Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00067

 

                          “Ариранг фамили” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                   иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/000141 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ариранг Фамили” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нарт холбогдох

“1.677.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ли Дунг Ги, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь Өвөрхөнгай аймгийн нутгийн зөвлөл нь 2015 оны 12-р сарын 07-ны өдөр манай компанитай шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулахаар гэрээ байгуулан 2016 оны 12-р сарын 27 ны өдөр үйл ажиллагаа явуулсан болно. Гэрээний нийт үнийн дүн 6 958 000 төгрөг, үүн дээр нэмээд гэрээ байгуулахдаа комиссын гишүүдийн идсэн хоолны төлбөр 65,500 төгрөг, нийт 7,023,500 төгрөг болсон ба үүнээс 5,905,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 1 118 500 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно.5,905,000 төгрөгийг дараахь байдлаар төлсөн болно. Үүнд: Урьдчилгаа төлбөр -700 000 12/07 нд бэлнээр, 12/27 нд 1 300 000 төг бэлнээр 3.12/28 нд 780 000 төг бэлнээр 4.12/29 нд 285 000 төг бэлнээр, 12/29 нд 1 100 000 төг дансаар 6.1/4-нд 1 290 000 төг бэлнээр 7.1/4 нд 300 000 төг бэлнээр, 1/8 нд 100 000 төг бэлнээр, 1/8 нд 50 000 төг дансаар, Гэрээг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийг төлөөлж зохион байгуулагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар болон бусад комиссын гишүүд биечлэн байлцаж хийсэн ба гэрээнд зөвхөн С.Туяабаатар гарын үсэг зурсан боловч төлбөр тооцооны үлдэгдлийг Д.Жаргалсайхан хариуцан төлнө гэж бичгээр тайлбар гаргасан болно. 2.2016-01-08 ны өдрийн 14:55 минутанд Ариранг ресторанд Туяабаатар, Ли Дунг Ги, Нарантуяа нарын ярилцсан бичлэгэнд 130 хүнээр захиалга өгөөд нэмж 16 хүний ширээ засуулсан нийт 146 хүнээр тооцоо хийхийг харилцан зөвшөөрсөн, үлдэгдэл тооцоо нь Жаргалсайханы тооцоо болохыг Туяабаатар баталсан тухай бичлэг байна.2016-03-11 ны өдрийн 13:50 минутын бичлэгт Д.Жаргалсайхан, Ли Дунги нар Ариранг ресторанд дээр уулзаж үлдэгдэл 1 118 500 төгрөгийг 2016 оны 04- р сарын 01-ны дотор төлнө, төлөхгүй бол шүүхэд хандахад татгалзахгүй гэж хүсэлт бичсэн тухай бичлэг байгаа болно.

Иймд манай компани иргэн Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нараас гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээний дагуух алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:Гэрээний үлдэгдэл төлбөр 1.118.500 төгрөг, алданги 559.250 төгрөг /250 хоног *2237 төг/. Нийт 1.677.750 төгрөгийг Өвөрхөнгай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Д:Жаргалсайхан, С.Туяабаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “2015-12-07-нд иргэн Д.Жаргалсайхан би Ариранг фамили ХХК-тай шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулах гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй,энэ гэрээг шүүх дээр л уншиж мэдсэн.Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан би шинэ жилийн ёолконд ирсэн, такс өгөөгүй байсан хүмүүсээс таскны мөнгө авч бүгдийг нь Туяабаатарт өгсөн. Үлдэгдэл 300,000 төгрөгийг комиссын гишүүн Гантуяа өгсөн.Энэ үед тус ресторан нь 1,000,000 гаруй төгрөгийг үлдэгдэлтэй 300,000 төгрөг хасагдана гэж ярьж байсан.Нарийн учрыг би сайн ойлгоогүй, ойлгох чадваргүй би шинэ жилийн дараа 2 сард их стресст унаж, прокурор дээр явахад тус рестораны захирал Ли Дунг Ги, иргэн С.Туяабаатар 2 хэлэлцэн хуйвалдаж, машинд уулзан 1,118,500 төгрөгийг төлүүлнэ гэж бичгээр бичүүлж авсан.Дараа нь би тус рестораны камераа шүүлгэ гэхэд камер ажиллахгүй гэж ямар ч дотоод хяналтын ажил хийгдээгүй байсан.Ариранг фамили ХХК-ний нябо Г.Нарантуяа нь хүчээр нутгийн зөвлөлийн шинэ жилийг ресторандаа хийлгэсэн.Иргэн Д.Жаргалсайхан би ямар ч мөнгөний тооцоог тус ресторантай хийгээгүй, бүх мөнгөний тооцоог С.Туяабаатар л хийсэн. Иймд иргэн Д.Жаргалсайхан би гомдолтой, ямар ч төлбөр мөнгөний тооцоо хийхгүй, төлөхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Туяабаатар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. 2015-12-07-нд байгуулсан гэрээг биелүүлсэн гэж үздэг. Гэрээнд 1 118 000 төгрөг нэмж бичсэн байна. Үүнийг би хариуцахгүй гэдэг. Ариранг фамили ХХК өөрөө нэмж бичсэн, бүх хүмүүсээс мөнгө хурааж бүрэн төлсөн гэдэг.Энэ компаний нягтлан Нарантуяа гэдэг хүн тооцоо гаргаж ирсэн.Энэ хүн өөрөө тэгээд олдохгүй болсон. Туяабаатарыг байлцуулахгүйгээр Жаргалсайханыг Прокурор дээр хэрэгт шалгагдаж байхад нь бичлэг хийж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ тооцоо нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00141 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул “Ариранг фамили” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 41800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өөрийнх нь тооцоо зөрүүтэй гэж үзсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. С.Туяабаатар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан байна. Урьдчилгаа төлбөрийг төлсөн болох нь нотлогдсон гэжээ. Гэтэл гэрээг С.Туяабаатар үүрэг хүлээж гарын үсэг зурсан, урьдчилгааг Д.Жаргалсайхан 700.000 төгрөг төлсөн байдаг. Энэ гэрээний хүлээн авалтын мөнгө дээр 500.000 төгрөг+200.000 төгрөг гэсний ард гарын үсэг зурснаар нотлогдоно. Гэрээний дагуу хүлээсэн үүргийг 2016.04.01-ний өдөр талууд уулзаж 1.118.500 төгрөгийг төлөхөөр тохирч, шүүх хурал дээр нотлох баримтаа судалсан Ли Дон Ги, С.Туяабаатар, Д.Жаргалсайхан нарын ярианы бичлэгээс тодорхой байгаа. Гэтэл шүүх сонссон бичлэгээ шууд шаардлагад нийцэхгүй гэж үзээд өөрийн танил тал хариуцагч нарт илт давуу байдал үүсгэж дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангасангүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө гэж үзэхээр байна.

146 хүний захиалга авснаас 4 хүний тооцоог хөнгөлж 6.958.000 төгрөгөөр гэрээний дүнг тохирч үүнээс төлөлт хийсэн дүнг хасаж үлдэгдэл 1.118.500 төгрөг төлөхөөр тохирч 2015.12.29-нөөс 2016.01.08, 2016.03.11-нд тус тус уулзаж ярилцаж тохирсон байна. Гэтэл уг байдлыг нотолсон нотлох баримтыг үнэлсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан аргаар үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК хариуцагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нараас гэрээний үүрэгт 1.677.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинэ жил тэмдэглэх хүлээн авалтын үйл ажиллагааны төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хүлээн авалт зохион байгуулах гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч С.Туяабаатар төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч Д.Жаргалсайхан нь мөнгө төгрөгний тооцоонд оролцоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч С.Туяабаатар, Д.Жаргалсайхан нар нь 2015.12.07-ны өдөр “Ариранг фамили” ХХК-ийг төлөөлж ня-бо Нарантуяатай “хүлээн авалт зохион байгуулах гэрээ” байгуулж түүнийг захирал Ли Донг Ги батламжилсан, 2015.12.27-ны өдөр шинэ жил тэмдэглэх Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн хүлээн авалт болсон, тухайн арга хэмжээнд нийт 7.023.300 төгрөгийн зардал гарсан, түүний урьдчилгаа төлбөрт 700.000 төгрөгийг хариуцагч Д.Жаргалсайхан хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төлбөрийг цувуулж өгсөөр 1.118.500 төгрөгийн үлдэгдэлтэй 2016.04.01-нд өгч дуусгахаар тохиролцсон болох зэрэг нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийн тооцоог С.Туяабаатартай хийгээгүй хэдэн хүнд ямар бүтээгдэхүүн худалдсан, хэдэн төгрөгний төлбөр дутуу байгаа болох талаараа хангалттай тодорхой баримт гаргаж шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Туяабаатар нь шинэ жил тэмдэглэх хүлээн авалтын ажиллагаанд зарцуулсан төлбөрөө бүрэн төлсөн болохоо хариуцагч Д.Жаргалсайхан нь тухайн үйл ажиллагааны төлбөр тооцоонд оролцоогүй болохоо нотолж чадаагүй байна. 

Хариуцагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нар нь урьдчилгаа 700.000 төгрөгийг хүлээлгэн өгч байсан, хүлээн авалт зохион байгуулах гэрээг хамтран хийсэн зэргээр маргааны үйл баримтанд оролцсон оролцоог харгалзан төлбөрийн үлдэгдэл 1.118.500 төгрөгийг хариуцагч Д.Жаргалсайхан, С.Туяабаатар нараар хуваан төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин гэрээнд төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувь алданги төлөхөөр тохиролцсон байгаа боловч гэрээний нийт үнийн дүн тодорхойгүй, гэрээний нөхцлийг өөрчлөөгүй, хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлж мөнгийг цувуулж төлөхөд алданги нэхэмжилж аваагүй, хугацаа хэтрүүлж төлсөн үнийн дүнд алданги тооцоогүй зэрэг нөхцөл байдалд үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлүүлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд шинэ жил тэмдэглэх хүлээн авалтын үйл ажиллагаанд зориулсан хоол ундаар хангах үүргийг нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК хүлээж өөрийн материалаар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, хариуцагч нар хүлээн авалтын хоол унд захиалсан болох нь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд ажлын үр дүнг хүлээн авч хүлээн авалтын ажиллагааг дуусгасан боловч хөлс төлөх үүргээ гүйцэт биелүүлээгүй зохигчдын хооронд ажил гүйцэтгэх/ үйлчилгээ үзүүлэх/ гэрээ хийгдсэн байхад анхан шатны шүүх бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн нь буруу байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөчрлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00141 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д...” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1...” гэж, “...хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 343.1-д зааснаар Д.Жаргалсайханаас 559.250 төгрөг, С.Туяабаатараас 559.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 559.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжинд 17.427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариранг Фамили” ХХК-д олгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөлт тус тус оруулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.800 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ