Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0052

 

 

     2022           01           26                                        128/ШШ2022/0052

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч У.Бадамсүрэн, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогтой С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Новогтой Ш,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: С овогтой С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г овогтой У,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П овогтой Б,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т овогтой Т,

Гуравдагч этгээд: В овогтой Д,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ш овогтой О нарыг оролцуулан газрын маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, иргэдийн төлөөлөгч Т.Ц, нарыг биечлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд В.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.О нарыг цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжаар гуравдагч этгээд В.Д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг 2019 онд өөрийн амьдарч буй газрыг эзэмшихээр дүүргийн газрын албанд хүсэлт гаргаснаар мэдсэн.

“Нэхэмжлэгч Б.С нь гуравдагч этгээдийн аав иргэн С.В эзэмшдэг гэх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 43 тоот хаягт байрлах маргаан бүхий 408 м.кв газрыг 2010 онд худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг төлж, эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараагаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр болсон байна.

Улмаар нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр тухайн газрыг засан сайжруулж, тохижуулан 2010 оноос өнөөдрийг хүртэл тухайн газартаа амьдарч байгаа. Харин гуравдагч этгээдийн аав С.В газрын гэрчилгээний талаар удаа дараа тодруулж асуусан хэдий ч шийдтэй хариу өгөөгүй учир 2019 онд газар эзэмших хүсэлт гаргаснаар гуравдагч этгээдэд өөрийн амьдарч буй газарт нь газрын гэрчилгээ олгогдсоныг олж мэдсэн” үйл явдал болсон.

Иймд маргаан бүхий газарт эхэлж гуравдагч этгээд В.Д нь газар эзэмших хүсэлт гаргасан байдаг учир тухайн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжаар В.Д газар эзэмшүүлсэн. Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 захирамжаар гуравдагч этгээд В.Д газар өмчлөх эрх олгогджээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2019 онд газар эзэмших хүсэлт гаргаснаар мэдсэн. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр холбогдох дээд шатны байгууллагад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгүүдээр татгалзсан хариу авчээ.

Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

   Маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль бус: Үүнд:

1) “Эрх зүйн зөрчилтэй буюу Газрын тухай хуулийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.2-т “Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь иргэн С.В, В.Д нарын хүсэлт гаргасан 437 м.кв газрын 408 м.кв газар нь маргаан бүхий Х5311141, Ү636456 гэсэн эргэлтийн цэгтэй хамар хашааны иргэн Б.С ашиглаж байгаа газартай бүхэлдээ давхацсан байхад газар дээр нь биечлэн шалгах, хорооны эрх бүхий албан тушаалтнаас тухайн байршил болон хаягт өөр айл, өрх оршин суудаг эсэх, байгаа бол ямар учир шалтгаантай болохыг Газрын тухай хуульд заасан “нягталж шалгах” үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 10 жилийн турш оршин сууж амьдарч буй газрыг нь С.В, В.Д нарт олгож нэхэмжлэгч Б.С эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

2) Түүнчлэн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газар эзэмших хүсэлт гаргах загварыг зөрчиж тойм зургийг зөрүүтэй бүрдүүлсэн болох нь хавтаст хэргийн 74-77 дугаар хуудаст авагдсан баримтаар тодорхой харагддаг. В.Д хүсэлт гаргасан газрын тойм зураг нь өөрийнх нь амьдарч буй газрын бодит хашааны сансраас авсан зурган дээр хийсэн тэмдэглэгээ байгаа боловч кадастрын зураг нь Б.С амьдарч буй хашааны газрыг бүхэлд нь оролцуулсан зураг байдаг. Энэ нь дээрх хуульд заасны дагуу В.Д нь газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагын баталсан загварын дагуу гаргаагүй буюу тойм зураг болон кадастрын зураг нь нэг хашааны газрын биш байхад нягталж шалгалгүй захиргааны байгууллагаас В.Д газар эзэмшүүлэх эрх олгохдоо эрх зүйн зөрчилтэй акт гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

3) Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу нягталж шалгах үүргээ биелүүлээгүй болох нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.

Иргэнд газар эзэмшүүлэх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу захиргааны акт гаргаж буй захиргааны шийдвэр гаргах ажиллагаа юм. Үүнээс харахад В.Д газар эзэмших эрх олгож буй байдал нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа байна.

4) Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасны дагуу В.Д-ийн эзэмшихийг хүсэж буй хашааны газарт иргэн Б.С нь амьдарч байх тул уг газрыг бусдад олгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулан захиргааны байгууллага нь Б.С захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хууль бус захиргааны акт гаргахаас өмнө яагаад маргаан бүхий газарт амьдарч байгаа талаарх тайлбар гаргах боломж, олдох байсан. Гэтэл түүнийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүйн улмаас тайлбар, санал гаргах эрх нь зөрчигдсөн.

5) Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.4 дэх хэсгүүдэд заасны дагуу В.Д нь газар эзэмших хүсэлт гаргахад захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, үүний тулд шаардлагатай бүхий л ажиллагааг явуулах, хүсэлтэд хавсаргасан нотлох баримтыг нарийвчлан судалж, хамааралтай бүхий л нөхцөл байдлуудыг шинжлэн судлах үүрэг хүлээдэг. Гэтэл захиргааны байгууллага дээрх бүхий л ажиллагааг орхигдуулж “бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр” В.Д газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамж нь эрх зүйн зөрчилтэй болсон.

Нийслэлийн Засаг даргын А/849 тоот захирамжийн В.Должинсүрэнд холбогдох хэсэг хүчингүй болсноор дүүргийн Засаг даргын А/123 тоот захирамжийн түүнд холбогдох эзэмших эрх хэвээр үлдэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зөрчигдсөн хэвээр, өөрийн амьдарч буй газартаа эзэмших эрх авах боломж хаалттай үлдэнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэлээ:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхэд үндэслэн өмчлөх эрх олгогдсон.

   Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.5.1, 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.3, 20.3.3-т тус тус заасны дагуу В.Д Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч иргэн гэж үзэн эзэмшиж буй газрыг нь өмчлөх эрх олгосон байна. Гэтэл бид нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд уг газар эзэмших эрх нь хууль бус буюу Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тодорхой дурдсан. Үүнтэй холбоотойгоор В.Д Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй гэж үзэж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Хуульд үндэслэх”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмуудыг тус тус зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны актад үндэслэн гарсан хууль бус захирамж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Тухайн газарт 2018 онд хүсэлт гаргасан этгээд нь “Би тухайн газар дээрээ өөрөө амьдарч байна, зураг нь энэ байна, кадастрын зураг нь энэ байна” гэж бичиг баримтуудыг хавсаргаж өгөхөд тухайн баримтуудыг үнэн зөв эсэхийг шалгаж үзээгүй. Хүсэлт гаргасан газар кадастрын зурагтайгаа тохирч байгаа эсэх, бодитоор оршин сууж, амьдарч байгаа эсэхийг шалгаагүй. Хариуцагч нарын тайлбараас үзвэл зөвхөн В.Д ч биш, дурын иргэн очиж хүсэлт гаргахад газар эзэмших эрх олгож болохоор байна. Олон айлын эрх, ашиг сонирхол яригдана гэж үзэж байна. Маргаан бүхий газар нь дундуураа хашаатай нэг газар буюу 43 тоот гэх нэг хаягтай явж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хойд талын В.Д-ийн амьдарч байгаа газар нь 44 тоот гэх хаягтай болсон. Хорооны Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас буюу гаргаж буй тодорхойлолтуудын улмаас хоёр тусдаа хашаатай хоёр айл нь нэг хаягтай буюу 43 тоот гэх хаягтай гэсэн будлиантай байдал үүссэн. Уг нөхцөл байдлыг гуравдагч этгээд нь зальжин байдлаар ашигласан. Б.С болон В.Д хоёул 43 тоот хаяг дахь газарт амьдардаг. Гэхдээ миний амьдарч байгаа нь хойд хэсэг нь гэх байдлаар гэрчилгээ гаргуулсан. Хариуцагч захиргааны байгууллага нь тухайн газарт амьдардаггүй болохоор уг нөхцөл байдлыг мэдэхгүй байх нь зөв. Гэхдээ хээрийн болон суурин судалгаа хийсэн бол уг нөхцөл байдал тогтоогдох байсан.

Нэхэмжлэгч талын зүгээс С.В гэр бүлийнхэнтэй тухайн газрыг авахаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоог гуравдагч этгээд зөвшөөрсөн буюу танайх мөнгөө өгсөн бол газраа буцааж авахгүй байсан гэж тайлбарлаж байна. С.В өөрийн амьдарч байсан газраа хүүхдүүддээ хувааж өгсөн. Өгөхдөө Б.С тайлбар тохиролцсон талаар С.В нь хүүхдүүддээ хэлээгүй гэж тайлбарладаг. В.Б нь одоогийн байдлаар тухайн хашаанд амьдардаггүй. Өмнөх шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн гаргасан тайлбаруудаас үзвэл В.Б нь олон жил Бүгд Найрамдах Солонгос Ард Улсад амьдарч байгаад Монгол Улсад ирсэн. 44 тоот хаягт В.Б хашаалсан газрыг авах хүсэлттэй байна. Харин гуравдагч этгээд нь хашаалсан газраа бус өөр хэсгийг давуулан авсан.

Мөн нэхэмжлэгч тал нь өнгөрсөн олон жилийн хугацаанд газар эзэмших хүсэлт гаргах боломжтой байсан боловч С.В-т итгэсэн. Мөн нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй тул төрийн байгууллагуудаар өргөдөл, хүсэлт гаргаж явах нь өөрт нь хүндрэлтэй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан итгэл хангах зарчим үйлчлэх ёстой гэж үзэж байна. Уг зарчмыг хангаж, 43 тоот хаяг дахь газрыг эзэмших эрх авах боломжийг нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшлийн давхцалтай тул маргаан бүхий газрыг эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.С нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана", 32.2-т "Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.1-д “Овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “Газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.5-т “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтуудыг үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй. Хүсэлт гаргаагүй тул тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-тХүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох уйл баримт биш юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/123 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

“Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” тухай журмын 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх боломжтой гэж үзэн газар дээр нь хээрийн судалгаа хийсэн байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасны дагуу мэдээллийн санд бүртгэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/123 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмших гэрчилгээ олгосон нь Газар зохион байгуулалтын албаны архивд хадгалагдаж буй баримтаар нотлогдож байна.

          Маргаж буй газар дээрээ 10 жил амьдарсан байхад тухайн газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох баримт биш болно. Тухайн газартаа 10 жил амьдарсан гэх боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасны дагуу иргэнээс газар эзэмших тухай хүсэлт гаргах журмыг заасан бөгөөд нэхэмжлэгч нь Засаг даргад маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчид эрх үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

9. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжтай нэхэмжлэгч нь маргаж байна. Уг захирамж нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг үндэслэн гарсан. Газар эзэмших эрх олгосон захирамжтай холбоотойгоор ямар нэгэн маргаан гараагүй тохиолдолд буюу тодорхой хугацааны дараа газар өмчлөх эрхийн захирамж нь гардаг.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан хууль бус захиргааны актад хамаарахгүй. Маргаан бүхий газар эзэмших эрх олгосон захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгч тал нь ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаагүй, В.Д-ийн өмчлөлийн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцалгүй тул өмчлөх эрхийн захирамжийг албан ёсоор гаргасан. Уг газар өмчлөлийн харилцааг Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хариуцан ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.

10. Гуравдагч этгээд В.Д хариу тайлбартаа:

“Б.С нь тухайн газрыг худалдаж авах талаар надтай яриагүй бөгөөд би энэ талаар мэдэхгүй. Нэхэмжлэгч талтай тохиролцоогүй тул мөнгө, төгрөг аваагүй. Нэхэмжлэгч тал нь хүний газар дээр олон жил амьдарсан бөгөөд одоо өөрсдийн газар гэж маргаж байна. Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 44 тоот хаягт буюу эгч В.Б-ын газар дээр амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны  43 тоот хаяг дахь газарт буюу өөрийн газар дээр амьдрах гэхээр нэхэмжлэгч нь өөрийн газар гэж маргаад нүүдэггүй. Миний газрыг улмаар чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна.

Аавтай тухайн үед газрын талаар ярилцсан байсныг сүүлд мэдсэн. Би газраа хуулийн дагуу өмчилсөн, хууль бусаар аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хууль бус байсан болохыг тогтоолгох, хууль бусаар авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар зохион байгуулалтын алба нь хуулийн дагуу зөв хариу тайлбарыг шүүхэд гаргасан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагуудыг хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй гэж маргаж байна. В.Д нь хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж, хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Хавтаст хэргээс үзвэл нэхэмжлэгч тал нь тухайн газрыг 1,800,000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн боловч түүнээс 800,000 төгрөгийг нь өгсөн, газрын гэрчилгээг авахаар үлдэгдэл мөнгийг нь өгнө гээд өгөөгүй байгаа гэж тайлбарладаг. Энэ асуудлаараа С.В-тай ярилцсан байна. В.Д нь тухайн газрыг эзэмшихтэй холбоотойгоор хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж, эзэмшсэн. В.Д нь хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл юуг нь хууль бус гэж үзэж, ямар зорилгоор гэрчилгээг хүчингүй болгох гэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь тухайн газарт 10 жил амьдарсан тул өөрсдийнх нь газар болох ёстой гэж үзэж байгаа бол буруу юм. Тухайн газарт С.В нь гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд В.Б нь 44 тоот хаяг дахь газрыг өөрийн эзэмшлийн болгож авахаар хүсэлт гаргасан боловч шүүхийн маргаантай байгаа тул шийдвэрлээгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь В.Б эзэмшлийн 44 тоот хаяг дахь газартай ямар хамааралтайг ойлгохгүй байна. Зөвшөөрөлгүйгээр хүний газар дээр амьдарч, одоо хариуцагч байгууллагыг зохих журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаагүй гэж маргаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамтран эзэмших зориулалтаар үүссэн хуулийн дагуу гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээ юм. Газар зохион байгуулалтын албанаас гаргасан эзэмших талбай бүхий кадастрын зургийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Өргөдөл, хүсэлт гаргахтай холбоотойгоор хуулийн дагуу бичиг баримтуудаа бүрдүүлж, гэрчилгээ авсан. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан. Тухайн тодорхойлолтод В.Б нь нөхөр, хүүхдийн хамт тухайн 43 тоот хаягт бүртгэлтэй гэж дурдсан.

Хуулийн дагуу бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн тул гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон. Газрын төлөв байдал, чанарын улсын баталгааг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулаагүй байсан бол Газар зохион байгуулалтын алба нь гэрчилгээ гаргаж өгөхгүй. Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн дагуу гэрчилгээг гаргасан гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.5-т заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан. Газар зохион байгуулалтын алба нь шаардлага хангаагүй бичиг баримтыг аваагүй, шаардлага хангасан бичиг баримтын дагуу газар эзэмших гэрчилгээг гаргасан.

Харин нэхэмжлэл гаргаж буй Б.С нь Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлт өгч байгаагүй гэж тайлбарлаж байна. Зөвхөн В.Д-ийн аав болох С.В-тай худалдан авах тухай ярилцаж, газрын төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй тул тухайн газрыг зарахаа больж, нүүхийг шаардахад олон жил амьдарсан тул нэхэмжлэгчийн газар гэсэн байдлаар өөрийн эзэмшлийн газар гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрх олгогдож байгаагүй бөгөөд зөвхөн тухайн газарт амьдарч байгаа гэдэг нь маргаан бүхий гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Гуравдагч этгээд В.Д нь 44 тоот хаяг дахь газарт, нэхэмжлэгч Б.С нь 43 тоот хаяг дахь газарт оршин суудаг. Нэхэмжлэгч Б.С нь гуравдагч этгээдийн эцэг С.В гэх хүнтэй мөнгөн дүнгээр газрыг худалдан авахаар аман тохиролцоо хийсэн. Газар эзэмшихтэй холбоотой бичиг баримтуудыг С.В нь бүрдүүлж өгнө гэсэн тул нэхэмжлэгч нь олон жил хүлээсэн боловч гаргаж өгөхгүй байсан тул 2019 онд Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахад С.В-ийн охин В.Д-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байсан. Үүнтэй холбоотойгоор газрын маргаан үүссэн гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байна.

2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Б.С нь тус шүүхэд Нийслэлийн Засаг дарга,   Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд  холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл  гаргаж,  нэхэмжлэлийн үндэслэлээ  “...  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын алба нь иргэн С.В, В.Д нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 437 м.кв газрын 408 м.кв газар нь ... хамар хашааны иргэн Б.С-ын ашиглаж байгаа  газартай  бүхэлдээ давхацсан байхад ... Газрын тухай хуульд заасан нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 10 жилийн турш оршин сууж, амьдарч буй газрыг В.Д-д олгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иргэн В.Д нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 44 тоотод амьдардаг. ... В.Д нь газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан кадастрын зураг нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 43 тоот хаяг дахь газар байх ба урд талын хашааны зургийг газар эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн. Ийм байдлаар хуурамч бичиг баримтуудыг бүрдүүлэн өгч, Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан.  ... В.Д-д олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь хууль бусаар бүрдүүлсэн баримт бичгийг үндэслэн гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэсэн. ... Нийслэлийн Засаг даргын А/849 дүгээр  захирамж нь хууль бус захиргааны актад үндэслэн гарсан хууль бус захирамж ...” гэж тодорхойлон  маргажээ.

4. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжаар 147 иргэний газар эзэмших эрхийг  баталгаажуулсан байх ба хавсралтын 95-д Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 43 тоотод байршилтай иргэн В.Д-д 437 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  улмаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000741205 дугаар гэрчилгээ олгожээ.

5. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/849 дүгээр захирамжаар уг газрыг В.Д-д өмчлүүлж захирамжийн 3 дахь заалтаар В.Должинсүрэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ.

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”,  31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

7.  Нэхэмжлэгч нь “... миний амьдран сууж буй газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн...” гэсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж байна.

8. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 21 дугаар гудамжны 43 тоотод байршилтай байх  бөгөөд уг газарт нэхэмжлэгч нь 2010 оноос хойш амьдарч байгаа, гуравдагч этгээд нь тухайн хорооны Хангайн 21 дүгээр гудамжны 44 тоотод амьдран  суудаг,  гуравдагч этгээд нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу түүнд Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 21 дугаар гудамжны 43 тоотод байршилтай 18636311471160 нэгж талбар бүхий 437 м.кв газрыг эзэмшүүлсэн, гуравдагч этгээдийн амьдран сууж буй 416 м.кв газарт хэн нэгний эзэмшил үүсээгүй, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн амьдран сууж буй газартай 336 м.кв талбайгаар давхцалтай, тодруулбал нэхэмжлэгчийн амьдарч буй байршилтай газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 860, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02-06/4595,  2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 1156, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар албан бичиг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/742 дугаар албан бичиг, түүний хавсралт, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч нь өөрийн амьдран сууж буй газраа өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээн хашаалж, уг газрыг эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байсан, үүнийг ч хэргийн оролцогч нар  үгүйсгэн маргахгүй байна.

10. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сум, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.2-т “эзэмших газрын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг ”, 32.5-д “Энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг  ... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянана ...” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан” Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2.2-т “ шинээр газар эзэмшүүлэх тохиолдолд тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж байгаа эсэхийг шалгах”, 6.2.1-д “Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”  тус тус заажээ.

11. Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд шинээр газар эзэмшүүлэх тохиолдолд суурин болон хээрийн судалгаа хийх, газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хянах, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд газар эзэмших хүсэлт гаргагч нь эзэмших газрын хэмжээ, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байна. Гэтэл энэ тохиолдолд  гуравдагч этгээд нь газар эзэмших хүсэлт гаргахдаа нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 43 тоот хаяг дахь газрын кадастрын зураг,  мөн өөрийн оршин сууж буй 44 тоот хаяг дахь сансрын зураг, фото зургийг хүсэлтдээ хавсаргасан, ийнхүү зөрүүтэй баримт бичгийг хавсаргасан байхад захиргааны байгууллага нь хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянан үзээгүй, маргаан бүхий газрын хил, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдэд  өөрийн оршин сууж буй газарт нь биш, нэхэмжлэгчийн амьдран сууж буй газарт шинээр газар эзэмшүүлсэн буруутай байна.

12. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3,  31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн амьдран сууж буй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож   байх тул  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байна.

13.  Хариуцагч, гуравдагч этгээд нар нь “ ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байсан. ... Газар дээрээ 10 жил амьдарсан нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох баримт биш ...” гэсэн агуулгаар маргаж байх боловч энэ маргааны тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхгүй хэдий ч гуравдагч этгээдийн  газар эзэмших эрх нь хуульд зааснаар  үүсээгүй байна.

14. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг нягтлан шалгах ёстой. Гэтэл захиргааны байгууллага нь энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн 2010 оноос хойш амьдарч байгаа газартай давхцуулан, 2018 онд гуравдагч этгээд В.Д-д газар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн оршин суугаа газраа эзэмших эрхийг зөрчжээ.

15. Иймд хариуцагч нарын “... гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр олгосон газар нь нэхэмжлэгчийн оршин сууж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй, ... Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй ...”, гуравдагч этгээдийн “... хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, хуульд заасан журмаар газар эзэмших эрх авсан ...”  гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

16. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд  захиргааны байгууллага нь зөрүүтэй баримт бичгийг үндэслэж гуравдагч этгээдийн амьдарч байгаа газраас өөр байршилд буюу нэхэмжлэгчийн 2010 оноос хойш амьдарч байгаа газартай давхцуулан, гуравдагч этгээдэд  газар эзэмшүүлсэн,  гуравдагч этгээдийн амьдарч буй газарт хэн нэгэнд эзэмшил үүсээгүй болох  нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна. 

17. Харин гуравдагч этгээдийн  газрын хил, заагийг зааглан тогтоож, өөрийн оршин сууж байгаа газарт нь бусдын газартай давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх нь нээлттэй болно.

18.  Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2020 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 621 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 209-д “В.Д-д Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 01 дүгээр гудамж, 02 тоот хаягт байрлах 436 м.кв газар” гэжээ.

19. Нэхэмжлэгч дээрх захирамжийг хүчингүй болгуулах гол  үндэслэлээ” ... гуравдагч этгээдийг Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч иргэн гэж үзэж, эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлсэн. ... Гуравдагч этгээд нь  Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй. ... Хууль бус захиргааны актад үндэслэн гарсан хууль бус захирамж...” гэсэн агуулгаар маргажээ.

            20. Хэргийн оролцогчдын тайлбар,хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд В.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшил газраа өмчлөн авах хүсэлт гаргасан, хүсэлтдээ газар эзэмших эрхийн  гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 43 тоот хаяг дахь газрын кадастрын зургийг хавсаргаж хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

21. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсоны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх захирамж гаргах ёстой.

22. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ зөрүүтэй баримт бичгийг нягтлан хянан үзээгүй, маргаан бүхий газрын хил, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдэд  өөрийн оршин сууж буй газарт нь биш, нэхэмжлэгчийн амьдран сууж буй газарт газар эзэмшүүлсэн нь нэгэнт тогтоогдсон, дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг үндэслэж гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн хашаалан амьдран сууж буй газарт  газар өмчлүүлсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оршин сууж буй газрын хил заагийг  бодит байдалд хэрхэн зааглаж хуваасан баримт тодорхойгүй, тодруулбал захиргааны байгууллага нь  газрын эргэлтийн цэг, солбицлыг газар дээр нь тэмдэгжүүлж, баталгаажуулах үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, гуравдагч этгээдийн оршин сууж буй газарт хэн нэгэнд эзэмшил үүсээгүй болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хашаалсан хэмжээгээр нь газар эзэмшүүлэх боломжтой эсэх, энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулж, шинээр захиргааны акт гаргах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.

23. Иймд хариуцагчийн “ ... захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл

бүхий захиргааны акт....” гэсэн тайлбар, гуравдагч этгээдийн “ ... хуульд заасны

дагуу өмчилж авсан ...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

24. Нэхэмжлэгч нь “... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, тайлбар, санал гаргах эрх зөрчигдсөн ...” гэж тайлбарлан маргаж  байх боловч энэхүү үндэслэл нь маргаан  бүхий захиргааны актыг хүчингүй болгох, хууль бус байсан болохыг тогтоох  үндэслэл болохгүй.

25. Дээрх үндэслэлээр  маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн оршин суугаа газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

26. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн байх бөгөөд ийнхүү үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн  31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ын Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож,  Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Должинсүрэнд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс энэ хугацаа эхлэн тоологдохыг дурдсугай.

3.  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 107 дугаар

зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх  хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/849 дүгээр захирамжийн В.Д-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 23400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН

                                                   ШҮҮГЧ                        У.БАДАМСҮРЭН

                                                   ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА