Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0322

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0322

Улаанбаатар хот

 

 

 

 

“3асаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                                                                                             

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, Ж.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “3асаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1... Ашигт малтмалын газар нь манай компанийн анхны хүсэлт болох хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хангаагүйгээр зогсохгүй, үүний дараа гаргасан ашиглалтын үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Үүнээс үүдээд манай компани өөрийн эзэмшлийн 3647Х тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лицензийн 3,877.97 га талбайг ашиглах боломжгүй болоод байна. Компанийн зүгээс уг асуудлаар удаа дараа хүсэлт гомдол гаргасан боловч тодорхой хариуг Ашигт малтмалын газраас өгөхгүй байсан. Хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаж, гомдлын хариуг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан, энэхүү хариуг үл хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

2. ...Бидний зүгээс 3434Х тоот хайгуулын талбайн төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж, Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэстэй байгуулсан АӨҮА-2012/46 дугаартай гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлэн ажиллаж байсан бөгөөд 2 жилийн хугацаатайгаар хийсэн гэрээг хуулийн хүрээнд нийцүүлж дахин нэг жилээр сунгах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргаж, 3 дахь жилийн лицензийн төлбөрөө бүрэн төлж шилжүүлсэн байсан боловч гэрээг дуусгавар болсон хэмээн үзэж сунгаагүй. Манай компани 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газарт ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг хууль зүйн боломжит хугацааны хүрээнд дахин нэг жилээр сунгах хүсэлтийг гаргаж байсан… 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэхүү шинэчилсэн найруулгаар ашиглалтын өмнөх үйл ажиллагаа хэмээх ойлголт байхгүй болсон төдийгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 12 жил болсон байдаг. Манай компанийн 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ маань шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл болох үндэслэлтэй байсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: ...1. “Засаг чандмань” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот албан бичгээр уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан баримт бичгүүдийг хавсаргах ёстой байсан боловч зөвхөн тухайн тусгай зөвшөөрлийн талбайн зураг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан байсан бөгөөд бүрдэл дутуу байснаас ашиглалтын өмнөх гэрээг байгуулах боломжгүй байсан... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй... ХV-003647 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд, “Засаг чандмань” ХХК нь ХV-003647 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхгүй.

2. ...Хэдийгээр ХV-003434 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон боловч 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай АӨҮА-2012/46 тоот гэрээ байгуулснаар уг хугацааг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй... “Засаг чандмань” ХХК нь өөрийн хайгуулын талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахдаа 3 хүртэл жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан. “Засаг чандмань” ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу ордын техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын газарт ирүүлж, улмаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт /өргөдөл/-ээ ирүүлээгүй нь Ашигт малтмалын газраас үл хамаарах асуудал бөгөөд “Засаг чандмань” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна...

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэсэн 23 дугаар зүйлийг хүчингүй болгосон тул ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг сунгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. “Засаг чандмань” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон ХV-003434 талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмалын газарт хандсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч АӨҮАГ-ний хүчинтэй хугацаатай холбоотой гомдлоо …АӨҮАГ-ний хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн 3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн “Засаг чандмань” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, “Засаг чандмань” ХХК-ийн 3434 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа давж заалдах гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үндэслэх хэсэгт “Засаг чандмань” ХХК-ийн 3434Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жил 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 12 дахь жилийн хугацаа нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус тус дуусахаар байна. Хэдийгээр хариуцагч тал 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны 2012/46 тоот гэрээг нэхэмжлэгч талтай байгуулснаар 3434Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан боловч энэ нь ашигт малтмалын орд тогтоогдож, түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад ямар эрх зүйн үндэслэлээр тухайн гэрээг байгуулсан нь ойлгомжгүй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хүчинтэй байх 12 жилийн хугацааг даруй 1 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн байна” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн хүсэл зориг бол хуулиар өөрт олгосон боломжийг ашиглаж “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г нэг жилийн хугацаагаар сунгуулах байсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг сунгах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад хэд хэдэн удаа гаргаж байсан ч төрийн захиргааны байгууллагаас тодорхой хариу өгөхгүй цаг хугацаа алдсан. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар ашиглалтын өмнөх гэрээтэй холбоотой зохицуулалт хүчингүй болсны дараа хариуцагч хуулийн хүчингүй болсон зохицуулалтыг үндэслэн гэрээний хугацааг сунгахаас татгалзсан хариуг ирүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар ашиглалтын өмнөх гэрээтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгохдоо ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дахин гурван жилээр сунгаж, 12 жил байхаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 9 жил, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа 3 жил тус тус байсныг нэгтгэж, ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 12 жил болгон хуульчилсан.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хучинтэйд тооцож, тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр авна” гэж заасан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хүссэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хянан шийдвэрлэж, гэрээ байгуулах эсэх тухай шийдвэрийг гаргадаг. Хариуцагч 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй 2012/46 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулсныг шүүгч буруутгаж, улмаар уг гэрээний хүчин төгөлдөр хугацааг сунгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Учир нь, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2012/46 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г байгуулах хууль зүйн үндэслэлгүй байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад энэ тухай дурдаагүй.  Иймд “Засаг Чандмань” ХХК-ийн 3434Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 190 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: 1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...гэсэн хэдий ч нэхэмжлэгч талын “...анхнаасаа манай эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот талбайд бүхэлд нь буюу 4449 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан, ...хуульд заасан онцгой эрхээ эдлэх боломжийг хязгаарласан нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй юм...” тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”, 24.3-д“Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэжээ.

“Засаг чандмань” ХХК нь тухайн үед эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрлийн бүх талбайд буюу 4449 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаагүй. “Засаг чандмань” ХХК 571.03 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргасныг хуулийн дагуу хянан шийдвэрлэж, ашигт малтмалын 15594А дугаартай тусгай зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн заалтыг үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй үйлдлийг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

2. “Засаг чандмань” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрөл 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг эзэмшигч аж ахуйн нэгж нь 5 жилийн өмнө мэдэж байсан атлаа ямар ч гомдол хүсэлтийг гаргаагүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага. албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Засаг чандмань” ХХК нь гомдол гаргаагүй болох нь нотлогдож байхад, мөн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн талбайд ...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Засаг чандмань” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа болон хариуцагчийн давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь “3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг, мөн 3434Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газарт тус тус даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  1. “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 3434Х тоот тусгай зөвшөөрөлтэй “Мандаа толгой”, 3647Х тоот тусгай зөвшөөрөлтэй “Чандмань” нэртэй хайгуулын талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх тухай” хүсэлтийг анх 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 28, 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгүүдээр гаргасан байх ба 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоотын хариу авах хүсэлтийг “Засаг чандмань” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03, 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 35, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот албан бичгүүдээр удаа дараа гаргасан байх боловч эдгээр албан бичгийн хариуг хариуцагч Ашигт малтмалын газар өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн “Засаг чандмань” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 тоот албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрлийн үндсэн талбай болох 3877.97 га талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулан ажиллах хүсэлтийг 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгээр гаргасан бөгөөд уг албан бичгийн хариуг өнөөдөр хүртэл аваагүй тул гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг Ашигт малтмалын газрын даргад хандаж гаргасан, уг албан бичгийн хариуг хариуцагч сүүлд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/6464 дугаар албан бичгээр /ХV-003647 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан талбайд танай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхгүй болохыг мэдэгдье/ хүргүүлжээ.

Нэхэмжлэгч компанийн гаргасан “...ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрлийн үндсэн талбай болох 3877.97 га талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулан ажиллах тухай” 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгийн хариуг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдээр тогтоогдсон байна.

Тиймээс дээрх хүсэлтүүдийн хариуг хариуцагч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/6464 тоот албан бичгээр хүргүүлснээр нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа  нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын 16-

ны өдрийн 58 тоот албан бичгийн хариуг хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/6464 тоот албан бичгээр хүлээж авсан гэж үзэхээр байна.

  1. “3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тухай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот албан бичгээр “3647Х тоот тусгай зөвшөөрөлтэй “Чандмань” нэртэй талбайд геологи хайгуулын ажил явуулж, нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлж, хайгуулын ажлыг гүйцээн дуусгаж, нийт ордын хэмжээг ашиглалтын тусгай зөвшөөрөлд авч, үйлдвэр уурхай барьж байгуулах бэлтгэл ажил хийх тохиромжтой байгаа” гэх хүсэлтийг гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх 58 тоот албан бичгийн хариуг хүргүүлээгүй атлаа 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн хайгуулын ажил хийж, тус ажлын үр дүнгийн нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хайгуулын тухай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй байгуулдаг” гэсэн утга бүхий 5-1691 тоот албан бичгийг “Засаг чандмань” ХХК-д хүргүүлсэн гэх нотлох баримтыг тайлбартаа хавсарган ирүүлжээ.

Дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнө гаргасан гомдлын хариуг шийдвэрлээгүй атлаа “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн хайгуулын ажил хийж, тус ажлын үр дүнгийн нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй байгуулдаг” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн өргөдөл, гомдол, хүсэлтийг удаа дараа шийдвэрлээгүй орхигдуулсан үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар тогтоогдож байна.

“... 3647Х тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон 4449 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан атал тус албанаас бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, хайгуулын талбайн тодорхой хэсэгт нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, үлдэх хэсэгт нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж ашиглаж болно гэж захиргааны байгууллагын ажилтан амаар хариу өгч өргөдлийг хүлээн аваагүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “бичиг баримтын бүрдэл дутуу нөхцөлд амаар хариу өгөөд буцаадаг” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-т заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт “Чандмань” нэртэй газарт нийт 4449 га талбай бүхий газарт 3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, уг тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд бүхэлд нь буюу 4449 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан болох нь албан бичгүүд болон дүгнэлтээр нотлогдож байна.

“Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “...хайгуулын талбайн аль ч хэсэгт...”, 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухай талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбайг олгож...” гэсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийн эзэмшлийн нийт талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг онцгойлон зааж, хуулиар эрхийг нь баталгаажуулсны дагуу “Засаг чандмань” ХХК-ийн 3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тухай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хуульд тогтоомжид нийцүүлэн 3877,97 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

  1. Харин нэхэмжлэгчийн “3434Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа” гэсэн 23 дугаар зүйлийг хүчингүй болгосон, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу байна.

            Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумуудын “Мандаа толгой” хэмээх нэртэй газарт оршдог ашигт малтмалын хайгуулын 3434Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж, улмаар 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн АӨҮА-2012/46 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г хариуцагч Ашигт малтмалын газартай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байжээ.

Уг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын 17-

ны өдөр “гэрээнд зааснаар ордыг бүрэн судалж, нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоосон ажлын тайланг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт хүргүүлсэн, гэрээ байгуулснаас хойш энэ хугацаанд геологи хайгуулын ажил хийгдэж байгаа боловч талбайг бүрэн судлахад цаг хугацаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тул дээрх хугацааг 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү” гэсэн өргөдлийг “Засаг чандмань” ХХК-ийн 03 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хүргүүлжээ.

Гэтэл дээрх өргөдлийн хариуг Ашигт малтмалын газар “...ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа сунгах хүсэлтийг судалж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жил илүүгүй байна” гэж заасан. Гэтэл танай 3434Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жил 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба  АӨҮА-2012/46 дугаартай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацааг сунгах боломжгүй...” гэж 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5-4094 тоот албан бичгээр буюу 75 хоногийн дараа хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, ...энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчсөн, мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-д хариуг хүргүүлсэн нь хууль бус юм.

Мөн Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож ...” гэж заажээ.

Гэтэл Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумуудын “Мандаа толгой” хэмээх нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын 3434Х тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Засаг чандмань” ХХК-ийн Ашигт малтмалын газартай байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн АӨҮА-2012/46 дугаартай гэрээ”-ний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан, мөн “Засаг чандмань” ХХК нь өмнөх гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу /3 сарын өмнө/ 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-ний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан байхад хариуцагч нь Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан “Засаг чандмань” ХХК-ийн ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн бүртгээгүй атлаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дараа 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөдлийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...” гэж заасан хугацаанаас өмнө Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумуудын “Мандаа толгой” хэмээх нэртэй газар оршдог ашигт малтмалын хайгуулын 3434Х тоот тусгай зөвшөөрлийг Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацааг сунгуулахаар өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

Тиймээс хариуцагч Ашигт малтмалын газар нь Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.2-т “Ашигт малтмалын ордын ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна” гэж заасны дагуу шийдвэрлээгүй нь буруу юм. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн 3434Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн АӨҮА-2012/46 дугаартай гэрээ”-ний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноос хойш хариуцагч тухайн үед мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгах боломж байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон дээрх дүгнэлтээр хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК нь 2002 оноос ашигт малтмалын хайгуулын 3647Х тоот тусгай зөвшөөрлийг, 2007 оноос 3434Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж, жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хайгуулын үйл ажиллагаа явуулж, уг тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гомдлоо төрийн захиргааны байгууллагад удаа дараа гаргаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн “3647Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, 3434 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                      

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ  

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР