Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 9

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              Л.Амарсанаа

                                                                             Г.Давааренчин   

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ганбаатарт холбогдох “хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 27.185.520 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МТ Дархан” ХХК бол “Магнай Трейд” ХХК-ийн охин компани юм. Өөрийн шатахууныг зарим нэг гэрээт колонк, шатахуун түгээх станцууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд гэрээт борлуулалтын маягаар хамтарч ажилладаг байгаа. Энэ маягаар хариуцагч А.Ганбаатартай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 тоот гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 02/15 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт №01 гэрээгээр сунгаж бидний зүгээс шатахууныг цаг хугацаанд нь нийлүүлж хамтран ажилласан. А.Ганбаатар нь “МТ Дархан” ХХК-иас худалдан авсан шатахууны төлбөр болох 19.699.654 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бичсэн өргөдөлөөр 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулахгүй хүндрэл учруулж байна. Гэрээ байгуулснаас хойш зарим тохиолдолд төлбөрийн үлдэгдэлтэй, төлбөрөө гүйцэд төлөөгүй зөрчлүүд байнга гарсаар ирсэн. 2015 оны төгсгөлөөр 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болчихоод энэ төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирснээр сар гаруй хугацаанд А.Ганбаатартай яриа хэлцэл хийсэн. Ингээд хамгийн зөв гарц нь А.Ганбаатарын тавьсан саналын дагуу “МТ Дархан” ХХК-иас нэмээд шатахуун авъя түүнийхээ дээрээс ашигаа нэмж борлуулаад эргэлтэнд оруулаад олсон ашигнаасаа тодорхой хэмжээгээр төлбөртөө хуваагаад төлье гэсэн саналыг олон удаа тавьж ирсэн. Иймээс адилхан ШТСтанцаар шатахуун борлуулж байгаа бизнесмэн хүмүүс юм чинь гээд аль болохоор үүнийг нь дэмжих үүднээс 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ сунгаад нэмж 10.000 тн шатахуун өгсний 4000 литр АИ-92, 6000 литр дизиль түлш өгсөн. Үүнийг төгрөгөөр бодохоор 13.000.000 орчим төгрөгийн шатахуун авсан. Ингээд 13.000.000 төгрөг дээр өмнөх 8.000.000 төгрөгийг нэмээд ойролцоогоор 22,000.000 төгрөг болсон. Үүнээс 100.000, 200.000, 300.000 төгрөгөөр цувуулж төлсөөр 3.300.000 төгрөгийг буцааж өгснөөс өнөөдрийн нэхэмжлээд байгаа 19.699.650 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийг төлөх ямарч арга хэмжээ авдаггүй. Асуухаар улс орны эдийн засаг хүндрэлтэй байна гээд макро эдийн засгийн түвшиний юм яриад байдаг. Ер нь бодит байдал дээр манайхаас авсан шатахуунаа борлуулчихсан, шатахуун нь дуусчихсан байгаа. Мөнгө нь хаачсан бэ гэдэг асуудал гараад байна. Ингээд А.Ганбаатараас 07 дугаар сараас хойш мөнгөө нэхэж төлбөрийг барагдуулах талаас ахиад яриа хийсэн. Төлбөрөө төлөхгүй удааж байна гэхээр барагдуулах боломжгүй гээд байдаг. Тэгээд би өр яаж барагдуулах талаар асуухад тариа ногоо тарьж байгаа. Намар 9 дүгээр сард ургацаа хураахаар төлье гэсэн. Энэ жил ургац их сайн ургалаа. Төмс голланд сортны улаан төмс тарьсан. Энэ төмс их сайн ургасан, бас нарийн ногоонууд байна, авах уу гэхээр нь за та ногоогоо аваад ирээ бид нар авъя, тэгээд төлбөр мөнгөө барагдуулъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл ногоо ч байхгүй, асуухаар төмс нь ургаагүй болоод хувирчихсан. Төлбөр мөнгөө төлөх арга хэмжээ авахгүй байгаа. А.Ганбаатар хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үндсэн төлбөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Алданги 7.485.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн нийт хугацааны алдангийг тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиасаа хэтрээд явчихсан. Гэтэл бид нар шүүхэд өгөх хүртэл 76 хоногийн алдангийг л тавьж өгсөн. Энэ нь 7.485,000 төгрөг байгаа. Бид хэрвээ өнөөдрийг хүртэлх алдангийг тооцсон бол хуулиараа 50 хувь дээрээ очоод зогсоход л 9.500.000 төгрөг болох байсан. Энэ дээр тодруулаад хэлэхэд манайх нэхэмжлэл дээрээ техникийн алдаа гаргаж алдангийн хугацаагаа буруу бичсэн байна. Нэхэмжлэлд 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл алданги тооцсон гэсэн боловч энэ хугацааны хувьд 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл байсан юм. Ингээд хоногийн алдангийн тооцоход 0,5 хувь буюу 98.498 төгрөг 0.27 мөнгө болж байгаа. Үүнийг 76 хоногоор тооцоход 7.485.868 төгрөг. Нийт 27.185.520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.

Алдангийг нэхэмжилж байгаа гол үндэслэл нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0115 тоот гэрээ юм. Энэ гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч 2016 оны 02 дугаар сард нэмэлт гэрээ байгуулж хугацааг сунгасан. Энэ гэрээний 5.2.3-т заасны дагуу алдангийг нэхэмжилж байна. Үүнд 0,5 хувиар гээд талууд хоорондоо тохиролцсон байгаа. Энэ гэрээний дагуу алдангийг нэхэмжилж байна юм...” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

“...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт өөрийн нэлээдгүй хөрөнгийг зарж шатахуун түгээх станц барьж 2015 оны 06 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. “МТ Дархан” ХХК-тай шатахуун түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Тухайн үед орон нутгийн эдийн засгийн байдлаас шалтгаалаад мөнгөө цаг хугацаанд нь өгч чадаагүй. Миний хувьд шатахууны үлдэгдэл 19.699.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ хавар Баянгол суманд 3 га газар төмс тарьсан. Одоогоор 10 тн төмс тариад буцаагаад 12.5 тн үр аваад нөөцөлсөн. Таваарын төмс 10 хувь хүрэхтэй үгүйтэй хураасан. Түүнийгээ МСҮйлдвэрлэлийн коллежын оюутнуудыг хөлсөлж ногоо хураалгасан ажлын хөлсөндөө өгөөд үрийн төмстэй үлдсэн. Тухайн үед жоохон ч гэсэн төмс ачуулъя гэж бодсон боловч Улаанбаатар хотод нэг шуудай төмс 5000 төгрөгөөр зарагдаж байсан болохоор ямар ч ашиггүй болсон. Энэ хүний яриад байгаа макро эдийн засаг биш нийт улс орон даяараа хямраад байна. 20.000 төгрөгөөр тооцож байсан нэг шуудай төмсний үнэ намар болоход  5000 төгрөг болоход мэдээж хэрэг алдагдалд орох нь ойлгомжтой. Би “МТ Дархан” ХХК-д алдангаа багасгах хүсэлтээ өгсөн шалтгаан нь иймэрүү байдлуудыг харж үзээд алдангаасаа багасгаад 50 хувь ч юмуу 30 хувь ч юмуу хувийг хөнгөлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Нэхэмжлэгч маань хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор үр дүнгүй юм байна гэж ойлголоо...” гэжээ

Анхан шатны шүүх “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ганбаатарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 13 дугаартай шийдвэрээр:

         -Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч А.Ганбаатараас 27185520 /хорин долоон сая нэг зуун наян таван мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгож,

         -Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч А.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

         -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293877 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 293877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.01.06-ны өдрийн 13 тоот шийдвэрийн 2-т ...Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч А.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай... гэж тогтоосон нь уг барьцаа хөрөнгө буюу газар дээр бүтээн босгосон үл хөдлөх хөрөнгө, газар доорх байгууламжуудыг үнэгүйдүүлж, эрх ашгийг хохироохоор ноцтой шийдвэр гарсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

        Иймд зөвхөн нэг талыг харж шийдвэрлэхгүй, холбогдох хууль журмын дагуу миний эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна...” гэжээ.

                                                                 Үндэслэх нь:

         Нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК нь хариуцагч А.Ганбаатарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 27.185.520 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэргийг судлан үзвэл:  Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 дугаартай  “Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ” мөн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 02/15 дугаартай “Барьцааны гэрээ” тус тус байгуулан гэрээгээр нийлүүлсэн шатахууны үнийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагчид шилжүүлэх буюу бэлнээр өгөх,  төлбөрийг гэрээнд заасан хугацаанд  бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг МТ ХХК-д төлөхөөр тус тус тохирч гэрээ байгуулсан байна.

         Гэрээний дагуу нэхэмжлэгчээс шатахууныг гэрээнд заасан хугацаанд нийлүүлж байсан ба хэргийн хариуцагч А.Ганбаатар нь борлуулсан шатахууныхаа үнийг цаг тухайд нь төлөөгүй бөгөөд  талуудын хооронд 2016 оны 06 сарын 30-ны өдөр нийлсэн тооцооны актаар 19.699.654 төгрөгийн  төлбөртэй энэ талаар талууд маргаагүй байна.

         Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 дугаартай  “Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан ба анхан шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзжээ.

         Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үздэг.

         “МТ Дархан” ХХК болон иргэн А.Ганбаатар нарын хооронд байгуулагдсан  гэрээгээр  нэхэмжлэгчээс нийлүүлсэн /шатахуун/ бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа нийлүүлэгч талын баталсан үнийг мөрдлөг болгох, өөрөөр хэлбэл харилцан тохиролцоогүйгээр үнийн өөрчлөлтийг хийх эрхгүй, өөр байгууллага хувь хүнээс бараа авахгүй байх зэрэг үүргийг хүлээсэн зэргээс дүгнэж үзвэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

         Хэдийгээр талууд гэрээг “Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн боловч энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний агуулгад хамаарахгүй байна.

         Хамтран ажиллах гэрээ нь “оролцогчдын хураамж”, “хамтын үйл ажиллагаа” гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд хураамж нь ерөнхий утгаараа хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгө юм. Хураамж нь хамтран ажиллах гэрээний зайлшгүй нөхцөл, талуудын үүрэг мөн.

         Гэтэл зохигчдын хооронд  байгуулагдсан гэрээнд хураамжийн талаар тохиролцоо байхгүй, нийлүүлэгчийн шилжүүлж буй бараа бүтээгдэхүүн, борлуулагчийн эд хөрөнгө болохгүй, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогоо эргэн төлдөг зэрэг нь хамтын үйл ажиллагаанд оруулж буй хураамжийн шинжгүй байна.

        Харин гэрээний гол нөхцөл, зорилго, талуудын эрх, үүргийг шинжлэн судлавал тухайн гэрээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасан даалгаврын шинжийг илүүтэй агуулсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Зохигчдын байгуулсан гэрээнд бараа бүтээгдэхүүн борлуулагч А.Ганбаатар  нь нийлүүлэгч “МТ Дархан”       ХХК-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн тогтоосон үнэ, нөхцлөөр борлуулах, уг үүргээ биечлэн гүйцэтгэх,  бүтээгдэхүүний үнийг  нийлүүлэгчид шилжүүлэх  зэрэг нөхцлүүд нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 400 дугаар зүйлийн 400.1., 400.3.-т заасан зохицуулалтад нийцэж байх тул “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг даалгаврын гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах тухай гэж тодорхойлох боломжтой байна гэж үзлээ.

        Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч А.Ганбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах тухай  нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

        Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д зааснаар талууд гэрээгээр анз төлөхөөр харилцан тохирч болох бөгөөд энэхүү анзын хэмжээ нь хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам 0.5 хувиас хэтрэхгүй  байх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас  хэтрэхгүй байхаар заасан ба талууд гэрээндээ анзын талаар харилцан тохиролцсон байна.

        Иймд нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК нь хариуцагч А.Ганбаатараас гэрээний үүрэг 19.699.654 төгрөг,  үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн 76 хоногт 7.485.868 төгрөгийн  алданги тооцон гаргуулах  тухай  нэхэмжлэлийн шаардлага нь  үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  байна гэж үзлээ.

         Хэргийн хариуцагч А.Ганбаатар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдлоо анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр харгуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэжээ.

        Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 дугаартай  “Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ”,  2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 02/15 дугаартай “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж барьцааны гэрээгээр хариуцагч А.Ганбаатар нь  өөрийн эзэмшлийн шатахуун түгээх станцын газар, гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийг “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг Дэнжийн хэсэгт байрлах гэрчилгээний №000428122, 18625408725876 нэгж талбарын дугаартай 5000м2 газрын  эзэмших эрхийг” тус тус барьцаанд тавьж, тус гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

        Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-т зааснаар  барьцааны зүйл нь эрх байж болохоор заасан бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6., 38 дугаар зүйлийн 38.1.-д тус тус зааснаар  газар эзэмшигч нь  эзэмших эрхээ өөрөөр хэлбэл  газар эзэмших эрхийн гэрчилгээгээ  бусдад барьцаалах, шилжүүлэх  эрхтэй бөгөөд ийнхүү барьцаалах тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан тул  талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй байна.

       Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч А.Ганбаатар нь үндсэн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “МТ Дархан” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шаардлага гаргах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоогоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй тул шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь  сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 06-ны  өдрийн 13 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг:         

“...1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,-д ...”  гэснийг  “...Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1, 400.3, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар...” гэж, 2 дахь заалтад “Иргэний хулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 154 дүгээр зүйлийн 154.1 гэсэн заалт нэмж  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                  Л.АМАРСАНАА

                                                                      Г.ДАВААРЕНЧИН