Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00051

 

 

 

 

 

 

 

 

                               “Букитоки” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 105 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Букитоки” ХХК-ийн захирал Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатар нарт холбогдох

“2.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч “Букитоки” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11-р сараас 2015 оны 08-р саруудад барьцаалан зээлдэх хуудсаар болон зээлийн хуудас, гэрээгүйгээр нийт 2.100.000 төгрөг Нармандах, Энхжаргал гэсэн нэрүүдийг бичүүлж, Орхонгэрэл, Эрдэнэбат нар зээл авсан байна. Жагсаавал: 2014-11-22 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй 600.000 төгрөг, 2015-01-08 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 400.000 төгрөг\Эрдэнэбат гарын үсэг зурсан\, 2015-01-25 ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй 300.000 төгрөг, 2015-08-31 ны өдөр 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй 200.000 төгрөг, үйлчилгээний хуудас, гэрээгүй, итгэлцлээр 600.000 төгрөг, бүгд 2.100.000 төгрөг зээлдүүлсэн тооцоо байна.Зарим үед хугацаагаа сунгуулж, алдаг оног хүү төлж байсан. 2016 он гарсаар ямар ч төлбөр хийхээ больсон. Саяхан хүртэл би та нараас хүү, алданги гэхээ больёо ... зөвхөн үндсэн зээл 2.100.000 төгрөгөө төл гэхээр “...12 сарын 15 наас хойш бага багаар нь төлнөө...” гэсэн мессэж Орхонгэрэл явуулсан байх тул үндсэн зээл 2.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Орхонгэрэл, Эрдэнэбат нараас үндсэн зээл 2.100.000Т \Хоёр сая Нэг зуун мянган төгрөг\-ийг ИХ-ийн 286-р зүйлд зааснаар гаргуулж, “Букитоки” ХХК-нийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Орхонгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нийт 2.100.000 төгрөг авсан нь үнэн. 2015-9-20-нд тооцоо нийлэхэд 513.040 төгрөгний үлдэгдэлтэй байсан ба тооцоо нийлээд уг мөнгийг төлсөн. Нийт 3.791.640 төгрөг төлсөн байгаа. Баримт өгдөггүй байсан. Наранцэцэг эгч өөрөө дэвтэр дээр тэмдэглэж авдаг байсан гэжээ.

Хариуцагч Ш.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэг удаа 400.000 төгрөгийг ангийн хүүхэддээ авч өгсөн.193.600 төгрөгний хүү төлсөн. 400.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан З.Орхонгэрэлээс 1.700.000 төгрөг, Ш.Эрдэнэбатаас 400.000 төгрөг гаргуулан “Букитоки” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48.550 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч нараас 48.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбаатар нар давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь "БУКИТОКИ" ХХК-ийг төлөөлж иргэн Б.Наранцэцэг шүүхэд нэхэмжлэл гаргаж З.Орхонгэрэл.Ш.Эрдэнэбат бид нараас нийт 2.100.000 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт барьцаалан зээлдүүлэх хуудсууд авагдсан байх бөгөөд нийт 2.100.000 төгрөг аваад буцаагаад 3.791.640 төгрөг төлж тооцоо дууссан байхад нэхэмжлэгч Наранцэцэг шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа эхлээд өөрөө ирэхгүй авсан мөнгөө авсан гэж хэлж чадахгүй бид хоёрыг хохироолоо. Шүүх бид нарт хийж өгсөн тооцооны хуудсыг үнэлэхгүй орхисон атлаа миний бичсэн мессежний хариу болох 12-р сарын 15-аас хойш бага багаар төлнө гэсэн бичвэрийг үнэн зөвд нийцсэн баримт гэж үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа. Хавтаст хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх хуудсаар хэнд хэдэн хувийн хүүтэй хэнээс мөнгө зээлдүүлсэн болох нь тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээ хийгдсэн байна гэсэн дүгнэлтийг хийжээ.Хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас харахад Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.1-д заасан гэрээ хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-18-ны өдрийн 105 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Букитоки” ХХКомпани хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбат нараас зээлийн төлбөр 2100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч З.Орхонгэрэл зээлийн төлбөрт нийт 3.791.640 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчийг Ш.Эрдэнэбат гэж тодорхойлсон байхад шүүх Ш.Эрдэнэбаатар гэсэн нэрээр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан, шүүх хуралдаанд хариуцагчаар оролцуулсан нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэл гардуулсан, хэргийн оролцогчид эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулсан тухай баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон ба шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Ш.Эрдэнэбатаас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч З.Орхонгэрэл, Ш.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ш.Эрдэнэбатын хувийн байдлыг тодорхойлсон баримт авагдаагүй тул хариуцагчийг Ш.Эрдэнэбат гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн иргэний хэрэг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулахаар хуульд заасан ба шүүх зохигчдод шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 12, 16-ны өдөр хэргийн материалыг танилцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохицуулалтыг зөрчжээ.      

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчилд хамаарах ба давж заалдах шатны шүүхээс залруулж болохгүй байх тул хариуцагч нарын гаргасан “ ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч З.Орхонгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                         Б.ОЮУНЦЭЦЭГ