Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0518

 

“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Д.Х, хариуцагч П.М, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тус сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “Х х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “Х х” ХХК-ийн 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгаж,

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин авч хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019  оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн үүссэн хохирол 1,026,102,611 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Уул сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх “Х х” ХХК-ийн зүгээс Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хянуулахаар хүргүүлсэн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хуульд нийцсэн гэж үзсэн учраас батлахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд нийцсэн эсэхийг хянаж, батлах чиг үүрэг нь тухайн орон нутгийн Засаг даргад хуулиар олгогдсон.

Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хянан батлах журмын 3.3-т заасан хүрээнд Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянаад, батлах эсхүл батлахаас татгалзах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч “Х х” ХХК 2019 онд хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг ч үнэлэхгүйгээр шууд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах бус шууд батлахыг даалгаж шийдвэрлэсэн нь дээр дурдснаар тухайн орон нутгийн Засаг даргын бүрэн эрхэд шууд халдсан үйлдэл болсон. Гэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг мөн дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч “Х х” ХХК нь тухай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна

“Х х” ХХК нь хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан, үүнтэй холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй болох нь хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг шууд даалгаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5-д тус тус заасныг зөрчиж байна.  

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол нь тодорхой этгээдэд чиглээгүй, харин нийтэд чиглэсэн, захирамжилсан шинжтэй захиргааны хэм хэмжээний акт юм.

Нөгөө талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам Онги-Таац голын сав газрын захиргаанаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 75 тоот албан бичгээр, мөн нутгийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолд дурдсан газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 14/05 дугаар тогтоолыг бүртгүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэхдээ холбогдох журмыг зөрчсөн гэж алдаатай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээг батлахтай холбоотой аль зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлоогүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

   Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, гомдлын зарим хэсгийг хангалаа.  

Нэхэмжлэгч “Х х” ХХК-иас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тус сумын Засаг дарга нарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

“Х х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах,

Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

““Х х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хангаж,

 “Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Хариуцагч нар гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгохоор маргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтад хэргийн оролцогч хэн аль нь маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

1. “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 1.2-ын “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус баримтлан, тус сумын Дэвшил 6 дугаар багийн нутаг “Боловсон”, “Дайчин”, “Цорж”, “Дугант”, “Хадан булаг”, “Эхэн дэрсэн ус”-д хамаарах 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаагаар авахаар” шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1-1/877 дугаар албан бичигт “”Газар тусгай хамгаалалтад авах тухай” Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хянаад, хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн” гэж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн нөлөөллийн шинжилгээ хийсэн тайлан, хэлэлцүүлэг, тэмдэглэл зэрэг баримтаас үзвэл, хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан холбогдох ажиллагааг хийсэн, үүнийг хянан шалгаад эрх бүхий байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ.

Анхан шатны шүүх, “... тусгай хамгаалалтад авах тухайн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байдаг эсэхийг тодруулж, тусгай хамгаалалтад авснаар ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тодруулах ёстой” гэж дүгнэсэн.  

Мөн хариуцагч нарын давж заалдах гомдолд “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заанаар захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахдаа сонсох ажиллагаа хийхээр зохицуулсан” гэж маргасан байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно”, 62.3.1-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд”, 62.3.2-д “Эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд”, 62.3.3-д “Тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд”, 62.3.4-д “Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд” гэж заажээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 1.2-ын “к”-д “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 3-т “Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийгорон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж тус тус хуульчилсан.

Эндээс үзвэл, “Х х” ХХК нь хуульд тусгайлан заасан хүрээний бүлэгт хамаарахааргүй, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяалан нутаг дэвсгэртээ газрыг тусгай хамгаалалтад авах талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд байх бөгөөд маргаан бүхий хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, акт хууль заасан хүрээнд гарсан гэж үзэхээр байна.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар актын хууль зүйн үндэслэлийг хянахад шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтрээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

2. “Х х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.3-ын “н”-д “Нутаг дэвсгэрт нь... ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3[1], 38.1.6[2]-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан.

Эндээс үзвэл, сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах авахаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Х х” ХХК-иас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хандаж 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хүргүүлсэн боловч төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй гаргажээ.      

Хариуцагчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйгээ “... тусгай зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй, ундны устай,  хүн малыг ундаалдаг газарт байрладаг” гэж тайлбарласан.

Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8/749 дүгээр албан бичигт “... “Х х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021190 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 2019  оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор авагдсан тусгай хэрэгцээний газартай 41.2 гектараар хэсэгчлэн давхцалтай”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019  оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06б/582 дугаар албан бичигт “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт орших XV-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.19-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нь 2019 оны менежментийн төлөвлөгөө баталж, нэхэмжлэгч нь үүний дагуу үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд 2020 оны төлөвлөгөөг дээрх үндэслэлээр батлаагүй нь хууль бус эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.  

Тодруулбал, “Х х” ХХК-д эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, уг шийдвэртэй маргаагүй, мөн холбогдох баримтаар хайгуулын талбай нь усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй байх тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай 41.2 гектараар давхцалтай байх тул давхцалгүй хэсгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь зөв юм.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо “... байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд нийцсэн эсэхийг хянаж, батлах чиг үүрэг нь Засаг даргад хуулиар олгогдсон, шүүх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шууд батлахыг даалгаж байгаа нь Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон” гэж гомдол гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заасан.

Хариуцагч нь “Х х” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан байх тул дээрх хуульд  зааснаар төлөвлөгөөг батлахыг даалган шийдвэрлэсэн нь хариуцагчийн бүрэн эрхэд халдсан гэх үндэслэл болохгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.  

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “Х х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “Х х” ХХК-ийн 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолтой давхцалгүй хэсгээр батлахыг даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтын дугаарыг 4, 6 дахь заалтын дугаарыг 5 болгон өөрчилж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

     

 

      ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                   ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

                   ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

 

[1] Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3-т “Энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”,

38.1.1-д “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”,

[2] Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.6-д “Энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”,

                38.1.5-д “Хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх