Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

 

2019          10              3                                              2019/ДШМ/990

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Д.Д-д холбогдох 1911006580342 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... Д-, 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Д.Д- нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй ........, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Э-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газар нь шалны модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн талын бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч .... Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шалны модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан хохирогч Г.Э-гийн “...манай нөхөр Д- 2012 онд нэг хүүхэнтэй явдаг болсон, тэрнээс хойш тэр хүүхэн нь байнга мессеж бичиж дууддаг, ярьдаг, гэр орноор ирдэг. Тэр хүүхэнтэй холбогдсоноос хойш бид хоёрын дунд байнга хэрүүл маргаан гардаг болсон. Тэр хүүхэнтэй холбогдохоос өмнө гэр бүлийн уур амьсгал хэвийн байсан. Тэр хүүхэнтэй холбогдсоноос хойш байнгын хэрүүл уруултай байх болсон. Өөрөө ч тэр хүүхэнтэйгээ мессеж бичиж харьцдаг, утсаа үзүүлдэггүй. Энэ хүүхнээс болоод надад гар хүрдэг болсон. 2012 оноос хойш надад гар хүрэх нь ихэссэн, жилд 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Өөрийнх үгэнд орсонгүй, нөгөө хүүхэнтэй хардлаа гэх шалтгаанаар үс толгойноос зулгаах, юм шидэх, цохиж өшиглөх болсон. Зодуулах болгондоо цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ойролцоогоор 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2012 оны 9 дүгээр сард тоосгоор цохиж байсан. 2014 онд билүү 2015 онд галын дэгээ төмрөөр нуруу руу хөх эрээн болтол зодож байсан болохоор хандаж байсан. ...Тэр үед бид хоёр хүүхдийнхээ хувцсыг угааж байгаад маргалдсан. Тэгтэл гэнэт угаалгын машины хажууд байсан шалны модоор толгой хэсэг рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-17/, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай удирдлагын төвд хохирогч Г.Э-гаас цагдаагийн байгууллагад хандсан дуудлагын бүртгэл /хх 56-57 хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 70-71 хуудас/ зэрэг баримтуудаар Д.Д- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь тогтоогдсон, дээрх гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд ямар нотлох баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаагаа тодорхойгүй заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд зэргийг үндэслээд хэрэг гарах болсон гол шалтгаан нь гэр бүлийн харилцаа буюу хардалтаас үүссэн байна гэж дүгнэсэн. Үүнийг яагаад прокурор анхаарч үзэхгүй байна вэ. Хохирогч Г.Э- шүүх хуралд биечлэн оролцохгүй гэх хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна. Энэ гэр бүл өнөөдрийн байдлаар хэвийн амьдарч байгаа. Монгол Улсын төр хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа заасан. Заавал прокурорын эсэргүүцэлд дурдсанаар зүйлчлэлийг хүндрүүлж, хорих ял оногдуулах албагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд “...Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Прокуророос Д.Д-г 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 57 дугаар гудамжны 12 тоот гэртээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Э-гийн толгойн тус газар шалны модоор цохиж, түүний эрүүл мэндэд зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн талын бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “уг гэмт хэрэг нь хардалтын улмаас үйлдэгдсэн“ байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр уг шийдвэрийг гаргахад үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлэх шаардлагыг зөрчин, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулж, яллах талын нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй хэрнээ хэргийн зүйлчлэлийг илт үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Э-гийн “...манай нөхөр Д- 2012 оноос хойш надад гар хүрэх нь ихэссэн, жилд хоёр удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. ...Зодуулах болгондоо цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2012 оны 9 сард тоосгоор цохиж байсан. 2014 онд билүү 2015 онд галын дэгээ төмрөөр нуруу руу хөх эрээн болтол зодож байсан болохоор цагдаад хандаж байсан. ...”  /хх 15-17/,

гэрч Г.Энхжаргалын “...хамт амьдарч эхэлснээсээ хойш 3 жил орчим зодоогүй байх, түүнээс хойш байнга зоддог байсан. Зодсон болгоныг ярих боломжгүй, миний мэдэж байгаагаар тоосго, галын хайч зэргээр зодож байсан. ...” /хх 19-20/

гэрч Г.Энхчимэгийн “...Д.Д- Г.Э-г олон удаа зодож байсан. ...2014 оноос хойш Д-гээс салах гэж 5 удаа шүүхэд өргөдөл өгч байсан. ...”  /хх 28-29/, гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.Э-гийн “...гэрлэсэн цагаас хойш сэтгэл санаа болон бие махбодийн дарамт учруулдаг байсан. ...2013 онд тоосгоор толгой хага цохиж, гарт гэмтэл учруулсан, ...2014 оны 6 сард зодож гэмтээсэн, ...одоо хоёр хүүхдээ аваад зугтааж эгчийндээ амьдарч байгаа” гэх шалтгаанаар иргэний хэргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, Д.Д-гийн гуйлт, эвлэрэх саналаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14476, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22770, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32711  дугаартай захирамжуудаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” байсан шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх 65-67/,

 аюулгүйн зэргийн эрсдэлийн үнэлгээ “Өндөр” гэх дүгнэлт /хх 70-71/,

2017 онд 6 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан талаарх Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай удирдлагад хандсан дуудлагын бүртгэл /хх 56-57/, хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн харилцааны түүхээс үзэхэд тэрээр эрүүл, согтуу аль ч үедээ эхнэрээ зоддог, зодох шалтгаан, нөхцөл, сэдэлтээс үзэхэд уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдсэн байж болох нөхцөл байдал байна.

 

Анхан шатны шүүх Д.Д-гийн хэргийн зүйлчлэлийг “уг гэмт хэрэг нь хардалтын улмаас үйлдэгдсэн” хүндрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, хардалтын улмаас маргалдаж, толгойн тус газар нь шалны модоор цохисон гэж үзэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхой биш байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Д.Д-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирчээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогчийн “...гурван хүүхдийн маань ирээдүйг бодож хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэгт үндэслэн Д.Д-д 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж үзэв.

 

Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дараалал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хэргийн үйл баримт, үндэслэл, шаардлагад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийж байхыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

   4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН