Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 892

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-, Б.Т-, В.Б-,

П.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Нарандолгор, Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дүгээр прокурорын эсэргүүцлээр Б.О-, Б.Т-, В.Б-, П.Б- нарт холбогдох 2014 2500 05233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О- нь 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Монгени” сургуулийн байран дахь Гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим СД, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Ч.О-д 3.703.000 төгрөгийн,

2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс Сони загварын зөөврийн компьютер, Сони загварын мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Б.А-д 4.850.000 төгрөгийн,

2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрүүл ард сан” ТББ-ын 3 дугаар давхарын өрөөний модон хаалганы цоожийг эвдэн Австрали улсын иргэн Жон Кьюлэний биет 900 ам.доллар, Нокиа гар утас, Nikkon Coolpix зургийн аппарат, хар өнгийн зөөврийн Toshiba компьютер, сахлын Remington цахилгаан машин зэргийг хулгайлж иргэн С.Г-ад 3.708.461 төгрөгийн,

2013 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асер” загварын зөөврийн компьютер, “Канон” загварын зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн З.Н-т 2.073.000 төгрөгийн,

2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группын өрөөнөөс IMAC i5 загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IMAC i7 загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, Macbook загварын зөөврийн компьютер /шинэ/ Macbook pro i7 загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Apple airport загварын роутэр, шинэ speaker 1, виски 1, Iphone дуран, wireless card, usb card, diplay card, тус бүр нэг ширхэг, бэлэн 273.400 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Б.Б-т 10.063.400 төгрөгийн,

2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Б.Т-тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-н санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард зэрэг эд зүйл хулгайлж иргэн М.Б-д 17.929.405 төгрөгийн,

2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө В.Б-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлнээр 37.820.000 төгрөг, “MT” колонкийн 110.000 төгрөгийн бензиний талон зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Д.Г-од 38.275.000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдад 81.123.866 төгрөгийн онц их хэмжээний хохирол тус тус учруулсан,

Б.Т- нь Б.О-тай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард  зэрэг эд зүйл хулгайлж иргэн Б.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

В.Б- нь Б.О-тай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “MT” колонкийн 110.000 төгрөгийн бензиний талон зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Д.Г-од 38.275.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

П.Б- нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, В.Б-, Б.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б.О- нарын 4 хүнд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх урьд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 58 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан ба шүүхийн тогтоолд заасны дагуу хохирогч нарт учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн боловч энэ нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл /7-хх-116-118/-д авагдсан үнэлгээ нь хуулийн шаардлага хангахгүй байна. Тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 58 дугаартай шүүхийн тогтоолд “алдагдсан гэх хумсны лак нь 115 ширхэг байсан эсэх, аль эсвэл 200 ширхэг байсан эсэх, аль улсад үйлдвэрлэсэн, ямар нэртэй хумсны лак болох нь тодорхойгүй байхад нэг бүрийн үнийг 25 ам.доллараар үнэлсэн нь хууль зөрчсөн байна” гэж шүүхийн тогтоолд заасан атал Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 189 дугаартай үнэлгээнд “Зах зээлийн үнийн судалгааг Бөмбөгөр худалдааны төв, Улсын их дэлгүүр, Peace Mall их дэлгүүр, интернэт дэлгүүр зэргийн үнэ ханшийг судлан үнэлж буй эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоов” гэжээ. Энэ нь тухайн дэлгүүр болон худалдааны төвүүдэд аль улсад үйлдвэрлэсэн, ямар нэртэй, хэдэн төгрөгийн үнэ бүхий хумсны лактай, аль улсад үйлдвэрлэсэн, ямар нэртэй, үнэтэй харьцуулж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэргийг хулгайлсан гэх үйлдэлд хохирогч байгууллага болох “UBT” ХХК-д 37.820.000 төгрөг хаанаас, хэзээ, ямар эх үүсвэрээр сэйфэнд нь байсан болохыг нарийвчлан шалгаж тогтоох талаар шүүхийн тогтоолд заасан атал хохирогч иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон кассын орлогын ордерын баримтаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бусад нотлох баримтаар нотлож, тогтоож ирүүлээгүй байна гэж шүүх үзсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.” гэжээ

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг гаргаж байна. Хавтаст хэрэгт хохирогч Ч.О-ийн “...200 ширхэг хумсны лак алдсан, нэг бүрийг 25.000 төгрөгөөр үнэлсэн, нийт 3.000.000 гаран төгрөгийн юм алдсан” /6-хх-21/ талаар 2 удаа мэдүүлсэн, алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв компаниас гаргасан үнэлгээнд алдагдсан хумсны лакийг нэг бүрийг 17.000 төгрөгөөр буюу нийт 3.400.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд дээрх үнийн судалгааг Хөрөнгийн үнэлгээний төв компани нь зах зээлийн үнийн судалгааг дэлгүүр худалдааны төвийн үнийн судалгаатай харьцуулан гаргасан нь үнэлгээг бодитоор гаргасан, нөгөө талаар хохирогч Ч.О-ийн гаргасан хохирлын тооцооноос илтэд зөрөөгүй байгаа учир алдагдсан эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн “UВТ” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эвдэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг хулгайлсан үйлдэлд гэмт хэрэг гарсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө тус компаний нягтлан бодогчийн өрөөний сейфэнд 40.567.542 төгрөг байсан үүнээс 37.820.000 төгрөг алдагдаж 1 боодол 20.000 дэвсгэрт буюу 2.000.000 төгрөг, хүрэн өнгийн хэтэвчинд байсан 501.420 төгрөг алдагдаагүй байсныг гэрч П.Наранцэцэгт хүлээлгэн өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-10/ зэргээр тогтоогддог бөгөөд хохирогч Жадамбаагийн ... 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Төв компаниас бэлэн 50.000.000 төгрөгийг авчирч нягтлан бодогч Наранцэцэгт хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг, тус компани нь дээрх мөнгийг кассын орлогод авсан болон тухайн өдрөөс хэрэг гарах өдөр хүртлэх хугацаанд зардлын тооцоог нэг бүрчлэн гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 1350 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамж үндэслэлтэй. Яллах дүгнэлтэд дурьдагдсан хохирлын хэмжээ нь үнэлгээний актуудтай зөрүүтэй байдаг. Яллах дүгнэлтийн 2 дугаар хуудасны 5 дахь заалтад үнэлгээ байна. Үнэлгээний баримтаар 9.794.000 төгрөг гэсэн байхад яллах дүгнэлтэд 10.063.400, иргэн Нямбаярт учирсан хохирол яллах дүгнэлтээр 2.073.000 төгрөг, үнэлгээний баримтаар 1.875.000 төгрөг байдаг. Прокурор бэлэн мөнгө байсныг нэмж оруулсан талаар хэлж байна. Бэлэн мөнгийг үнэлгээнд оруулж үнэлгээ тооцдог нь алдаатай байна. Яллах дүгнэлтээр нийт 7 үйлдлээр буюу 81.123.866 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэснээ тогтоох хэсэгтээ 80.320.866 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үнэлгээний хувьд зөрүүтэй. 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 58 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахад хумсны лакийг 3.000.000 төгрөгөөр үнэлдэг. Ямар хумсны лак, аль улсад үйлдвэрлэсэн зэргийг шалгаж үзээгүй. “Долоон болдог” ХХК-иас 14 ширхэг нөүтбүүк алдагддаг. Энэ нөүтбүүкийг хохирогч байгууллагаас гаргаж ирсэн жагсаалтын дагуу үнэлсэн. Энэ байгууллагад 14 ширхэг нөүтбүүк байсан талаар хөрөнгийн жагсаалтыг шалгаагүй. Хохирогчийн гаргаж өгсөн жагсаалтаар үнэлгээ хийсэн нь учир дутагдалтай байна. Тийм учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Нарандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Б.О-, Б.Т-, В.Б-, П.Б- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг үнэн зөв эргэлзээгүй тогтоох шаардлагатай ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1350 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэл бүхий байх тул захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Түүнчлэн тухайн хэрэгт дараах үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байна. Үүнд:

1. Уг хэрэгт Австрали улсын иргэн гэх Жон Кьюлэнийг хохирогчоор тогтоож, хулгайд алдагдсан эд зүйлийн тоо, шинж байдал, тухайн эд зүйлийн үнэлгээ, нэхэмжлэх эсэх талаар огт мэдүүлэг аваагүй ба тэрээр хуульд заасан хохирогчийн эрхээ “Эрүүл ард сан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Г-аар дамжуулан хэрэгжүүлэх талаар итгэмжлэл олгоогүй байхад хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч /5хх-121/-өөр иргэн С.Г-ыг тогтоож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  “Гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.”, “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэсэн заалт, шаардлагад нийцээгүй байна.

2. “NBS” телевиз, “Долоон болдог” ХХК, “Аи Си Ти” групп, “Лэди төв”, “UBT” ХХК-иудаас алдагдсан эд хөрөнгө нь хувь хүн, аж ахуйн нэгж, компаний алин болох, хэрэв эдгээр нь аж ахуйн нэгж, компанийх бол санхүүгийн данс бүртгэлд хэдийд, ямар үнээр, хэрхэн тусгагдсан эсэх зэргийг нарийвчлан шалгаагүй, эдгээр нь хэрхэн тогтоогдохоос хамааран тэдгээр хулгайд алдагдсан эд хөрөнгөөр хохирсон этгээд буюу тухайн хэргийн хохирогч, иргэний, нэхэмжлэгчээр хувь хүн, аж ахуйн нэгж, компаний чухам алиныг тогтоох эсэхийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй байна гэж үзэв.

3. Б.О- В.Б-тэй бүлэглэн “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлнээр 37.820.000 төгрөг, “MT” колонкийн 110.000 төгрөгийн бензиний талон зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Б.Гантогтоход 38.275.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримыг гүйцэд шалгаагүй, /7хх-113, 114/ авагдсан “Женерал тех” ХХК-ийн 50.000.000 төгрөгийн кассын зарлагын ордерт хэн гэдэг ажилтан гарын үсэг зурж, зарлагадсан, хүлээлцсэн гарын үсэг нь тодорхойгүй, уг кассын зарлагын ордер /7хх-113/ болон “УБТ” ХХК-ийн 50.000.000 төгрөгийн санхүүжилт авсан кассын орлогын ордер /7хх-113/ баримтууд тэдгээр байгууллагын хэдэн оны санхүүгийн мемориалын хэд дэх баримт, хуудсанд авагдсан болон эх баримттай тохирч байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан арга журмын дагуу үзлэг хийж, тогтоох, дээрх кассын зарлагын ордер бичиж, мөнгийг хүлээлгэн өгсөн гэх Б.Ууганчимэгээс гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай.

Нөгөөтэйгүүр, гэрч П.Наранцэцэгийн “Магнай Трейдээс 2014 оны 9 дүгээр сарын 2-нд 150.000 төгрөгийн талоныг аваад ... 8-ны орой тоолоход 110.000 төгрөгийн талон байсан.” /1хх-60/ гэсэн мэдүүлгийг шинжлэн судалвал 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр худалдаж авсан гэх /6230428, 6230421, 6230429/ дугаартай бензин талон нь “Магнай Трейд” ХХК-ийн шатахуун түгээх сүлжээ дэлгүүр, эсхүл бензины талон худалдан борлуулах газрын бүртгэлтэй сери, дугаараар тохирч байгаа эсэх, “Магнай Трейд” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 772/17 тоот албан бичиг /7хх-151/ юуг үндэслэж уг бензины талон “Улаанбаатар сити” ХХК-д худалдагдсан гэж бичсэн эсэхэд анхаарч энэ талаарх эх сурвалжийг нь нарийвчлан шалгаж тодруулах нь зүйтэй.

4. “UBT” ХХК-ийн эд зүйлээс авсан шинжилгээнд тэнцсэн гэх 7 мөрнөөс загварт ирүүлсэн дардастай тохироогүй гэх 3 мөрүүд нь Б.О-, В.Б- нарын гарын дардсуудтай, “Долоон болдог” ХХК-ийн эд зүйлээс авсан шинжилгээнд тэнцсэн гэх 6 ш мөрүүд Б.О-, Б.Т- нарын гарын дардсуудтай тохирч буй, эсэхийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоогоогүй байна.

5. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг ... орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, ... бол хоёроос таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.” гэж тогтоосон бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; ... үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялын хэмжээг хүндрүүлэн хуульчилсан байхад Б.Т-ын эрх зүйн байдлыг дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэн зүйлчилж, мөн хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд хулгай хийх явцдаа эвдэлсэн бусдын өмчлөлийн хаалга, цонх, сейф болон бусад эд хөрөнгийн үнийн дүнг гэмт хэргийн хохирлын хэмжээнд оруулан тооцож прокурорын яллах дүгнэлт үйлдсэнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн, прокуророос Б.О-, В.Б-, Б.Т- нарт холбогдох хулгайн хэрэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг огт журамлаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.О-, Б.Т-, В.Б-, П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.