Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 776

 

М.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Н,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 889 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Б-н бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Г-д холбогдох 170500249 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн М-н Г, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ... дүгээр хороо, ..... хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЮ.........../;

М.Г нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны гадна талд иргэн Н.А-г өөртэй нь танилцсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглаж, нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Г-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдөр 169 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол" гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах" гэсэн заалтыг удирдлага болгожээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад яллагдагч М.Г нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан баримт авагдаагүй байх тул уг прокурорын тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг ..." гэсний дээр гараар "хялбаршуулсан журмаар" гэж нэмж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ" гэж заажээ. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 98 дугаартай яллах дүгнэлтэд эрүүгийн хариуцлагын талаар бичээгүй байгаа нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос "Н.А нь... Н.Г гэгчид зодуулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулах үндэслэлтэй" гэж үзэж, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол гаргасны дараа буюу 8 дугаар сарын 7-ны өдөр М.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж гэрчээр байцаалт авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "... өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх..." эрхийг зөрчсөн байх бөгөөд түүнд Эрүүгийн хууль сануулсан нь мөн дээрх хуульд заасан "... Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах" ажиллагаа болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно" гэж заасан байхад прокуророос "2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 170500249 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол гаргахаас өмнө 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр "Хохирогчоор тогтоох тогтоол" гаргаж, Н.А-г хохирогчоор байцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр "Хохирогчоор тогтоох тухай" мөрдөгчийн тогтоол гаргаж, хохирогч Н.А-аас мэдүүлэг авсан боловч түүнээс хэргийн талаар огт байцаалт аваагүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулийн заалтыг чанд сахина" гэсэн хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ.

М.Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэгт "... хохирогч болох А-ийг танилцах уу гэж хоргоосон юм шиг байгаа юм, тэрийг сайн тодорхой санахгүй байна" гэж мэдүүлсэн нь прокурорын саналд дурдсанаар "яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн" гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтуудыг цуглуулсан, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтын 4.1 дэх хэсэгт заасан "шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх" гэсэн нөхцөл байдал хангагдаагүй, шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтын 4.2, 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал мөн хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүхээс М.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Б бичсэн эсэргүүцэлдээ: “…Анхан шатны шүүхийн шүүгч нь хуулийн агуулгыг буруугаар тайлбарлаж, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.4 дүгээр зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулж шийдвэрлэхэд баримтлах журам, харин мөн хуулийн 17.5 дугаар зүйл нь тус зүйлд заасан 16 төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх тусгай журам гэж ойлгож байна.

1. М.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргасан гаргаагүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн жагсаалтад багтсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгосон байх ба шүүгчийн захирамжид заасан 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгоогүй байна.

2. Яллагдагч М.Г-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг бичиж яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулж яллах дүгнэлтийн ард хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ", 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ" гэж заасан байна. Гэхдээ хавсралт хэсгийг яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт бичнэ гэсэн заалт байхгүй тул прокурорууд яллах дүгнэлтийн хавсралт хэсгийг, болон эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тусад нь бичиж, яллах дүгнэлтэд хавсаргаж шүүхэд шилжүүлж байгаа болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй хүмүүс дотор М.Г нь хамрагдаагүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлан өгөхөд мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй тул мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэжээ. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө томилохгүй гэсэн зохицуулалт байхгүй байна. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох  шаардлагатай бол гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно...” гэж заасан байдаг ба гомдол мэдээллийг хүлээж авсныг иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, байцаах эрх нь нээлттэй байгаа нь хууль зөрчөөгүй байна.

5. М.Г-д холбогдох хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх тул заавал яллагдагч хүсэлт гаргаснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэж үзэж байна. Гэхдээ яллагдагч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн, прокурорын ялын саналтай танилцаж зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон.

Иймд М.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэжээ.

Прокурор А.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Ч.Б-ийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасныг баримталж, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 889 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.   

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс М.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг үл хамааран хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч М.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хангалттай нотлон тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Ч.Б-ийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.