Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 33

 

“Гобитекс” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00586/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1534 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Монгол овогтой Ц-ийн М-т холбогдох

         “4.728.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ц.М-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул  оролцов.

          Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-аас:

          Манай компани ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 6 дугаар байрыг өмчлөгч /ОХУ/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Уг байрны 5-11 тоотын орон сууцыг сарын 100.000 төгрөгийн хөлстэй, 1 жилийн хугацаатайгаар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг Ц.М-тэй байгуулан түүнд хөлслүүлсэн. Ц.М- нь орон сууцыг эзэмшиж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм. Иймд хариуцагчаас байрны хөлс 2.849.000 төгрөг, алданги 1.424.500 төгрөг нотлох баримтыг нотариатаар батлуулсан зардал болох 5.000 төгрөг нийт 4.278.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ц.М-ээс:

2009 онд “Гобитекс” ХХК-тай гэрээ хийж ОХУ-ын өмч болох 6 дугаар байрны 5-11 тоотод орсон юм. Анх ороход бид түрээсийн төлбөрийг сард 60.000 төгрөг төлөхөөр 6 сарын хугацаатайгаар гэрээ хийсэн.

Энэ компани ОХУ-ын байрыг эзэмшиж бусдад дамжуулан түрээслүүлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй. 2013 оны 04 дүгээр сард цахилгаан таслаад 3 жил болж байна. “Гобитекс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

“Гобитекс” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагчийг Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 6 дугаар байрны 5-11 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх,  2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл орон сууц эзэмшсэний төлбөр 600.000 төгрөг, цахилгааны төлбөр 3.600 төгрөг нийт 603.600 төгрөгийг хариуцагчаас нэмэгдүүлэн гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.М- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

           ОХУ, “Гобитекс” ХХК-ийн хооронд 2005 онд хийгдсэн 524 тоот гэрээ болон түүнийг сунгасан гэх хэлэлцээрт байрны оршин суугчдыг байрнаас албадан чөлөөлүүлэх талаар асуудал тусгагдаагүй “Гобитекс” ХХК нь иргэн Ц.М- надтай хийсэн гэрээндээ өөртөө олгогдоогүй эрхийг эдэлж бусдын /ОХУ-ын/ өмчийг надаас бүхлээр нь шаардаж нүүлгэн гаргуулах талаар хууль бус заалт оруулсан нь үндэслэлгүй. Иймд албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Гобитекс” ХХК нь 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл орон сууц эзэмшсэний төлбөр 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг нийт 603,600 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. Би хэдийгээр энэ орон сууцыг эзэмшээд сууж байгаа нь үнэн боловч “Гобитекс” ХХК нь иргэн бидний эрхийг ноцтой зөрчиж, төлсөн төлбөр түрээсийн мөнгийг алдангид тооцож авч өртүүлдэг болсон учраас би энэ байгууллагын өмнө үүрэг хүлээхгүй гэж гэрээ хийгээгүй, би ОХУ-ын өмчид амьдарч байгаа “Гобитекс” ХХК надтай 2014 оноос хойш гэрээний харилцаа үүсээгүй тул төлөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1534 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4-т зааснаар хариуцагч Ц.М-ийн эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг 6 дугаар байрны 5-11 тоот орон сууцыг чөлөөлж, хариуцагчаас 3.728.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.153.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.166 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-ээс 74.606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.М- давж заалдсан гомдолдоо:

            “Гобитекс” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу  төлбөр мөнгөө цаг хугацаанд нь төлж байсан. Би гэрээ байгуулсан хугацааны төлбөр 549.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээ байгуулаагүй буюу ус, дулаан, цахилгаангүй байсан хугацааны төлбөр 2.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ дуусгавар болох үед “Гобитекс” ХХК-аас гэрээний 5.3-т заасны дагуу бидэнд гэрээг цуцлах болон сунгах санал тавиагүй. Гэрээ байгуулагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нотариатын зардал 5.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баримтыг нэхэмжлэгч тал өөрөө бүрдүүлж шүүхэд өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК хариуцагч Ц.М-т холбогдуулан  орон сууцны хөлс  2.848.000  төгрөг, алданги 1.424.500 төгрөг, нотлох баримт гэрчлүүлсний зардал 5000 төгрөг, нийт  4.278.500  төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Ц.М-ийн эзэмшлээс  Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 6 дугаар байрны 5-11 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 600.000 төгрөг, цахилгааны төлбөр 3.600 төгрөг, нийт 603.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлжээ.

Хариуцагч гэрээ байгуулсан хугацааны төлбөр 549.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  “Гобитекс” ХХК-тай 2014 оноос хойш гэрээний харилцаа үүсээгүй, гэрээндээ өөртөө олгогдоогүй эрхийг эдэлж бусдын /ОХУ-ын/ өмчийг надаас бүхлээр нь шаардаж нүүлгэн гаргуулах нь үндэслэлгүй, гэрээ байгуулаагүй буюу ус, дулаан, цахилгаангүй байсан хугацааны төлбөр 2.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.М-ийн эзэмшлээс Дархан сум, 4 дүгээр баг, 6 дугаар байрны 5-11 тоот орон сууцыг чөлөөлж, хариуцагчаас байрны хөлс 3.448.000 төгрөг, алданги 274.500 төгрөг,  нотариатын зардал 5000 төгрөг, нийт 3.728.500 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн цахилгааны төлбөр 3600 төгрөг,  алданги 1.150.000 төгрөг нийт 1.153.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн баримтыг бүхэлд нь хянахад “Гобитекс” ХХК  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын  22 дугаар хорооллын  4 ба 6 дугаар  байруудыг Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр  эзэмшиж,  бусдад  дамжуулан  хөлслүүлж  ашигладаг  ба  Ц.М-т  2013 оны 06 дугаар сарын  11-ний  өдөр 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын  6 дугаар байрны  5-11 тоот  орон сууцыг  хөлслүүлж, 2013 оны  10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  сарын 90.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш  сарын  100.000 төгрөгөөр хөлсүүлэх, хэрэглэсэн цахилгааны  төлбөрийг  харилцан  тохиролцсон   байна.

“Гобитекс” ХХК-ийн 2005  оны  9 дүгээр сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсын  Ерөнхийлөгчийн  Хэрэг эрхлэх  газрын  дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийн газар”-тай  байгуулсан   524 тоот  түрээсийн гэрээ /хх 23-28 дугаар хуудас/,  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  хэлцэл №3  /хх 29-30 дүгээр  хуудас/, “Гобитекс”  ХХК  иргэн  Ц.М-  нарын  хооронд   байгуулсан  “Орон сууц хөлслөх гэрээ” /хх 6 дугаар  хуудас/ нь Иргэний хуулийн  302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт  заасан  шаардлагад  нийцсэн,  хуулийн хүчин төгөлдөр   гэрээ  гэж  үзэх үндэслэлтэй   байна.

Орон сууц хөлслөх  гэрээний дагуу хөлслүүлэгч  “Гобитекс”  ХХК нь  хөлслөгч  Ц.М-ээс хөлс төлөхийг  шаардах  эрхтэй  болно.

Түрээсийн гэрээ  болон  орон сууц  хөлслөх гэрээнүүдийн  хугацаа  дууссан  хэдий боловч гэрээний талууд  гэрээг цуцлах талаар санал тавиагүй, хөлслөгч эд хөрөнгө буюу орон сууцыг хөлслүүлэгчид  буцааж шилжүүлээгүй  үргэлжлүүлэн  эзэмшсээр   байгаа  тохиолдолд  тул уг гэрээнүүд нь  Иргэний хуулийн  296 дугаар  зүйлийн 296.1.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж тооцох  үндэслэлтэй тул хариуцагчийн гэрээ байгуулаагүй буюу ус, дулаан, цахилгаангүй байсан хугацааны төлбөр 2.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  татгалзаж  буй  үндэслэлээ  төлбөрт  өгсөн мөнгийг алдангид суутгаж авснаас  өр төлбөр  үүссэн  гэж  тайлбарлаж  байгаа нь  төлбөрт хэдэн  төгрөг  төлснөө  бүрэн  нотолж чадаагүй  учир  нэхэмжлэгчийн ирүүлсэн  нотлох баримтаар төлсөн төлбөрийн хэмжээгээр   нотлогдсон  гэж дүгнэж  байна.

Иргэний хуулийн  289 дүгээр зүйлийн 289.2.1-д  хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс  татгалзах эрхтэй, гэхдээ  мөн хуулийн 289 дүгээр зүйлийн  289.1.2-т  эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх  үүрэгтэй, хөлслөгч үүргээ биелүүлсэн байхад нь  цахилгааныг  тасалж, цахилгаанаар хангахгүй  байх зэргээр хуулинд заасан бусад эрхийг зөрчсөн бол  хөлс төлөхгүй  байх боломжтой юм. 

Харин  хөлслөгч Ц.М-  орон сууц, цахилгааны төлбөрийг  гэрээнд  заасан хугацаанд  төлөөгүйн  улмаас   цахилгаан тасалсан  үр дагавар  үүссэн  явдалд  хөлслөгчийг  буруутгах  үндэслэлгүй  байна.

Түүнчлэн тус байрны  ус, цахилгаан, дулаанаар  хангах  гэрээг  өмчлөгч  болон хангагч  байгууллагын зөвшөөрөлгүйгээр  шийдвэрлэх  боломжгүй, түрээсийн  үнийг  гэрээний  талуудын  тохиролцоогоор тогтоодог  учиртай.

Хариуцагч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад нотлох баримт гэрчлүүлсний зардалд 5000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцсэн байгаа тул нотариатын зардал 5.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол няцаагдаж байна.

Анхан шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагавар гэж үзэж Иргэний хуулийн 295 дүгээр зүйлийг 295.1, 295.4 дэх заалтыг энэхүү маргаанд хэрэглэсэн нь хуулийн хэрэглээний хувьд буруу болжээ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийг 294.2.1-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй ...гэм буруутай бол нөгөө талын санаачлагаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох боловч нэхэмжлэгч тал 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээг цуцлах тухай хариуцагчид 3 сарын өмнө  294 дүгээр зүйлийн 294.6-д зааснаар бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх тухайн харилцаанд хамааралтай хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй, нэхэмжлэгч тал хуульд заасан журам зөрчсөн байхад хариуцагч Ц.М-ээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1534 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад,

“Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 294 дүгээр зүйлийн 294.3, 294.6-т зааснаар хариуцагчаас 3.728.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.153.600 төгрөг болон Ц.М-ийн эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 6 дугаар байрны 5-11 тоот орон сууцыг чөлөөлөх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Ц.М-т олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            О.НАРАНГЭРЭЛ  

                              ШҮҮГЧИД                                                           Л.АМАРСАНАА

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ