Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6-р хороо НҮ-ний гудамжны “МТ” байранд байрлах “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Замчны ¹ 18 тоотод оршин суух, 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Юншөөбү овогт Алтангэрэлийн Ганбаатар  /РД: ЧГ:64112078/-т холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 27,185,520 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагч А.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: … “МТ Дархан” ХХК бол “Магнай Трейд” ХХК-ийн охин компани юм. Өөрийн шатахууныг зарим нэг гэрээт колонк, шатахуун түгээх станцууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд гэрээт борлуулалтын маягаар хамтарч ажилладаг байгаа. Энэ маягаар хариуцагч А.Ганбаатартай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 тоот гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 02/15 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт №01 гэрээгээр сунгаж бидний зүгээс шатахууныг цаг хугацаанд нь нийлүүлж хамтран ажилласан. А.Ганбаатар нь МТ Дархан ХХК-иас худалдан авсан шатахууны төлбөр болох 19,699,654 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бичсэн өргөдөлөөр 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулахгүй хүндрэл учруулж байна. Гэрээ байгуулснаас хойш зарим тохиолдолд төлбөрийн үлдэгдэлтэй, төлбөрөө гүйцэд төлөөгүй зөрчилүүд байнга гарсаар ирсэн. 2015 оны төгсгөлөөр 8,000,000 төгрөгний үлдэгдэлтэй болчихоод энэ төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирсэнээр сар гаруй хугацаанд А.Ганбаатартай яриа хэлцэл хийсэн. Ингээд хамгийн зөв гарц нь А.Ганбаатарын тавьсан саналын дагуу “МТ Дархан” ХХК-иас нэмээд шатахуун авъя түүнийхээ дээрээс ашигаа нэмж борлуулаад эргэлтэнд оруулаад олсон ашигнаасаа тодорхой хэмжээгээр төлбөртөө хуваагаад төлье гэсэн саналыг олон удаа тавьж ирсэн. Иймээс адилхан ШТСтанцаар шатахуун борлуулж байгаа бизнесмэн хүмүүс юм чинь гээд аль болохоор үүнийг нь дэмжих үүднээс 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ сунгаад нэмж 10,000 тн шатахуун өгсний 4000 литр АИ-92, 6000 литр дизиль түлш өгсөн. Үүнийг төгрөгөөр бодохоор 13,000,000 орчим төгрөгний шатахуун авсан. Ингээд 13,000,000 төгрөг дээр өмнөх 8,000,000 төгрөгийг нэмээд ойролцоогоор 22,000,000 төгрөг болсон. Үүнээс 100,000, 200,000, 300,000 төгрөгөөр цувуулж төлсөөр 3,300,000 төгрөгийг буцааж өгсөнөөс өнөөдрийн нэхэмжлээд байгаа 19,699,650 төгрөгний үлдэгдэл үлдсэн. Үүнийг төлөх ямарч арга хэмжээ авдаггүй. Асуухаар улс орны эдийн засаг хүндрэлтэй байна гээд макро эдийн засгийн түвшиний юм яриад байдаг. Ер нь бодит байдал дээр манайхаас авсан шатахуунаа борлуулчихсан, шатахуун нь дуусчихсан байгаа. Мөнгө нь хаачсан бэ гэдэг асуудал гараад байна. Ингээд А.Ганбаатараас 07 дугаар сараас хойш мөнгөө нэхэж төлбөрийг барагдуулах талаас ахиад яриа хийсэн. Төлбөрөө төлөхгүй удааж байна гэхээр барагдуулах боломжгүй гээд байдаг. Тэгээд би өр яаж барагдуулах талаар асуухад тариа ногоо тарьж байгаа. Намар 9 дүгээр сард ургацаа хураахаар төлье гэсэн. Энэ жил ургац их сайн ургалаа. Төмс голланд сортны улаан төмс тарьсан. Энэ төмс их сайн ургасан, бас нарийн ногоонууд байна, авах уу гэхээр нь за та ногоогоо аваад ирээ бид нар авъя, тэгээд төлбөр мөнгөө барагдуулъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл ногоо ч байхгүй, асуухаар төмс нь ургаагүй болоод хувирчихсан. Төлбөр мөнгөө төлөх арга хэмжээ авахгүй байгаа. А.Ганбаатар хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үндсэн төлбөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Алданги 7,485,000 төгрөг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн нийт хугацааны алдангийг тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиасаа хэтрээд явчихсан. Гэтэл бид нар шүүхэд өгөх хүртэл 76 хоногийн алдангийг л тавьж өгсөн. Энэ нь 7,485,000 төгрөг байгаа. Бид хэрэвээ өнөөдрийг хүртэлх алдангийг тооцсон бол хуулиараа 50 хувь дээрээ очоод зогсоход л 9,500,000 төгрөг болох байсан. Энэ дээр тодруулаад хэлэхэд манайх нэхэмжлэл дээрээ техникийн алдаа гаргаж алдангийн хугацаагаа буруу бичсэн байна. Нэхэмжлэлд 07 дугаар сарын 01-ний өдөрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл алданги тооцсон гэсэн боловч энэ  хугацааны хувьд 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл байсан юм. Ингээд хоногийн алдангийн тооцоход 0,5 хувь буюу 98,498 төгрөг 0,27 мөнгө болж байгаа. Үүнийг 76 хоногоор тооцоход 7,485,868 төгрөг. Нийт 27,185,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.

Алдангийг нэхэмжилж байгаа гол үндэслэл нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 0115 тоот гэрээ юм. Энэ гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч 2016 оны 02 дугаар сард нэмэлт гэрээ байгуулж хугацааг сунгасан. Энэ гэрээний 5.2.3-т заасны дагуу алдангийг нэхэмжилж байна. Үүнд 0,5 хувиар гээд талууд хоорондоо тохиролцсон байгаа. Энэ гэрээний дагуу алдангийг нэхэмжилж байна юм гэжээ.

Хариуцагч А.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... Миний хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт өөрийн нэлээдгүй хөрөнгийг зарж шатахуун түгээх станц барьж 2015 оны 06 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. “МТ Дархан” ХХК-тай шатахуун түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Тухайн үед орон нутгийн эдийн засгийн байдлаас шалтгаалаад мөнгөө цаг хугацаанд нь өгч чадаагүй. Миний хувьд шатахууны үлдэгдэл 19,699,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би энэ хавар Баянгол суманд 3 га газар төмс тарьсан. Одоогоор 10 тн төмс тариад буцаагаад 12,5 тн үр аваад нөөцөлсөн. Таваарын төмс 10 хувь хүрэхтэй үгүйтэй хураасан. Түүнийгээ МСҮйлдвэрлэлийн колледжын оюутнуудыг хөлсөлж ногоо хураалгасан  ажлын хөлсөндөө өгөөд үрийн төмстэй үлдсэн. Тухайн үед жоохон ч гэсэн төмс ачуулъя гэж бодсон боловч Улаанбаатар хотод нэг шуудай төмс 5000 төгрөгөөр зарагдаж байсан болохоор ямар ч ашиггүй болсон. Энэ хүний яриад байгаа макро эдийн засаг биш нийт улс орон даяараа хямраад байна. 20.000 төгрөгөөр тооцож байсан нэг шуудай төмсний үнэ намар болоход 5000 төгрөг болоход мэдээж хэрэг алдагдалд орох нь ойлгомжтой. Би “МТ Дархан” ХХК-д алдангаа багасгах хүсэлтээ өгсөн шалтгаан нь иймэрүү байдлуудыг харж үзээд алдангаасаа багасгаад 50 хувь ч юмуу 30 хувь ч юмуу хувийг хөнгөлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Нэхэмжлэгч маань хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор үр дүнгүй юм байна гэж ойлолоо гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд хариуцагч А.Ганбаатараас 27,185,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Ганбаатар, нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжилсэн 27,185,520 төгрөгнөөс 19,699,654 төгрөгийг нь төлнө. Харин алданги болох 7,485,866 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

 

Зохигчдийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01/15 дугаартай  “Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ” мөн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 02/15 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Уг 01/15 дугаартай гэрээгээр гэрээний 5.2.2-т зааснаар Гэрээт ШТС нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкин дахь “МТ Дархан” ХХК-ийн 499066756 тоот данс болон Хаан банкин дахь 5028077704 тоот дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр өгнө. Гэрээний 5.2.3-д Гэрээт ШТС нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг МТ ХХК-д төлөх нөхцөлтэйгээр тохирч, гэрээг бичгээр үйлдэж, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гарын үсэг зурсан ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, гэрээ нь хуулийн шаардлага хангасан байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь үндсэн төлбөрийн 19,699,654 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигч маргаагүй болох нь тус тусын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлагаас үндсэн төлбөр болох 19,699,654 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа харин алданги 7,485,866 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа ч уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд хариуцагч А.Ганбаатараас 27,185,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч А.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг Дэнжийн хэсэгт байрлах гэрчилгээний №000428122, 18625408725876 нэгж талбарын дугаартай 5000 м2  газар болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч 27,185,520 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 293,877 төгрөгийг төлсөнг Сэлэнгэ аймаг Мандал сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Ганбаатараас 293,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч А.Ганбаатараас 27185520 /хорин долоон сая нэг зуун наян таван мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч А.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293877 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 293877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ж.ЭРДЭНЭБАТ.