Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0280/З |
Дугаар | 221/МА2021/0532 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0532
“Ү-И ББСБ” ХХК,
А Ж С
нарын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ү-И ББСБ” ХХК, А нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Ү-И ББСБ” ХХК, А нараас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 04 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5880000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж, Оросын Холбооны Улсын иргэн А-д 2793000 төгрөг, “Ү-И ББСБ” ХХК-д 3087000 төгрөгийг тус тус олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор зөвхөн Монгол Улсын иргэн гэж заасантай холбогдуулан Оросын Холбооны улсын иргэн А-г нийгмийн хангамжийн үйлчилгээнд Монгол Улсын иргэнээс ялгаварлан хамруулах нь Монгол Улс 1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа.
Анхан шатны шүүх Монгол хэлний их тайлбар тольд “нийгэм хангамж” гэдгийг хөдөлмөрийн чадвараа алдах, өндөр насны тэтгэвэрт гарах, асрамжлах хүнгүй болох зэрэг үед улсаас тэтгэн туслах зардал төсөв” гэж ерөнхий байдлаар тайлбарласан тайлбарыг үндэслэлээ болгож, “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн цар хүрээ, агуулга нь маргааны үйл баримт болох “нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх” тухай асуудлыг зохицуулаагүй гэж буруу тайлбарласан ба энэ нь шүүх өөрөө тус хэлэлцээрийн агуулгыг бүрэн ойлгоогүй болохыг харуулж байна.
Шүүх “нийгэм хангамж” гэдэг үгийг хэл зүйн хувьд тайлбарласан ерөнхий тайлбарыг үндэслэж тайлбарласан ч тус хэл зүйн тайлбарыг бүрэн задалж чадаагүй байдал нь хэргийн шийдвэрт нөлөөлж, алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл шүүгч “нийгэм хангамж” гэдэг үгийг тайлбарлахдаа зөвхөн хэл зүйн тайлбар хийж, түүний хууль зүйн агуулгыг тайлбарлаж чадаагүй ба монгол хэлний багш шиг тайлбарлаад л орхисон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ү-И ББСБ” ХХК, А нараас “Нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 04 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5 880 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж, Оросын Холбооны Улсын иргэн А -д 2 793 000 төгрөг, “Ү-И ББСБ” ХХК-д 3 087 000 төгрөгийг тус тус олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Оросын Холбооны улсын иргэн А-ыг Монгол Улсын иргэнтэй нэгэн адил үзэж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй” хэмээн тайлбарлан маргажээ.
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн ... даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно” хэмээн уг хуулийн үйлчлэлд хамрагдах этгээд болон хамруулах цаг хугацааг тусгайлан зохицуулсан байна.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн А уг хуулийн үйлэлд хамрагдахгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Оросын Холбооны улсын иргэн А-ыг нийгмийн хангамжийн үйлчилгээнд Монгол Улсын иргэнээс ялгаварлан хамруулах нь Монгол Улс 1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд байгуулсан Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Энэхүү хэлэлцээрт зааснаар нийгэм хангамж гэж хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжид заасны дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, хоршоолол болон олон нийтийн бусад байгууллагаас иргэдэд өвчлөх, жирэмслэх ба амаржих, өндөр наслах, тахир дутуу болох, мөн түүнчлэн тэжээгчээ алдах буюу бусад тохиолдолд үзүүлж байгаа хангамжийн бүх төрлийг хэлнэ” гэж зааснаас үзэхэд уг хэлэлцээрээр Оросын холбооны улсын иргэнийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үүргийг хүлээсэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн талаар эрх бүхий этгээдээс ямар нэгэн шийдвэр гараагүй байх бөгөөд хэрэв нэхэмжлэгч нараас уг хууль, журам нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд зохих байгууллагад хандах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.
Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ү-И ББСБ” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан Монгол Улсын хуулийн этгээд байх тул Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байна.
Иймд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу Оросын Холбооны Улсын иргэн А-ны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болох “Ү-И ББСБ” ХХК-ийн төлсөн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөлтөд хамруулах үндэслэлтэй байх тул хариуцагч захиргааны байгууллага нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журамд нийцүүлэн “Ү-И ББСБ” ХХК-ийн илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, буцаан олгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хувиар “Ү-И ББСБ” ХХК-иар үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, “Ү-И ББСБ” ХХК-д олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Оросын Холбооны Улсын иргэн А-д 2 793 000 төгрөг олгохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН