Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 8

 

                                 *******ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

                                                                          Хэргийн индекс: *****************

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч        Б.Батзориг

Шүүгчид                  Л.Амарсанаа

                               Г.Давааренчин

 Оролцогчид

  Хариуцагч              Б.Пүрэврэнцэн

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК, ******* холбогдох “21.538.950 төгрөг  гаргуулах, замын зардал 300.000 төгрөг нэмж гаргуулах” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох “16.700.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ..******* миний бие ******* холбогдуулан 21.538.950 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь: Б.Пүрэврэнцэн миний эзэмшилд байсан цагаан өнгийн “Хино” маркийн УНР улсын дугаартай ачааны автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Б.Пүрэврэнцэн нь ******* миний тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор “Капитал” банкнаас зээлсэн 45 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг  2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцон тэнцүүлж гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцагч нь зээлийг төлж барагдуулахаар, зээлийг төлсөн төлбөр нь авто машины үнийг төлсөнд тооцогдохоор  бид тохиролцсон.

        Гэрээний үүргийн дагуу ******* миний бие тээврийн хэрэгслийг тухайн өдрөө ******* хүлээлгэн өгсөн, дараагаар Б.Пүрэврэнцэн нь хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрөөс 15.4000.000 төгрөгийг цувуулан төлснийг “Капитал” банкан дахь зээлийн дансанд хийсэн. Тодорхой бус шалтгааны улмаас  Б.Пүрэврэнцэн нь төлбөрийг

цаг тухайд нь төлөөгүйтэйгээр холбоотойгоор хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 21.538.950 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Хариуцагч тухайн үед хүүхдээр дамжуулан бусдаас зээл авахуулж зээлийг хаалгах талаар ярилцаж байсан тул энэ талаар тодорхой мэднэ.

         Нэхэмжлэгчийн дүүгээс өмнө хугацаанд удаа дараа холбогдон зээлийг төлсөн мөнгийг нэхэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Пүрэврэнцэн, хамтран хариуцагч “******* *******” ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 21.538.950 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч Б.Пүрэврэнцэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 ...“******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан Алтангэрэлийн нэхэмжлэлтэй холбогдуулан тус компанийн захирал би  хариу тайлбар гаргаж байна. 

        …2015 оны 04 дүгээр сард *******ийн төрсөн охин надруу залган та компанидаа “Хино” машин авах уу гэж асуусан. Өмнө нь Хүдэр суманд модны компанитай болохыг тэр мэдэж байсан. Машин ямар үнэтэйг асуухад “Бид нар ломбардаас 50 сая төгрөгөөр авсан юм. 28 сая төгрөгөөр өгчихнө” гэж хэлсэн.  Би ч иймэрхүү машины үнэ тэр хавьцаа байх л гэж бодсон.  Өмнө нь 2015 оны 2 дугаар сард тэй уулзахад манай “Хино” машины хий нум эвдрээд засуулна” гэж ярьж байсан. Ингээд машиныг авахаар болтол уг машин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төрийн банканд барьцаатай байсан. Энэ талаар эс лавлахад “бид төлөөд, таны нэр дээр шилжүүлчихнэ” гэж байсан. Энэ талаар гэрээнд тусгасан байгаа.

        …******* болон Төрийн банкны ******* гуайн зээлийн дансанд нийтдээ 16.400.000 төгрөг тушаасан байсан. Дээр нь ******* гуайд бэлнээр 150.000 төгрөг, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн  шүүхэд нэхэмжлэл гаргахад нь УТХ-ийн өөрөөсөө 150.000 төгрөг гарган төлсөн. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

         Миний хувьд уг машиныг 28 сая төгрөгөөр худалдаж авснаас 16.700.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 10 гаруй сая төгрөгөөс 3 сая төгрөг хасагдаад 7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр:

        - Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар Б.Пүрэврэнцэнгээс /******* ******* ХХК-аас/ 11.750.401 төгрөгийг гаргуулан *******д олгож, үлдэх 10.088.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, ******* *******ээс 16.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  

        - Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 275.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.750.401 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 202956 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар ******* сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 241450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Пүрэврэнцэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            …Иргэний эрх зүйн харилцааны объект болох “Хино” машины өмчлөлийн тухайд , нарын нэр дээр Төрийн банкны зээлээр худалдан авсан. Зээл төлөгдөж дуустал Төрийн банкны эзэмшлийнх байсан. Төрийн банк миний нэр дээр шилжүүлэх хүсэлтээ Авто тээврийн газарт гаргасан. Ингэхээр машинтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд , нар гаргах ёстой.

         Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийг би жинхэнэ нэхэмжлэгчээр солих талаар хэлж, , нарын банкнаас лизингээр худалдан авсан автомашиныг миний бие худалдан авсан тул нэхэмжлэгч *******ийг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэж байна.  Гэрээг бодит байдал дээрээ , нартай хийсэн боловч тэдгээрийн ээж ******* нь гэрээнд гарын үсэг зурсан.

        *******ийн охин, хүргэн хүү хоёр нь өөрсдөө ирэхгүй, ээжийгээ дандаа явуулдаг. Өөрсдийг нь шүүх хуралдаанд оруулах, тэднээс хохирлоо гаргуулмаар байна.        Тийм болохоор тус хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь ******* биш гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Үндэслэх нь:

         Нэхэмжлэгч  ******* нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулж буй “******* *******” ХХК болон ******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 21.583.950 төгрөг, гэрээнээс учирсан хохирол замын зардал 300.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Пүрэврэнцэн нэхэмжлэгч *******д холбогдуулан худалдан авсан машины үнэд төлсөн 16.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тус тус гаргажээ.

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь   2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.Пүрэврэнцэн,  “******* *******”    ХХК-тай тус тус  “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” хоёр гэрээ байгуулж тус гэрээгээрээ “ХИНО” маркийн улсын бүртгэлийн УНР дугаартай автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах, автомашины үнийг *******ийн Капитал банк дахь зээлийн төлбөрт хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон байна.

        Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох “ХИНО” маркийн улсын бүртгэлийн УНР дугаартай автомашиныг иргэн  Б.Ууганзориг, түүний хамтран зээлдэгч нар нь Төрийн банкны 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ29/36 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр худалдан авч тус автомашинаа Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан улмаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны өмчлөлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 180-183/

        Тус барьцаат зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хэргийн зохигчдыг гэрээ байгуулах үед худалдах худалдан авах гэрээний зүйл болох “ХИНО” маркийн автомашин нь иргэн Б.Ууганзориг, нарын эзэмшилд, Төрийн банкны өмчлөлд байсан гэж үзэхээр байна.

         Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* нь тухайн автомашиныг бусдад худалдах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

        Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Б.Пүрэврэнцэн,  хамтран хариуцагч “******* *******” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч нартай “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” хоёр гэрээ байгуулсан бөгөөд аль гэрээгээр нь автомашиныг бусдад худалдсан, аль гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь тодорхойгүй бөгөөд  автомашиныг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн гэх боловч 2 хариуцагчийн хэнийх нь өмчлөл эзэмшилд шилжүүлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

         Мөн хариуцагч Б.Пүрэврэнцэн нь “******* *******” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэнийх нь хувьд уу эсхүл түүний ажил үүрэгтэй нь холбогдуулан хариуцагчаар татан оролцуулсан нь тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулаагүй бөгөөд хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын /зохигчдын/ эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлгүй болжээ.

        Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн зохигчдын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний  үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202.95642 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

                                    ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                  Л.АМАРСАНАА

                                                                      Г.ДАВААРЕНЧИН