Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0467

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х банк ХХК, Ж-А ХХК, В  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр “1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, Ж-А ХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Х банк ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*******,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...   Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153, А-157 дугаартай тушаалуудаар Х банканд албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагчид хандсан байдаг. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны   бүрэн   эрх  болон   банкны  хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.

Нэгдүгээрт Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х банк ХХК, Ж-АХХК, В  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр “1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, Ж-АХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Х банк ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд бол Ж А ХХК Х банктай 2012-2013 онуудад зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж чадахгүй болсон учраас Ж АХХК 100 хувь хувьцаа эзэмшигч Ж Г ХХК-аас шийдвэр гаргаад Ж АХХК-ийн 100 хувийн хувьцааг Х банканд шилжүүлэхэд Ж АХХК-ийн өөрийнх нь эзэмшлийн охин компанийн махны үйлдвэрүүдэд давхар Х банкны эзэмшилд шилжүүлээд үүний дагуу  Ж Г ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн  эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулаад Х банк нь Ж АХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болж байна.

Хоёрдугаарт яг энэ үйл явдлын дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Х банканд банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч томилсон даруйд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тушаал гаргасан. Энэ тушаалаар Х банкны хувь нийлүүлэгч алдагдлыг хүлээгээд санхүүгийн хариуцлага тооцоод хуулийн этгээдийн нийт алдагдлыг түүний хувь нийлүүлэгчээс оруулсан хөрөнгөөр бууруулан хасалт хийх шийдвэр гаргасан. Ингэснээр тус банкны хувь нийлүүлэгчийн бүрэн эрх дуусгавар болж байгаа юм.

Гуравдугаарт “В ” ХХК нь Х банктай өндөр дүнтэй зээлийн өр төлбөртэй байсан. Ингээд Х банкны эрх хүлээн авагч хүсэлт гаргаад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бол 863/2017 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулаад компанийн нийт гаргасан энгийн хувьцааны  97.76 хувийг Х банканд үлдэгдэл 0,24 хувийг Ж АХХК-д шилжүүлсэн. Ингэснээр Х банкны эрх хүлээн авагч буюу Х банк нь Ж АХХК, “В ” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болсон. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж  мөрдөх  тухай  хуулийг  баталсан  байдаг.  Тус  хуулиар  2021 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлагатай гэсэн хууль гарсан. Үүний дагуу Х банкны эрх хүлээн авагчаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1071 дугаартай албан бичгээр Х банк болоод түүний охин компаниудыг эцсийн өмчлөгчөөр бүртгуулэх тухай хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан.

Үүнд Х банкны охин компаниуд болох Ж АХХК, “Б м м”,” С м м”, “Д м м” “В ” ХХК нарыг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх болоод Х банкны эцсийн өмчлөгчийг бүртгэх хүсэлтийг гаргадаг. Уг хүсэлтийг хүлээж аваад Улсын бүртгэлийн газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Б м м”,” С м м”, “Д м м” ХХК-уудыг харъяа Улсын бүртгэлийн  газарт нь гаргах нь зөв юм байна. Ж АХХК, “В ” ХХК, Х банкийг хүлээж авлаа гэж шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргаж авах гээд 12 дугаар сарын 31-ний өдөр очтол Улсын бүртгэлийн гэрчилгээний ард нь “нэг иргэн бүртгэв” гэдэг тэмдэглэлээ хийсэн байсан. Тухайн мэдээлэл лавлагааны ажилтан дээр очоод “нэг иргэн бүртгэв” гээд хийсэн байна энэ яг ямар учиртай вэ гэж асуухад Х банкны эрх хүлээн авагч Энхтөрийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн гэсэн хариуг бид нарт өгсөн. Үүний дагуу тухайн өдөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн даргад хандаад хүсэлт гаргасан. Та нар “нэг иргэн бүртгэв” гээд ташаа мэдээлэл бүртгэчихжээ, бид хүсэлтэн дээрээ дурдахдаа Ж АХХК, “В ” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Х банк юм. Х банканд эцсийн өмчлөгч этгээд гэж байхгүй. Хувь нийлүүлсэн хөрөнгөөр нь алдагдал хүлээлгээд бодсон байгаа. Бид албадлаыгын арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тийм учраас эцсийн өмчлөгч байхгүй гэсэн бүртгэл хийж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуд энэ бол боломжгүй байна. Яагаад гэвэл Мөнгө угаах олон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тогтоосон гэсэн хариу ирсэн.

Үүнийг нь бид нар эс зөвшөөрөөд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 105 дугаартай албан бичгээр ерөнхий газрын дарга Дэлгэрсайханд хандаж хүсэлт гаргагч эрх зүйн байдлыг бүрэн судалж хариу өгөөгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Ийм учраас  Ж АХХК, “В ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банкийг, Х банкны эцсийн өмчлөгчөөр эцсийн өмчлөгч этгээд байхгүй гэсэн  бүртгэлийг  хийж  өгнө  үү  гэсэн  хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн хариуд 2021 оны   3  дугаар  сарын  16-ны  өдөр  бүх  зүйлийг   судалж   үзсэн   боловч   бүртгэх боломжгүй байна гэсэн хариуг хэлсэн. Үүнийг эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ бүртгэлийг хийснээр хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хохироод байна гэж үзэж байна. Х банк болоод Х банкны эрх хүлээн авагчаас  Ж АХХК, “В ” ХХК-ийн 100 хувь хувьцааг зээлийн өр төлбөрт тооцон авсан.Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээд үнэн зөв, баримтыг бүрэн гүйцэд мэдүүлж гаргах үүрэгтэй гэж заасан. Үүнийхээ дагуу бүх хавсаргах  нотлох баримтуудыг  үнэн зөвөөр гаргаад өгсөн.

Дээрээс нь Х банкны тухайд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дахь хэсэгт заасны дагуу банкны тусгай зөвшөөрөл бүх зүйлүүдийг цуцалсан байна. “Нэг иргэн бүртгэв” гэдэг тэмдэглэгээ хийнээрээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 16 дугаар зүйлийн 16.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Ингэснээрээ аливаа хуулийн этгээдээс үнэн зөв бүртгэл хийлгэх, өөрийн өмчлөлийн компаниа эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

 Аливаа хуулийн этгээдээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад бэлэглэх, өр төлбөр суутгах, худалдан борлуулах замаар бол өмчлөх эрхийг хэрэгжүүлдэг. Энэ өмчлөх эрхийг гуравдагч этгээд баталгаажуулж байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэдэг бүртгэл байдаг. Гэвч өнөөдөр буруу бүртгэл хийсний улмаас энийг цаашид аливаа этгээдэд шилжүүлж өгөхөд асуудал тулгарч байна. Өөрөөр хэлбэл хуулийн үнэн зөв баталгаажуулах ёстой эрхийг маань зөрчиж байна гэж үзэж байна. Х банканд бол эцсийн өмчлөгч байхгүй гэсэн тэмдэглэгээг хийхгүй байснаараа улсын бүртгэгч нь бол улсын бүртгэлд үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж үзэж байна.

Хариуцагч талаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг үндэслээд эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Шалтгаан нь гэвэл тус хуулийн 1 дүгээр зүлийн 1.1 дахь хэсэгт хуулийн зорилт дээр 1.1.Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино. 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт Энэ хуульд заасан терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх,  урьдчилан  сэргийлэх бүхий л зохицуулалтад үй олноор

хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа нэгэн адил хамаарна гэж заасан.

Өөрөөр хэлбэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хуулийн этгээдээс мөнгө угаах буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж болзошгүй үйл ажиллагаа үүсгэх, гэмт хэргийн улмаас үүсэж байгаа үйлдэж ашиг олж байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох зорилготой хуулийн зохицуулалт байхад энд хамааруулж байгаа нь үндэслэлгүй гэж харж байна. Х банк нийтэд илэрхий болсон энэ банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон дампуурч байгаа. Монголбанкнаас эрх хүлээн авагч албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Олон нийтэд илэрхий нээлттэй мэдээлэл байна. Банкны эрх хүлээн авагч гэдэг нь зөвхөн хувь хүнийг томилдог биш. Банкны тухай хууль дээрээ зааснаар хуулийн этгээдийг ч томилж болно. Гол тайлбарлаад буй асуудал нь яг энэ асуудлуудыг амаар тайлбарлаад хариу авахаар программдаа ийм бүртгэл хийх боломжгүй байна. Тийм учраас наад асуудлыг чинь шийдэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Программыг өөрчлөх засаж сайжруулах үүрэгтэй ийм зорилготой байгууллага байгаад байна. Гэвч үндэслэлгүйгээр татгалзаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эцсийн өмчлөгч” гэж: 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”; 3.1.6.б-д “харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”; 3.1.6.в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

Мөн 4 дүгээр зүйлийн

41.1.Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно:

41.1.1.хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг;

41.1.2.энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг;

41.1.3.энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг хэлнэ” гэж тус тус заасан.

Х банк ХХК, Ж-АХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэхдээ УБ-12 маягтын 5.3 дахь хэсэгт М.Э ийг бичиж бүртгүүлсэн байдаг. Холбогдох хуульд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь хүн байхаар заасан байхад нэхэмжлэгч талаас иргэнийг бүртгэсэн тэмдэглэгээг хүчингүй болгож, хуулийн этгээд бүртгэх, эцсийн өмчлөгч байхгүй гэх бүртгэл хийлгэх гэх мэтээр хуулийн үндэслэлгүй шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд хандан “Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х банк ХХК, Ж-АХХК, В  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр “1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, Ж-АХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Х банк ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд хандан гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 256 дугаартай нэхэмжлэл, хэргийн оролцогч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Ж АХХК Х банктай 2012-2013 онуудад зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж чадахгүй болсон учраас Ж АХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж Г ХХК нь 2013 оны 07 дугаар  сарын  03-ны  өдрийн  хувьцаа  худалдах,  худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулаад Х банк нь Ж АХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

1.2. Энэ үйл явдлын дараа буюу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-153 дугаар тушаал гарч, Х банканд банкны эрх хүлээн авагч томилсон байна. Ингэснээр тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх дуусгавар болсон байна.

1.3. “В ” ХХК нь Х банктай өндөр дүнтэй зээлийн өр төлбөртэй байсан. Ингээд Х банкны эрх хүлээн авагч хүсэлт гарган 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 863/2017 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулж, компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 97.76 хувийг Х банканд үлдэгдэл 0,24 хувийг Ж АХХК /Х банк ХХК нь 100 хувийн хувьцаа эзэмшигч/-д шилжүүлсэн байна. Ингэснээр Х банк нь Ж АХХК, “В ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

1.4. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан байна. Тус  хуулиар  2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлагатай гэж заасан.[1] Үүний дагуу Х банкны эрх хүлээн авагчаас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1071 дугаартай албан бичгээр Х банк болон түүний охин компаниудыг эцсийн өмчлөгчөөр бүртгуүлэх тухай хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан байна.

1.5. Үүнд Х банкны охин компаниуд болох Ж АХХК, “Б м м”,” С м м”, “Д м м” “В ” ХХК нарын  эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх болон Х банкны эцсийн өмчлөгчийг бүртгэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваад Улсын бүртгэлийн газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Б м м”,” С м м”, “Д м м” ХХК-иудыг харьяа улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргах шаардлагатай гэж, харин Ж АХХК, “В ” ХХК, Х банкны хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн.

1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардаж авах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр очиход хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард “нэг иргэн бүртгэв” гэдэг тэмдэглэгээ хийсэн байсан ба мэдээлэл лавлагааны ажилтан дээр очоод “нэг иргэн бүртгэв” гээд хийсэн байна энэ яг ямар учиртай вэ гэж лавлахад Х банкны  эрх  хүлээн  авагч  М.Э ийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн гэсэн хариуг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байна.

1.7. Үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдрөө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн даргад хандаж хүсэлт гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч “нэг иргэн бүртгэв” гээд ташаа мэдээлэл бүртгэсэн байна гэсэн агуулгыг хүсэлтдээ дурдаад, зүй нь Ж АХХК, “В ” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Х банк юм. Х банканд эцсийн өмчлөгч этгээд гэж байхгүй. Тус банканд албадлагын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тул эцсийн өмчлөгч байхгүй гэсэн бүртгэл хийж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.

1.8. Хариуцагч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Эцсийн өмчлөгчийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6, 41 дүгээр зүйлд заасны дагуу тогтоосон гэсэн хариу өгсөн.

1.9. Үүнийг нь нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 105 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж хүсэлт гаргасан. Тус хүсэлтэд хариуцагч хариу өгөхдөө Х банкны эрх зүйн байдлыг бүрэн судлаагүй, хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн гэж нэхэмжлэгч маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Ж АХХК, “В ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банкийг бүртгүүлэх, Х банкны тухайд “эцсийн өмчлөгч байхгүй” гэсэн бүртгэл хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагчийн зүгээс “... Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, мөн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, түүнчлэн Х банк ХХК, Ж-АХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэхдээ УБ-12 маягтын 5.3 дахь хэсэгт М.Э ийг бичиж бүртгүүлсэн үйл баримт, түүнчлэн холбогдох хуульд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь хүн байхаар заасан” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад “хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” ойлгоно гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтад “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн … талаарх мэдээлэл” нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт зайлшгүй агуулагдаж байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд тус хувийн хэрэгт тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэл зайлшгүй тусгагдаж байх учиртай байна.

2.3.  Хуулийн  этгээдийн  улсын  бүртгэлийн  тухай  хуулийн  4  дүгээр  зүйлийн

4.1.11 дэх заалтад “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг” ойлгоно гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг эш татан заасан байна. Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоохдоо тус хуулийн дурдсан заалтыг баримтлах үүрэгтэй болохыг хуульчилжээ.

2.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад “эцсийн өмчлөгч гэж:

3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн тухайд /дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дэд заалт/ “тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” эцсийн өмчлөгч гэж тогтоохоор заажээ.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд “... эсхүл ...” гэх холбох үгээр холбогдсон буюу аль нэг урьдчилсан нөхцөл дангаар хангагдах боломжтой байдлаар бичигдсэнээс гадна зарчмын хувьд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг бус, харин хүнийг тогтоохоор хуульчилсан байна.

2.5. Олон улсын эрх зүйн үүднээс авч үзэхэд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоохтой холбоотой улс орнуудын нэгдсэн, түүнчлэн Монгол Улс нэгдэж, соёрхон баталсан олон улсын эрх зүйн эх сурвалж байхгүй хэдий боловч дэлхий  дахинаа  нийтлэг  хүлээн  зөвшөөрөгдсөн  зарчим,  мөнгө  угаах гэмт хэрэг

болон  терроризмыг  санхүүжүүлэхийн  эсрэг  үйл  ажиллагаа  явуулах  зорилготой

Засгийн газар хоорондын байгууллага болох ФАТФ-ын гаргасан удаа дараагийн удирдамж, зөвлөмжөөс[2] үзэхэд зарчмын хувьд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр хувь хүнийг бүртгэх зарчимтай байх бөгөөд үүний зорилго нь тухайн хуулийн этгээдийг эцэслэн удирдаж байгаа хүн хэн байгаа болохыг тогтоон таних явдал байдгийг дурдах нь зүйтэй байна.

2.6. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан хоёр үндэслэл бүрдсэн тохиолдолд арилжааны банканд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагчийг томилохоор заасан байх бөгөөд анх Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Банкны тухай хуулийн зохицуулалтын дагуу Х банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилж, албадлагын арга хэмжээ авч, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020 оны холбогдох тушаалуудын[3] дагуу албадлагын арга хэмжээг сунгасан байна.

2.7. Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 69.1.2 дахь заалтад банкны эрх хүлээн авагч нь “банкийг төлөөлөх, удирдах” бүрэн эрхтэй этгээд байхаар заажээ.

Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Х банк ХХК-ийг албадан татан буулгаж[4], хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийг дуусгавар болгосон хэдий ч Банкны тухай хуулийн дагуу тус банкийг татан буулгах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох банкны эрх хүлээн авагчийг томилж, улмаар үйл ажиллагааг нь удаа дараа сунгасан байгаа нь тус банкийг татан буулгахтай холбоотой эрх зүйн харилцаанд банкийг төлөөлөх, удирдах эрхтэй этгээд de jure /де юрэ/ оршин байгааг нотолж байна.

Иймээс Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дэд заалтад “... тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа ... хүнийг” эцсийн өмчлөгч гэж үзнэ гэж заасны дагуу Х банк ХХК-ийн эцсийн өмчлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр тайлбарласан “Х банк ХХК нь Монголбанкнаас албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа онцлог этгээд тул бусад хуулийн этгээд шиг эцсийн өмчлөгчийн тухай яригдах боломжгүй” гэх тайлбар нь дээр дурдсан үндэслэлээр хуульд нийцэхгүй тайлбар байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан “Банкны эрх хүлээн авагчаар зөвхөн хүн биш, хуулийн этгээд томилогдох боломжтой бөгөөд тэр тохиолдолд эцсийн өмчлөгч хуулийн этгээд байх боломжтой” гэх агуулга бүхий тайлбар нь мөн үндэслэлгүй байна. Учир нь, банкны эрх хүлээн авагчаар хуулийн этгээд томилогдсон тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дэд заалтад “... тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа ... хүнийг” ойлгоно гэсэн зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр байна. Тодруулбал, банкны эрх хүлээн авагчаар томилогдсон хуулийн этгээд нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь заалтад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд тус хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь албадлагын арга хэмжээ авагдсан банкны хувьд эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэх боломжтой гэж үзнэ.

2.8. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг” эцсийн өмчлөгчөөр тогтооно гэж заасан болохыг дурдаж байна.

2.9. Нэгэнт Х банк ХХК-ийн эцсийн өмчлөгч нь түүнийг төлөөлж, удирдлагыг хэрэгжүүлж буй Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч байх тул Х банк ХХК 100 хувийн хувьцаа эзэмшиж буй[5] “Ж*******” ХХК болон “В ” ХХК нарын эцсийн өмчлөгч нь мөн Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болно гэж шүүх дүгнэлээ.

2.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр тайлбарласан “хариуцагчийн зүгээс Ж-АХХК болон В  ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал болон Х банк ХХК-ийн хувьд “эцсийн өмчлөгч байхгүй” гэж бүртгэхгүй байгаа татгалзлын улмаас нэхэмжлэгчийн үнэн зөв бүртгэл хийлгэх, өөрийн өмчлөлийн компаниа эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг  хэрэгжүүлэн  ажилласнаараа  нэхэмжлэгчийн  эрх,  хууль  ёсны  ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж буй үнэн зөв бүртгэл хийлгэх, өөрийн өмчлөлийн компаниа эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, хориглоогүй буюу хуульд заасны дагуу эцсийн өмчлөгчийн холбогдох бүртгэлийг хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд дэх “Эцсийн өмчлөгч 1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэлүүдээр[6] тогтоогдож байна.

2.11. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр тайлбарласан “хариуцагчийн зүгээс программын хувьд хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байдаг тул Х банк ХХК-ийг эцсийн өмчлөгч гэж бүртгэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг” гэх үндэслэлийн тухайд уг үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, улсын бүртгэлийн байгууллагад хэрэглэж буй программ хангамжийн чадавхын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүйгээс гадна тус байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байх тул дээрх тайлбарт тухайлан дүгнэлт өгөх боломжгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 3.1.6.а дэд заалт, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүлийн 69.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргасан “Улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х банк ХХК, Ж-А ХХК, В  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр “1 иргэн бүртгэв” гэх тэмдэглэгээ хийснийг хүчингүй болгох, Ж-А ХХК, В  ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х банк ХХК-ийг бүртгэхгүй байгаа татгалзал хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, Х банк ХХК-д “эцсийн өмчлөгч байхгүй” гэх бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны  хэрэг  шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   114  дүгээр

зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл

 

 

 

[2] Мөнгө угаах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын (FATF)-ын Ил тод байдал ба эцсийн өмчлөгчийн гарын авлага (Guidance on Transparency and Beneficial Ownership)

[3] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 16-26 дахь талууд

[4] Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаал. Хх 17 дахь тал

 

 

 

[5] Хх 89-93 дахь талууд

 

 

[6] Хх 39, 41, 42 дахь талууд.