| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2017/0507/э |
| Дугаар | 897 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 897
Д.Мод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Дэлгэрмаа,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
хохирогч С.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Эгийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Мод холбогдох 1711003000086 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чива овгийн Дамдины Д.М, Улаанбаатар хотод 1971 оны 2 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, Нийтийн хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 21-62 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХА71021113/,
Д.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд гэр бүлийн гишүүн С.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирлын нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Эгийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал:
1. Шүүх Д.Мыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд эхнэр С.Этэй маргалдан, цохиж, өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулжээ. Гэтэл хохирогч С.Э нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдолдоо “Д.Мыг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зодсон, гэр бүлийн хүчирхийлэл байнгын шинжтэй болсон тухай” тусгасан байхад Д.Мын 2017 оны 3 дугаар сарын 10-ны үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй бөгөөд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргахад шүүх хүлээж авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн дүгнэлтэд “хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Мын эхнэр С.Эг 2017 оны 3 дугаар сард зодсон гэх, мөн оны 7 дугаар сард зодсон үйлдлүүдийг хэвшмэл шинжтэй буюу байнга зодсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэж байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх хэдэн удаа зодсныг байнга гэж үзэх нь тодорхойгүй бөгөөд хэдийгээр шинэ Эрүүгийн хуулийг тайлбарласан тайлбар байхгүй боловч практикт 2 буюу түүнээс дээш удаа зодсныг байнгын шинжтэй гэж үзэн зүйлчилж ирсэн билээ.
Тэгээд ч шүүх хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн бол прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг анхаарч үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “10.1 дэх хэсгийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” байхад хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч С.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Д.Мыг, өөрийнх нь хуваарьт өмч болох “Ланд круйзер-200” загварын машиныг дүү Д.Нарантуяагийн нэр дээр шилжүүлж, эд хөрөнгөө эзэмших эрхэд нь халдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нотлох баримтыг өгсөн бөгөөд гомдлыг шалгах ажиллагаа хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байхад зөрчлийг засуулахаар хэргийг прокурорт буцаалгүй шийтгэх тогтоолд “мөн шүүгдэгчээс гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан гэх байдал нотлон тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй үйлдлийг нотлогдон тогтоогдоогүй байна гэж, мөн уг үйлдлийг байнгын шинжтэй үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн “байнга” гэсэн ойлголт нь зөвхөн “зодсон” үйлдэлд хамаарахаар ойлгогдож байгаа бөгөөд 1.2, 1.3 дахь хэсэгт хамаарахгүй байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал илэрч байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр бодит бус гарсан. Гэр бүлийн хүчирхийлэл хэд хэдэн зүйл заалтаар үйлдэгдээд байхад мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй.” гэв.
Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн өмгөөлөгчөөс байнга буюу 2 ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар шалгаж өгсөнгүй гэж байна. Энэ нь тухайн үедээ гэр бүлийн хүрээнд “эхнэр нь нөхрөө цаанаасаа хөнжил авчир, хамт унтахгүй” гэсэн хувийн сэдэлттэй маргаанаас үүссэн хэрэг. 2016 оны 3 дугаар сард маргаан болж байсан гэдэг боловч тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байсан гэх баримт байхгүй. Д.Мын үйлдэлд байнга хэвшмэл шинжтэй, 3 ба түүнээс олон удаагийн үйлдэл тогтоогдоогүй учраас хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн.” гэв.
ХЯНАВАЛ:
Д.Мод холбогдох хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.
1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд С.Э нь 2017 оны 3 дугаар сарын 10, 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд нөхөр Д.Мод зодуулсан тухай цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргасан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.М нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох автомашиныг төрсөн дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн талаар мэдүүлсээр байхад зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болсон хэргийг шалгаж, мөн оны 3 дугаар сарын 10-ны үйлдлийг “тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаагүй” үндэслэлээр шалгалгүй орхиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласны зэрэгцээ эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлсэн үйлдлийг шалгах ажиллагааг огт хийгээгүй байна. Энэ талаар өмгөөлөгч А.Ариунаа үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2. Хавтаст хэргээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд С.Эг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байна.
Иймээс хохирогчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин явуулж, дээр дурьдсан байдлуудыг нэмж тодруулан, Д.Мын үйлдэл Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаад бодитой хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мод холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Д.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
М.ПҮРЭВСҮРЭН