Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00047

 

 

                             “Наранбулаг Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сэцэд” ХХК-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг, алданги нийт 104.509.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч “Сэцэд” ХХК-ийн захирал Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч “Наранбулаг хан” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Наранбулаг Хан ХХК нь Сэцэд ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15/20 дугаартай, асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ байгуулсан. Наранбулаг хан ХХК нь гэрээний 503,740тонн өнгө асфальтбетон хольц нийлүүлсэн бөгөөд Сэцэд ХХК нь гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 90,673,200 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 21,000,000 төгрөг төлсөн юм.

Сэцэд ХХК төлбөрийг гэрээний 2.3 дугаар зүйлд зааснаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Сэцэд ХХК-аас асфальтбетон хольцын үнэ үлдэгдэл төлбөр 69,673,200 төгрөг, гэрээний 2.4-д заасны дагуу 34,836,600 төгрөгийг алданги нийт 104,509,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Сэцэд ХХК-аас 104,509,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104,509,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэцэд ХХК-аас 104,509,800 төгрөг гаруулан нэхэмжлэгч Наранбулаг Хан ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.ҮҮНД:

Хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд оролцож чадаагүй учир шүүх иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Үндсэн төлбөр болох 69.973.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүү алданги болох 34.836.800 төгрөгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК нь Сэцэд ХХК-иас асфальтбетон хольц нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 104.509.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Наранбулаг Хан” ХХК нь “Сэцэд” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15/20 дугаартай асфальтбетон хольц нийлүүлэх тухай гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК нь “Сэцэд” ХХК-тай 2015.09.21-ний өдөр асфальтбетон хольц нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээгээр 503740 тн асфальтбетон хольц нийлүүлэх түүний үнэ нийт 90.673.200 төгрөг төлөх 21.000.000 төгрөгийг урьдчилан төлөх үлдэгдэл 69.673.200 төгрөгийг 2015.10.10-ны өдөр бүрэн төлж дуусгах үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол алданги тооцохоор тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ /хх-2-5/ тогтоогдсон байна.

Хариуцагч “Сэцэд” ХХК нь гэрээний дагуу 21.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн байх ба үлдэгдэл 69.673.200 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болно.

Хариуцагч “Сэцэд” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй учраас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага алданги төлөх үндэслэлтэй, нэхэмжлэгч “Наранбулаг Хан” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч “Сэцэд” ХХК-иас үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч “Сэцэд” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргах хугацаанд тайлбараа гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх хуулинд заасан үндэслэлээр хариуцагчийг байхгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Сэцэд” ХХК-ийн захирал Д.Батбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.133 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ