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед зүүн талын чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, зүүн бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д нь урьд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Г.Энхмаагийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэж халдсан үйлдэл хийж зодож байсан, мөн дарамталдаг, эд зүйлс авч шиддэг зэргээр бие махбодид халдсан, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх зэрэг тодорхой давтамжтай үйлдлийг байнга хийж байсан болох нь аюулын зэргийн үнэлгээ, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2/б/973 тоот албан бичиг, хавсралтад дурьдсан дуудлага мэдээллийн давтамж, хохирогч Г.Энхмаа, гэрч Г.Энхжаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Д-н үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхмаагийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Энхмаа нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч Г.Энхмаагийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, гэм хорыг арилгахад шаардлагатай эмчилгээний төлбөрийг төлж байсан талаар хохирогч мэдүүлсэн мөн хохирлын баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь урьд гэмт хэрэгт холбогдож ял, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн мөчид гэнэт үүссэн шууд санаатай гэм буруугийн хэлбэртэйгээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, эмчилгээний зардалыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ. 4 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.
Прокуророос гаргасан саналыг үндэслэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг шалны модыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон