Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0218/З |
Дугаар | 221/МА2021/0509 |
Огноо | 2021-09-16 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2021/0509
Р.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.Б-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Б-гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 5 дахь талд хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж зааснаар зөрчлийг нотлох гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох, тухайн хүн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоох үүргээ биелүүлээгүй байна” гэжээ.
Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/31212 дугаартай албан бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт “Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Р.Б нь “хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” гэх мэдээллийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2011001345 дугаар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Тус хэлтсээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр хандаж хариуг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3088 дугаар албан бичгээр Р.Б-гийн гаргасан мөнгөн хандивын тайлангийн хувь сонгуулийн хандивын дансны хууль, мөн прокурорын зөвшөөрлийн дагуу нэр дэвшигчийн хувийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/369 албан бичгээр авсан, татварын удирдлагын нэгдсэн системээс Р.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг авч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж, Монгол улсын ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив, 12 дугаар зүйлийн 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно” гэж, энэ журмын 11.1.1, 11.1.3-т заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүл” гэж заасныг тус тус зөрчсөн.
Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Р.Б-гийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөнгөн хандивын тайлан, банкны хуулга зэрэг нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тухай хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад тайлбарлахад шүүх үнэлээгүй.
Р.Б-г зөрчил гаргасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий акт болох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дугаар шийтгэлийн хуудсаар Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн Р.Б-г шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.
Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, мэдүүлэг өгөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах гэх зэрэг эрхүүдийг зөрчсөнөөс гадна ... шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй гэх зөрчлийг гаргаагүй...” гэж, хариуцагчаас “...удаа дараа залгахад утсаа авдаггүй тул холбогдох зурвас, и.мэйл хаягаар харилцаж, түүнд мэдэгдсэн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.
Хариуцагчаас Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан бичиг зэргийг үндэслэн, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт “Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Р.Б-г “хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд холбогдох зөрчлийг гаргасан болох нь Р.Б-гийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөнгөн хандивын тайлан, бусад бичмэл нотлох баримтаар тогтоогдсон байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, 54 дүгээр зүйлийн 54.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж хуульчилсанаас гадна, Монгол улсын ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зарлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээллэх, танилцуулах журмын 11, 12 дугаар зүйлд “нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгохоор журамлаж, сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх” гэж заасныг гомдол гаргагч Р.Б зөрчсөн тул “шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй” гэх зөрчлийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдлыг тусгаж өгсөн бөгөөд 58.1-д “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ” гэж, 58.2.1-д “нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих” гэж тус тус зааснаар сонгуулийн зардлын тайланд хяналт хэрэгжүүлж, сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийг нэгтгэсэн аудитын тайланг audit.mn цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлсэн нь “Р.Б-гийн ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч Р.Б-тай 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр утсаар холбогдож “Үндэсний аудитын газраас таныг хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх мэдээлэл ирсэн энэ талаар та татварын албанд ирж уулзана уу” гэх утсаар ярьсан тэмдэглэл, мөн түүний “9911-8576” утасны дугаар руу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явуулсан зурвас, [email protected] и.мэйл хаяг руу явуулсан баримт зэргээс үзвэл, гомдол гаргагч Р.Б-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэгдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхээр хангасан байна.
Тус зөрчлийг шалган шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О нь нэр дэвшигч Р.Б-д холбогдох зөрчлийн мэдээллийг шалган шийдвэрлэхдээ түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Харин эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нь холбогдогчийн үүрэг байх бөгөөд үүргээ биелүүлээгүй нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан тул “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хангаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Р.Б-гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасан” анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь Р.Б-д холбогдох зөрчлийг тогтоож, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, Р.Б-гийн гаргасан “шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Р.Б-гийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН