Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00141

 

 

                                                            

 

 

                                       

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүх хуралдааны танхимд хийж,  

         Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төв зүүн жигүүрт байрлах “Ариранг фамили“ ХХК-ний нэхэжмлэлтэй

   Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-74 тоотод оршин суух Донид овогтой Жаргалсайхан /ФБ-67061038/

         Хариуцагч : Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-р байр ОСЗА ХХК-ний захирал Сандаг овогтой Туяабаатар /ХЕ-69052162/ нарт хариуцагдах 1,677,750 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгчийн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн төлөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нарт хариуцагдах 1,677,750 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

         Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь Өвөрхөнгай аймгийн нутгийн зөвлөл нь 2015 оны 12-р сарын 07-ны өдөр манай компанитай шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулахаар гэрээ байгуулан 2016 оны 12-р сарын 27 ны өдөр үйл ажиллагаа явуулсан болно. Гэрээний нийт үнийн дүн 6 958 000 төгрөг, үүн дээр нэмээд гэрээ байгуулахдаа комиссын гишүүдийн идсэн хоолны төлбөр 65,500 төгрөг, нийт 7,023,500 төгрөг болсон ба үүнээс 5,905,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 1 118 500 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно.5,905,000 төгрөгийг дараахь байдлаар төлсөн болно. Үүнд: Урьдчилгаа төлбөр -700 000 12/07 нд бэлнээр, 12/27 нд 1 300 000 төг бэлнээр 3.12/28 нд 780 000 төг бэлнээр 4.12/29 нд 285 000 төг бэлнээр, 12/29 нд 1 100 000 төг дансаар 6.1/4-нд 1 290 000 төг бэлнээр 7.1/4 нд 300 000 төг бэлнээр, 1/8 нд 100 000 төг бэлнээр, 1/8 нд 50 000 төг дансаар, Гэрээг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийг төлөөлж зохион байгуулагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар болон бусад комиссын гишүүд биечлэн байлцаж хийсэн ба гэрээнд зөвхөн С.Туяабаатар гарын үсэг зурсан боловч төлбөр тооцооны үлдэгдлийг Д.Жаргалсайхан хариуцан төлнө гэж бичгээр тайлбар гаргасан болно.Бид төлбөр барагдуулах талаар Д.Жаргалсайхан, С.Туябаатар нартай удаа дараа утсаар ярьж, уулзаж тохиролцсон, хугацаа өгсөн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна.Гэрээний нийт үнийн дүн болон төлбөр тооцооны үлдэгдлийг хэрхэн, хэн, яаж хариуцан барагдуулах талаар Д.Жаргалсайхан, С.Туяабаатар, тус компанийн захирал Ли Дунг Ги нарын удаа дараа харилцан ярилцаж тохиолцсон тухай гар утасны бичлэг дээр тодорхой байгаа болно. Үүнд:2015-12-29 ны өдрийн 15:23 минутанд З.Туяабаатарын ажлын өрөөнд Ли Дун ги, Д.Жаргалсайхан З.Туяабаатар нар ярилцаад 146 хүн үйлчлүүлснээс 4 хүнийг нь хөнгөлөөд 142 хүнээр тооцоо хийхэд нийт гэрээний үнийн дүн 6958000 төгрөг болсон ба үүнээс үлдэгдэл 1503000 төгрөг одоогийн байдлаар үлдээд байгааг харилцан баталж тохирсон. Үүний дараа 100000,50000,300000 төгрөгийг төлөөд хоолны мөнгө 65500- г нэмээд үлдэгдэл нь 1118500 төгрөгийг Д.Жаргалсайхан хариуцан төлөхөөр болсон нь ярилцлагаар батлагдаж байгаа юм.

      2.2016-01-08 ны өдрийн 14:55 минутанд Ариранг ресторанд Туяабаатар, Ли Дунг Ги, Нарантуяа нарын ярилцсан бичлэгэнд 130 хүнээр захиалга өгөөд нэмж 16 хүний ширээ засуулсан нийт 146 хүнээр тооцоо хийхийг харилцан зөвшөөрсөн, үлдэгдэл тооцоо нь Жаргалсайханы тооцоо болохыг Туяабаатар баталсан тухай бичлэг байна.2016-03-11 ны өдрийн 13:50 минутын бичлэгт Д.Жаргалсайхан, Ли Дунги нар Ариранг ресторанд дээр уулзаж үлдэгдэл 1 118 500 төгрөгийг 2016 оны 04- р сарын 01-ны дотор төлнө, төлөхгүй бол шүүхэд хандахад татгалзахгүй гэж хүсэлт бичсэн тухай бичлэг байгаа болно.Иймд манай компани иргэн Д.Жаргалсайхан, С.Туябаатар нараас гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээний дагуух алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:Гэрээний үлдэгдэл төлбөр -1 118 500 төгрөг, алданги 559 250 төгрөг / 250 хоног * 2237 төг/.Нийт 1,677,750 төгрөгийг Өвөрхөнгай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Д:Жаргалсайхан, С.Туяабаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжинэ.Гэрээний үнийн зөрүү болон гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж байна.Гэрээг Туяабаатар хийсэн.Жаргалсайхан төлнө гэсэн баталгаа гаргасан байгаа.Гэрээний үнэ 6 958 000 төгрөг,үүнээс төлөөгүй үлдсэн нь 1 118 500 төгрөг,хугацаа хэтрүүлсний алданги 559 250 төгрөг байгаа гэжээ.              

             

        Хариуцагч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “2015-12-07-нд иргэн Д.Жаргалсайхан би Ариранг фамили ХХК-тай шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулах гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй,энэ гэрээг шүүх дээр л уншиж мэдсэн.Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн  дарга Д.Жаргалсайхан би шинэ жилийн ёолконд ирсэн, такс өгөөгүй байсан хүмүүсээс таскны мөнгө авч бүгдийг нь Туяабаатарт өгсөн.Үлдэгдэл 300,000 төгрөгийг комиссын гишүүн Гантуяа өгсөн.Энэ үед тус ресторан нь 1,000,000 гаруй төгрөгийг үлдэгдэлтэй 300,000 төгрөг хасагдана гэж ярьж байсан.Нарийн учрыг би сайн ойлгоогүй, ойлгох чадваргүй би шинэ жилийн дараа 2 сард их стресст унаж, прокурор дээр явахад тус рестораны захирал Ли Дунг Ги, иргэн С.Туяабаатар 2 хэлэлцэн хуйвалдаж, машинд уулзан 1,118,500 төгрөгийг төлүүлнэ гэж бичгээр бичүүлж авсан.Дараа нь би тус рестораны камераа шүүлгэ гэхэд камер ажиллахгүй гэж ямар ч дотоод хяналтын ажил хийгдээгүй байсан.Ариранг фамили ХХК-ний нябо Г.Нарантуяа нь хүчээр нутгийн зөвлөлийн шинэ жилийг ресторандаа хийлгэсэн.Иргэн Д.Жаргалсайхан би ямар ч мөнгөний тооцоог тус ресторантай хийгээгүй, бүх мөнгөний тооцоог С.Туяабаатар л хийсэн.Иймд иргэн Д.Жаргалсайхан би гомдолтой, ямар ч төлбөр мөнгөний тооцоо хийхгүй, төлөхгүй.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Туяабаатар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.2015-12-07-нд байгуулсан гэрээг биелүүлсэн гэж үздэг.Гэрээнд 1 118 000 төгрөг нэмж бичсэн байна.ҮҮнийг би хариуцахгүй гэдэг.Ариранг фамили ХХК өөрөө нэмж бичсэн,бүх хүмүүсээс мөнгө хурааж бүрэн төлсөн гэдэг.Энэ компаний нягтлан Нарантуяа гэдэг хүн тооцоо гаргаж ирсэн.Энэ хүн өөрөө тэгээд олдохгүй болсон.Туяабаатарыг байлцуулахгүйгээр Жаргалсайханыг Прокурор дээр хэрэгт шалгагдаж байхад нь бичлэг хийж гарын үсэг зуруулсан байдаг.Энэ тооцоо нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,2015-12-07-ны өдрийн хүлээн авалт зохион байгуулах гэрээ,хариуцагч Д.Жаргалсайханы гараар бичсэн баталгаа зэргийг нотлох баримтаар шинжлэн  судлав. 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Ариранг фамили“ ХХК Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нараас гэрээний төлбөр,алданги нийт 1,677,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

        Орхон аймаг дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийг төлөөлж С.Туяабаатар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Ариранг фамили“ ХХК-ний ресторанд шинэ жил тэмдэглэх хүлээн авалт хийхээр гэрээ байгуулсан, 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авалт хийсэн болох нь зохигчдын тайлбар,”Хүлээн авалт зохион байгуулах гэрээ”гээр нотлогдож байна.

       Нэхэмжлэгч Ариранг фамили“ ХХК хариуцагч С.Туяабаатар нарын хооронд бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.     

       Уг гэрээний дагуу гэрээ байгуулах үедээ С.Туяабаатар урьдчилгаа төлбөр 700 000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон.

        Хариуцагч С.Туяабаатар төлбөрөө бүрэн төлсөн гэж, Д.Жаргалсайхан “би ямар ч мөнгөний тооцоог тус ресторантай хийгээгүй” гэж  маргаж байна.

        Зохигчдын байгуулсан гэрээнд “Үйлчлүүлэгч тал нь захиалга өгч гэрээ хийсэн өдрөө гэрээний үнийн дүнгийн 50%ийн урьдчилгаа төлбөрийг төлөх ба үлдэгдэл төлбөрийг баярын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийж дуусгасан байна.Төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө” гэж төлбөрийн нөхцөлийг заасан байх боловч гэрээний үнийг тохироогүй, төлбөрийн нөхцөлийг өөрчилсөн талаар тусгаагүй бөгөөд гэрээний “Хүлээн авалтын меню” хэсэгт олон өнгийн үзгээр янз бүрийн үнийн дүн тавьж нэмж бичилт хийсэн ба “Үлдэгдэл 1 118 500 төгрөгийг 2016.04.01 төлнө” гэсэн хар өнгийн үзгээр бичсэн бичилтэд хэн нэгний гарын үсэггүй,гэрээг дүгнэж тооцоо нийлсэн баримтгүй байна.

         Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэрээний төлбөрийн нөхцөлийг өөрчилж,хариуцагч төлбөрийг 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цувуулж төлсөн болох нь харагдаж байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр хугацаа хэтрүүлж төлсөн үнийн дүнд алданги тооцоогүй байх тул талууд тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Гэрээний нийт үнийн дүн 6 958 000 төгрөг, үүн дээр нэмээд гэрээ байгуулахдаа комиссын гишүүдийн идсэн хоолны төлбөр 65,500 төгрөг, нийт 7,023,500 төгрөг болсон ба үүнээс 5 905 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 1 118 500 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно”гэж үндэслэсэн.Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарласнаар гэрээний үнийг 6 958 000 төгрөг гэж үзвэл үүнээс 5 905 000 төгрөгийг хасахаар 1 053 000 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцоо зөрүүтэй,үндэслэгээ муутай гэж үзэх үндэслэл болж байна.

        Шүүх хуралдаанд шинжлэн судалсан CD хуурцагны бичлэгүүд нь ойлгомжгүй,гадаад хэл дээрхи,нотлох баримтын шаардлагад нийцээгүй эх сурвалж нь тодорхой бус баримт байсан тул шүүх нотлох баримтаас хассан болно.

        Хариуцагч Д.Жаргалсайхан 2016 оны 3 дугаар сарын 11-нд “1 118 500 төгрөгийг 2016-4-01-ний дотор шилжүүлнэ” гэж бичгээр баталгаа гаргаснаа шүүхэд тайлбарлахдаа “...шинэ жилийн дараа 2 сард их стресст унаж, прокурор дээр явахад тус рестораны захирал Ли Дунг Ги, иргэн С.Туяабаатар 2 хэлэлцэн хуйвалдаж, машинд уулзан 1,118,500 төгрөгийг төлүүлнэ гэж бичгээр бичүүлж авсан...Иргэн Д.Жаргалсайхан би ямар ч мөнгөний тооцоог тус ресторантай хийгээгүй, бүх мөнгөний тооцоог С.Туяабаатар л хийсэн.Иймд иргэн Д.Жаргалсайхан би гомдолтой, ямар ч төлбөр мөнгөний тооцоо хийхгүй, төлөхгүй” гэжээ.

        Хариуцагчийн энэ гараар бичсэн баталгаа нь “Ариранг фамили“ ХХК С.Туяабаатар нарын хооронд байгуулсан гэрээний төлбөрийн үүргийг Д.Жаргалсайхан хариуцах хуулийн үндэслэл болохгүй бөгөөд ямар учраас С.Туяабаатарын бусдын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх учиртай болох нь тодорхойгүй байна.

        Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийн тооцоог С.Туяабаатартай хийгээгүй,хэдэн хүнд ямар бүтээгдэхүүн худалдсан, хэдэн төгрөгний төлбөр дутуу байгаа болох талаараа хангалттай тодорхой баримт гаргаж шаардлагаа нотлоогүй  тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн үүргийг заасан байдаг тул нэхэмжлэгчийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.Ийнхүү нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

     Нэхэмжлэгчийн урьдчлан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 41800 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээсэн болно.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул “Арирангфамили” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 41800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                           

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ