Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
Хэргийн индекс | 009/2015/0001/З |
Дугаар | 113/ШШ2018/0006 |
Огноо | 2018-03-27 |
Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 113/ШШ2018/0006
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Б.Сийлэгмаа, С.Отгонтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э
Хариуцагч: ДУА-ийн ДЦС-ын З Д, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд холбогдох
“ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Цахиурт-Ойл” ХХК-ийн захирал Х.Э-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Цахиурт-Ойл” ХХК-ийн захирал Х.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч ДУА-ийн ДЦС-ын З Д Б.И, гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С, түүний өмгөөлөгч Д.Э, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Х.Э миний бие “Говийн торх” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим шатахуун түгээх станцыг худалдах” тухай 06 дугаар тогтоолын дагуу Дэлгэрцогт сумын төвд байрлах хуучин НИК-ийн эзэмшилд байсан шатахуун түгээх станцыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 6.0 сая төгрөгөөр худалдан авсан билээ. Гэтэл “Зэт Би Эс Ди” ХХК нь манай эзэмшлийн газрын дэргэд зам хаан бууж тодорхой хуулиудын заалтыг зөрчиж байх тул дараах үндэслэлүүдээр сумын Засаг даргын 2012 оны 55 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна.
Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Жилийн төлөвлөгөө нь иргэн, аж ахуй нэгж байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах хамгаалах, нөхөн сэргээх байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь төв замын зүүн талд байрлах “Хадан хошуу”-нд газрыг олгосон боловч замын урд талд байрлалаа өөрчлөн “Ганган цохио” хэмээх газар буюу Хүн эмнэлэгийн урд шатахуун түгээх станцаа байгуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших асуудлыг хүчингүй болгохоор заасан байдаг. Гэтэл “Зэт Би Эс Ди” ХХК нь 2004 онд гаргуулсан захирамжаа 2012 онд хүчингүй болгуулж үйл ажиллагаагаа хүчингүй болгосон газар дээр явуулж байсан нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна.
“Зэт Би Эс Ди” ХХК-ийн удирдлагууд манай худалдаж авсан хуучин НИК-ийн шатахуун түгээх станцын улсын комисс хүлээн авсан анхны акт, нотлох баримтууд, газрын гэрчилгээ зэргийг устгасан, архивт ямар нэг материал үлдээгүй байгаа нь хуйвалдааны шинжтэй байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/664 дугаар өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт “Зэт Би Эс Ди” ХХК нь хуулийн дагуу газраа эзэмшиж байгаа ба кадастрын зурагт одооны газарт байгаа объект барихаар заагдсан тул зургийн дагуу тус газартаа барилга, байгууламжаа барьсан байна. Иймд сумын Засаг даргын 2012 оны 55 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ. Нутгийн иргэд “Ганган цохио” нэртэй гэдгийг баталсаар байхад ийм байдлаар хариу өгсөнд харамсаж байна.
Шударга өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах...” 7.1.10-т “өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах” гэж заасныг зөрчин шахах, маргаан үүсгэх, замыг хааж дээрх хуулийн заалтуудыг зөрчин өөрийн давуу байдлаа ашиглаж байгааг харгалзан дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг ханган хуулийн хүрээнд шийдвэрлэж, сумын Засаг даргын 2012 оны 55 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Э 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК нь шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар Хадан хошуунд 0.5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших газрын гэрчилгээг олгох ёстой. Гэтэл Дэлгэрцогт сумын газрын даамал М.Мөнхзаяа нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын захирамжинд зааснаар өөр байршилд буюу Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар 0233242 дугаарын газрын гэрчилгээ олгожээ. Энэхүү газар эзэмших гэрчилгээний улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул энэхүү газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүн эмнэлэгийн урд талд залгаа байршилтай НИК-ийн шатахуун түгээх байгууламж бүхий 0.2 газрыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тушаалаар 6.0 сая төгрөгөөр худалдан авсан Х.Энхбатад ШТС-ын зориулалтаар цаашид ажиллуулахыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын гэрчилгээг шинэчлэн олгосон юм. Дээрх захиргааны актаас үзэхэд надад эзэмшүүлэхээр олгосон газар нь “Зэт Би Эс Ди” ХХК-д олгосон ШТС-ын газартай давхцалтай байна” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Э 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Цахиурт Ойл” ХХК нь “НИК” ХХК-ийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суман дахь “Говийн торх” салбарын шатахуун түгээх станцыг эзэмшил газрынх нь хамт худалдан авч, Дэлгэрцогт сумын Засаг даргад хандан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан билээ. Гэтэл тухайн үед Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Баатарсүрэн нь манай компанийн өргөдлийн дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлэхдээ “Говийн торх” ХХК-ийг 0.2 га газар эзэмшдэг байсан, тус компанийн газар эзэмшихтэй холбоотой баримт нь архиваас алга болсон байна гэж тайлбарлан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар 0.2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ийм учраас “Цахиурт Ойл” ХХК нь “НИК” ХХК-ийн “Говийн торх” салбарын 0.2 га газрыг эзэмшиж ирсэн гэж ойлгож ирсэн бөгөөд “Зэт Би Эс Ди” ХХК-тай газрын маргаан хийж байх үедээ буюу 2017 оны 11 дүгээр сард “НИК” ХХК-тай уулзахад тус компани нь уг газар 3.5 га газар эзэмшиж байсан болохыг тайлбарлаж, 1999 оны газар эзэмших гэрчилгээний хуулбар, Аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээний хуулбарыг тус тус манай компанид гаргаж өгсөн болно.
“НИК” ХХК-аас манай компанид гаргаж өгсөн Аж ахуй нэгжийн газар эзэмших гэрээнд газрын хэмжээг 3.45 га гэж, Шатахуун түгээх станцын паспортонд мөн газрын хэмжээг 3.5 га гэж бичиж, газрын хэлбэрийг харуулсан зураглал үйлдэгдсэн зэргээс үзвэл манай компанийн шилжүүлэн авсан газрын хэмжээ нь 3.5 га байсан байхад сумын Засаг даргаас манай компанийг залилж, газрын хэмжээг 0.2 га байсан мэтээр ойлгуулж, хууль бусаар эзэмшил газрын хэмжээг бууруулж, газрыг бусдаас шилжүүлэн авсан хэмжээгээр эрхийг минь зөрчсөн байна. Иймд Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Дэлгэрцогт сумын Засаг даргын хууль бус ажиллагааг зөвтгүүлэх, өмнөх эзэмшигч “НИК” ХХК-ийн эзэмшиж байсан 3.5 га хэмжээгээр “Цахиурт Ойл” ХХК-ийн эзэмших газрын хэмжээг тогтоосон шийдвэрээ гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсч Дундговь аймгийн Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд Засаг даргаас манай гомдлын хариуг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/87 дугаар албан бичгээр өгсөнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Дээр дурдсанаар манай компани нь “НИК” ХХК-ийн 1997 оноос 3500 м.кв эзэмшиж ирсэн газрыг шилжүүлэн авсан учраас тус компанийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан газрыг “Цахиурт Ойл” ХХК нь нэр шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй байгаа болно.
Иймд манай компанийн “НИК” ХХК-аас нэр шилжүүлэн авахыг хүссэн 3500 м.кв талбай бүхий газрын хэмжээг ДУА-ийн ДЦС-ын З Д нь үндэслэлгүйгээр, хууль бусаар иргэн намайг хууран мэхлэх замаар бууруулан 0.2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул түүний 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, гаргасан хүсэлтийг нь үндэслэн “Цахиурт Ойл” ХХК-д 3.5 га хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Б.Баатарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Анх Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК-д шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 1 га газрыг эзэмшүүлсэн. Уг захирамж гарснаар “Зэт Би Эс Ди” ХХК нь “Магнай Трейд” ХХК-ийн гэрээт борлуулагчаар шатахуун түгээх станцын үйл ажиллагааг өнөөг хүртэл эрхлэн явуулж байгаа болно. Дээрх Засаг даргын захирамж гарснаас хойш буюу 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тогтоолоор сумын төвийн лагерь хорооллуудыг нэр бүхий 9 хэсэгт хуваарилж нэр олгосон. Үүний дараа Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар “Хадан хошуу” –нд 0.5 га газрыг эзэмшүүлсэн. Энэ захирамжаараа урд нь гаргасан 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. “Хадан хошуу” гэдэг хэсэгт нь одоогийн замын баруун, зүүн хэсэг, Хүн эмнэлэгийн салбар байрлаж байгаа хэсэг тэр чигээрээ хамаардаг юм. Х.Э-ын хэлээд байгаагаар замын зүүн, баруун тал гэж зааглахгүй. Тийм болохоор “Зэт Би Эс Ди” ХХК нь хуулиар олгогдсон өөрийн эзэмшил газар дээрээ тэмдэгжүүлэлт тавьж, 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны хооронд шинээр сав суулга, тоног төхөөрөмж байрлуулж, үйл ажиллагаагаа хууль зүйн дагуу эрхэлж байгаа.
Нэхэмжлэгч “Зэт Би Эс Ди” ХХК-нд “Хадан хошуу”-нд газар олгосныг хүлээн зөвшөөрч байгаагаа нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Харин түүний хэлээд байгаа “Ганган цохио” хэмээх газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор сумын төвийн лагерь хороололд хуваарилалт хийж олгосон нэрэнд байхгүй. Нэхэмжлэгч нь “Зэт Би Эс Ди” ХХК-ийг 2004 онд гаргуулсан захирамжаа 2012 онд хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа хүчингүй болгосон газар дээр явуулж байна гэжээ. Гэтэл “Зэт Би Эс Ди” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Хадан хошуу”-нд 0.5 га газар эзэмшүүлээд урд нь гаргасан байсан 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Ийм учраас “Зэт Би Эс Ди” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаа нь хэвээр үргэлжилж байгаа болно. Харин “Зэт Би Эс Ди” ХХК-ийг 2004 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд албан ёсоор буюу хууль зүйн дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж байгааг Татварын албанд сар, улирал, жил бүр ААН-ын орлогын албан татвараа төлж, тайлан блансаа гаргаж өгч байсан болон Аудитын албанаас шалгалт хийж үнэлэлт, дүгнэлт гаргаж байсан гэх мэт бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно” гэжээ.
Хариуцагч Б.И 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Дэлгэрцогт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. “Цахиурт Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг нь өмнөх Засаг даргын үед үүссэн хэдий ч хуулийн дагуу миний бие уг нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Сумын төвийн лагерь хорооллыг 9 хэсэгт хувааж нэрлэсэн байна. Үүний дараа 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК-нд шатахуун түгээх станцын зориулалтаар Хүн эмнэлэгийн урд талд 0.5 га газрыг эзэмшүүлсэн гэсэн нь одоогийн байгаа газар нь “Хадан хошуу” мөн болохыг харуулж байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаарт “Цахиурт Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай тэмдэглэлд сумын Засаг дарга Б.Баатарсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ю.Дашдаваа хоёр хуйвалдаж захирамж гаргасан байсан гэж мэдүүлсэн нь гүтгэлэгийн шинжтэй зүйл гэж Б.Баатарсүрэн, Ю.Дашдаваа мэдүүлсэн баримт байна. Иймд энэхүү гэрчилгээ хүчинтэй гэж ойлгож байна. Хэргийн материалтай танилцахад “Зэт Би Эс Ди” ХХК нь нэхэмжлэгч буюу “Цахиурт Ойл” ХХК-аас үйл ажиллагаагаа түрүүлж эхэлсэн гэдэг нь газрын гэрчилгээ буюу бичиг баримтаас харагдаж байна. Иймд дээрх тайлбарыг харгалзан үзэж “Цахиурт Ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын гаргасан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын даргад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Газрын даамал 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмнө нь ажиллаж байсан газрын даамал М.А газрын гэрчилгээ олгожээ. Гэсэн хэдий ч хууль зүйн дагуу миний бие уг нэхэмжлэлд хариу тайлбарыг хийж байна. Нэгж талбарын 186010718528 дугаартай “Зэт Би Эс Ди“ ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харахад “Цахиурт Ойл “ ХХК-ийн газартай давхцаагүй байна. Уг гэрчилгээ нь хуулийн дагуу Засаг даргын захирамжаар олгогдсон учир гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй” гэжээ.
Хариуцагч Б.И 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлд Х.Энхбат нь “Говийн торх” ХХК-аас ШТС худалдан аваад үйл ажиллагаа явуулахад тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Б 2014 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн А/69 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгч Х.Э-д 0.2 га газрыг шинээр олгон, 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Мөн “Зэт Би Эс Ди” ХХК-ийн шатахуун түгээх үйл ажиллагаа явуулахад орц, гарцын хувьд ямарваа нэгэн асуудалгүй болох нь Дэлгэрцогт сумын хэсгийн төлөөлөгч ц/д Д.Ц-ын тодорхойлолт, мөн МУ-ын ЗТХЯ-ны 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06/242 гарцын тухай албан бичгээр нотлогдож байна. “Цахиурт Ойл” ХХК, “Зэт Би Эс Ди” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хувьд давхцалгүй болохыг “Зэт Би Эс Ди” ХХК-ийн 18606110710532 дугаартай газрын кадастрын зурагнаас харагдаж байна.
“Говийн торх” ХХК-ийн бичиг баримт үрэгдсэн тухай тухайн үед Дундговь аймгийн “НИК”-ийн салбарын захирлаар ажиллаж байсан О.Бархүүгийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 44 дүгээр албан бичгээс харагдаж байна. Тус сумын Байгаль орчины байцаагч-газрын даамалд “Говийн торх” ХХК-ийн бичиг баримт хадгалагдаагүй байна. Гэвч 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжинд нэр нь тодорхой ороогүй ч Газрын тухай хуулийн дагуу “Говийн торх” ХХК-д газар эзэмшүүлсэн байна. Үүгээр газар эзэмшиж байсан гэдэг нь харагдаж байна.
“Зэт Би Эс Ди” ХХК-ийн кадастрийн зургийн өөрчлөлтийн тухай Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын тайлбарт байгаа. Энэ нь замын орц, гарцаас хамаарч кадастрийн зурагт өөрчлөлт орсон болохыг харуулж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК-д Хүн эмнэлэгийн урд буюу “Хадан хошуу”-нд газар олгосон. Энэ тухай өмнөх шүүх хурлын хавтаст хэргийн материалд тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг байгаа. Мөн тэр үеийн сумын лагерь хороололыг хуваахад эмнэлэгийн урд гэсэн лагерь хороолол, нэр томъёо хурлын тогтоолд байхгүй. 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 09 дүгээр тогтоолоор сумын лагерь хорооллыг дахин хувааж “Хадан хошуу”-г хуучин хэвээр буюу сумын зүүн урд, засмалын наана, цаана хэвээр үлдээсэн” гэжээ.
Гуравдагч этгээд Л.С 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус компанийн оршин буй газар нь /хуучин/ үер усны аман дээр машин эргэх зай талбай багатай бороо хуртай жил ус буухад зөвхөн шатахуун хадгалах савны амнаас бусад нь усанд автан хойд жалгаар үерийн ус тэр аяараа явдаг учраас 2012 онд анх сумын Засаг дарга болон газрын албанд байршлаа солих өргөдөл гаргаж, тэр үеийн Засаг дарга дэмжин 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинээр газар олгож өгөх захирамжийг гаргаж өгсөн юм. Миний бие хууль, дүрэм журмын дагуу өнгөрсөн 2 жилийн хугацаанд стандартын дагуу шинэ шатахуун түгээх станц байгуулахаар зориглон кадастрын зураг, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймгийн Барилга, хот байгуулалтын газраас барилга байгууламж барих зөвшөөрөл, Онцгой байдлын газраас зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын газраас стандарт хэм хэмжээг шалгуулан газрын үнэлгээнд 450000 төгрөгийг тушааж одоогийн байгаа газраа авч 2014 оны 9 дүгээр сараас эхлэн барилга байгууламжаа барьж 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр аймгийн комиссоор орж “цаашид үйл ажиллагаагаа явуулж болно” гэсэн эрхээ авсан. 2012 онд анх газрын зөвшөөрөл өгснөөс хойш 2 жилийн дотор энэ газартаа барилга байгууламжаа барьсан тул ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй болно. 2003 оноос хойш тасралтгүй ажиллахдаа татвар хураамжаа хуулийн дагуу хугацаанд нь төлж жил болгон стандартын шалгалтанд орж ирлээ.
Мөн орон нутгийнхаа иргэдэд хямд үнэтэй, чанар стандарт хангасан шатахуунаар үйлчилж байна. Манайх анх байгуулагдахдаа “Магнай трейд” ХХК-тай шатахуунаа зээлийн гэрээгээр авч одоог хүртэл хамтран ажилласныг минь компанийн захиргаа үнэлж, өөрийн компанийн нормын хувцас, логог үнэгүй суурилуулан өгч ажилд минь туслалцаа үзүүлсээр ирсэн. Гэтэл “Цахиурт Ойл” ХХК нь манай эзэмшлийн газрын хажууд зам хааж буусан нь хууль зөрчиж байна гэж бичжээ. Хуучин НИК-ийн харъяа шатахуун түгээх станц татан буугдаад 10 гаруй жил болсон ба үйл ажиллагаа явуулаагүй сум орон нутагт хураагдсан хүчингүй болсон газрыг гэнэт хэн нэгэн гарч ирээд тогтмол үйл ажилалагаа явуулдаг бүхий л шат дараалсан зөвшөөрөлтэй манай эзэмшлийн газрын захирамжийг хүчингүй болгох гээд яваад байгаа Х.Э гэдэг хүнд ямар хууль үйлчилж байгааг ойлгохгүй байна.
Х.Энхбат гэгч 2014 оны 8, 9 сард НИК –ийн туурийг авсан гэж дуулсан. Энэ “Цахиурт Ойл” ХХК нь зөвхөн эм болон хүнсний бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст харъяалагддаг. Шатахуун түгээх станц ажиллуулах зөвшөөрөл аваагүй, Газрын тосны газраас явуулсан аттестачлалд ороод эрх аваагүй. Дундговь аймгийн Татварын хэлтэст шилжиж ирсэн гэж яриад яваа мөртлөө шилжиж ирээгүй хаана харъяалалтай ямар үйл ажиллагаа хийж яваа нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн зарах зөвшөөрөлгүй мөртлөө “Магнай трейд” ХХК-аас шатахуун авчирч борлуулалт хийгээд 3-4 сар болж байгаа мөртлөө огт төлдөггүй. Иймд Х.Энхбат захиралтай “Цахиурт Ойл” ХХК-ийн одоогийн эзэмшил газар нь Дэлгэрцогт сумын төв зам дагуу олгогдож байгаа газраас 0.2 га газрыг сэргээн авсан ба энэ газар нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий газар бөгөөд газрын үнэ төлж авах байсныг шууд захирамж гаргуулан газрын даамал О.Ц-тэй хуйвалдан газрын үнэ төлөлгүйгээр гэрчилгээг гаргуулсан.
Мөн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжинд “Хадан хошуу” гэдэг газар “Зэт Би Эс Ди” ХХК-д газар олгох зөвшөөрлийг гаргасан байхад 2014 оны 9 дүгээр сарын 08-ны А/69 захирамжаар “Цахиурт Ойл” ХХК-д гэрчилгээг шинэчлэн олгохыг сумын газрын даамлаар ажиллаж байсан О.Ц-д үүрэг болгосоныг О.Цогзолсүрэн нь “Цахиурт Ойл” ХХК-д газрыг давхцуулан олгосон байгааг нягтлах шаардлагатай байна. Иймд би Хадан хошуунд 0.5 га газрыг зохих журмын дагуу зөвшөөрөл авсан” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Баяндэмбэрэл 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...иргэн Х.Э нь төрийн захиргааны ажилтаны хариуцлагагүй байдлаас хохирсон байна. Иймд Х.Энхбатын шатахуун түгээх станцыг өөр газар шилжүүлж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байна. Үүн дээр сумын Засаг дарга шинээр газар эзэмших захирамж гаргаж өгөх шаардлагатай” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Энхбат нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын газрын даамал нь уг 55 дугаар захирамжид зааснаас өөр байршилд “Зэт Би Эс Ди” ХХК-д 0233242 дугаартай газрын гэрчилгээ олгосон нь манай газартай давхцаж байна гэх үндэслэлээр тус гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэдүүлжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, тус сумын газрын даамал нь захирамжид зааснаас өөр байршилд 0233242 дугаартай газрын гэрчилгээ олгосон нь “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын газартай давхцаж байгаа тул уг гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:
ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 81 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК нь шатахуун түгээх зориулалтаар 1 га газрыг эзэмшиж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад уг газар нь үер усанд автаж ажиллах боломжгүй болсон тул 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газрын байршлыг өөрчлүүлэхээр тус сумын Газрын албанд хүсэлт гаргаж улмаар тус Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар тус компанид “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар “Хадан хошуу”-нд 0,5 га газрыг эзэмшүүлж, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уг захирамжийг үндэслэн нэгж талбарын 110600018 дугаар бүхий 0,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхээр 0233242 дугаар гэрчилгээ олгосон байх ба уг гэрчилгээнд газрын байршлын нэрийг “Эрүүл мэндийн төвийн урд талд” гэж бичжээ.
Нэхэмжлэгчээс дээрх 55 дугаар захирамж болон 0233242 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “захирамжид зааснаас өөр газарт буюу Эрүүл мэндийн төвийн урд талд газар олгосноос манай газартай давхацсан улмаар энэ нь орц, гарц хаасан” хэмээн маргаж байна.
Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С нь 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Газрын албанд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдлийн маягтын 2-т “Хаяг” гэсэн хэсэгт “Дундговь аймаг Дэлгэрцогт сум, 3 дугаар баг, Хадан хошууны гудамж, Эмнэлгийн урд байршилтай” гэж тодорхойлж газар эзэмших хүсэлтийн өргөдлийг бөглөжээ.
Уг хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуульд заасны дагуу тус сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Хадан хошуу”-нд 0,5 га газрыг эзэмшүүлж, эзэмшил газрын хил заагийг тогтоон газрыг хүлээлгэн өгч, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Газрын даамалд үүрэг болгосны дагуу 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 0233242 дугаар гэрчилгээгээр Эрүүл мэндийн төвийн урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлсэн байна.
Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар “Сумын төвийн лагерь хорооллуудад нэр олгох тухай” тогтоолоор сумын төвийн лагерь хороололын нэрийг Цагаан дэл, Эмт, Орон сууц, Алтан загас, Хадан хошуу, Амардалай, Хөх толгой, Жинст, Эрчим гэсэн нэрээр тогтоосон байх бөгөөд хатуу хучилттай төв замын баруун талд Хүн эмнэлгийн хойно байрлах айлын хаягжилт нь “Хадан хошуу”-1, төв замын зүүн талд байрлалтай айлууд “Хадан хошуу”-2 гэсэн хаягжилттай байгаа нь шүүхээс явуулсан үзлэгээр болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх 12 дугаар тогтоолоор зөвхөн сумын төвийн лагерь хорооллуудад нэр олгож айлуудад хаягжилт хийсэн байх ба “Хадан хошуу”-1 хаягжилттай айлын урд байрлах аж ахуйн нэгжүүд болох хүн эмнэлэг, шатахуун түгээх станцуудад албан ёсны хаягжилт олгоогүй бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө 3-р баг гэсэн хаягт байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын Газар эзэмших эрхийн 000457463 дугаар гэрчилгээн дээрх байршлын нэр “Хүн эмнэлгийн урд” гэж, гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн Газар эзэмших эрхийн 0233242 дугаар гэрчилгээн дээрх байршлын нэр дээр “Эрүүл мэндийн төвийн урд талд” гэж бичигдсэн байгаагаас үзэхэд уг хоёр аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар хоёулаа нэг байршилд байгаа мэт боловч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Шинжээч томилох тухай” А/15 дугаар тушаарлаар томилогдсон шинжээч нарын дүгнэлт, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй 0,2 га газар нь гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 0,52 га газруудын хил заагт ямар нэгэн давхцал байхгүй гэжээ.
Дээрхээс үзэхэд ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид заасан “Хадан хошуу” гэх газар болон уг захирамжийг үндэслэж гарсан 0233242 дугаар газар эзэмших гэрчилгээн дээрх “Эрүүл мэндийн төвийн урд талд” гэх газар нь өөр өөр газар байршилтай гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл бодит байдал дээр нэг байршилд байгаа газар байх бөгөөд улмаар энэхүү газар нь нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй 0.2 га газартай ямар нэг хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдохгүй байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК нь нэхэмжлэгч Х.Э-аас өмнө тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшсэн болох нь тогтоогддог.
Нэхэмжлэгчээс дээрх үйл баримттай холбогдуулан “НИК” ХХК Дэлгэрцогт сумын Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамж болон 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон 08 дугаар “Газар эзэмших гэрчилгээ”, 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ”-гээр 3.5 га газрыг эзэмшдэг байсан бөгөөд гуравдагч этгээдэд олгосон газар нь тухайн 3.5 га газартай давхцалтай хэмээн маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1999 оны 08 дугаар “Газар эзэмших гэрчилгээ” болон 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ”-ний хуулбар зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа /эх хувь нь хаана, хэнд байгаа нь тогтоогдоогүй болно/ улмаар “НИК” ХХК өмнө нь 3.5 га газар эзэмшиж байсан гэх эдгээрээс өөр бусад нотлох баримт холбогдох байгууллагуудад байхгүй болох нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байна. Түүнчлэн тус хуулийн этгээд 3.5 га газар эзэмшдэг гэж үзсэн ч тухайн 3.5 га газрын хил, зааг хаагуур болохыг тодорхойлсон баримт бичиг огт байхгүй байх тул уг газрыг гуравдагч этгээдийн газартай давхцалтай гэж үзэх боломжгүй юм.
Харин хэрэгт авагдсан баримтаар “НИК” ХХК нь /”Говийн торх” ХХК/ 2008-2014 оны байдлаар 1597 м.кв газрыг эзэмшиж байсан болох нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдож байна.
Иймд ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж болон уг захирамжийг үндэслэж гарсан 0233242 дугаартай газрын гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байга газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
ДУА-ийн ДЦС-ын З Д-ын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:
“Говийн торх” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим шатахуун түгээх станцыг худалдах тухай” 6 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах шатахуун түгээх станцыг борлуулалт, ашиг багатай, цаашдын хэтийн төлөв, газар зүйн байршил зэргийг үндэслэн орон нутагт шатахуун түгээх станцаар жижиглэн борлуулалтын үйл ажиллагаа явуулахад үр ашиггүй байгаа тул зардал хэмнэх зорилгоор 6 сая төгрөгөөр худалдахаар шийдвэр гаргасан улмаар “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Энхбат нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 6 сая төгрөгийг “Говийн торх” ХХК-д шилжүүлэн, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Говийн торх” ХХК-ийг төлөөлж О.Бархүү, “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э нар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
Уг гэрээний 1 дүгээр заалтаар 578 м.кв 1 давхар, 1 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгө, 4 дүгээр заалтаар гэрээний зүйл болох 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орсон Шатахуун түгээх станц, 4ш торх, мөн 7 дугаар заалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Газрын албанд 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гараар бичсэн өргөдөл, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдлийн маягтад “талбайн хэмжээ” гэх хүснэгтэд 0,2 га гэж бичиж уг газрыг эзэмшиж, ашиглах хүсэлтээ өгсөн байх бөгөөд сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүн эмнэлгийн урд залгаа байршилтай НИК-ийн шатахуун түгээх станцийн байгууламж бүхий 0,2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээг шинэчлэн олгохоор, 4 дүгээр заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулан 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ.
Ингээд дээрх А/69 дүгээр захирамжийг үндэслэн Х.Энхбатад “Хүн эмнэлгийн урд” байршилтай нэгж талбарын 1106000207 дугаартай 0,2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 000457463 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Үүнээс үзвэл “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Энхбат нь дээрх 0.2 га газрыг шинээр аваагүй, “Говийн торх” ХХК-иас шатахуун түгээх станцын барилга байгууламжийг худалдан авсантайгаа холбогдуулан тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж авсан болох нь тогтоогдож байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шатахуун түгээх станцыг худалдан авсан нэхэмжлэгч Х.Э нь газар эзэмшихээр хүсэлт гаргасан харин худалдсан тал буюу “Говийн торх” ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба ийнхүү хүсэлт гаргаагүй нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь тухайн захирамж нэхэмжлэгчийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бус харин эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхээр байна.
“Цахиурт ойл” ХХК-д 3.5 га хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжийг үндэслэн гарсан 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус сумын шатахуун түгээх станц нь 3,5 га газар эзэмшиж байсан тул нэхэмжлэгч уг газрын хэмжээгээр шилжүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэгчийг хуурч 0,2 га газар эзэмшүүлсэн, хэрэв уг хэмжээгээр газар эзэмшсэн тохиолдолд гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн шатахуун түгээх станц нь манай газартай давхцалтай гэж маргаж байна.
Дээрх 1997 оны 60 дугаар захирамжид “НИК” ХХК-тай холбоотой заалт байхгүй бөгөөд уг захирамжийн 1 дүгээр заалтаар Иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг, 2 дугаар заалтаар Иргэдэд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан 0,05 га-гаас илүүгүй, аж ахуйн нэгж, байгууллагын одоо эзэмшин ашиглаж буй газар, байгууллагын үйлдвэрлэлийн хүчин чадал зэргийг харгалзан газар эзэмших гэрээг хийж, газрын төлбөр, ашиглалтыг хянан тооцохыг тус тус даалгасан захирамж байна. Энэ захирамжтай холбоотой гэрээ болон гэрчилгээний хуулбарыг нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр гарган өгч эх сурвалжаа ”НИК” ХХК-иас хуулбарлаж авсан хэмээн заасан бөгөөд үүнтэй холбогдуулан шүүхээс, “НИК” ХХК /“Говийн торх” ХХК/ болон холбогдох бусад байгууллагуудаас уг баримтыг гаргуулахаар шаардсан боловч тэдгээр байгууллагуудад болон “Говийн торх” ХХК-ийн архивт хадгалагдаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд “НИК”ХХК-ийг /”Говийн торх” ХХК/ 3.5 га газар эзэмшиж байсан гэж үзэх боломжгүйн дээр тухайн 3.5 га газрын хил, зааг хаагуур болохыг тодорхойлсон ямар нэгэн баримт бичиг ч мөн байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Харин хэрэгт авагдсан баримтаар “НИК” ХХК нь /”Говийн торх” ХХК/ 2008-2014 оны байдлаар 1597 м.кв газрыг эзэмшиж байсан болох нь өмнө дурдсанаар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э нь 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл дээр газрын хэмжээг 0,2 га гэж өөрөө тодорхойлж өгсөнөө “тухайн үед Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Баатарсүрэн нь 0.2 га газар эзэмшдэг байсан гэж хуурч мэхэлснээс болсон зүй нь 3.5 га газар эзэмшдэг байсан байна” хэмээн тайлбарлах боловч үүнийг нь хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Х.Э нь газар эзэмших хүсэлтэд газрын хэмжээг 0.2 га гэж бичсэнээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрээр эрх зүйн байдлын хувьд эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх тул “сумын Засаг дарга Б.Баатарсүрэнг нэхэмжлэгчийг залилж, хуурч мэхлэн 3.5 га газрыг 0.2 га болгон бичүүлж түүнд 0.2 га газар олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан болон эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус тохиолдолд тухайн нэхэмжлэлийг гаргах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч Х.Э нь 3.5 га газрыг эзэмшихээр холбогдох байгууллагад нэгэнт хүсэлт гаргаж байгаагүй байх тул хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын хувьд 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан болон гаргахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Иймээс “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгах үндэслэлгүй байна.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газрын гэрчилгээ, мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамж нь тус тус нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э болон “Зэт Би Эс Ди” ХХК-иуд аль аль нь уг газрыг анх удаа шинээр эзэмшээгүй нэхэмжлэгч шилжүүлэн авч, гуравдагч этгээд газрын байршлыг өөрчилж эзэмшсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Цахиурт-Ойл” ХХК-ийн захирал Х.Энхбатад 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ