Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0526

 

“Х б” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 3.1.6.а дэд заалт, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүлийн 69.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргасан “Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Х б” ХХК, “Ж” ХХК, “В” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр 1 иргэн бүртгэв гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, “Ж” ХХК, “В” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х б" ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, “Х б” ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр зөвхөн хувь хүнийг л бүртгэх ёстой гэх алдаатай дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Яагаад гэвэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эцсийн өмчлөгчийн тухай зохицуулалт нь “Аливаа иргэн, хуулийн этгээдээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх, тухайн гэм буруутай этгээдийг олж тогтоох” зорилготой. Харин банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг дуусгавар болгож, өр, авлагыг барагдуулж, татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа онцлог этгээд тул бусад хуулийн этгээд шиг эцсийн өмчлөгчийн талаар яригдах боломжгүй юм. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд түүнийг 15 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл шүүхээс нотлох баримт, хууль тогтоомжийн агуулгыг дутуу судалж, бодит байдалд нийцсэн шийдвэрийг гаргалгүйгээр “Хувь хүн л эцсийн өмчлөгч байх боломжтой” гэсэн явцуу сэтгэхүйгээр хандаж шийдвэрлэсэн. Шүүхээс программын засан сайжруулалтад дүгнэлт өгөх бүрэн боломжтой байсан. Улсын бүртгэгч нартай биечлэн уулзаж эцсийн өмчлөгчийн талаар тайлбарлахад хуулийн зохицуулалт бус программд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгэх сонголт байхгүй гэх тайлбарыг өгдөг. Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 болон 16.1.6 дахь хэсэгт заасан чиг үүрэгтэй байгууллага юм. Өөрөөр хэлбэл чиг үүргээ хэрэгжүүлж программыг засан сайжруулж “Эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх бүрэн боломжтой” байна. Гэтэл шүүхээс улсын бүртгэлийн байгууллагад хэрэглэж буй программ хангамжийн чадавхын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь...бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, ...холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт холбогдуулж бүртгэлийн үнэн байдлыг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Х б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Х б” ХХК, “Ж” ХХК, “В” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “эцсийн өмчлөгчөөр 1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, “Ж” ХХК, “В” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х б” ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, “Х б” ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д зааснаар “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгохоор, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” эцсийн өмчлөгч гэж тодорхойлсон.

Харин эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох дарааллыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг”, 41.1.2-т “энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг”, 41.1.3-т “энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг” тогтоох зохицуулалттай байна.

Ийнхүү хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр “хүн”-ийг тогтоохоор хуульчилсан нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой, хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд хэн болохыг тогтоон таних зорилготой талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр зөвхөн хувь хүнийг л бүртгэх ёстой гэх алдаатай дүгнэлтийг хийсэн” гэх гомдлыг хүлээж авахгүй.

Түүнчлэн, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А157 дугаар тушаалаар “Х б” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан хэдий ч Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан журмаар банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болоогүй, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байх тул банкыг төлөөлөх, удирдах эрхтэй /Банкны тухай хуулийн 69.1/ банкны эрх хүлээн авагчийг хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгчийн “...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа онцлог этгээд тул бусад хуулийн этгээд шиг эцсийн өмчлөгчийн талаар яригдах боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий улсын бүртгэлийг хийсэн үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагын программ хангамжийн чадавхийн шаардлагатай холбоогүй тул шүүх дээрх үндэслэлд дүгнэлт өгөөгүйг буруутгах боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                      Э.Зоригтбаатар 

          ШҮҮГЧ                                       Э.Лхагвасүрэн  

          ШҮҮГЧ                                        О.НОМУУЛИН