Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 32

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01470/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Шижир болор” ХХК-д холбогдох

          “56.196.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн захирал Ч.Гантөгсөөс:

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Шижир болор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүхтэй тохиролцож ургамал хамгааллын 53.520.000 төгрөгийн үнэ бүхий Лорнет, Форвард бодисуудыг худалдсан бөгөөд гэрээ байгуулах үед нийт үнийн 30 хувь буюу 16.056.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 70 хувь буюу 37.464.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул “Шижир болор” ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37.464.000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.Б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 18.732.000 төгрөг нийт 56.156.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгээс:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Шижир болор” ХХК нь 3 гишүүнтэй. Компанийн дүрэм болон хуульд зааснаар компанийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхий бүхий этгээд нь Ц.Гансүх, А.Батзориг, Л.Тунгалаг гэх хүмүүс байдаг. Гэтэл гэрээний нэг тал нь А.Сэлэнгэ нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Компанийн зүгээс ч ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг А.Сэлэнгэд олгоогүй. Нэхэмжлэгч талаас “Шижир болор” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд “Шим” ХХК-ийн гол шаардлага болгоод байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Шижир болор” ХХК-аас 37.464.000 төгрөгийг гаргуулж, “Шим” ХХК-д олгож, 18.732.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 345.270 төгрөгийг “Шижир болор” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед “Шижир болор” ХХК-ийг төлөөлсөн гэх А.Сэлэнгэ нь хэн болох, хэрхэн ямар байдлаар тухайн компанийн тамга тэмдгийг ашиглан “Шим” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зэргийг тодруулсан баримтыг гаргаж өгөөгүй.Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн амаар А.Сэлэнгэ гарын үсэг зурсан гэж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний гарын үсгийг А.Сэлэнгийх мөн эсэхэд эргэлзээгүй байдлаар дүгнэлт хийж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон хэрнээ “Шижир болор” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөрийг төлөх тухай утга агуулгын хувьд илэрхий алдаатай шийдвэр гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй, хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болон гэрээний оролцогч талуудыг тогтоогоогүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Шим” ХХК, хариуцагч “Шижир болор” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 37.464.000 төгрөг, алданги 18.732.000 төгрөг нийт 56.196.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал “Шижир болор” ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийх эрхгүй этгээд болох А.Сэлэнгэ гэрээнд гарын үсэг зурсан тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

Анхан шатны шүүх “Шижир болор” ХХК-аас 37.464.000 төгрөгийг гаргуулж, “Шим” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.732.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэн аль нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус дүгнэсэн атлаа  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-ыг баримтлан худалдсан зүйлийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Хэргийн баримтыг судалвал гэрээний зүйл болох хоёр төрлийн бодисыг шилжүүлж хүлээлгэн өгсөн буюу гэрээнд зааснаар гэрээний үнийн 30 хувь16.056.000 төгрөгийг хүлээн авсан тухай маргааны үйл баримтыг нэхэмжлэгч тал хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Бодит байдал дээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж биелэгдсэн эсэх нь тодорхой бус.

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Шим” ХХК, “Шижир болор” ХХК-ийн хооронд ургамал хамгааллын Лорнет, Форвард бодисыг худалдахаар тохирч  гэрээ хийсэн гэх баримт хэрэгт авагдсан ба гэрээний толгой хэсэгт “Шижир болор” ХХК-ийг төлөөлж Ц.Гансүх гэсэн атлаа хариуцагч тал гэрээнд  А.Сэлэнгэ гарын үсэг зурсан гэж маргасан боловч энэ нь тодорхойгүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагчийн эрх зүйн байдлыг шүүх тодруулж жинхэнэ хариуцагчийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзнэ.

Хэргийн 41 дүгээр хуудсанд байгаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэрэг танилцуулсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хэрлэнхүүд хэдэн хуудас материал танилцуулсан тухай бичээгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн 42-49 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулсан эсэх нь тодорхойгүй, мөн энэ өдөр шүүх хуралдаан хийсэн нь ... эсрэг талын гаргаж өгсөн баримттай танилцаад шүүхэд хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх.. зэрэг хуульд заасан эрхийг зөрчсөн байна.

Хэргийн 8-12 хуудсанд авагдсан  “Шижир болор” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-д заасан шаардлага хангаагүй байгааг тэмдэглэж байна.

Иймд талуудад эрх үүрэг танилцуулж, маргааны бүхий л үйл баримтыг тодруулж мэтгэлцэх боломжоор хангасны үндсэн дээр хэргийн үйл баримтыг тухайлбал урьдчилгааг хэн төлсөн, гэрээний зүйлийг хэн хүлээж авсан гэх үйл явдлыг тогтоолгүйгээр хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй байхад талуудын хооронд худалдан худалдах авах гэрээ байгуулсан гэж хэргийг шүүх шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316.700 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргуулж түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            О.НАРАНГЭРЭЛ 

                              ШҮҮГЧИД                                                           Л.АМАРСАНАА

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ