Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 3

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлы танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй “Хүдэртэйн буян” ХХК, Б.Пүрэврэнцэнд холбогдох   “21.538.950 төгрөг гаруулах, замын зардал 300.000 төгрөг нэмж гаргуулах” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Б.Пүрэврэнцэнгийн Ц.Алтангэрэлд холбогдуулан “16.700.000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

             Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ суманд 1961 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, геодро-техникч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 38 дугаар байр, 277 тоотод оршин суух тэтгэвэрт байдаг,

                                    Боржигон  овгийн  Цэрэндоржийн Алтангэрэл   

                                    регистрийн  дугаар:УД- 61021103

 

 Хариуцагч: Архангай аймаг, Цэцэрлэг суманд 1973 онд төрсөн, дээд боловсролтой, багш, судлаач  мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, Согоотын 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, “Хүдэртэйн Буян” ХХК-ны захирал ажилтай 

                          Цахир овгийн  Бямбадоржийн Пүрэврэнцэн 

                          Регистрийн дугаар: МБ-73011812

 

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Бүүвэйцэцэг  нар оролцов.

                                                                            

Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч: Ц.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ..Ц.Алтангэрэл миний бие Б.Пүрэврэнцэнд холбогдуулан 21.538.950 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна.

              Учир нь: Б.Пүрэврэнцэн миний эзэмшилд байсан цагаан өнгийн “Хино” маркын 48-71 УНР улсын дугаартай ачааны автомашиныг  33.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Б.Пүрэврэнцэн нь Ц.Алтангэрэл миний тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор “Капитал” банкнаас зээлсэн 45 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг  2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцон тэнцүүлж гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсаны үндсэн дээр хариуцагч нь зээлийг төлж барагдуулахаар, зээлийг төлсөн төлбөр нь авто машины үнийг төлсөнд тооцогдохоор  бид тохиролцсон. Уг гэрээнд байдлыг тусгасан.

              Гэрээний үүргийн дагуу Ц.Алтангэрэл миний бие тээврийн хэрэгсэлийг тухайн өдрөө Б.Пүрэврэнцэнд хүлээлгэн өгсөн дараагаар Б.Пүрэврэнцэн нь хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрөөс 15.4000.000 төгрөгийг цувуулан төлснийг “Капитал” банкин дахь зээлийн дансанд хийсэн. Тодорхой бус шалтгааны улмаас  Б.Пүрэврэнцэн нь төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйтэйгээр холбоотойгоор хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 21.538.950 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Хариуцагч тухайн үед хүүхдээр дамжуулан бусдаас зээл авахуулж зээлийг хаалгах талаар ярилцаж  байсан тул энэ талаар тодорхой мэднэ.

         Нэхэмжлэгчийн дүүгээс өмнө хугацаанд  удаа дараа холбогдон зээлийг төлсөн мөнгийг нэхэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Пүрэврэнцэн, хамтран хариуцагч “Хүдэртэйн буян” ХХК-наас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 21.538.950 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна...гэжээ.

 

         Хариуцагч Б.Пүрэврэнцэн  2015 оны 12 дугаар сарын 25-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

    ... “Хүдэртэйн буян” ХХК-д холбогдуулан гаргасан Цэрэндоржийн Алтангэрэлийн нэхэмжлэлтэй холбогдуулан тус компаний захирал би  хариу тайлбар гаргаж байна.

         Энэхүү зээлийн гэрээ юунаас үүссэн бэ гэхээр, анх 2015 оны 3 дугаар сарын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдран суугч миний найз Жаргалын хамаатан болох Э.Оюун-Эрдэнэ, Б.Ууганзоригт нар надад хандан Архангай аймгийн иргэн Б.Нямдорж гэгч этгээд бидний өмчлөл, эзэмшилийн 21-16 ГЧ дугаартай ачааны чиргүүлийг хууль бусаар авч яваад одоо болтол өгөхгүй жил болох гэж байна” гэж намайг шүүхэд төлөөлөхийг гуйсан. Уг чиргүүлийн талаар  2014 оны 10 дугаар сарын орчим Б.Ууганзоригтын ээжийнх нь төрсөн дүү Ц.Хүдэрчулуун хөөцөлдөж байхдаа мөн л надад хандан нэхэмжлэл, өргөдөл зэргийг бичүүлээд явж байсан. Ингээд би тэдэнд туслахын эрхэнд тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч болж Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гарган Б.Нямдоржоос тухайн чиргүүлийг авах талаар хэлцэл байнга санал болгож өөрийн зардлаар Архангай аймаг руу 2 удаа ирж очин, бичиг хэрэг, шуудангийн зардлаа өөрөөсөө гаргаж байв. Өнөөг хүртэл энэ хэрэг үргэлжилж байна.

           2015 оны 04 дүгээр сард Ц.Алтангэрэлийн төрсөн охин Э.Оюун-Эрдэнэ надруу залган та комипанидаа “Хино” машин авах уу гэж асуусан. Өмнө нь Хүдэр суманд модны компанитай болохыг тэр мэдэж байсан. Машин ямар үнэтэйг асуухад    “Бид нар ломбарднаас 50 сая төгрөгөөр авсан юм. 28 сая төгрөгөөр өгчихнө” гэж хэлсэн.  Би ч иймэрхүү машины үнэ тэр хавьцаа байх л гэж бодсон.  Өмнө нь 2015 оны 2 дугаар сард Э.Оюун-Эрдэнэтэй уулзахад манай “Хино” машины хий нум эвдрээд засуулна” гэж ярьж байсан.

       ... Ингээд машиныг авахаар за зү болтол уг машин Дрорноговь аймгийн Замын-Үүд сумын Төрийн банкинд барьцаатай байсан. Энэ талаар Э.Оюун-Эрдэнээс лавлахад “бид төлөөд, таны нэр дээр шилжүүлчихнэ” гэж байсан. Энэ талаар гэрээнд тусгасан байгаа.

             Ингээд хотод иртэл Э.Оюун-Эрдэнэ “та ээжтэй гэрээ хийчих, ээжийн зээлийг л цувуулаад төлчихвөл болно гэж байсан. Үндсэндээ барьцанд байгаа машиныг худалдаж авахад эрсдэлтэй ч гэсэн энэ айл гэрийн хүмүүст туслах сэтгэлээр худалдаж авъя гэж шийдсэн юм.

             Ц.Алтангэрэл гуай бид хоёр гуравдагч этгээдээр банкны үүрэг гүйцэтгүүлэх гэрээ хийсэн. Яагаад гэхээр Капитал банкны зээлийг Ц.Алтангэрэлийн өмнөөс төлөхөөр гэрээ хийсэн юм. Ингээд сар 10 хоногийн дараа банкинд мэдэгдэхэд банк гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэхгүй гэж мэдэгдсэн. Би “Капитал” банкны удирдлагад “Зээлийн гэрээний хугацаа сунгуулах талаар хүсэлт тавьж байсан.

           ...Ингээд машиныг худалдаж авахаар болоод 2015 оны 04 дүгээр сарын 24-ний үдээс хойш Улаанбаатар хотын нэгэн компаний хашаанд иртэл удаан яваагүй зогсчихсон машин харагдсан. Би төрсөн ах Б.Алтангэрэлийг дагуулан очсон юм. Ах маань үзээд  муу  машин байна, битгий ав гэсэн юм. Үнэхээр 8 дугуй нь муу байсан. Мөн мотороос автоматаар тос хаяж байсан. Бас урд нум нь хугархай байсан. Ингээд болье гэтэл Ц.Алтангэрэл гуай “уг нь чи авчихвал бидэнд хэрэг байна” гэж ухуулсан. Үнэндээ би тэдний амьдрал нөхцлийг ойлгож, гурван дугуй, нэг нумны үнийг хасаад гэрээний ард бичсэн. Тэгээд Ц.Алтангэрэл гуай явсан. Би ахтайгаа байж байгаад хотын нэг жолоочийг дуудаж үзүүлсэн. Гэтэл арын найман хий нумнаас хоёрын нь хий гарч байсан. Ингэхээр хүнд ачаа даахгүй гэсэн үг. Нөгөө жолооч 30 гаруй төгрөгөөр авлаа гэсэн чинь үнэтэй байна гэсэн. Ийм машин 22-23 сая л байгаа гэж хэлж байсан.

          ...Би нэгэнт л намайг хуурах хүмүүс биш гэж итгэж байсан болохоор тухайн үедээ тоогоогүй. Тэгээд уг машиныг авчрах гэж Э.Оюун-Эрдэний ахыг гуйж Хүдэр  лүү дөхүүлсэн. Замын –Үүдээс Б.Ууганзоригт ирж дөхүүлж өгөх байсан боловч хотод ирсэн хойноо надруу ярихгүй утсаа салгаад алга болсон. Ингээд гэртээ иртэл манай компаний гишүүд “чи яахаараа хувьдаа гэрээ хийж машиныг авдаг юм. Компаний нэр дээр ав, угаасаа компаний мод тээвэрлэж мөнгө төгрөгийг нь төлнө” гэхээр нь дараа нь Ц.Алтангэрэл гуайтай “Хүдэртэйн буян” ХХК-ний нэр дээр гэрээ хийж, гэрээгээ шинэчилсэн. Ингээд би компаний үлдэгдэл хоёр модыг 2 удаа уг машинаар зөөж, дээр нь бас мөнгө төгрөг нэмж төлсөөр нийт дээ 16.400.000 төгрөгийг  Ц.Алтангэрэл болон Төрийн банкны Ц.Алтангэрэл гуайн зээлийн дансанд тушаасан байсан. Дээр нь Ц.Алтангэрэл гуайд бэлнээр 150.000 төгрөг, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн  шүүхэд нэхэмжлэл гаргахад нь  УТХ-ийн өөрөөсөө 150.000 төгрөг гарган төлсөн. Энэ мөнгийг Ц.Алтангэрэл гуай дараа нь авсан байна лээ. Ингээд Ц.Алтангэрэл гуайн Капитал банкны зээлийн хугацаа дуусч бид бүхэн 8087.848 төгрөгийн үлдэгдэлийг хэрхэх талаар толгойгоо гашилгахад хүрсэн.  Ингээд банкны зээлийн төлбөрийг үзэхэд Ц.Алтангэрэл гуай 45 сая төгрөгийн зээл авснаас хүү тооцон төлөхөд 54 сая төгрөг төлөхөөр байсан. Төлсөн дүнг үзэхэд 54.0 сая төгрөг төлсөн байсан. Би үлдэгдэл 8 сая гаруй төгрөгийг шүүхэд хандаж шийдүүлье гэж шийдсэн. Тэгээд харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг буцаасан байсан.

            Ингээд байж байтал Замын-Үүд сумаас Э.Оюун-Эрдэнэ утасдаж “манай эндээс хот руу ачаа ачвал нэг удаадаа 700.000 төгрөг унадаг юм, сургууль соёл эхлэх гээд хүмүүс бараа таваарт их явж байна” гэсэн.  Ингээд Замын-Үүд рүү жолооч хөлслөн очтол юун ачаа зөөлгөх машиныг минь барьцаалан авч, хоёр хоносны дараа гэрээ хийх болсноо дахин барьцаална гэхээр нь би цагдаад хандаж машинаа аваад ирсэн. Замдаа эвдрэл гарч сар гауй засварт байж байгаад ирсэн. Энэ явдалд Э.Оюун-Эрдэнэ нь намайг хуурч Замын -Үүдэд аваачин 2 сая гаруй төгрөгийн үргүй зардал гаргуулсан. Мөн дээр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан 2 сая гаруй төгрөгийг өөрөөсөө гаргачихаад байгаа юм.  Одоо энэ мөнгийг Э.Оюун-Эрдэнийг өг гэхээр өгөхгүй байгаа юм. Уул нь нь би банкны зээлийг хөнгөлөх гээд машинаар Зам-Үүдээс хот руу ачаа зөөж олсон орлогоосоо тэдэнд өгөх гэж очиж байгаа шүү дээ.Замын-Үүдэд би Э.Оюун-Эрдэнэд хандан эсвэл миний өгсөн мөнгийг өг гэхэд одоо мөнгө байхгүй гэж хэлж байсан.

         Замын-Үүд суманд нэг хоносны дараа Э.Оюун-Эрдэнэ надад хандан та хот яваад банкны үлдэгдэл 8 сая төгрөгийг шүүхэд гүйцээгээд ир гэсэн. Би Замын –Үүдээс хотруу ирж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ц.Алтангэрэл гуай шүүхээс нэхэмжлэлээ татан авсан байсан.

      ...Би Замын-Үүдээс буцаж ирээд “яагаад зөөлгөнө гэчихээд машинаа буцааж авна гэж барьцаалсан юм бол гэж гайхаж уг машиныг анх хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авсныг судалахад нэг машины ломбарднаас 20.000.000 төгрөгөөр авсан байсан. Ингээд ачаа тээвэрлэн муутгаад надад итгэм үнэмшил төрүүлж байгаад өндөр үнээр зарсан байсныг мэдсэн.

 ... Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

       Учир нь:

  1. Ц.Алтангэрэл гуайн эрх ашиг, бас өөрийнхөө эрх ашгийн өмнөөс бид “Капитал” банкыг шүүхэд өгөх гэтэл болиулсан. Дахин нэхэмжлэл гаргахад татан авсан.
  2. Энэхүү машиныг худалдан авсан Э.Оюун-Эрдэнэ гэм хор учруулж 2 сая төгрөгийн зардал гаргуулсан.
  3.  Уг машин гэмтэлтэй байсан. Миний итгэлийг ашиглан ломбарднаас авсан үнээсээ өндөр үнээр зарсан.
  4. Эвдрэл гэмтлийг тогтоож үнэлүүлнэ
  5. Төрийн банкыг 3 дагч этгээдээр татан оролцуулсан гэсэн ..... гэжээ.

 

           Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

      ... Миний эзэмшилд байсан цагаан өнгийн “Хино” маркын машиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод Б.Пүрэврэнцэн нь миний тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор банкны 45 сая төгрөгний зээлийн төлбөрийг гүйцэтгэхээр надаас авсан машины хөлсөнд төлөхөөр тохиролцсон. Ингээд гэрээ байгуулаад тээврийн хэрэгслийг Пүрэврэнцэнд хүлээлгэн өгч зээлийн төлбөрөөс 15.400.000 төгрөгийг цувуулан төлж банкны дансанд хийсэн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 21.538.950 төгрөгийг Б.Пүрэврэнцэнгээс нэхэмжилж байна гэв…

 

 Хариуцагч Б.Пүрэврэнцэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

         ... Машин худалдах, худалдан авах гэрээ бол Алтангэрэл бид хоёрын дунд бий болсон харилцаа биш. Хамгийн гол нь уг машиныг Оюун-Эрдэнэ, Ууганзоригт хоёр “Сайн” гэх ломбарднаас худалдан аваад уг машинаа Замын-Үүдээс Уулаанбаатар хот хоёрын хооронд ачаа зөөж байгаад Улаанбаатар хотод орхиод явсан байсан. Тухайн үед Оюун-Эрдэнээс “ах нь мод зөөх машин хайж байна” гээд хэлтэл “та машиныг гэрээ байгуулаад ав” гэж хэлээд тэгээд би машиныг нь хаана байгааг асуутал Улаанбаатарт байна” гэж хэлсэн. Тэгээд уг машиынг авахаар болоход “та худалдах, худалдан авах гэрээ хийхдээ манай ээжтэй гэрээ хийчихээрэй” гэж хэлэхэд нь би тэр үед “би ээжтэй чинь гэрээ хийж яах вэ? Машины эзэнтэй нь гэрээ хийе” гэж хэлтэл Оюун-Эрдэнэ “уг машин төрийн банкны барьцаанд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төрийн банкны барьцаанд байгаа машиныг худалдаж авч яах вэ? дараа нь янз бүрийн юм болвол яах вэ? гэж хэлтэл Оюун-Эрдэнэ “та санаа зовсны хэрэггүй таньд машиныг чөлөөлж өгнө” гэж хэлсэн. Тэгээд намайг “та ээжтэй нь гэрээ хийчих гээд би Алтангэрэлтэй гэрээ хийхээр болоод Алтангэрэл гуйатай очиж уулзтал намайг “банкны зээл төл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 28 сая төгрөгөөр банкны өр төлбөрийг төлж зээлээ хаая” гэж хэлж тохиролцсон. Тэгээд банкин дээр очиж зээлийн төлбөрийн талаар харахад Алтангэрэл гуай 33 сая төгрөгний үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 28 сая төгрөгний үлдэгдэлтэй гэсэн яагаад 33 сая байгаа юм бэ гэж асуусан. Би гэрээ хийхдээ анх хэдэн төгрөг шилжүүлсэн байсан. Нийт үндсэндээ Алтангэрэл гуайд би 16.700.000 төгрөг өгсөн байсан. Гэтэл энэ хүмүүс машиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй болохоор нэг л гэрээ хуурамч юм шиг санагдсан. Төрийн банкнаас болохоор зээлийн гэрээнд зааснаар “зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ банкны зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж заасан. Ингээд Алтангэрэл гуай бид хоёрын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдож байна.

          ... Миний хувьд банкны удирдлагатай уулзтал гэрээний хугацааг сунгахгүй гэж байсан. Миний хувьд уг машиныг 28 сая төгрөгөөр худалдаж авсанаас 16.700.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 10 гаруй сая төгрөгнөөс 3 сая төгрөг хасагдаад 7 сая төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү!.... гэв.

 

                    Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь:

              Ц.Алтангэрэл нь хариуцагч Б.Пүрэврэнцэн, “Хүдэртэйн буян” ХХК-д холбогдуулан 21.583.950 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн замын зардал 300.000 төгрөг нэмж гаргуулахаар, хариуцагч Б.Пүрэврэнцэн Ц.Алтангэрэлээс “машины үнэд төлсөн 16.700.000 төгрөг” гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

              Ц.Алтангэрэл, Б.Пүрэврэнцэн нар нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” гэрээ байгуулан Ц.Алтангэрэлийн эзэмшлийн гэх “ХИНО” маркын авто машиныг худалдан авахаар тохиролцон машины үнийг Ц.Алтангэрэлийн “Капитал” банкнаас зээлсэн 45 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл өр 28.450.401 төгрөгийг хариуцагч Б.Пүрэврэнцэн төлж барагдуулахаар тохиролцсон  ба ийнхүү тохиролцооны дагуу Б.Пүрэврэнцэн нь 16.700.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд уг төлөгдсөн гэх мөнгөний үнийн дүн дээр талууд маргаагүй байна.

       Харин “Капитал” банкны зүгээс “гуравдагч этгээдээр” гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг зөвшөөрөөгүйн улмаас Ц.Алтангэрэл нь өөрийн зээлийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна.

       Ц.Алтангэрэл өөрийн нэр дээрх зээлийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулснаар тус банканд төлсөн зээл, зээлийн хүү 21.583.950 төгрөгийг  Б.Пүрэврэнцэнгээс  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “Ц.Алтангэрэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн машиний үнэ нь зээлийн үлдэгдэл болох 28 сая төгрөг болно,машиныг авахад бичиг баримт нь банкны барьцаанд байснаас надыг их чирэгдүүлж Ц.Алтангэрэлийн  охин Оюун-Эрдэнэ, хүргэн Ууганзоригт нар нь надад  хохирол учруулсан, машиныг авснаас хойш хий нум, дугуй гэх зэрэг 1500.000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн гэх зэргээр 4000.000 гаруй төгрөгийн зардал гаргасан”  гэж байгаа боловч  шүүх хуралдааны явцад “машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, энэ тал дээр маргаангүй ” гэсэн байна.  

          Нэхэмжлэгчийн зүгээс “банкны зээлийг төлөөгүй, би өөрөө төлөхдөө хүүтэй төлсөн тул банкны зээл төлсөн хүүг тооцон нэхэмжлэл гаргасан” гэж байгаа боловч  зохигчдын хооронд гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч тал болох банк уг гэрээг хүлээн зөвшөөрөөгүй байх тул Ц.Алтангэрэл, Б.Пүрэврэнцэн нарын хооронд байгуулсан гэрээнд машины үнийг төлөхөд хүү тооцох талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хүү тооцох эрх үүсээгүй байна. 

          Хэдийгээр 2015 оны 4 дүгээр сард зохигчдын хооронд авто машин худалдан авах гэрээ бигээр байгуулаагүй боловч “HINO” маркын автомашиныг Б.Пүрэврэнцэн өөрийн эзэмшилд авч машины үнэд 16.700.000 төгрөг төлсөн  болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн машиныг 2016 оны 06 дугаар сарын 08-нд Төрийн банкнаас Б.Пүрэврэнцэнгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасаны дагуу төлбөр төлөгдөж дуусаагүй боловч эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжснээр зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй ба уг гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй боловч  хөрөнгийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, энэ тал дээр маргаангүй гэсэн байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар “худалдан авагч нь хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх “ үүрэгтэй байна.  

         Харин “жинхэнэ нэхэмжлэгч нь Э.Оюун-Эрдэнэ, Ууганзоригт нар” гэж маргаж байгаа боловч хэрэг авагдсан баримтаас үзэхэд уг машиныг анх Ц.Алтангэрэлтэй “ Гуравдагч этгээдээр зээл төлүүлэх тухай”  гэсэн гэрээ байгуулан зээлээр машиныг худалдан авсан байх тул уг хэргийн нэхэмжлэгч нь Ц.Алтангэрэл  болох ба хариуцагч нь Э.Оюун-Эрдэнэ, Ууганзоригт нараас өөрт учруулсан хохирлыг жичдээ нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой байна.   

       Зохигчид машины үнийн тал дээр маргаж байгаа нэхэмжлэгч тал нь “Сайн” ломбарднаас 33.000.000 төгрөгөөр худалдаж авсан машин 33.000.000 төгрөгийн үнэтэй гэж маргаж байгаа боловч 2015 оны 04 дүгээр сарын 24-нд талуудын хооронд байгуулсан “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” гэрээнд “... Капитал банкнаас зээлсэн 45 сая төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл...28.450.401 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 25-нд төлж барагдуулахаар...” гэж тусгасанаар машиныг тухайн үед  28.450.401 төгрөгөөр худалдан авсан гэх үндэслэлтэй байна.

           Хариуцагчийн тухайн “машин худалдан авахад “дугуй муутай, хий нум эвдэрсэн”  байсан тул дугуй, хий нум сольсон гэж байгаа боловч  энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, хэрэгт “Агни трейд” ХХК гэсэн тамга бүхий  сэлбэгийн төлбөр  500.000, 840.000  төгрөг, мөн тус компаний захирал Б.Ганзоригийн шүүхэд гаргасан тодорхойлолтонд “Манай компаниас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 96643582 утасны дугаартай худалдан авагч  “HINO” маркын авто машины  сэлбэг болох хийн нум 2 ширхэгийг 1340.000 төгрөгний сэлбэгийн захиалга өгсөн байна. Тухайн үед 500.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт олгож, захиалгын дагуу  сэлбэгээ хүлээн авахдаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 27-нд үлдэгдэл төлбөр болох 840.000 төгрөгийг төлсөн болохыг бид санхүүгийн баримтаараа нотолж байна”  гэсэн баримт хавсаргасан нь тухайн машиныг хариуцагч  худалдан аваагүй байхад авч байсан сэлбэгийн баримт болох нь нотлогдож байгаа ба харин Б.Пүрэврэнцэн нь   ямар сэлбэг хаанаас авсан, ямар засвар үйлчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс дугуй, хий нум сольсон, машины сэлбэг авсан гэх 1500.000 төгрөгийг хасч тооцох боломжгүй байна.

        Мөн Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 300.000 төгрөгийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “хэргийн оролцогч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх дуудсанаар хүрэлцэн ирэх, нотлох баримт гаргах”  үүргийнхээ дагуу шүүхэд ирсэн байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

       Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Алтангэрэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 21.838.950 төгрөгийн зарим хэсэг болох машины үнийн үлдэгдэл 11.750.401 төгрөгийг Б.Пүрэврэнцэн /”Хүдэртэйн буян” ХХК/-иас гаргаж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээлийн хүү, илүү нэхэмжилсэн машины үнэ, замын зардал 10.088.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Пүрэврэнцэнгийн Ц.Алтангэрэлээс 16.000.000 төгрөг гаруулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн               115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар Б.Пүрэврэнцэнгээс /Хүдэртэйн буянх ХХК-иас/ 11.750.401 төгрөгийг гаргуулан Ц.Алтангэрэлд олгож, үлдэх 10.088.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Б.Пүрэврэнцэнгийн Ц.Алтангэрэлээс 16.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

       2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 275.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.750.401 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 202956 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Б.Пүрэврэнцэнгийн сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 241450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлого болгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ