Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00957

 
 

   2018           06             14

           001/ХТ2018/00957

 Н.Т, З.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                       

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01334 дүгээр шийдвэр,

            Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалтай,                        

            Н.Т, З.Тнарын нэхэмжлэлтэй,

            Ц.Л-т холбогдох

            3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

        Нэхэмжлэгчид болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, З.Т , хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч Н.Т, З.Тнарын нэхэмжлэлд: 2014 оны 10 дугаар сард Ц.Л-ын 15,000,000 төгрөгийн хашаа байшинг урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2015 оны 9 сард өгөхөөр тохирч худалдан авсан. 2015 оны 9 сард үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй болсон учраас тодорхой хугацаагаар хойшлуулах санал тавьсан боловч тохиролцоогүй тухайн байшингаас гарсан. Гарахдаа урьдчилгаа болгон өгсөн 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг байшинд суусан хугацааны түрээс болгож, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг тухайн байшинг зарсны дараа авна гэж тохиролцоод гарсан. Гэтэл 3,000,000 төгрөгийг өгөөгүй. Иймд Ц.Л-оос 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ц.Л-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Би урьдчилгаа 5,000,000 төгрөгийг аваагүй. Харин үнэгүй 1 жил орчим байшиндаа суулгасан. Мөнгөний талаар ярилцсан яриаг бичсэн гэх бичлэгийн тухайд огт мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01334 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Л-т холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Т, З.Тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

            Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгч Н.Т, З.Т , өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Хөвсгөл аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01334 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэрч М.Зэвэгбаатар шүүхэд мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно" гэжээ. Бид нэхэмжлэлээ анх 2017 оны 06 сарын 25-нд шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх хурал 2017 оны 07 сарын 31-ний өдөр болж шүүхийн шийдвэрээр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж өгөх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 38 дугаартай магадлалаар “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт Cидиг хуульд зааснаар үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхээс мөн л Сиди бичлэгийг хэзээ хаана хийсэн нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй орхисон. Гэтэл хамгийн анхны шүүх хурал дээр бид энэхүү бичлэгийг хийсэн гар утсаа нотлох баримтаар давхар гаргаж өгч гар утаснаас бичлэгийг шинжлэн судалж үүнийг бэхжүүлж буулгасан Сиди бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсарсаж шийдвэрлэсэн. Гэтэл хяналтын шатны шүүхээс бичлэгийг хэзээ хаана хийсэн нь тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэргийг шийдвэрлэж байх хугацаанд бид эхнээсээ хэргийн талаар үнэн зөв тайлбар өгч байсан. Харин хариуцагч нь анх нэхэмжлэлд тайлбар гаргахдаа “эс зөвшөөрөв” гэсэн товч тайлбар гаргаад яагаад, ямар учраас зөвшөөрөөгүй тухай үг, үсэг ч байгаагүй, харин шүүх хуралдаан дээр “эхлээд огт худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч нарыг өрөвдөөд, өөрсдөө томилолт аваад явах гэж яараад хэсэг хугацаанд байлгасан” гэж мэдүүлж байснаа, дараа нь “худалдахаар тохиролцсон” гэж, мөн эхний шүүх хурал дээр “эхнэр мөнгө аваагүй” гэж байснаа дараагийн хурал дээр “эхнэр авсан эсэхийг би мэдэхгүй, асуугаагүй” гэж, мөн “худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, түрээслүүлсэн” гэж ч хэргийн нөхцөл байдал, болсон үйл явдлыг худал гуйвуулж олон янзын тайлбар гаргаж байсан. Хариуцагч нь “эхнэрт өгсөн учир би мэдэхгүй” гэж байгаа, мөн “би энэ хүмүүстэй утсаар яриагүй, уулзаж ч байгаагүй би хөдөө байсан учир энэ хүмүүс миний утасны дугаарыг ч мэдэхгүй” гэж байснаа дараагийн шүүх хурал дээр “би Эрдэнэтэд байсан” гэх зэргээр худал ярьж байсан. Харин манай аав гэрч Зэвэгбаатарын мэдүүлгийг шүүхээс “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй” гэжээ. Энэ нь ИХШХШТХ-ийн 43-р зүйлд зааснаар гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заахгүй бол нотлох баримт болохгүй гэсэн заалт, үг үсэг ч байхгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2-т "... гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэсэн байна. Үүнээс үзэхэд гэрчийн мэдүүлэг нь давхар талуудын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдох боломжтой байна. Гэтэл шүүхээс бидний хэн нь үнэн зөв мэдүүлж байгаа гэрчийн болон бусад нотлох баримт хэний тайлбарыг нь илүүтэйгээр давхар нотолж байгаа байдлыг харгалзалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Text Box: 'ЭЭН1Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч Н.Т, З.Тнар нь хариуцагч Ц.Л-той гэрээний дагуу өгсөн мөнгөний талаар ярилцсан яриаг бичсэн гэх сиди бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав” гэжээ. ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд энэхүү бичлэг хийхэд хариуцагчид бичлэг хийж байна шүү гэж албан ёсоор хэлээгүй, зөвшөөрөл аваагүй хэдий ч хийж байгааг хариуцагч өөрөө мэдэж байгаа, түүнийг зогсоохыг шаардаагүй. Өөрийнх нь нүүрний дүрс хүртэл байхад үүнийг миний дуу хоолой биш, эвлүүлэг гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хяналтын шатны журмаар дахин хянаж, нэхэмжлэгч бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хууль хэрэглээний талаар: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэрч М.Зэвэгбаатар шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно” гэжээ. Энэхүү нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар нь анх 2017 оны 06 сарын 25-нд шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх хурал 2017 оны 07 сарын 31-ний өдөр болж шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 10 сарын 31-нд хашаа байшин худалдах, худалдан авах хэлцэл хийж, үүний урьдчилгаа 5,000,000 төгрөг өгсөний 2 сая төгрөгийг 10 сар суусан түрээсэнд суутгахыг талууд зөвшөөрсөн, үлдэгдэл 3 сая төгрөгийг нь хашаа байшин зарагдсаны дараа хариуцагч Ц.Л-нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж хариуцагчаас хашаа байшин худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж өгөх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 38 дугаартай магадлалаар “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт Сиди-г хуульд зааснаар үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хэргийг шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгч нар нь эхнээсээ үнэн зөв тайлбар өгч, хэргийн талаар хуульд зааснаар үнэн зөв мэдүүлж байсан. Үүнийгээ ч нотлох баримтууд болох дансны хуулга, Сиди бичлэг, гэрчийн мэдүүлгийг гаргаж өгсөн. Харин хариуцагч нь ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.1-д заасан “хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ биелүүлээгүй. Анх нэхэмжлэлд тайлбар гаргахдаа “эс зөвшөөрөв” гэсэн товч тайлбар гаргаад яагаад, ямар учраас зөвшөөрөөгүй тухай үг, үсэг ч байгаагүй, харин шүүх хуралдаан дээр “эхлээд огт худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч нарыг өрөвдөөд, өөрсдөө томилолт аваад явах гэж яараад хэсэг хугацаанд байлгасан” гэж мэдүүлж байснаа, дараа нь “худалдахаар тохиролцосон” гэж, мөн эхний шүүх хурал дээр “эхнэр мөнгө аваагүй” гэж байснаа дараагийн хурал дээр “эхнэр авсан эсэхийг би мэдэхгүй, асуугаагүй” гэж, мөн “худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, түрээслүүлсэн” гэж ч хэргийн нөхцөл байдал, болсон үйл явдлыг худал гуйвуулж олон янзын тайлбар гаргаж байсан. Харин нэхэмжлэгч талаас анхнаасаа л хэргийн талаар үнэн зөв тайлбар өгч, урьдчилгаа болгон өгсөн 5 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг нь эргүүлж авахаар тохиролцсон гэдгээ мэдүүлсээр байгаа. Үүнийгээ нотлохын тулд 2014 оны 10 сарын 31-ний өдөр хамт Лхагва-Очирын гэрт нь эхнэрт нь мөнгө аваачиж өгсөн, Зэвэгбаатарыг гэрчээр асуулгасан. Мөн тухайн өдрийн өмнөх өдөр нэхэмжлэгч тал ХААН банкнаас 12 сая төгрөгийн зээл авч 11 сая төгрөгийг нь бэлнээр авч байсан тухайгаа нотлох баримтаар гаргаж өгч, 5 сая төгрөгийнхөө эх үүсвэрийг нотолсон. Гэтэл хариуцагч талаас би аваагүй гэснээс биш эхнэр авсан эсхийг би мэдэхгүй, асуугаагүй гэж тайлбарлаж байгаа боловч урьдчилгаа мөнгө аваагүй гэдгээ нотолж чадаагүй, энэ тухай нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Харин гэрч Зэвэгбаатарын мэдүүлгийг шүүхээс “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй” гэжээ. Энэ нь ИХШХШТХ-ийн 43-р зүйлд зааснаар гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заахгүй бол нотлох браимт болохгүй гэсэн заалт, үг үсэг ч байхгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “... гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэсэн байна. Үүнээс үзэхэд гэрчийн мэдүүлэг нь давхар талуудын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдох боломжтой байна. Гэтэл шүүхээс талууд хэргийн талаар хэн нь үнэн зөв мэдүүлж байгаа гэрчийн болон бусад нотлох баримт хэний тайлбарыг нь илүүтэйгээр давхар нотолж байгаа байдлыг харгалзалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Н.Т, З.Тнар нь хариуцагч Ц.Л-той гэрээний дагуу өгсөн мөнгөний талаар ярилцсан яриаг бичсэн гэх сиди бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав” гэжээ. ИХШХШТ хуулийн 38-р зүйлд зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд энэхүү бичлэг хийхдээ хариуцагчид бичлэг хийж байна шүү гэж албан ёсоор хэлээгүй, зөвшөөрөл аваагүй хэдий ч хийж байгааг хариуцагч өөрөө мэдэж байгаа, түүнийг зогсоохыг шаардаагүй, бусдын орон байрны талаар бичлэг хийсэн ч энэ нь 2015 онд хийгдсэн учир 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарахгүй учир үүнийг хууль бусаар олж авсан цуглуулсан гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч нарын бичлэг хийж эд хөрөнгө болон хийсэн засвараа хүлээлгэж өгсөн үйлдлээ баталгаажуулж байгаа энэ үйлдэл нь Иргэний хуулийн 12-р зүйлд заасан “тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн” өөртөө туслах үйлдэл учир хууль бус гэж үзэхгүй. Гэтэл шүүхээс сиди бичлэгийг ямар хуульд заасан арга хэрэгслээр олж авч, бэхжүүлэх шаардлага тавьж байгаа нь тодорхойгүй нотлох баримтаар үнэлээгүй байна. Шүүхээс ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж сиди бичлэг дээр “хариуцагчийн нүүрний дүрс гарч, үлдэгдэл 3 сая төгрөгөө хашаа байшингаа зарагдсаны дараа өгөхөөр тохиролцлоо ш дээ” гэж нэхэмжлэгч хэлж байхад түүнийг үнэн зөв талаас нь үнэлээгүй байна. Мөн хамгийн анхны шүүх хурал дээр энэхүү бичлэгийг хийсэн гар утсыг гаргаж өгч түүн дээрээс шууд шинжлэн судалж хурлын тэмдэглэлд тусгасан байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01334 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн 04 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч Н.Т, З.Тнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

           Нэхэмжлэгч нар хариуцагч Ц.Л-т холбогдуулан хашаа, байшингийн урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгснөөс 2,000,000 төгрөгийг нь хашаа, байшин ашигласан хугацааны түрээсийн төлбөрт үлдээж, 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ямар ч мөнгө аваагүй, баримт байхгүй гэж маргажээ.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2014 оны 10  дугаар  сард  талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, Ц.Л-ын хашаа, байшинг 15,000,000 төгрөгөөр өгч, авахаар тохиролцсон, нэхэмжлэгч нар  уг хашаа байшинг эзэмшилдээ авч нэг жилийн хугацаанд амьдарсан, Н.Т, З.Тнар 2015 оны 9 сард төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч хугацаандаа төлж чадаагүй, хугацаа сунгах талаар талууд тохиролцоогүйн улмаас худалдагч буюу  хариуцагч нь гэрээнээс татгалзсан ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

           Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг буруу тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хашаа, байшингийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Ц.Л-ын эхнэрт өгсөн гэдгээ нотлуулахаар аав М.Зэвэгбаатарыг гэрчээр асуулгасан, түүнчлэн Төрийн банкнаас авсан зээлээр урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг төлсөн гэж тус банкны зээлийн гүйлгээний хуулбар, тухайн хашаа байшинд нэг жилийн хугацаанд амьдрахдаа холбогдох төлбөр, хураамжийг төлж байсан баримт, тодорхойлолт, 2015 оны 09 сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөгийг хариуцагч авснаа буцаан өгсөн тухай баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч эдгээрийг баримтаар няцаагаагүй байна. /хх-20,21,22,23,24,67-69/

             Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ аман хэлцлээр хийгдсэн, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нар 5,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон хугацаандаа бүрэн төлж чадаагүйгээс хариуцагч гэрээнээс татгалзсан, талууд нэг жилийн хугацаанд хашаа, байшинд амьдарсан хөлсийг 2,000,000 төгрөгөөр тооцож, 5,000,000 төгрөгөөс хасч, 3,000,000 төгрөгийг хариуцагч буцаан өгөхөөр тохиролцсон байна. Иймээс хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01334 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Л-оос 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т, З.Тнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж,  шийдвэрийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Л-оос 62,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Тгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 62,900 /жаран хоёр мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН