Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 36

 

“Эко хүрээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00540/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Дархан минж” ХХК-д холбогдох

          “Гэрээний үүрэг 25,564,000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатаас:

          “Дархан минж” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлдээ Швейцарь улсын “Sika” компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер болох “Эко хүрээ” ХХК-аас нийлүүлж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бетоны нэмэлтүүдийг авч хэрэглэхээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Тус хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн талаар 2 талын нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд “Дархан минж” ХХК нь 23.240.000 төгрөгийг дутуу төлсөн нь батлагдсан. “Дархан минж” ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байна. Худалдан авагч тал нэмэлт материал болох уян налархайжуулагч нь чанарын шаардлага хангаагүй, анхны санал болгосон бүтээгдэхүүнээс чанарын хувьд доголдолтой байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэж, албан бичгээр буцаана гэж байгаа боловч тухайн үед албан тоотоор мэдэгдэж, буцаасан зүйлгүй. Мэргэжлийн байгууллагын лаборатороор ороогүй байж, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж болохгүй. Талуудын байгуулсан гэрээнд техникийн шаардлага хангасан зүйлсийг хэрэглэнэ гэж заасан байхад үүнийг тодруулахгүйгээр комиссын актаар устгасан гэх юм. Энэ асуудлаас болж “Эко хүрээ” ХХК нь 3 жил орчим хохирч байна. “Дархан минж” ХХК-с өмгөөллийн хөлс 2.324.000 төгрөгийг нэмж нийт 25.564.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.770 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс:

Нэхэмжлэлийн шаардлагаас 9.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 13.440.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.“Эко хүрээ” ХХК нь Швейцарь улсын “Сика Монгол” компанийн албан ёсны дистрибьютор гэдэг боловч бүтээгдэхүүн Монгол улсад хэзээ орж ирсэн нь тодорхой бус бүтээгдэхүүний чанарт эргэлзэж байна. Өмнө нь бүтээгдэхүүнд ямар нэг асуудал гараагүй байж сүүлийн 0.5 тонн бүтээгдэхүүнд алдаа гарсан тул бид хэрэглэсэн бүтээгдэхүүнээ тооцохоо больё, харин 3.800.000 төгрөгийн үнэ бүхий бүтэн бүтээгдэхүүнийг буцааж өгье гэж хэлсэн. Ямар учраас 6.000.000 төгрөгөөр хохироод байна гэхээр 1.000.000 төгрөгийг барилга барьж байсан компанийн нөхөн төлбөрт өгч, Сика компаниас ирсэн хүмүүст замын зардал, 4.000.000 төгрөгийг шатахуунд, 4.900.000 төгрөгийг бүтээгдэхүүн устгахад зориулсан талаарх фото зургийг хэрэгт өгсөн. Бид удаа дараа мэргэжлийн ажилтанг ирүүлж, шалтгааныг нь тодруулж өгнө үү гэдэг шаардлага хүргүүлсэн ч ямар нэг хариу өгөөгүй. Үндсэн 23.240.000 төгрөгийн нэхэмжлэлээс бид өөрт учирсан хохирол 6.000.000 төгрөг, хэрэглээгүй 1.5 тн бүтээгдэхүүний үнэ 3.800.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч, 13.440.000 төгрөгийг төлөхөд манай компани бэлэн байна” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дархан минж” ХХК-аас 23.240.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.324.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

            Гэрээний 3.7-д зааснаар нэхэмжлэгч талд 2014 оны 09 дүгээр сард удаа дараа өөрийн технологич болон мэргэжилтнээ явуулна уу, мөн нийлүүлж байгаа бараа чинь доголдолтой байх тул мэргэжилтнээ явуулна уу гэх албан бичгүүдийг явуулсан боловч хариу өгөхгүй, мэргэжилтнээ ч явуулахгүй  зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал болох “Эко хүрээ” ХХК доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлж байснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй үнэлэх боломжгүй гэж үзсэн нь хуулийг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1-д “Дархан минж” ХХК-аас 23.240.000 төгрөг гаргуулж гэснийг 13.440.000 гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК хариуцагч “Дархан Минж” ХХК-нд холбогдуулж гэрээний үүргээ биелүүлээгүйн 23.240.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний дагуу төлөгдсөн 2.324.000 төгрөг нийт 25.564.000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүйн улмаас  6.000.000 төгрөгийн хохирол учирсан, мөн хэрэглээгүй бүтээгдэхүүний үнийг хасч, үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнээд гэрээний үүргийн биелэлтийн дутуу 23.240.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн “Хамтран ажиллах гэрээ”-ээс үзвэл “Эко хүрээ” ХХК, “Дархан Минж” ХХК-нд Швейцарь улсын “СИКА” компанийн дэвшилтэт технологи бүхий бетоны нэмэлтүүдийг нийлүүлэхээр тохиролцсон байна.

Гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу уян налархайжуулагч, түргэн бэхжүүлэгч, усны орцыг багасгагч, хүйтний нэмэлтүүдийг хариуцагчид 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд нийлүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин нийлүүлсэн бүтээгдэхүүний чанарын талаар хариуцагч маргажээ.

Нэхэмжлэгч “Эко хүрээ” ХХК хэргийн 5-8 дугаар талд авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Эко хүрээ ХХК-нд төлөх өглөгийн төлөлтийн график”, “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл” зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон, хариуцагч бүтээгдэхүүний доголдлын талаар тухай бүрд нь нэхэмжлэгч талд албан тоотоор мэдэгдэж байсан гэж тайлбарлаж, хэргийн 26-27 дугаар талд авагдсан баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь бүтээгдэхүүний доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэдгийг нотлохгүй байна.

Хариуцагчаас татгалзлаа нотлохоор гаргаж өгсөн хэргийн 51 дүгээр талд авагдсан “Хохирлын хэмжээ, шалтгааныг тогтоосон акт” гэсэн баримт нь зөвхөн нэг талын хүмүүс оролцсон комиссын акт байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Нэмэлтийн шинж чанараас хамаарсан хохирол гарвал нийлүүлэгч компани хариуцна. Энэхүү хохирлыг тодорхойлох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ, эсвэл нийлүүлэгч талыг талбай дээр дуудаж үнэлүүлнэ” заасныг зөрчсөн баримт байна.

Өөрөөр хэлбэл худалдан авагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэхүү эрхээ гэрээ болон хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй, энэ эрхээ алдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Дархан Минж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                                          С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                           Л.АМАРСАНАА