Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
Хэргийн индекс | 135/2015/01475/и |
Дугаар | 34 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 34
Т.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2015/01475/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хавхаа овогт Т-ийн Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Харчин овогт Ц-ын Ш-, Харчин овогт Д-ийн Б- нарт холбогдох
“зээл, зээлийн хүү 14.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг
Хариуцагч Ц.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.Б- болон Ц.Ш- нартай зээлийн гэрээ бичгээр хийж 5.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр 2012-6-12-нд зээлдүүлсэн юм. Д.Б- болон Ц.Ш- нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьсаар хамгийн сүүлд 2012 оны 11 дүгээр сарын 11-нд хүүгийн мөнгө болох 250.000 төгрөг өгөөд ахиж уулзаагүй зугатсаар 3 жил өнгөрлөө. Нэхэмжлэгчийн мөнгөний хүүг 2012 оны 12 дугаар сараас эхлэн тооцов. Дараа нь 2013 оны 3 дугаар сарын сүүлээр миний хүү Х.Өнөрзаяа, Д.Б-, түүний эхнэр Ц.Ш-, түүний охин Гансувд нартай гэрт нь очиж уулзан гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардан нэхэмжилсэн боловч өгөөгүй ба миний хүү Х.Өнөрзаяа уулзахдаа нэмэлт баримт болгон видио бичлэг хийж, уулзалт ярилцлагыг баталгаажуулсан болно. Иймд хариуцагч Д.Б- болон Ц.Ш- нараас үндсэн зээл 5.000.000 төгрөг, түүний хүү 9.000.000 төгрөг, бүгд 14.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
2012 онд 5 сая төгрөг дээр хүү 1,5 сая төгрөг өгье гэхээр нь өгөөд явуулсан. Хүүнд нь 1.485.000 төгрөг авсан. Ц.Ш-т 2.700.000 төгрөг, Д.Б-од 2.300.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг өгсөн. Энэ хүмүүс гэр бүлийн хүмүүс. Ц.Ш-тай 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.700.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 0,5 хувиар алданги тооцохоор байгуулсан. Энэ гэрээний дагуу үндсэн төлбөр 2.700.000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг, нийт 4.050.000 төгрөгийг, хариуцагч Д.Б-од 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.300.000 төгрөг өгсөн тул Ц.Ш-аас 4.050.000 төгрөг, Д.Б-оос 2.300.000 төгрөг нийт 6.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.
Хариуцагч Ц.Ш-, Д.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:
Ц.Ш- 2.700.000 төгрөг, хариуцагч Д.Б- 2.300.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг авсан нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алданги 1.350.000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц.Ш-аас үндсэн зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, хариуцагч Д.Б-оос 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Х-т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ш-, Д.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 116.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч Ц.Ш-аас алданги 1.350.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд Ц.Ш- нь зүрх судасны хүнд өвчтэй, хэвтрийн дэглэмд байдаг, өндөр насны тэтгэвэрт гарсан тэтгэврийн мөнгийг 2018 он дуустал зээлж авсан. Одоогоор ямар ч орлогогүй төлбөрийн чадваргүй байгаа тухай шүүхэд нотлох баримтаа гаргаж алдангаас чөлөөлж өгөхийг хүссэн боловч шүүх алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцож гаргуулсанд гомдолтой байна.
Иймд Ц.Ш-ын эрүүл мэндийн байдал, төлбөрийн чадваргүй байгаа байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн алдангаас чөлөөлөх буюу алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Т.Х- нь Д.Б-, Ц.Ш- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Д.Б-ооос 2.300.000 төгрөг, Ц.Ш-аас зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Хариуцагч нар үндсэн зээл 5.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч хүү 9.000.000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын алданги 1.350.000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх зохигчдын дунд болсон харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Д.Б-оос 2.300.000 төгрөг, Ц.Ш-аас 4.050.000 төгрөг гаргуулж Т.Х-т олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Ц.Ш- 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2.700.000 төгрөг \хх-6 дугаар тал\ Д.Б- 2.300.000 төгрөг зээлж \хх-4 дүгээр тал\ , 2011-2012 он хүртэл хугацаанд зээлдэгч нар нийт 1.485.000 төгрөгийг хүүд төлжээ.
Зээлдэгч Ц.Ш- “...зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр...” тохирсон \хх-6 дугаар тал \ нэхэмжлэгч зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн дүнг үндсэн зээл 2.700.000 төгрөг гэж тодорхойлж үүний алданги 1.350.000 төгрөг шаардсан нь гэрээ болон алдангийн талаарх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан эрх зүйн хэм хэмжээний дагуу байх тул шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэдэг нь гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу, зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан үзнэ гэсэн зохицуулалт ба харин төлбөрийн чадваргүй, өвчтэй зэрэг байдал нь хуулийн энэ шаардлагад хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй байх тул уг алдааг шийдвэрт өөрчлөлт оруулан засах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагаас 7.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35.750 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ