Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00663

 

Г.Х, Г.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00430 дугаар магадлалтай,

Г.Х, Г.А нарын нэхэмжлэлтэй,

Ч.Я-д холбогдох,

Гэм хорын хохиролд 64.183.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ч.Я-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, Э.Гантулга,  хариуцагч Ч.Я-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Х, Г.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Я- нь 2015 оны 08 сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 хороо 1 дүгээр хороолол 14,16 дугаар байрны орчим Г.Хийг охины хамт явж байхад машинаараа дайрч, хохирол учруулсан. Г.Х үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болж, охин Г.Амин-Эрдэнийн толгой нь өвдөж, хэл ярианы хөгжилгүй болсон. Г.Хийн эмчилгээ оношилгооны зардал 7767 ам.доллар, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.долллар буюу 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959.900 төгрөг, Г.Амин-Эрдэнийн эмчилгээ оношилгооны зардал 7767 ам.доллар, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 75.000 төгрөг, З.Гантулга /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959.900 төгрөг, Бүрэнзаяа /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180 ам.доллар, 10 хоногийн 1800 ам.доллар, онгоцны зардал 959.900 төгрөг, 1 ам.долларыг 2452 төгрөгөөр тооцоход нийт 58.698.468 төгрөг, Ч.Я-д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 02 сарын 22-ны өдрийн №2-608 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу эцэслэн шийдвэрлэсэн ба Г.Х болон охин Г.А нар 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан бодит зардал 2.220.798 төгрөг, Г.Х 2015 оны 08 сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл 17 capын хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлсөнд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож 3.264.000 төгрөг, нийт 64.183.266 төгрөгийг Ч.Я-гаас гаргуулахаар шүүхэд хандсан. Эмчийн бичсэн жорын дагуу эм, тариа авч байсан тухай нотлох баримтууд болон Солонгос улсад эмчлүүлэхэд шаардагдах мөнгөн төлбөрийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Я- шүүхэд гаргасан тайлбартаа: ТЭЗ 4-н машин явдаг, явган хүн явахад зориулагдсан нэг чиглэлийн урсгалтай байнга машин явдаг замаар 2015 оны 08 сарын 08-ны өдөр би машин жолоодож явахад замын хойд буланд байрлалтай дэлгүүр, дэлгүүрийн зүүн буланд том оврын машин зогсож зам халхалсан үед дэлгүүрийн зүүн булангаар зүүн гар тийш эргэхэд машин явдаг зам дагуу Г.Х хүүхдээ тэврээд явж байсан. Тэр мөчид би тоормос гишгэж машиныг зогсоож аюулгүй байдлыг хангах ёстой байсан боловч сандран цочирдож хааз гишгэж хурдаа нэмж явган зорчигч Г.Хийг мөргөсөн. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар 3.675.950 төгрөгийг төлсөн. Г.Хийн нэхэмжлэлд хавсаргасан эмнэлгийн бичиг баримт, 2015 оны 8 сард гарсан шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг одоо хүчингүй болсон. Эрүүгийн хэрэгт авагдсан 6 ширхэг хуурамч баримтаар 155 л бензиний үнэ 258.000 төгрөг илүү төлүүлснийг Г.Хээр буцааж төлүүлэх хүсэлтэй байна. Г.Х, Г.А нарын 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан 2.220.798 төгрөг нь шүүхийн 2015 оны 08 сарын 14-ний өдрийн акт болон гэмтэл согог судлалын үндэсний төвийн мөн өдрийн гэмтлийн дүгнэлтэд хамааралгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Я-гаас 58.808.002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х, Г.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.375.264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ч.Я-гаас 451.990 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00430 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451.990 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Я- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх эрх мэдлийн хуулийн 50-р зүйлийн 2-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

БГД, ХУД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 27-ны 1117-р шийтгэх тогтоолоор нотлох баримтын шаардлага хангасан 3.675.950 төгрөг Ч.Я- төлсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүйг шүүх хурлаас тогтоосон. СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 4 сарын 10-ны 9:00 цагт хуралтайг мэдэгдсэний дагуу миний бие 9:20 цагт ирж 20 минут хожимдож/ шарга морьтын зуслангаас ирэхэд замын түгжрэлээс/ ирээд хуралд орох гэхэд шүүгч Д.Солонго шаардлагагүй гээд хуралд оруулаагүй. СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 10-ны хурлаас ямар шийдвэр гаргасан тухай хариуцагч Ч.Я- надад мэдэгдсэн зүйл нэг ч байгаагүй байтал 2017 оны 9 сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч М.Хажидмаа миний байрыг битүүмжилж 58.800.000 төгрөгийг Г.Хт төлөх төлбөрийн хугацаатай хуудас надад өгсөн. БГД, ХУД, СХД-ийн ИХАШШ-ийн 2015 оны 11 сарын 27-ны 1117-р шийтгэх тогтоолын хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 сарын 14-ний акт, дүгнэлт, зурагнуудыг дахин хуулбарлан баримт болгож хавтаст хэрэгт авсан. СБД-ийн ИХАШШ-ын 2017-04-01-ний 181/ШШ2017/01014 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228.4-т зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлбөр 53.323.204 төгрөгийг хариуцагч Ч.Я-гаар төлүүлэхээр тогтоосон. Энэ нь зуучлагч болон аяллын бүх давхар зардлыг багтаасан.

Хариуцагч Ч.Я- би дараах хуулийн заалтууд, баримтуудыг хянуулах хүсэлтэй байна. Үүнд: Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24.2, Засгийн газрын 2011 оны 226-р тогтоол, эрүүл мэндийн тухай хуулийн 8-р зүйлийн 2,3 дахь заалтыг үндэслэн Монгол улсын эрүүл мэндийн яамны сайдын 2017.09.21 -ний А/370-р тушаалаар батлагдсан Монгол улсад эмчлэх боломжгүй “гэмтэл согог” мөн болохыг нотолж Г.Х, Г.А нар Солонгос улсад зайлшгүй шаардлагаар оношилгоо шинжилгээ хийлгэх эмнэлгийн комиссын дүгнэлт гаргуулах, тархины хатингаршил, үнэрлэх мэдрэлийн хатингаршил, эмгэгийн эмчилгээг Монголд хийх боломжтой гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.25-ны 171 "А" дүгнэлтээр тогтоосон. Г.Х, Г.А нарын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн-ийн 2015.08.14-ний 11700, 11699-р акт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015.08.14-ний 8639, 8571 тоот гэмтлийн дүгнэлтийг үндэслэн өнгөрсөн хоёр жил 8 сарын хугацааны эмчилгээний эдгэрэлтийн түвшин тогтоолгох, нэхэмжпэгч Г.Х Иргэний хуулийн 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй эсэх.

Хариуцагч Ч.Я- дараах баримтуудыг хянуулах: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн-ийн 2015.08.14-ний 8639 тоот гэмтлийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээний эдгэрэлтийн түвшин тогтоолт, гэмтлийн фуппээр тогтоогдсон тэтгэмжийн мөнгөн олговор, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын зөрүүгээр төлбөр тогтоогдох ёстой гэтэл /17 сар х192 000/=3.264.000 төгрөгний төлбөр тогтоосон. Дүүргийн эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссоос гэмтэл согогын эдгэрэлтийн хугацаа, хувь, тогтоосон акт, нэхэмжлэгч Г.Х. Г.А нарын 2015.11.15-ны өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан 2.220.798 төгрөг. Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.27-ний 1117-р шийтгэх тогтоолоор төлөгдсөн төлбөрийн зарим хэсгийн дахин төлүүлэхээр баримт бүрдүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг Ч.Я- надад үзүүлээгүй. Эцэст нь дээр дурдсан Монгол улсын хууль, анагаах ухааны оношилгоо, шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсон “гэмтэл согог" ялангуяа хүүхэдтэй холбогдож гарсан гэмтлийн хохирлыг зайлшгүй төлөх хариуцагч миний хууль ёсны үүрэг гэдгээ ойлгож 2017 оны 9 сараас хойш миний тэтгэвэр, хишгийн мөнгийг 100% авч байгаа цаашид битүүмжилсэн байраа өгөхөд татгалзахгүй гагцхүү бодит үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд бензиний тооцоо, эмчилгээний тооцоо, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийн тооцоо, судалгаанд дүгнэлт хийжСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар хариуцагч Ч.Я-гаас 64.183.266 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ч.Я- нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сузуки маркийн 82-35 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Х, Г.А нарт хүнд гэмтэл учруулсан, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1117 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, улмаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба эмчилгээний зардалд 3.675.950 төгрөг төлсөн талаар тогтоолд дурджээ /хэргийн 7-13 дугаар тал/.   

Гэмтлийн улмаас Г.Хт тархины хүнд гэмтлийн дараах их тархины зүүн бөмбөлгийн дух чамархайн эдийн тархи зөөлрөл болон уйланхайжилт өөрчлөлт, зүүн дух чамархайн хэсгийн тархины эдийн хатингаршил, үнэрлэх мэдрэлийн хатингаршил, сонсгол бууралт, тархины эдийн дараах сэтгэцийн эмгэг болох өмнөх ойгүйдэл,  Г.Ад гавал, тархины гэмтлийн дараах үлдэц, хэл сэтгэхүйн хоцрогдол тус тус үүссэн, гэмтлийн дараах хүндрэл бүрэн илэрч дуусаагүй, цаашид нэмэгдэж илрэх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Ослоос хойш нэхэмжлэгч нар удаа дараа эмнэлэгт хэвтэх зэргээр эмчлүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, цаашид  дээрх байдлуудыг хянах, нарийвчилсан оношилгоо, нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай, уг эмчилгээг Монгол улсад хийх боломжтой ч үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй талаар шинжээч дүгнэлтдээ дурджээ /хэргийн 116-120 дугаар тал/.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь Солонгос улсад хийлгэх эмчилгээ болон бусад зардал нэхэмжилсэн ба  уг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч нь “...аюулгүй байдлыг хангаж явах ёстой боловч сандарч цочирдсоноос хааз гишгэж хурдаа нэмж явган зорчигчийг мөргөсөн, энэ нь миний 79 настай холбоотой, ...гэвч Г.Х явган хүний замаар явалгүй, машины зам дагаж явсан буруутай тул төлбөрийг тавин хувиар хариуцна...”  гэсэн тайлбар  гаргажээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар зам тээврийн ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч Ч.Я- гэм буруутай болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр  дүгнэлт өгч, хариуцагчаас 58.808.002  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нар гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зардлыг хариуцагчаас шаардсан нь хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулахдаа  эрх үүргийг  тайлбарлан өгсөн,  тэрээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материал болон шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01014 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00430 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.Я-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 451.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ