Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0531

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Д.А оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэртэй, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ахуй, нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2018 онд дагаж мөрдөж байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, 2018 онд буюу газар эзэмшүүлэхээр захирамж гарах үед газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших гэрээний үндсэн дээр үүсдэг байсан. Иймд нэхэмжлэгч “Д” ХХК нь газар эзэмших гэрээ байгуулаагүй учир газрын төлбөр төлөх үүрэг 2018 онд үүсээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Газрын төлбөрийг газар эзэмшиж, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын бүртгэлийн мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаар оруулсан өдрөөс эхлэн газрын төлбөрийг тооцохоор хуульчилжээ.

Хариуцагч нь иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй газрын төлбөр шаардах эрх үүсээгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 10.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, дараах үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэлээ.

“Д” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “1/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

2/ Гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

3/ Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даалгах,

4/ Гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ахуй, нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

  1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурьдсан хариуцагчийн эс үйлдэхүй, түүнд холбогдуулан гаргасан даалгах шаардлагуудын тухайд ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, түүний хууль зүйн үндэслэл зэргийг дүгнээгүй байна. Гэсэн атлаа цаг хугацааны хувьд сүүд нь гарсан захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжид дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5, 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцэхгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн а/1176 дугаар захирамжаар /хавсралтын 71 дүгээрт/ “Д” ХХК-н эзэмшил газрын хэмжээг 1500000 мкв хэмжээг 1481725 мкв болгон багасгаж, мөн захирамжийн 2 дахь заалтаар  “... холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Б/-нд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна. Энэхүү захирамж болон Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаартай захирамж гарах хүртэл 1 жил 5 сар 13 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд Нийслэлийн Газрын албаны зүгээс  холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан эсэх нь тодорхойгүй байна.  Энэ талаар ямар нэгэн дүгнэлт анхан шатны шүүхээс хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянах бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангуулах гомдол гаргасан.

Гэвч  анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч шийдвэрлээгүй, шаардлагыг эцсийн байдлаар тодруулан хэргийг хянан хэлэлцсэн боловч ямар үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг гомдлын хүрээнд хянах, алдааг засах боломжгүй юм.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна”, 56.1.3-д “Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/1176 дугаар захирамжийн 2 дахь заалтад “Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалган” шийдвэрлэжээ.

Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн “... Гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг 2018 онд үүсээгүй” гэж маргаж буй маргаан бүхий захирамжийн гол үндэслэл, мөн “гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Аж ахуй, нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй байна.  

Тодруулбал, нотлох баримт цуглуулах үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлэх бөгөөд энэ үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагууд, түүний үндэслэлд холбогдох баримтыг дутуу цуглуулсан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй юм.

Шүүх маргааны талаарх баримтыг бүрэн цуглуулан, нөхцөл байдлыг зөв тодруулан, нэхэмжлэлийн шаардлагуудыг холбогдох баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох учиртай.  

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

                   ШҮҮГЧ                                                          Н.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР