Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0510

 

  “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.М нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 475 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2-д заасныг тус тус баримтлан Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Н-гийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050245 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З давж заалдах гомдолдоо: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн ал нэгийг гаргана”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заажээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “Ч” ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалтыг хийж улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/051/005, 2020/051/002 дугаар улсын байцаагчийн актууд гарсан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зөрчлийн хэрэг нээхээр байсан.

Гэтэл энэхүү нөхцөл байдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч улсын байцаагч зөрчлийг илрүүлснээс хойш зөрчлийг арилгах үүрэг өгсөн албан бичгүүдийг хүргүүлж, зөрчлөө арилгаагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэргийг нээсэн нь зөв байна гэх байдлаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан.

Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө тусгайлсан хуулиар зохицуулагдаж, энэхүү хуульд тухайн процесс ажиллагааг хэрхэн зохицуулж хуульчилсан түүний дагуу явах байтал хуульд заагдаагүй зөрчлөө арилгах албан шаардлага нь хэрэг нээх хугацааг сунгаж, зөрчлийн хэрэг бүртгэлийг хариуцан ажиллаж буй эрх бүхий албан тушаалтанд давуу байдал олгох ёсгүй юм.

Монголбанкны улсын байцаагч Ц.Н нь “Ч” ХХК-д газар дээр хийсэн хяналт шалгалтаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актыг үйлдэж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зөрчил гаргагчид цахим шуудан явуулсан байдаг. Энэхүү цахим шуудандаа зөрчлийн хэрэг нээсэн тухай тэмдэглэл, оролцогчоос мэдүүлэг авах файл, мэдүүлгийн хуудас бөглөж ирүүлэх зэрэг ажиллагааг хийсэн.

Цахим шуудангийн дагуу зөрчил гаргагчаас хууль ёсны төлөөлөгчийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр томилж Монголбанк-д хүргүүлдэг. Гэтэл үүнээс хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар эрх бүхий албан тушаалтаны зүгээс “Ч” ХХК-д болоод түүнээс томилж ирүүлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ямар нэг байдлаар дуудсан, мэдэгдсэн зүйлгүй байснаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдлийг банкны хаалгач өгсөн байдаг ойлгомжгүй байдлыг үүсгэсэн.

Гомдол гаргагчийн зүгээс Монголбанкны хянан шалгагчийн ирүүлсэн цахим шуудангийн дагуу зөрчлийн хэргийг 2020 оны 10 дугаар сард нээгдсэн хэмээн үзэж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү банкыг төлөөлөх этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Монголбанкны хянан шалгагч Ц.Н-гийн Зөрчлийн хэрэг нээх тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 2101000009 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтаны Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2101000009 дугаар тогтоолоор 14 хоногоор сунгасан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааны зохицуулалт байх бөгөөд энэхүү зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна” 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 15 хоногийн хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлийг хийсэн байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байсан. Энэхүү нөхцөл байдлыг шүүх хуулийг буруу тайлбарлаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажлыг дуусгаж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн шийтгэвэрийг ногдуулсан. Гэтэл хэрэг бүртгэлийн материалыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Б гэх этгээдэд танилцуулсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан

“Ч” ХХК-ийн зүгээс хууль ёсны төлөөлөгчөөр Б.Т-ыг өмгөөлөгчөөр Ө.З-г авч Монголбанк-д хүргүүлсэн байхад хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, мөн зөрчлийн шийтгэвэр гарсаны дараа эрх олгогдоогүй этгээдэд танилцуулах оролдлого хийсэн байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж эрх бүхий албан тушаалтанд давуу байдлыг олгосон нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээв.

Гомдол гаргагч “Ч” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Н-гийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0050245 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжаар хариуцагч хянан шалгагч, улсын байцаагч Э.Нямдэлэг нь “Ч” ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалтыг хийж, шалгалтаар “Ч” ХХК-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа алдагдсан, төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангаагүй зөрчил илэрсэн гэж, “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа алдагдсан тухай” 2020/051/002 дугаар, “Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа хангаагүй тухай” 2020/051/005 дугаар улсын байцаагчийн акт тогтоож, улмаар тус зөрчлийг арилгуулахаар “Ч” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, холбогдох баримтыг ирүүлэхийг шаардаж, “Ч” ХХК нь актаар тавигдсан зөрчлөө арилгаагүй үндэслэлээр улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, гомдол гаргагчид зөрчлийн хэрэг нээсэн тухайгаа болон тухайн хуулийн этгээдийг төлөөлж мэдүүлэг, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх ажилтныг томилж ирүүлэхийг мэдэгдэж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050245 дугаар шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...тухайн зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зөрчлийн хэрэг нээхээр байсан, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэргийг нээсэн нь буруу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан...” гэж маргаж, зөрчил гаргасан эсэх, зөрчлийн дүн, торгуулийн хэмжээтэй маргаангүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-д Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолохоор, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 6.8 дугаар зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-д Хугацаа тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж тус тус зааж, хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000009 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2101000009 дүгээр тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгаж, үүний дараа Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3/09 дүгээр тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 30 хоногоор тус тус сунгасан болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зөрчлийн хэрэг нээхээр байсан...” гэх утга бүхий гомдол тогтоогдсонгүй.

Түүнчлэн Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А-6/120 дугаар албан бичгээр “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г-т хандаж зөрчлийн хэрэг нээж байгааг танилцуулж, уг зөрчлийн хэрэгт “Ч” ХХК-ийг төлөөлж мэдүүлэг, тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх ажилтаныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэхийг мэдэгдэж, уг албан бичгийг гомдол гаргагч тухайн өдрөө хүлээн авсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд холбогдогч “Ч” ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, холбогдох хэргийн материалтай танилцаж, нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байжээ. Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул гомдол гаргагчийн “...зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой...” гэх давж заалдах гомдол тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийг томилж, тайлбар, мэдүүлэг аваагүй, түүнд эрх үүргийг нь танилцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй зэрэг зөрчил нь гомдол гаргагчийн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1, 16.1.2, Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 3.2, 5.3 дахь заалтыг зөрчсөн буюу тогтоогдсон зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН