Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0536

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.С-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд В.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.С-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 500 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д-нд холбогдох хэсэг болон газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-т газар эзэмшүүлэхийг даалгах, мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-т газар өмчлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “харин уг хэлцэл хүчин төгөлдөр эсэх, уг маргаан бүхий газрыг худалдаж, худалдан авахтай холбоотой үйл баримт хуульд нийцсэн эсэхийг ердийн харьяаллын буюу иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа уг маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдтэй газар худалдах, худалдан авах тухай асуудал нь 1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд байгаа 2021 оны 01 дүгээр сарын 21-нд болсон шүүх хурлын тэмдэглэлд гэрчээр оролцсон гуравдагч этгээд Д-гийн аав С.В-гийн мэдүүлгээс бидний маргаж буй газрыг 2010 оны 07 дугаар сард аман гэрээгээр худалдан авч урьдчилгаа төлбөр болох 800,000 төгрөгийг өгөлцөж, авалцсан тухай маш дэлгэрэнгүй дурдагдсан байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг бидний нэр дээр эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцсон болохыг нотлож байгаа юм.

Үүнээс харахад гуравдагч этгээдийн аав С.В нь өөрийн хүсэл зоригийн үүднээс нэхэмжлэгч талд худалдсан боловч энэхүү газар нь тухайн үед гуравдагч этгээдийн эзэмшилд хууль ёсоор байгаагүй тул худалдсан болон худалдан авсан тал амаар харилцан тохиролцсон юм. Түүнчлэн 2010 оноос хойш өдийг хүртэл нэхэмжлэгч талд газрыг чөлөөлөхтэй холбоотой ямар нэг шаардлага тавиагүй нь нэхэмжлэгч талын амьдарч буй хашааны газрыг манай газар болохыг хүлээн зөвшөөрдөг гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл энэхүү газар худалдсан гэх хэлцэл хийгдсэн болох нь тодорхой бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбар, гарган өгсөн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул хэлцэл хийгдсэн эсэх дээр маргаан байхгүй юм.

Иймээс уг хэлцэл хуульд нийцсэн эсэх нь захиргааны байгууллагаас гаргасан хууль бус актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна.

Учир нь бидний нэхэмжлэлийн гол үндэслэл нь захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасан үүргээ биелүүлээгүй тул эрх, ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой асуудлаар маргаж байгаа биш юм.

Түүнчлэн захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй хууль бус акт гаргасан гэх үндэслэл нь үндсэн 2 шалтгаантай.

Хэргийн 75, 76, 77 хуудас дахь талд гуравдагч этгээд Д-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг авахдаа бүрдүүлсэн кадастрын зураг, сансараас авсан зураг, хашааны бодит зураг зөрүүтэй байгаа нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасныг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээдийн зүгээс Хангайн 21-43 тоот гэх хаяг В.Д болон Б.С гэх айлуудад аль алинд нь олгогддог болохыг ашиглан захиргааны байгууллагыг төөрөгдөлд оруулсан байж болохоор байна. Түүнчлэн хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын албанаас гаргасан газар эзэмших хүсэлт гаргах загварыг зөрчиж тойм зургийг зөрүүтэй бүрдүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаас харагдаж байх тул захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дагуу нягталж шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу энэхүү зохицуулалтад нийцүүлэн гаргасан ГХГЗЗГ-ыг даргын 2008 оны 83 дугаар тушаалаар “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч тал 2010 оноос хойш маргаан бүхий газарт амьдарсантай гэдэгтэй талууд маргаагүй байдаг. Гэтэл 83 дугаар журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх” гэж заасны дагуу эрхийн гэрчилгээг олгох үйл ажиллагааны дараалал зөрчин хүсэлт гаргасан газарт өөр этгээд амьдарч байгаа болохыг нягталж шалгаагүй, хээрийн судалгаа хийгээгүй болох нь хэргийн материал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас тодорхой харагддаг.

Захиргааны байгууллагын энэ мэт хайхрамжгүй, үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаанаас болон 11 жилийн турш амьдарч, өөрийн зардлаар засаж, янзлан амьдарч ирсэн газраа бусдад хууль бусаар алдах болсон энэхүү үйлдэл нь үндсэндээ Газрын тухай хуулийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмын асуудлыг зөрчсөн явдал болоод байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С-аас нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д-нд холбогдох хэсэг болон газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.С-т газар эзэмшүүлэхийг даалгах” мөн “нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д-нд холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-т газар өмчлүүлэхийг даалгах” тухай утга бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...В.Д-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо хариуцагч нараас нягталж шалгаагүй, хээрийн судалгаа хийгээгүй, Б.С тус газарт 11 жилийн турш гэр бүлийн хамтаар амьдарч, өөрийн зардлаар газраа засаж, янзалсан хууль бусаар газраа алдах болсон, гуравдагч этгээд хэн нэгний эзэмшилд байдаггүй газрын хууль бусаар нэмж авсан...” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

Гуравдагч этгээд В.Д-гээс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжаар 23 дугаар хороо, Хангайн 21-43 тоот 437мкв газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000741205 дугаар гэрчилгээг олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс хуулийн дагуу гуравдагч этгээдэд гэрчилгээ олгоогүй хэмээн маргаж буй дээрх тохиолдолд шүүхээс эхний ээлжинд гуравдагч этгээдэд олгосон газар нь нэхэмжлэгчийн амьдарч байгаа газар буюу гуравдагч этгээд В.Д-гийн аав С.В-аас худалдан авсан газартай давхцсан эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, түүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нь тодруулж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.

Учир нь анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/123 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын А/849 дүгээр захирамжуудтай маргаж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа “...нэхэмжлэгч Б.С, гуравдагч этгээд В.Д-гийн аав С.В нар нь хөрш зэргэлдээ амьдардаг бөгөөд тэдгээрийн хооронд маргаан бүхий газрын асуудлаар хэлцэл хийгдсэн болох нь ... гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна ... харин уг хэлцэл хүчин төгөлдөр эсэх, уг маргаан бүхий газрыг худалдаж, худалдан авахтай холбоотой үйл баримт хуульд нийцсэн эсэхийг ... иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа уг маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй...” гэж маргах эрхгүй мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн А/123 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон түүнд газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг, нийслэлийн Засаг даргын А/849 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.С-ын өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болон захиргааны үйл ажиллагааг яагаад хууль бус гэж үзэж байгаа, түүний улмаас өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн талаарх хууль зүйн болон бодит үндэслэлээ тодорхойлоогүй энэ тохиолдолд шүүхээс “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тодруулсаны эцэст хэргийг шийдвэрлэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН