Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-20-25 тоот “Букитоки” ХХК-ний/ захирал Б.Наранцэцэг/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Дэнж баг Баруун дэнж 13-4б тоотод оршин суух Боржигон овгийн Зинагийн Орхонгэрэл /МВ-80040909/

Хариуцагч: Орхон аймаг Дэнж баг Баруун дэнж 13-4б тоотод оршин суух Хиад боржигон овгийн Ширэндэвийн Эрдэнэбаатар /ФА-80121117/ нарт хариуцагдах 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат,нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч “Букитоки” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Букитоки” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр хариуцагч Орхонгэрэл, Эрдэнэбат нар нь эртнээс үйлчлүүлж байсан ба бид итгэлцлийн үндсэн дээр зээл гаргаж байсан.

2014 оны 11-р сараас 2015 оны 08-р саруудад барьцаалан зээлдэх хуудсаар болон зээлийн хуудас, гэрээгүйгээр нийт 2.100.000 төгрөг Нармандах, Энхжаргал гэсэн нэрүүдийг бичүүлж, Орхонгэрэл, Эрдэнэбат нар зээл авсан байна.Жагсаавал:2014-11-22 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй 600.000 төгрөг, 2015-01-08 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 400.000 төгрөг\Эрдэнэбат гарын үсэг зурсан\, 2015-01-25 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 300.000 төгрөг, 2015-08-31 ны өдөр 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 200.000 төгрөг, үйлчилгээний хуудас, гэрээгүй, итгэлцлээр 600.000 төгрөг, бүгд 2.100.000 төгрөг зээлдүүлсэн тооцоо байна.Зарим үед хугацаагаа сунгуулж, алдаг оног хүү төлж байсан. 2016 он гарсаар ямар ч төлбөр хийхээ больсон.Шаардахаар удаахгүй өгнө гэдэг.Саяхан хүртэл би та нараас хүү, алданги гэхээ больёо ... зөвхөн үндсэн зээл 2.100.000 төгрөгөө төл гэхээр “ ... 12 сарын 15 наас хойш бага багаар нь төлнөө...” гэсэн мессэж Орхонгэрэл явуулсан байх тул үндсэн зээл 2.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Орхонгэрэл, Эрдэнэбат нараас үндсэн зээл 2.100.000Т \Хоёр сая Нэг зуун мянган төгрөг\-ийг ИХ-ийн 286 -р зүйлд зааснаар гаргуулж, “Букитоки” ХХК-нийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна.Нийт 2 100 000 төгрөг зээлсэн.Хүүд баг багаар 40,50,60 мянгаар төлж байсан.200 000 орчим төгрөг төлсөн гэдэг.Хамаатны хүмүүс учир итгэлцлээр өгч байсан байдаг.Хариуцагч нар төлсөн болохоо баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Орхонгэрэл миний бие нь иргэн Б.Наранцэцэгээс анх 2014 оны 07 сарын 07-нд Хануйгийн рашаанд амарч байхад машин эвдэрч хадам ээж болон нөхөр Ш.Эрдэнэбаатар нар нь утсаар ярьж ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй 600,000 төгрөгийг авсан. Сар болгон 12%-иар бодож 72,000 төгрөгийг өгч байгаад дахин 2014 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж 600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, дараа нь 2015 оны 01 сарын 08-нд гэрээ байгуулж 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ын хүүтэйгээр, 2015 оны 01 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15%-ийн хүүтэй, 2015 оны 08 сарын 31-ний өдөр гэрээ байгуулж 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 12%-ийн хүүтэйгээр, нийт 2,100,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.

         Дээрх зээлүүдийг авсан үеэс хүүг сар болгон төлж байгаад 400,000₮, 300,000₮-н хүүг 2015 оны 05 сарын 23-наас хойш, 1,200,000 төгрөгний хүүг 2015 оны 08 сарын 08-аас хойш төлж чадаагүй байж байгаад 2015 оны 09 сард цалингаа аваад 2015 оны 09 сарын 20-ны өдөр Б.Наранцэцэг эгчийг дуудаж Ази ресторанд хоолонд орж бид 2 тооцоогоо нийлж 2015 оны 05 сарын 23-наас 2015 оны 09 сарын 20-ний 400,000 төгрөгний  хүү гэж 121 хоног 0,4%-иар бодож 193,600 төгрөг,300,000 төгрөгний хүү гэж 121 хоногийн 0,4%-иар бодож 145,200 төгрөгийг, 2015 оны 08 сарын 08-наас 2015 оны 09 сарын 20-ны байдлаар 1,200,000 төгрөгний  хүү гэж 44 хоног 10%-иар бодож 174,240 төгрөг, нийт 513,040 төгрөгийг өгсөн.

      2. Миний бие дээрх зээлж авсан мөнгөнүүдийн хүүг сар болгон төлж байсан. Тооцоо хийхэд : 2014 оны 07 сарын 07-ны өдөр авсан 600,000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл буюу 390 хоног /1 жил 1сар/-ыг 12%-иар бодож 936,000 төгрөг,2014 оны 11 сарын 22-ны өдөр авсан 600,000 төгрөгний хүү гэж 2015 оны 08 сарын 08-ыг хүртэл буюу 254 хоног /8 сар 14 хоног/-ийг 12%-иар бодож 609,600 төгрөг,  2015 оны 01 сарын 25-ны өдөр авсан 300,000 төгрөгний хүү гэж 2015.05.23-ны өдөр хүртэл 118 хоногийн 15%-иар бодож 177,000 төгрөг, 2015.01.08-ны өдөр авсан 400,000 төгрөгний хүү 2015.05.23-ны өдөр хүртэл 135 хоногийн 15%-иар бодож 270,000 төгрөгийг тус тус төлж байсан.

       Мөн 2015 оны намар Хөх хот эмчилгээнд явлаа гэж ажил дээр ирээд 350,000 төгрөг бэлнээр авсан.Мөн 10 сард миний бие машинаа зараад 936,000 төгрөг тус тус өгч байсан. Б.Наранцэцэг эгчид нийтдээ 3,791,640 төгрөг төлсөн. Гэтэл нэг ч удаа үндсэн зээлээс хасаагүй. Бид 400.000 , 200.000, 300.000, 600.000 төгрөгөнд гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг нэг ч удаа бичгээр сунгаж байгаагүй. Миний бие 2,301,000 төгрөгийг төлөх ёстойгоос 3,791,640 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү.Миний бие нь Б.Наранцэцэгийн гуйлтаар 2012 оноос хойш олон удаа ажилчиддаа зээлүүлж, ломбардны үйл ажиллагаанд нь тусалж миний тусламжтайгаар маш их мөнгө олж байсан. Сүүлд ажил дээр миний ирж дарамталж, ажилчидын маань хажууд нэр хүндийг маань гутаасанд миний бие гомдсон. Тэрнээс хүнээс хэрэгтэй үедээ авсан юм чинь бага багаар өгнө гэж бодож байсан. Гэтэл шүүхэд хандсан учраас би төлөхгүй.

      3. Дээрх миний тайлбар нь бид хоёр ресторанд байхад тооцоо нийлж Б.Наранцэцэг нь өөрийн гараар бодож бичиж байсан бичмэлээр, уг бичмэл нотлох баримтыг давхар надруу сүүлд бичсэн мессэжээр миний мөнгө өгч, авч байсан нь нотлогдох юм. Миний бие нь 2015 оны 10 сараас хойш тооцоо хийгээгүй ба мессэжээр тооцоо хийгээгүй 1 жил 3 сар болсон байна гэснээр мөн нэхэмжлэлдээ 2016 он гарснаар ямар ч төлбөр хийгээгүй зэргүүдээс нотлогдох юм. Б.Наранцэцэг зарим үед хугацаагаа сунгуулж байгаагүй гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч миний бие нэг ч удаа хугацаа сунгуулсан талаар гэрээ бичгээр  байгуулаагүй болно гэжээ.

          Хариуцагч З.Орхонгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Нийт 2 100 000 төгрөг авсан нь үнэн.2015-9-20-нд тооцоо нийлэхэд 513 040 төгрөгний үлдэгдэлтэй байсан ба тооцоо нийлээд уг мөнгийг төлсөн.Нийт 3 791 640  төгрөг төлсөн байгаа.Баримт өгдөггүй байсан.Наранцэцэг эгч өөрөө дэвтэр дээр тэмдэглэж авдаг байсан гэжээ.

         Хариуцагч Ш.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би нэг удаа 400 000 төгрөгийг ангийн хүүхэддээ авч өгсөн.193600 төгрөгний хүү төлсөн.400 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт,нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,2016-11-09-ний өдрийн гар утасны цахим захиа,барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний баримт 4ш,хариуцагчийн утасны цахим захиа,хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан бичмэл баримт зэргийг  нотлох баримтаар шинжлэн судлаад

                                                        

                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:      

     

         Нэхэмжлэгч  “Букитоки” ХХК хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатарт нараас зээлийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

      Хариуцагч З.Орхонгэрэл нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй,Ш.Эрдэнэбат 400 000 төгрөг төлнө гэж зөвшөөрсөн.

         Хариуцагч З.Орхонгэрэл нь нэхэмжлэгчээс, 2014 оны 11 сарын 22-нд 600 000 төгрөг 30 хоногийн хугацаатай,72000 төгрөгний хүүтэй,2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг 30 хоногийн хугацаатай, 45000 төгрөгний хүүтэй,2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай,24000 төгрөгний хүүтэй,2014 оны 7 дугаар сарын 07-нд 600 000 төгрөг хүүгүй, тус тус зээлж авсан,хариуцагч Ш.Эрдэнэбат нь 2015 оны 1 дүгээр сарын 08-нд 400 000 төгрөг 30 хоногийн хугацаатай, 60 000 төгрөгний хүүтэй зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч нар энэ тухайд маргаагүй.

       Зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нар нийт 2 100 000 төгрөгийг хүлээн авсан болох нь нотлогдож байна.

       Хариуцагч З.Орхонгэрэл “зээлийн төлбөрт 3 791 640  төгрөг төлсөн” гэж маргасан.

       Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан бичмэл баримтыг үндэслэн “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийт 513040 төгрөг төлж тооцоо дууссан” гэж тайлбарлаж байх боловч уг баримтад төлбөр төлсөн,хүлээн авсан хүний гарыг үсэг зурагдаагүй,ямар үйл баримтыг тэмдэглэсэн болох нь тодорхой бус,ойлгомжгүй бичвэр тэмдэглэгдсэн байна.Түүнчлэн хариуцагч зээлийн төлбөрт 3 791 640  төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.Харин,З.Орхонгэрэл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Наранцэцэгийн утсанд ирүүлсэн захиандаа  “12 сарын 15-наас хойш бага багаар нь төлнө” гэж түүний өмнө зээлийн төлбөрийн үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан байна.Мөн уг баримт хэргийн 18 дугаар талд авагдсан.

       Нэхэмжлэгч 2 100 000 төгрөгний зээлийн үндсэн төлбөрийг хариуцагч нар төлөөгүй гэж үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

       Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо,чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугцаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нараас зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

        Хариуцагч З.Орхонгэрэл нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл болж байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д: хэргийн оролцогч“шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар,түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байдаг тул хариуцагч үүргээ гүйцэтгэсэн болохоо өөрөө баримтаар нотлох үүрэгтэй юм.Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан З.Орхонгэрэлээс 1,700,000 төгрөг,Ш.Эрдэнэбатаас 400 000 төгрөг гаргуулан “Букитоки” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48550 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч нараас 48550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ