Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 243

 

“Засаг чандмань” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Засаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Ашигт малтмалын газар нь манай компанийн анхны хүсэлт болох хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хангаагүйгээр зогсохгүй, үүний дараа гаргасан ашиглалтын үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Үүнээс үүдээд манай компани өөрийн эзэмшлийн 3647Х тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лицензийн 3,877.97 га талбайг ашиглах боломжгүй болоод байна. Компанийн зүгээс уг асуудлаар удаа дараа хүсэлт гомдол гаргасан боловч тодорхой хариуг Ашигт малтмалын газраас өгөхгүй байсан. Хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаж, гомдлын хариуг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан, энэхүү хариуг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

2. Бидний зүгээс 3434Х тоот хайгуулын талбайн төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж, Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэстэй байгуулсан АӨҮА-2012/46 дугаартай гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлэн ажиллаж байсан бөгөөд 2 жилийн хугацаатайгаар хийсэн гэрээг хуулийн хүрээнд нийцүүлж дахин нэг жилээр сунгах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргаж, 3 дахь жилийн лицензийн төлбөрөө бүрэн төлж шилжүүлсэн байсан боловч гэрээг дуусгавар болсон хэмээн үзэж сунгаагүй. Манай компани 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газарт ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг хууль зүйн боломжит хугацааны хүрээнд дахин нэг жилээр сунгах хүсэлтийг гаргаж байсан… 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэхүү шинэчилсэн найруулгаар ашиглалтын өмнөх үйл ажиллагаа хэмээх ойлголт байхгүй болсон төдийгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 12 жил болсон байдаг. Манай компанийн 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ маань шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл болох үндэслэлтэй байсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 1. “Засаг чандмань” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот албан бичгээр уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан баримт бичгүүдийг хавсаргах ёстой байсан боловч зөвхөн тухайн тусгай зөвшөөрлийн талбайн зураг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан байсан бөгөөд бүрдэл дутуу байснаас ашиглалтын өмнөх гэрээг байгуулах боломжгүй байсан... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй... ХV-003647 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд, “Засаг чандмань” ХХК нь ХV-003647 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхгүй.

2. Хэдийгээр ХV-003434 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон боловч 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай АӨҮА-2012/46 тоот гэрээ байгуулснаар уг хугацааг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй... “Засаг чандмань” ХХК нь өөрийн хайгуулын талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахдаа 3 хүртэл жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан. “Засаг чандмань” ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу ордын техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын газарт ирүүлж, улмаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт /өргөдөл/-ээ ирүүлээгүй нь Ашигт малтмалын газраас үл хамаарах асуудал бөгөөд “Засаг чандмань” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэсэн 23 дугаар зүйлийг хүчингүй болгосон тул ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг сунгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. “Засаг чандмань” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон ХV-003434 талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмалын газарт хандсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч АӨҮАГ-ний хүчинтэй хугацаатай холбоотой гомдлоо …АӨҮАГ-ний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн 3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн “Засаг чандмань” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, “Засаг чандмань” ХХК-ийн 3434 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн “3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, 3434 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Магадлалын хянах хэсэгт "ашигт малтмалын хайгуулын 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн талбай болох 3877.97 га талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллах тухай" 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгийн хариуг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ хүсэлтийг гаргасан "Засаг чандмань" ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгийг тухайн үед Ашигт малтмалын газар хүлээж авсан талаарх баримт тус газрын бичиг хэргийн архивд хадгалагдаж байгаа ирсэн бичгийн бүртгэлд байхгүй байгааг хариуцагчаас гаргаж өгсөн тайлбар, нотлох баримт болон манай архивын эдгээр баримтад үзлэг хийсэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүугч Н.Долгорсүрэнгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүгч Н.Долгорсүрэнгийн "Засаг чандмань" ХХК-ийн захиргаа байрлах байранд тус компанийн бичиг хэргийн 2010 оны албан бичгийн бүртгэлд үзлэг хийхэд дээрх 58 тоот албан бичгийн эх хувь олдоогүй бөгөөд тус компаниас тухай үе буюу 2010 оны 12 дугаар сард явуулсан өөр албан тоот бичгийн дугаарлалт нь 58-аас өмнөх дугаарлалттай байсныг шүүхийн үзлэгт оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч бүгд баталсан байдгийг шүүх анхаарч үзнэ гэж найдаж байна.

Мөн "Засаг чандмань" ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгийн талаар тус компаниас үүний дараа манайд 2011 оноос хойш ирүүлсэн болон Ашигт малтмалын газраас эдгээр албан бичгүүдэд хариу өгсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байхад уг 58 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмалын газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2-6464 тоот албан бичгээр авсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж шүүх дүгнэлт гаргасан нь тогтоогдож байна.

2. Шүүхийн магадлалд "Засаг чандмань" ХХК-нд 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн 3877.97 га талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

"Засаг чандмань" ХХК-нд 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн 4449 га талбайн зарим хэсэг буюу 571.03 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийг хүлээн авч хянан үзээд ашигт малтмалын 15594А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.

Уг тусгай зөвшөөрлийн үлдсэн талбай болох 3877.97 га талбайд "Засаг чандмань" ХХК-нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллах тухай" 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгээр гаргасан нь нотлогдоогүй байхад тусгай зөвшөөрлийн 4449 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийг аваагүй гэж дүгнэсэн нь энэ талаарх нотлох баримт байхгүй үйл баримтад тулгуурласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө" гэж заасан .

Гэтэл хайгуулын 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа болох 2010 оны 08 дугаар сарын 30-ны дотор үлдсэн 3877.97 га талбайд "Засаг чандмань" ХХК-нь ашигт малтмалын тусгай зөвшөерөл хүссэн өргөдөл, болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хавсарган ирүүлээгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үлдсэн талбай дээрээ нэмж хайгуул хийн ордын нөөцийн тогтоосон хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг ирүүлээгүй бөгөөд өргөдлийн бүрдүүлбэр хангасан баримтууд, тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхгүй байсаар байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчийн өргөдлийг аваагүй гэж Кадастрын хэлтсийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Шүүхийн магадлалд "Засаг чандмань" ХХК нь 3434Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дуусгавар болохоос өмнө уг гэрээг сунгах хүсэлтийг гаргасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хайгуулын 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа болох 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу нийт 9 жилийн хугацаа дуусгавар болсон байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй бөгөөд энэ заалтын дагуу гаргах өргөдөл болон бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага нь Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа сунгах хүсэлт түүнийг шийдвэрлэх зохицуулалтаас өөр юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр уг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 1 жилийн жилийн хугацаагаар сунгах нэхэмжлэгчийн шаардлагыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болгосон, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "энэ хуулийг буцаан хэрэглэхгүй" гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн "Засаг чандмань" ХХК-ийн 3647Х дугаартай тусгай зөвшөөрлийн 3877.97 га талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасныг хүчингүй болгож, 3434Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацааг 1 жилээр сунгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаартай магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 3647Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах, 3434Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.

Ийнхүү эрхээ эдэлж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байж, захиргааны байгууллагад өргөдөл гаргах эрх нь нээгдэх ёстой.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлыг градус, минут, секундээр тодорхойлж, хавсаргана”, түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т зааснаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялагийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй байна. 

Өөрөөр хэлбэл хайгуулын талбайд бүхэлд нь бус, уг талбай дотор ашигт малтмалын нөөцтэй газрын солбицлуудыг градус минут, секундээр тодорхойлж, зөвхөн нөөц нь тогтоогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй тул нэхэмжлэгчийн “хайгуулын талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй” гэх гомдол үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д хайгуулын ажлаар ашигт малтмалтын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялагийн хэсгийг ашигт малтмалын ордын нөөц гэж үзэхээр зааснаас үзэхэд хайгуулын ажлын үр дүнгээр илрүүлсэн, ордын нөөц тогтоогдсон газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зарчим үйлчилж байна.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь ордын нөөц тогтоолгоогүй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

Нэхэмжлэгчийн тухайд 3877,97 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нөөц тогтоолгосон 571.03 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд үлдэх талбайд нөөц тогтоолгоогүй, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, нөөц хүлээн авч бүртгэх тухай захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 58 дугаар албан бичгээр үлдэх талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан боловч захиргааны байгууллагаас хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн “нэхэмжлэгч удаа дараа хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллагаас хариуг өгөөгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь “Засаг чандмань” ХХК 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 58 дугаар албан бичгээр захиргааны байгууллагад хандсан гэдэг нь шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдоогүй, нөгөө талаар Ашигт малтмалын хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг албан бичгээр гаргахгүй, харин батлагдсан маягтын дагуу талбайн солбицлыг тодорхой тусгаж, хуульд заасан баримт бичгийг хавсаргасны эцэст журмын дагуу өргөдөл гаргасан гэж тооцохоор байна.

Нэхэмжлэгч нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй байхад захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн “удаа дараа хүсэлт гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийг зохих журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй гэж үзнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн /2009 он/ 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах эрхтэй ба 3647Х тусгай зөвшөөрлийг анх 2001 оны 8 дугаар сарын 30-нд олгосон буюу маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 8 дугаар сарын 30-нд дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багтаан хайгуулын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, энэ үүргээ нэхэмжлэгчээс биелүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дууссан байна.

Иймд, 3647Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

-Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 1 жилийн хугацаагаар сунгуулахыг даалгах шаардлагын тухайд:

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байхаар зохицуулсан байна.

3434Х хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаа 2001 оны 6 дугаар сарын 25-н байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 6 дугаар сарын 25-нд дуусгавар болсон байна.

Иймээс хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хугацаанаас хойш 3 жил буюу 2013 оны 6 дугаар сарын 25-н гэхэд ашиглалтын өмнөх үйл ажиллагаа дуусгавар болж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсчээ.

Гэтэл нэхэмжлэгчээс хууль заасан хугацааны дотор захиргааны байгууллагад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаагүй атлаа “геологи судалгааны ажил бүрэн дуусаагүй” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар төрийн байгууллага нь байгалийн байдлаар байгаа эрдсийн хуримтлалыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусдад олгохдоо нөхцөл, шаардлагыг нарийвлан зааж, хугацааны хувьд үе шаттайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардсан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 3434Х хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 6 дугаар сарын 25-нд дууссан байхад захиргааны байгууллага 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгчээс “энэхүү гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон, 2014 оны 7 дугаар 1-ний өдрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ашиглалтын өмнөх гэрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болох байсан” гэж маргаж байгаа нь хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах хугацаа 2013 оны 6 дугаар сарын 25-нд дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 7 дугаар 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд үйлчлэхгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг буруу тайлбарлаж, “ашиглалтын өмнөх гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах боломжтой” тухай дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа хайгуулын тусгай зөвшөөрөл дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байх зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчээс “гэрээний хугацаа сунгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан” гэж маргаж байгаа бөгөөд хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа болон ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаа дууссан тул дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Иймд, 3434Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 322 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 53 дугаар зүйлийн 53.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 3647Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах, 3434Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ