Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2018/0004/З |
Дугаар | 120/ШШ2018/0009 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 120/ШШ2018/0009
2018 оны 04 сарын 02 өдөр 120/ШШ2018/00009 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******, Өмнөговь аймгийн Номгон сумын *******д холбогдох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудын “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд 2009 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шуүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолууд тус тус гарч манай компани болон хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гол үндэслэл нь төрийн захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарч дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж сонгон шалгаруулалт явуулахыг Уул уурхайн сайдад үүрэг болгон даалгаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газар /одоогийн АМГТГ/-аас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь 4069.48 га бүхий “Хавцал уул"-ын талбайн сонгон шалгаруулалтыг зарлаж уг шалгаруулалтад манай компани оролцон комиссын үнэлгээгээр 67.2 хувийн санал аван ашигт малтмалын 20393Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Гэтэл Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоол болон Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар 'сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолуудаар “Байгалийн нөөц газар”-ын зориулалтаар манай сонгон шалгаруулалтаар зөвшөөрөгдөн авсан талбайг аймгийн болон орон нутгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авсан байна.
Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудын “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2009 оноос Өмнөговь аймгийн Номгон сумын Баян булаг орчмын нутаг буюу Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр олгож шийдвэрлэсэн нь Нийслэлийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 тогтоолоор тус тус тогтоогдож нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “*******” ХХК-д хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байх хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1/6 дугаар тогтоол гарган Номгон сумын Хавцал уул гэх газар хамаарах Баян булаг, Борзонгийн говь, Ямааттолгой зэрэг газрын 139904.41 га талбайг “Байгалийн нөөц газрын ангилал”-аар буюу байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан ус, ургамал байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч холбогдох хууль, журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлсэн юм.
Ашигт малтмалын газраас 2009 онд “*******” ХХК-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус байсан болох нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус тогтоогдож, шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч компани Номгон сумын Баян булаг орчмын нутаг буюу Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд 2009 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өмнөговь аймгийн ******* хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад зохих ёсоор авсан 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоол нь дээрх цаг хугацаанаас 3 жилийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож хайгуулын тусгай зөвшөөрөл авсан “*******” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн хөндөж, хохирол учруулаад байгаа нь ойлгомжгүй байна.
Ашигт малтмалын газраас аймгийн ******* болон Засаг даргад ирүүлсэн албан бичигт дурдсан чиглэлийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоолоор дээр дурдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1/6 дугаар тогтоолын солбицолд өөрчлөлт оруулалгүй, зөвхөн тусгай хамгаалалтад авсан хугацааг 15 жил гэж тодруулан өөрчлөлт оруулсан болно.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/21 дүгээр тогтоол нь шинээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт биш, зөвхөн асуудал хариуцах төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу бүрэн эрхийн хүрээнд өмнө нь гаргасан тогтоолд өөрчлөлт оруулсан захиргааны байгууллагын шийдвэр болно.
Иймд “*******” ХХК-иас аймгийн *******д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянхишиг, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн компани нь 2009 оноос Номгон сумын нутаг дэвсгэр дэх Эрдэнэбулаг орчмын нутаг Хавцал уул нэртэй газар 4069,48 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудаар тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймгийн Номгон сумын ******* хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлд дурдсан тухайн компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай бүхий газрыг 2015 оны 10 дугаар сарын 22 өдрийн 11/2 дугаар тогтоолоор байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно.
Гэтэл нэхэмжлэгч “*******" ХХК нь тухайн газарт 2015 оны 12 дугаар сарын 25 өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 дугаар тогтоолын дараа гарсан байгаа тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дугаар[1], Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудаар[2] Номгон сумын зарим газар нутгийг “байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдэл нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад” авахаар тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын XV-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн[3] талбай давхацжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2”к”-д “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй...”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох...” гэж заасан тул аймаг, сумын ******* нь энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар талууд маргаагүй, харин шийдвэр гаргахдаа хууль тогтоомжоор тусгайлан заасан журмыг баримталсан эсэх, зорилгодоо нийцсэн, үндэслэлтэй эсэх талаарх маргааны хүрээнд хянаж үзээд, маргаан бүхий захиргааны актуудын нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын XV-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч аймгийн ******* болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ”...“*******” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 312 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсны дараа нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн эрх үүссэн тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэж, харин нэхэмжлэгч “*******” ХХК “...шүүхээс хүчингүй болгосон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зарласны дараа буюу хоёр хоногийн дараа Номгон сумын ******* хуралдсан, мөн сонгон шалгаруулалтын хугацаанд аймгийн ******* хуралдаж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан. Тухайн газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын шийдвэр гарч, төрийн захиргааны байгууллага шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах үйл явцтай зэрэгцэн, орон нутгаас ашигт малтмал хайх боломжгүй болгох нөхцлийг бүрдүүлснээрээ сонгон шалгаруулалтад оролцсон тусгай зөвшөөрлийн эрх авсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж маргасан.
Ашигт малтмал, газрын тосны газраас Өмнөговь аймгийн *******, Номгон сумын *******д 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/306, 2/307 дугаар албан бичгийг[4] тус тус хүргүүлжээ.
Дээрх албан бичигт “...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хавцал уул” нэртэй 4078,98 га талбайд сонгон шалгаруулалт зарлаж, “*******” ХХК 20393Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон...” гэжээ.
Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын “Хавцал Уул” нэртэй газарт “*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрөл олгогджээ[5].
Маргаан бүхий тохиолдлын хувьд аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авснаар тухайн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох...” үр дагавар үүсч, нэхэмжлэгч “*******” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.
Маргааны үйл баримтыг дүгнэхэд маргаан бүхий захиргааны актууд гарахаас өмнө Номгон сумын “Хавцал Уул” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нийтэд зарлагдсан байсан үйл баримт тогтоогдсон, уг захиргааны актууд гарснаар сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, тодруулбал “*******” ХХК эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул хариуцагчдын зүгээс “газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсны дараа нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн эрх үүссэн тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, маргаан бүхий захиргааны акт шинэ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн тусгай хамгаалалтад авах болсон үндэслэлээ Ашигт малтмалын газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6-1056 дугаар мэдэгдлийн дагуу[6] Кадастрын системд бүртгэлтэй тусгай хэрэгцээний газрын бүртгэлийг цэгцэлж, дахин бүртгэх ажлын хүрээнд хийгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь уг мэдэгдэлд “...тусгай хэрэгцээний газруудыг хуульд нийцүүлэн шийдвэр гаргах, хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж авсан тусгай хэрэгцээний талбайнуудын давхцлыг арилган бүртгэх болсныг мэдэгдье...” гэж заасан, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан дээрх ажлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа нь захиргааны акт гаргах үндэслэлийг нотлохгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулжээ.
Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн ******* болон Номгон сумын ******* нь орон нутгийн тусгай хамгаалалтад тодорхой хэмжээний газрыг авахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ... газар зохион байгуулалтын зураг, төслүүдийг мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар боловсруулж, газар зохион байгуулалт хийх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 11-16-д “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажил хийж гүйцэтгэн, холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах...”-аар журамласныг мөрдөөгүй, уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5-д заасан шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хариуцагч аль аль нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, судалгаа, дүгнэлт санал боловсруулан, Засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй болох нь хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл, танилцуулга[7], хариуцагч Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх...” үүргээ хариуцагч биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”к”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дугаар тогтоолын, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолын нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
1. хавтаст хэргийн 7 дугаар хуудас
2. Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
3. хавтаст хэргийн 53 дугаар хуудас
4 хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас
5 хавтаст хэргийн 54 дүгээр хуудас
6 хавтаст хэргийн 171 дүгээр хуудас
7 хавтаст хэргийн 186-196 дугаар хуудас