Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 40

 

 

Б.Б.д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 142/2017/0226/Э

 

     Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                           

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                  Ч.Сэлэнгэ

         Шүүгдэгч                                                   Б.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Х.Оюунбат

         Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

     Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б.д холбогдох 201714000198 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б.гийн Б.

        Шүүгдэгч Б.Б нь албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 05 сарын 27-ны өдөр иргэн Г.Э.ийн асаргаанд байсан хүүхэд нас барсны оршуулгын зардлын мөнгөнөөс 250.000 төгрөгийг, 2016 оны 10 сард иргэн Г.О.ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгсэл нийлүүлдэг “Н Х” ХХК-иас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн халамжийн сангийн 200.000 төгрөгийг өөрийн нөхөр Л.М.ын данс руу шилжүүлэн авч бусдыг залилан мэхэлж, нийт 450.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:

       Шүүгдэгч Б овогт Б.гийн Б.г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

       2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Б.Б.г эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

       Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл уг шийдвэрийг хшчингүй болгож, ялыг эдлүүлэхийг мэдэгдэж,

        Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

… 137 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргах учир нь: хохирогч Г.Э.г албан тушаалаа ашиглан залилан мэхэлж 250.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг анхан шатны шүүх дүгнэсэн. Уг асуудал залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг анхаарч үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 р зүйлийн 1 зааснаар гэмт хэрэг үйлдсэнийг нотолбол зохих байдлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдыг нотлосон эсэхийг анхаарч үзээгүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хуулийн 2.3 р зүйлийн 2 заалтын дагуу гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байгаа эсэхийг ялангуяа хохирогчоор тогтоогдсон Г.Э.ийн мэдүүлэг, гэрч Ц.Г.ийн мэдүүлэгтэй дараах байдлаар зөрүүтэй байгаа байдалд харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлээгүй. Энэ нь нотлох баримтыг шалгаж үнэлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 заалтыг зөрчсөн. Хохирогч Г.Э.ийн мэдүүлэг нь:

      1. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Г нь /16хх, З6хх/ 250000 төгрөгийг өөр хүнд өгөх ёстой гээд аваад үлдчихсэн .... гэх мэдүүлэг хохирогч Б.Э /27хх/ энэ талаар. ...буруу бодсон гээд мөнгийг аваад үлдсэн гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй.

      2.Хохирогч Г.Э нь /27хх/... Батбаян ээжийн утас руу залгаад Э.тай холбоо барих хэрэгтэй байна гэж асуусан байсан тэгээд манай гэрт намайг байхгүйд ирээд халамжийн мөнгө буруу олгосон байна гэж уучлалт гуйгаад надтай уулзмаар байна гэж хэлээд явсан байсан ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Г.ийн шүүхийн хэлэлцүүлэгт уг үйл явдал болох үед манайд Б ирж байгаагүй ... гэх мэдүүлэгтэй зөрүүтэй.

       3. Г.Э нь халамжийн мөнгө орсон талаар Б.Б өөрөө над руу утасдаж хэлсэн талаар мэдүүлдэг атлаа Б.Б.г өөрийнх нь ээжийн утасны дугаар мэдэж байсан мэт худал мэдүүлэг өгсөн. Б.Б Г.Э.ийн ээж хэн гэж хүн байдаг талаар мэдэхгүй гэх бөгөөд халамжийн материал дотор уг байдлыг мэдэх боломжгүй байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Б.Б.г ээж рүү ярьсан /28 хх/ гэж мэдүүлэг өгснөөс гадна гэрт нь очсон гэх худал мэдүүлэг өгснийг гэрч Ц.Г.ийн Б гэрт очоогүй гэх мэдүүлгээр няцаагдсан.

      4. Б.Б.г залилан мэхлэх гэмт хэрэг хийснийг яаж мэдсэн талаарх асуудалд хохирогч Б.Э нь дээшээ халамжийн байгууллагад холбогдсны дараа Батбаян дээрээс яриад байна гээд уучлалт гуйхад мэдсэн гэх мэдүүлэг нь дараах байдлаар няцаагдсан. Үүнд: Хохирогч Г.Э нь "дээд байгууллага" болон Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 2016.05 сард ямар гомдол мэдээлэл гаргаагүй болох нь гэрч Б.Б.ийн мэдүүлэг 32 хх .... 2017.02.10 ны өдрийн үед манай байгууллагын хяналтын мэргэжилтэн Батбаатарын "чихэнд" хүрсэн байдаг гэх мэдүүлгээр нотлогдсон. Мөн ... иргэн Ц.Г Баянцагаан баг дээр очиж Б халагдсан нь зөв болж .... гэх мэт зүйл ярьсан байдаг гэх гэрч Б.Б.ийн мэдүүлгийг Г нь 2017.10.06 ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... би ийм зүйл ярьж яваагүй ... Баянцагаан баг дээр очоогүй гэх мэдүүлгээр няцаагдсан.

       Дээрх нотлох баримтын зөрүүтэй байдлаас Б.Б нь бусдаас залилан мөнгө авсныг "дээд албан тушаалтанд" мэдэнгүүт буцаан өгсөн гэх хохирогч Г.Э.ийн мэдүүлэг нь нотлогдоогүй байхад Батбаянг бусдыг залилсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Ямар "албан тушаалтан" мэдсэний улмаас Б буцаан өгсөн болох талаар хэрэгт нотлох баримт байхгүй.

        Б.Б ... буруу бодсон байж болзошгүй шалгаадхая гэж 250.000 төгрөгийг 2016.05.27 өдөр буюу 5 дахь өдөр аваад 2016.05.30 ны өдөр буцаан өгсөн үйлдэл нь бэлэн мөнгөтэй харьцсан үйлдэл үү эсвэл бусдыг залилан мэхэлж мөнгө авсан үйлдэл үү гэдгийг анхаараагүй. Төрөөс халамж үйлчилгээ авах гэж байсан Г.Э.г Б.Б нь огт танихгүй атал мөнгийг нь өөртөө хэрэглэх гэсэн зорилгоор түүнийг төөрөгдүүлж залилсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Тухайн мөнгийг шалгах зорилгоор аваад шалгаад 1 дэх өдөр хүртэл сейфенд хадгалж байгаад буцаан өгсөн /17 хх/ гэж тайлбарладаг ба Г.Э.аас ямар мөнгө дэвсгэртүүд өөрөөс нь анх авсан буцаан өгөхдөө ямар мөнгө дэвсгэртүүд өгснийг тодруулахад уг мөнгийг хадгалж байгаад буцаан өгсөн эсэх нь нотлогдох боломжтой байсан.                   

       Түүнчлэн энэ хэргийн талаар хэзээ асуудал болгон үүсгэсэн бэ гэвэл 2017.01.20 нд Б.Б.г дахин ажилдаа эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш дахин 2017.02.15 ны өдөр ажилд авах асуудал үүсэх үед энэхүү гомдлын асуудлыг үүсгэсэн. Хохирогч Э.г Улаанбаатар хотод суралцаж байхад ар гэрээс нь хайж очиж мейл хаягаар гомдол /10 хх/ бичүүлж хэрэг үүсгэсэн. Үүнээс өмнө Г.Э гомдол хаана ч гаргаж байгаагүй, гаргаагүй болохоо мэдүүлсэн.

          Ар гэрт нь болон Э.д Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн нар "дутуу мөнгө олгосон байна, нэмж мөнгө олгох хэрэгтэй байна" гээд анх тэдэнтэй Б болон Б нар хандсны дагуу гомдол бичсэн гэдгийг Хохирогч Э /28 хх ард/ гэрч Г /З6 хх/ нарын мэдүүлэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.ийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Уг дутуу олгосон гэх мөнгө нь журам өөрчлөгдсөн учир 465000 төгрөг дээр нэмж 535000 төгрөгийг олгосон гэх асуудал. Энэхүү мөнгийг өгч хохирогчид нөлөөлж мэдүүлэг өгүүлж байна гэж үзэж нотлох баримтыг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт анхаараагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нөхөн мөнгө олгосон гэх баримтад үзлэг хийлгүүлэхэд 2017.02 сард "535000 төгрөгийг" хохирогч Г.Э.д зөвхөн нөхөн олгох нэрийн дор олгож өөр хэнд ч нөхөн олговор олгоогүй болох нь нотлогдсон. Яагаад зөвхөн Э.д нөхөн олговор олгох болсныг лавлахад гэрч Б.Баттүвшин мэдэхгүй гэх хариултыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн. Нөхөн олгох журам ирж нөхөн олговрыг олгосон юм гэж байгууллага тайлбарладаг боловч олгох үндэслэлтэй гэх баримт хэрэгт ирүүлээгүй. Хохирогч гэх Г.Э.г уг гомдлыг халамж үйлчилгээний газарт мейлээр өгсний дараа дээрх мөнгийг олгосон талаар баримт хохирогчийн мэдүүлэг /28 хх/ болон бусад баримтаар нотлогдсон нь хохирогч гэх Г.Э.д хууль бусаар нөлөөлж гомдол гаргуулсан болох нь дээрх баримтаас харагдаж байгаа бөгөөд хохирогч Г.Э.ийн гомдол /10 хх/ болон хохирогчоор тогтоогдсон мэдүүлгийн /27-28 хх/ нотлох баримт нь эргэлзээ бүхий нотлох баримт байхад шүүх хохирогчийн мэдүүлгийн зарим хэсгийг нь үнэлж , шүүгдэгч Б.г гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй.

       Залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж хууран мэхлэх замаар өөртөө уг эд зүйлийг өмчлөлдөө авах, хариу төлбөргүй, буцаах зорилгогүй байдаг. Гэтэл Б.Б нь тухайн мөнгийг Э.аас аваад ажлын сейфенд хадгалсан тухай мэдүүлдэг. Тухайн мөнгийг сейфэнд хадгалсан гэх байдал нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үү гэх асуудлыг тодруулахад ач холбогдолтой. Авилгалтай тэмцэх газар анх Б.Б мэдүүлэг /17 хх ард / өгөхдөө сейфенд уг мөнгийг хадгалсан талаар мэдүүлдэг. Гэтэл үүнд мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй явуулаагүй атлаа хууран мэхэлж төөрөгдүүлж өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн гэж шууд дүгнэлтэд хийж, энэхүү хэсэгт дан ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

        Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 200.000 төгрөгөөр залилан мэхэлсэн гэх гэмт хэргийг Б.Б үйлдсэн гэж шүүх дүгнэсэн. Б.Батбаян уг 200.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй болох болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Л.М.ын мэдүүлэг /48-49 хх/ Д.Э.ын мэдүүлгээр /55 хх/ нотлогдсон байхад шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй. Учир нь М.ын данс руу 200000 төгрөгийг шилжүүлэн Б авсан мэт дүгнэлтийг хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

     Гэрч Л.М.ын мэдүүлгийн дансруу мөнгө орсон гэх хэсгийг үнэлж нотлох баримтаар үнэлснээ дурдсан атлаа бусад мэдүүлгийн хэсэг няцаагдаж байгаа байдал хэрэгт нотлогдоогүй байхад Б Б.г уг мөнгийг залилан мэхэлж авсан мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. О.д тэргэнцэр авахыг хүсэх үед гэрээт байгууллагад тэргэнцэр байгаагүй, тэргэнцрийг өөр этгээд буюу Э.аас авч О.д шилжүүлсэн, О.д олгосон мөнгийг Э.т өгсөн болох нь хэрэгт нотлогдсон байхад Б.Б.г залилан мэхэлж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

       Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь өмчлөх эрхийг өөртөө олж авах гэсэн шинжийг шаарддаг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг нь өөрийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн авахдаа өмчлөгч, эзэмшигчид мөнгийг хариу төлбөргүй, буцаан өгөхгүй эсвэл хагасыг нь өгнө гэсэн санаа зорилготой энэхүү санаа зорилго нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө бий болсон байх шинжийг агуулдаг. Энэхүү хэрэгт энэ байдал нотлогдоогүй, хохирогч Г.Э.ийн мөнгийг буцаан өгөхгүй байх гэсэн зорилго байсан нь нотлогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан үгүйсгэсэн нотлох баримтуудыг үнэлээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэжээ.

             Шүүгдэгч Б.Б  давж заалдах гомдолдоо:

         ... Намайг Г.Э.г залилж 250.000 мянган төгрөгийг хувьдаа авч завшсан гэж буруутгаж байна... Энхмаа гэдэг хүнийг би огт танидаггүй байсан. 2016 оны 5 сарын 26 -нд оршуулгын зардал олгох материал орж ирсэн, энэ үед халамжийн файл явах болсон байсан учир маш хурдан материалын бүрдлийг хангуулж цаг алдалгүй мөнгийг нь оруулж өгөх ёстой гэж бодоод их хурдтай явуулсан. Маргааш нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр файл явсны дараа бүрдүүлж өгсөн материалуудаа программаас шүүж үзэж байтал оршуулгын зардалд 465,000 төгрөг шилжсэн байсан. Энэ үед би гэнэт хараад их мөнгө орсон юм шиг санагдсан. Би Халамжийн мэргэжилтнээр 3 жил ажиллаж байгаа хэдийч оршуулгын зардлын үйлчилгээг огт олгож байгаагүй анх удаа олгож байгаа учир шалгаж тодруулахгүй бол болохгүй цаашид ийм үйлчилгээ орж ирэхэд баттай болгож авъя гэж бодоод хяналтын мэргэжилтэн Д.ээс утасдаж асуусан боловч өөрөө хуулиасаа харчихаа, би завгүй ажилтай байна гэсэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.аас асуух гэж утасдаад утсаа аваагүй, тухайн үед ажиллаж байсан Б даргаас утасдаж асуусан боловч хуулийнхаа хүрээнд шийдвэрлээ эргээд та нар өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Халамжийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 30-р зүйлийн 30-ын 5 дахь заалтыг үндэслэн шалгаж тодруулсан. Тухайн үед цаг хугацааны хувьд өөрөөр шийдэх шалгах боломж бололцоо таараагүй ингээд бүртгэлээс Г.Э.ийн утсыг олж утсаар холбогдоод оршуулгын зардлыг буруу бодоод оруулсан юм шиг байна мөнгөө аваад баг дээр ороод ирээч гэсэн орж ирэхээр нь илүү оруулсан байж магадгүй тодруулж шалгаад эргээд хариу холбогдъё гээд 250.000 төгрөг авч үлдээд хажуудаа байсан багийн хэсгийн ахлагч Т М нараас мөнгө хийх дугтуй байна уу гэсэн тэгэхэд надад бичгийн цаасаар уут нугалаж өгсөн тэрэнд нь хийгээд хүний мөнгө шалгах гэж авсан юм алдаж асгачихвий дээ гээд сейфэндээ хадгалсан.

       Надад хүнийг хуурч мэхлэх шалтаг байгаагүй. Э гэдэг хүнтэй ярьж тохироод шалгаад буцааж олгосон асуудал байдаг болохоос биш хуурч мэхэлсэн зүйл огт байдаггүй. Энэ асуудлыг тухайн үед нь хяналтын мэргэжилтэн Д, дарга Г.Б, Г нар мэдэж байсан. Одоо болохоор намайг ажлаас халах алдаа дутагдал болгож энэ асуудлыг ноцтой мэтээр мушгиж гаргаж байгааг үнэн зөвөөр нь тодорхойлохгүй байна. Г.Э гэдэг хүнд миний талаар их муу хүн мэтээр худал мэдээлэл өгч, оршуулгын тэтгэмжийг чинь Б.Б дутуу олгосон байна одоо зөрүү мөнгө олгоно гэж хэлээд, өргөдөл бичүүлж авсныхаа дараа нэг сая төгрөгийн зөрүү мөнгө гэж 535000 төгрөг нэмж олгосон байдаг. Ингэж хүнд хууль бус мөнгө өгч миний эсрэг өргөдөл бичүүлж авч ёс зүйгүй байдал гаргаж байгаагаа юман чинээнд тооцохгүй байна.

       Э.ийн өгсөн мэдүүлэг дээр шалгах гэж мөнгө авахдаа хүнээс нууж хааж авсан..., эгчид нь мөнгөний хэрэг болоод авчихсан юм..., дээд газраас ярихаар нь айгаад эргүүлж өгч байгаа юм гэх мэтээр огт болоогүй зүйлийг ярьж намайг гүтгэсэн байдаг. Надад хүнээс худал хэлж мөнгө авч завших ямар ч шалтаг шалтгаан байхгүй би тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн, Би өөрөө 3 хүүхэдтэй эх хүн, намайг эцэг эх маань ч тэгэж хүмүүжүүлээгүй. Г.Э.д нэмж мөнгө өгсөн болохоор намайг буруутгах гэж ийм гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна гэж би үзэж байна. Энэ зөрүү мөнгө нэмж олгосон асуудал нь ямар нэгэн журам гараагүй, ХХҮГ-ын дарга өөрөө эрх мэдлээ ашиглан ганцхан Г.Э.д л өгсөн байдаг. Үнэхээр би амьдарлаа залгуулдаг ажил төрлөөрөө дэнчин тавьж хүнээс 450.000 төгрөг хуурч мэхлэн авч хувьдаа завших хүн мөн үү гэдгийг шалгаж тодруулж болох байсан, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд ямарч ажиллагаа хийгдээгүй.

      Халамжийн Сангийн 200 мянган төгрөгийг залилан мэхэлсэн гэж үзсэн. Энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгосон асуудлаар буруутгаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийин хамгаалалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.4, ХБИХТҮЖурмын 1.11, 1.12, 3.1.1-3.1.5, НХТХ 28-р зүйлийн 28.8.12 т заасны дагуу би нийгмийн ажилтны үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Тухайн үед тусгай хэрэгсэл нийлүүлдэг Н х ХХК-д тэргэнцэр тасарсан байсан, Г.О гэх иргэнд тулгамдсан асуудал болж байсан энэ хүний амьдралыг би нийгмийн ажилтан хүнийхээ хувьд маш сайн мэддэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг өдөр тэргэнцэргүй байх ямар хэцүү гэдгийг маш сайн мэдэрдэгийн хувд, тухайн үед нь хувь хүнтэй холбон өгч тэргэнцэр зээлээр авахад О.ийн Б гэдэг хүүхдэд тус болсон үйлдэл байтал бас мушгиж намайг буруутгаж байгаад гомдолтой байна.

      Надад хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Тэргэнцэрийн 200.000 төгрөг О.ийн нэр дээр орсон байдаг. О өөрөө тэр мөнгөө аваад тэргэнцэр авсан хүнийхээ дансруу шилжүүлсэн. /Тэргэнцэр өгсөн Э.ын утас тухайн үед холбогдохгүй байсан тул М.ын дансруу шилжүүлж өгсөн байдаг./ Эцэст нь энэ хүүхдийг тэргэнцэргүй байлгаад байсан хариуцлагаа Н х ХХК надад хүлээлгэж байна. Халамжийн сангаас гарсан 200,000 мянган төгрөг буух эзэнтэй буцах хаягтай өгсөн авсан хүн нь тодорхой байхад би гэмт хэрэгтэн болж байгаа нь зүйд нийцэхгүй асуудал гэж бодож байна. Надад энэ 2 хүний мөнгийг хуурч авч завшсан зүйл ерөөсөө байдаггүй, ийм муухай бодол санаа надад ерөөсөө байхгүй.

      ... Намайг ажлаас халахын тулд элдэв өнгөөр буруутгаж байна л гэж бодож байснаас намайг үнэхээр ингээд эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэт болгож байна гэж огт бодоогүй. Үнэхээр надад албан тушаалын байдлаа ашиглан хүний мөнгийг худал хэлж аваад ашиг олоод өөртөө шингээсэн зүйл огт байхгүй надад ийм бодол санаа ч байдаггүй учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.     

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сэлэнгэ дүгнэлтдээ:

…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

        шүүгдэгч Б.Б нь Орхон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Баянцагаан сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2016 оны 05 сарын 27-ны өдөр иргэн Г.Э.д нийгмийн халамжийн сангаас олгогдох ёстой хүүхдийн мөнгө болон оршуулгын тэтгэмж 465.000 төгрөгийг банкнаас авахуулсны дараа 250.000 төгрөгийг “…өөр хүнд олгогдох ёстой мөнгөтэй андуурагдаж орсон байна…” гэж залилан мэхэлж авсан,

     мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай  хэрэгсэл  нийлүүлдэг  “Н  Х”  ХХК-ийн  менежер Б.Б.д  “…эмчилгээний зардал хэрэгтэй байгаа тул дараа нь би мөнгийг нь аваад ирнэ…” гэж итгүүлэн иргэн Г.О.г бэлэн мөнгөөр тэргэнцэр худалдан авсан мэтээр баримт бичүүлж халамжийн сангаас түүнд олгосон 200.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХААН банкны ... тоот өөрийн нөхөр Л.М.ын харилцах данс руу шилжүүлэн авч, бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

         Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “… илүү олгогдсон эсэхийг шалгахаар мөнгийг ажлынхаа өрөөнд авч сейфэндээ хийсэн… дараа нь буцааж өгсөн …залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй… хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч тэдгээрийн гомдол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

         Тухайлбал: Хохирогч Г.Э.ийн “… Б гэдэг эмэгтэй над руу утсаар ярьж халамжаас нас барсан хүүхдэд олгодог мөнгийг олгох гэж байгаа юм…ажлын цаг дуусахаас өмнө хүрээд ир гэж ажил дээрээ дуудсан … өнөөдөр авахгүй бол тэр мөнгө чинь буцаад татагдана гэж байсан … хүүхдийн мөнгийг бодохдоо насанд хүрсэн том хүнтэй андуураад бодсон байна … 250.000 төгрөг нь чиний мөнгө биш шүү, өөр хүнд өгөх ёстой мөнгө гэж байсан … тэрээр банкны гадаа хүлээж байя гээд үлдсэн … мөнгө аваад гарч ирэхэд ажлынхаа байр луу орох гэж байхдаа 1 давхрын шатны хажууд зогсоод энд хүнгүй  юм байна гэж хэлээд надаас 250.000 төгрөг тоолж авсан … гэртээ хариад … мэргэжилтэн буруу бодсон байна гээд 250.000 төгрөгийг нь буцаагаад авчихлаа гэж хэлсэн … манай хүргэн ах Төв халамж үйлчилгээний газар руу ярьж болсон зүйлийн талаар хэлсэн юм байна лээ ... бид 2 усан оргилуур дээр уулзсан…надад хэлэхдээ эгч нь буруу юм хийсэн байна … мөнгөний хэрэг гарсан учир чамд том хүний мөнгөтэй андуурч орсон гэж худлаа яриад авчихсан юм…манай дээд газраас манай ажил руу яриад байна… ” гэсэн гэх мэдүүлэг /хх 28/,

          хохирогч Б.Б.ийн “… тэргэнцэр авах ёстой хүн халамжийн мэргэжилтэнтэй харьцахдаа манай хүүхдэд тэргэнцэр хэрэгтэй байна гэж холбогдох баримт бичгээ өгөх ёстой…халамжийн мэргэжилтэн нь манай байгууллагатай гэрээтэй тэргэнцэр нийлүүлдэг байгууллагад тэргэнцэр авах эрх үүслээ гэсэн бичиг хийж өгдөг…иргэн байгууллага дээрээс тэргэнцэрээ авах ёстой… манай байгууллага тухайн компани руу мөнгийг нь шилжүүлдэг юм…Б өөрөө очиж уулдаад ийм бичиг хийлгэж аваад мөнгө нь О гэдэг хүний нэр дээр ХААн банкинд ороход нь О.г Хялганат сумаас дуудан ирүүлж мөнгийг нь банкнаас авахуулаад тэр мөнгийг нь “Н Х”  ХХК-д өгнө гээд өөр нэг данс руу хийлгэсэн байдаг…” гэх мэдүүлэг /хх 31/,

       мөн түүний гэрчээр өгсөн “…манай байгууллагы программын дагуу тухайн хүнд очих ёстой мөнгө л тэр хүнд очдог…хоёр хүний мөнгө нэг хүний нэрээр орно гэсэн ойлголт байхгүй.. халамжийн мэргэжилтэн энэ үйл ажиллагаанд оролцох ёсгүй…хяналтын мэргэжилтэн, хэлтсийн дарга, олголтын мэргэжилтэн нь давхар хянаж банк руу шилжүүлдэг…” гэх мэдүүлэг /хх 33/,

      гэрч Б.Б.ын “…Б нь багийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Г.Э.ийн охин М нас барсны оршуулгын тэтгэмж болох мөнгөнөөс тал мөнгийг худлаа ярьж хувьдаа ашиглан нөгөө хүмүүс нь мэдээд ирэхээр буцааж өгсөн байдаг…мөн иргэн О.ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Б.д тэргэнцэр олгохдоо нийгмийн халамжийн тухай хуулийг зөрчин тухайн иргэн нь ядуу, бэлэн мөнгөөр тэргэнцэр авах боломжгүйг нь далимдуулан Н Х ХХК-иас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан мэт баримт бичүүлэн авч Халамжийн газарт өгсөн…Халамжийн газраас тухайн хүнийг бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан байна гээд дансанд нь мөнгийг шилжүүлэхэд Б О.г дуудаж ирүүлээд тэр мөнгийг нь авахуулаад өөр дансанд мөнгийг нь хийлгэсэн байсан… ” гэх мэдүүлэг /хх 35/,

         гэрч Ц.Г.ийн “…манай охиныг багийн халамжийн мэргэжилтэн эмэгтэй дуудан банзнаас оршуулгын тэтгэмж аваад гараад ирэхэд нь тэр мөнгөнөөс нь 250.000 төгрөгийг нь буруу бодож олгосон байна гээд авсан гэсэн… тэр мөнгөө өөр хүнд өгнө гэсэн байсан… охин ах эгч нартаа хэлсэн юм байна лээ…” гэх мэдүүлэг /хх 36/,

       гэрч Г.О.ийн “… Б надад хэлэхдээ би хүнээс хүүхдийн тэргэнцэр аваад өгчихсөн юм…тэгээд намайг нэг хүний данс руу хийчих гэж нэг данс бичиж өгч байсан…нөгөө мөнгийг нь Б.ийн өгсөн данс руу хийчихээд гарсан юм…” гэх мэдүүлэг /хх 39/,

          гэрч Б.Б.ын “… тэгээд тэр бичигтэйгээ хамт нэг хүүхдийн тэргэнцэр, суултуур зэргийг аваад явсан ... тэр хүүхдийн мөнгө нь дансанд ороод ирэхээд надад мөнгийг нь авч өгнө гэж хэлээд аваад явсан…тухайн үед тэр эгчид бэлэн мөнгө байхгүй байна гэж байсан. Тэгэхлээр нь би түүнд итгээд тэр баримтыг бичиж өгсөн… тэгээд сүүлдээ гар утсаа авахгүй салгаад унтраачихсан … Б мөнгө өгөхгүй болохоор нь тэргэнцэр авсан хүүхдийн регистрийн дугаараар нь Халамжийн газарт очоод нягтлан Ц гэдэг эмэгтэйгээр шалгуулахад тэр хүүхдийн регистрийн дугаар байхгүй байна гэсэн … хамтран ажилладаг болохоор нь тэр бичгийг хийж өгсөн…” гэх мэдүүлэг /хх 44/,

      Л.М.ын харилцах дансанд О нэрээр 200.000 төгрөгний орлого орсон талаарх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 87/, Нийгмийн халамж үйлчилгээний нэгдсэн мэдээллийн системийн хуулбар /хх 140-141/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

    Мөн шүүгдэгч Б.Б болон түүний нөхөр Л.М нар нь “…Бямбаа гэдэг хүнээс тэргэнцэр авч өгөөд мөнгийг нь данс руу шилжүүлсэн…дараа нь авч өгсөн…” гэсэн /хх 49/, мөн гэрч Д.Э /Б/ нь М.д тэргэнцэр өгч заруулсан /хх 56/ талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд Б.Б.г гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

      Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь тухайн үед сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь хохирогч нарт итгэл, үнэмшил төрүүлэхэд хялбар байсан бөгөөд тэдгээрийн эд зүйл, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн “идэвхитэй үйлдлээр” өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлжээ.

          Бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамаарахаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д заасан байна.

         Анхан шатны шүүх Б.Б.д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуульд заасанчлан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, гурав хүртэлх насны хүүхэдтэй /2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин М.С нь төрсөн/ гэх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

           Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Харин шүүх шийтгэх тогтоолдоо ял эдлэх дэглэмийг тогтоохдоо буруу заалт баримталсан, түүнчлэн шүүгдэгч Б.Б.д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгагдаагүй таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

           Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн огноог бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “…5.6 дугаар зүйлийн 2-т…” гэснийг “…5.6 дугаар зүйлийн 4-т…” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “… бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг…” гэснийг “…хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ…” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

 

             ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА       

      

                                                                                             С.УРАНЧИМЭГ