Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 112/2021/0019/З |
Дугаар | 221/МА2021/0524 |
Огноо | 2021-09-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0524
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй, Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Ж.Д-ээс Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-аас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Ж.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар жинхлэн томилогдон ажиллаж байсан.
Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар Засаг даргын захирамж гарч ажлаас чөлөөлсөн.
Анхан шатны шүүх хариуцагч талын мэтгэлцээн, маргаан бүхий актын үндэслэл зэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн гэж дүгнээд мөн хуулийн 29.2.4-т зааснаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
Сум орон нутгийн хувьд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг төдийгүй Э.Ц-г үдийн цайны тогоочоор томилуулах санал сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгээс санал орсноор томилогдсон байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг ганцхан томилсон тушаал гаргаснаар ойлгохгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагааг ажлын хэсэг буюу сонгон шалгаруулах ажлын хэсгээр төлөөлөн хийлгэсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа Ж.Д шийдвэр гаргаагүй болно.
Түүнчлэн Ж.Ц, Ж.Д нар нь ашиг сонирхол бүхий хүмүүс ажиллахыг хориглосон ажил албан тушаал болох төсөв санхүү захиран зарцуулах ажил албан тушаалд ажиллаагүй болно. Мөн Ж.Ц-г тухайн ажилд томилсон нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй, байгууллагад болон төрд ямар нэгэн хохирол учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Үүнээс гадна дээрх эгчийгээ томилсон үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг шүүх харгалзан үзээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд Ж.Д нь Ж.Ц-г 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал ажилд томилсон бөгөөд 1 жил өнгөрсөн, Г.Б нь Дэлгэр сумын Засаг даргаар 2020 оны 11 дүгээр сард Засаг даргаар томилогдсон зэргээс харахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Засаг дарга захирамж гаргаж шүүх шийдвэр гаргаж сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Ж.Д нь тус сургуулийн захирлаар томилогдохдоо болон явц дундаа ашиг сонирхлын мэдүүлэгтээ өөрийн төрсөн ах эгч нар тус сургуульд ажиллаж байгаа талаар мэдүүлж байсан болно.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Д-ээс “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03[1] дугаар захирамжаар “байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж дүгнүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлж хууль бус томилгоо хийсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Д-г үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлэхээр заасан.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: энэ хуулийн 11, ... дугаар зүйлд заасныг зөрчсөн, ..., бол нийтийн албанаас халах.” гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Д нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн эгч Ж.Ц-г өөрийн ажиллаж буй сургуулийн сурагчдын үдийн цайны тогоочоор томилсон Б/01 дугаар тушаалыг[2] 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж, улмаар Ж.Ц-ийн сарын үндсэн цалинг тогтоож, нэмэгдэл хөлс тооцож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчийн төрсөн эгчийгээ өөрийн ажиллаж буй сургуулийн сурагчдын үдийн цайны тогоочоор томилсон шийдвэр гаргасан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ашиг сонирхлын зөрчил бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ... гэрээ байгуулах,...-ыг хориглох” гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэхээр байна.
1.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн захирлын сурагчдын үдийн цайны тогоочоор томилсон, тогоочийн сарын үндсэн цалинг тогтоож, нэмэгдэл хөлс тооцож олгохоор шийдвэрлэсэн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, ...захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.”, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Захирал нь дараахь эрхтэй: багш, ажилтныг сонгон авч ажиллуулах,...” гэж заасны дагуу захирлын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн гаргасан шийдвэр, үйл ажиллагаа бөгөөд хуулиар сонгон шалгаруулах ажлын хэсэгт тогоочийг томилох, цалинг тогтоох эрх хэмжээг олгоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Э.Ц-г үдийн цайны тогоочоор томилуулах санал сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгээс санал орсноор томилогдсон байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг ганцхан томилсон тушаал гаргаснаар ойлгохгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагааг ажлын хэсэг буюу сонгон шалгаруулах ажлын хэсгээр төлөөлөн хийлгэсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа Ж.Д шийдвэр гаргаагүй болно.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
2.Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, ... гэрээ байгуулах,...-ыг хориглох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөртэй нь хамаарал бүхий өөрийн төрсөн эгчийг өөрийн доод шатны ажилтнаар томилж, түүнд төсвийн хөрөнгөөс цалин олгохоор шийдвэр гаргаснаараа хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдлыг бий болгож, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлоос ангид шийдвэр гаргах, нийтийн албан тушаалтны хувьд, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн шийдвэр гаргахдаа өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахыг хориглосон хуулийн тусгайлсан хэм хэмжээг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэхээр байна.
Үүний учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ж.Ц, Ж.Д нар нь ашиг сонирхол бүхий хүмүүс ажиллахыг хориглосон ажил албан тушаал болох төсөв санхүү захиран зарцуулах ажил албан тушаалд ажиллаагүй болно. Мөн Ж.Ц-г тухайн ажилд томилсон нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй, байгууллагад болон төрд ямар нэгэн хохирол учраагүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
3.Маргаан бүхий Б/03 захирамжаар Ж.Д-г Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэж заасны дагуу Ж.Д-г хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дээрх эгчийгээ тогоочоор томилсон үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг шүүх харгалзан үзээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Засаг дарга захирамж гаргаж шүүх шийдвэр гаргаж сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн маргаан бүхий Б/03 дугаар захирамж болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Дүгнэхэд, давж заалдах гомдолд дурдсан дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ