Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 39

 

 

Д.Батсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0120/Э

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

         Хохирогч                                                   З.У

         Шүүгдэгч                                                   Д.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

         Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

     Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолтой Д.Б-д холбогдох 171500009000018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

        Монгол улсын иргэн,  И овогт Д-ийн Б.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3Б хэсгийн 2-4 тоотод оршин суух иргэн З.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор:

       И овогт Д-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ы 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 45000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 сарын хугацаагаар тогтоож,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

    Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж,

    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27.5 см урттай, 2.5 см өргөнтэй хуванцар эд зүйлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгаж,

    Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:

“... Би дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна ... манайхан гэрийнхээ гадна 18 цагийн үед хоол ундаа идээд сууж байхад хохирогч гэх З.У манайх руу юм цацаад байхаар нь би очоод чи юу цацаад байна гэж асуухад намайг балай өвгөн энэ тэр гээд байхаар нь би хэдэн хатуухан үг хэлчихсэн юм. Бидний дунд тийм айхтар маргаан үүсээгүй гэрт нь ч ороогүй юм. Намайг хуванцар нарийн зүйлээр цохисон гэж худлаа ярьсан. Мөн архи уусан байна гэсэн зэргээр гүтгэж байна. Цагдаа нар тухайн үед ирсэн. Намайг архи дарс уусан гэх байдлаар шалтгаангүй ... намайг шалгах шаардлага байгаагүй. Манай гэр бүлийнхэн оройн хоол ундаа идээд байж байхад л З.У бидний амгалан байдлыг эвдсэн хүн шүү дээ. Би болон хөгшин бид 2 бие хаа муутай эмнэлгийн хараа хяналтанд байдаг. Миний зүгээс З.У-ыг зодож гэмтээсэн асуудал байхгүй. Дээрхи хэргийг … хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:             “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

      Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн орчим  Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ... хэсгийн ... тоотод оршин суух иргэн З.У-ыг “…гэр лүү юм цацсан…” гэх шалтгаанаар түүнийг цохиж “… баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал… ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч нь “… би У-ы гэрт ороогүй…” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хохирогч З.У нь тухайн үйл баримт болсны дараа Булган аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны 102 дугаарын утас руу залгаж “… манай хажуу айлын хүн намайг зодсон …” гэж дуудлага өгсөн … дуудлагын дагуу хэсгийн байцаагч Г.А.д Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ... хэсгийн ... тоот буюу Д.Б-ы гэрт очсон … маргааш нь З.У тус Цагдаагийн газарт бичгээр гомдол гаргасан … нөхцөл байдал тогтоогдож байна.

        Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.У нь “… би гэртээ ганцаараа байж байтал орой 19 цаг 30 минутын орчим манай хөрш айлын хүн болох Батсайхан гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манай гэрт орж ирээд “…чи хар ус цацдаг яадаг хулгайч вэ…” гэж хэлээд миний зүүн талын шуу хэсэг рүү 7-8 удаа цохисон…байшингийн хаалганы хажууд байсан төмөр түмпэн аваад миний өгзөг рүү нэг удаа хүчтэй цохисон … тэр оройдоо гэмтсэн шархаа нөхөр Эрдэнэбилэгт үзүүлсэн. Маргааш нь хэсгийн байцаагч А.д өөрийн гэмтсэн хэсгээ үзүүлсэн… ” гэж /хх 14, 16/, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд энэ талаараа тогтвортой мэдүүлсэн /хх 56-57/,

      гэрч Г.А “… эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад … хажуу айлын хүн зодсон гэх дуудлага мэдээлэл очсон … Ингээд Б гэх хүнтэй уулзаад салсан … маргааш нь У гэх хүн ажил дээр ирж уулзсан … У-ы бие хаа нь хөхөрчихсөн байдалтай байсан … Асуухад Б гэх хүнд зодуулсан гэж байсан …” гэж /хх 18/,

     гэрч Ц.Э “… 20 цагт гэртээ ирсэн чинь миний эхнэр У-ы гар хөхөрчихсөн байдалтай байсан … хажуу айлын Б гэх хүнийг орж ирээд цохичихлоо гэж ярьж байсан ... Эхнэр ус цацсан юм шиг байна лээ … ” гэж /хх 21/ тус тус мэдүүлсэн,

   түүнчлэн хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 239 дугаартай дүгнэлт /хх 23/, шинжээч О.Н-ийн мэдүүлэг /хх 26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-ы гаргасан“… би З.У-ыг зодоогүй … хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй атал анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулсан гэж бичсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг устгах тухай заалтанд холбогдох хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

     Хохирогч З.У нь гомдолтой, эмчилгээний зардлаа гаргуулна гэх бөгөөд хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт авагдаагүй тул дээрхи гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “…санаатай…” гэснийг хасаж,

      шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “…хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй …” гэснийг “…хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй…” гэж нэмж,

      шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “… хэрэгт…” гэсний өмнө “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар…” гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Шүүгдэгч Д.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

 

            ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА       

     

                                                                                          С.УРАНЧИМЭГ