Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00685

 

Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б,

Д.Г, П.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр магадлалтай,

Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нарын нэхэмжлэлтэй,

“Н” СӨХ, Л.Г холбогдох,

2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурал зохион байгуулах шийдвэр, тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, Н СӨХ-ны санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн,

2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баднайсүрэн, хариуцагч Л.Ганбаатар, өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их Тойруу-73, Н хотхоны оршин суугч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагаас Бүх гишүүдийн хурлыг нээн хуралдуулсан. Хуралд хотхоны нийт 472 өрх айлаас биечлэн 210 өрх айл /Нийт өрхийн 44 хувь/, урьдчилан бичгээр санал өгсөн 95 өрх айл /нийт өрхийн 20 хувь/ буюу нийт 305 өрхийн 64.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, Н хотхоны оршин суугчдын өмнө тулгамдсан асуудлаа хянан хэлэлцсэн. Ийнхүү хуралдаад Н СӨХ-г өөрчлөн байгуулж, шинээр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, шинэчилсэн дүрмээ баталцгааж, 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг баталсан. Хурлаар өөрчлөн байгуулагдсан Н СӨХ нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 01 дүгээр хурлын тогтоолыг гаргаж, удирдах зөвлөлийн даргаар 6-р байрны оршин суугч Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 5 дугаар байрны оршин суугч Ж.Тыг сонгож томилсон. Мөн шинээр өөрчлөн байгуулсан Удирдах зөвлөлөөс бүх гишүүдийн хурлын тогтоолыг танилцуулж, үүргээ биелүүлэхийг Л.Гшаардсан боловч өнөөдрийг болтол ямар ч арга хэмжээ авахгүй Н СӨХ-ны тамга, тэмдэг, бусад холбогдох баримт бичгүүдийг өнөөдрийг болтол гаргаж өгөхгүй байна. Иймд, Н хотхоны оршин суугчдын 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон тус хурлаас гарсан Н СӨХ-ийг зохион байгуулах хурлын шийдвэр, тогтоолыг хууль ёсны болохыг тогтоолгох, Н СӨХ-ны санхүүгийн тайлан тооцоо, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтуудыг гэрчилгээний хамт шинээр өөрчлөн байгуулагдсан Удирдах зөвлөлд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т заасны дагуу хүлээлгэн өгөхийг Л.Гдаалгаж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч “Н” СӨХ, Л.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: тус СӨХ нь Монголын Сууц Өмчлөгчдийн Нэгдсэн холбооны гишүүнчлэл бүхий анхны нэр хүндтэй үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон холбоо юм. 2016 оны 4 дүгээр сараас Ж.Т, Б.О, П.Г нарын хүмүүс үгсэн хуйвалдаж холбооны эд хөрөнгөд шунаж өөрсдийн далд зорилгодоо хүрэхийн тулд оршин суугчдын төлөөлөл мэтээр өөрсдийгөө өргөмжилж олон түмэнд холбооны үйл ажиллагааны талаар буруу зөрүү ойлгуулж хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулан хууль бус үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ж.Т, Б.О, П.Г нар нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэр хаяг нь үл мэдэгдэх 20 орчим хүн цуглуулан өөрсдийн зохион байгуулсан цуглаанаа Н СӨХ-ны бүх гишүүдээр хийсэн мэт болгож протокол тэмдэглэл үйлдэн, тогтоолдоо бусдаар гарын үсэг цуглуулсан бөгөөд энэхүү шийдвэртээ өөрсдийгөө дарга гүйцэтгэх захирлаар сонгогдсон мэт болгож хууль бусаар СӨХ-ны тамга тэмдэг баримт бичгийг шилжүүлэн авахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Н” СӨХ, Л.Ганбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Т, Б.О, П.Г нар нь өөрсдийн зохион байгуулсан цуглаанаа СӨХ-ийн бүх гишүүдээр хийсэн мэт болгож өөрсдийн хийсэн протокол тэмдэглэл үйлдэж тогтоолдоо бусдын гарын үсэг цуглуулсан. Иймд Ж.Пүрэвжаргал, Б.О, П.Г нарын зохион байгуулсан Н хотхоны оршин суугчдын гэх 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бүх оршин суугчдын хуралдаан, түүнээс гарсан 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Удирдах зөвлөлийн даргаар Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ж.Т нарыг сонгосон 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хуучин СӨХ буюу Л.Ганбаатар нь сууц өмчлөгчдийн хамтын өмчлөлийн хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай зэргийг Эрин гүрэн ХХК удирдлагуудад сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн автомашины хөдөлгөөнгүй, оршин суугчдын салхилж, тоглодог, сагсны шийд, хүүхдийн тоглоомын талбай байрладаг ганцхан газарт үндэслэлгүйгээр өргөтгөл барих зөвшөөрөл өгснийг эрх бүхий байгууллагад оршин суугчид болох Б.О, А.Мягмаржав, Н.Болд, Г.Болдбаяр нар хандаж энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авсан. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэр шийдвэрээр:  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх хэсэгт зааснаар Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нарын хариуцагч Н СӨХ болон захирал Л.Ганбаатар нарт холбогдуулан гаргасан СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н СӨХ болон захирал Л.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг хангаж, Н СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Н СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70.200 төгрөгийг гаргуулж Н СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ганбаатараас Н СӨХ-ны санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тд олгож, Н СӨХ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь, Л.Гхолбогдох Б.Х, Д.С, Ц.Ө, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нарын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нарт холбогдох Н СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай Л.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг нэхэмжлэгч нараас 70.200 төгрөг гаргуулж “Н СӨХ-нд олгосугай” гэснийг “хариуцагч Н СӨХ-оос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Тд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Таас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцээд 109 дугаар магадлал гаргасан.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн нэгдүгээр хавтас 169-209 дүгээр талд байгаа нотлох баримт нь 2016 оны 04 сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хуралд оролцох гишүүдийн нэрс гэснээс үзэхэд хурал хуралдуулах тухай мэдэгдсэн баримт болж байгаа юм. Түүнээс биш хуралд 210 гишүүн оролцсон гэж үзэх нотлох баримт болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхдээ СӨХ-оос гаргаж өгсөн “ Н “ СӨХ-ны 472 гишүүний нэрстэй тулгаж үзээгүй. СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “ Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна.” гэсэн хуулийн заалтад нийцээгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл: нэрсийн жагсаалтад байгаа 210 хүний хэд нь хуралд биечлэн оролцсон болох нь тодорхойгүй, энэ 210 гишүүний нэрс дунд нэхэмжлэл гаргасан хүмүүсийн нэрс орсон байхад үүнийг давхардуулан тооцсон. Нэхэмжлэгч нар нь бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачлагаар ээлжит бус хурлыг хуралдуулсан гэж байгаа боловч СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байхад ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг зөв хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл 472 гишүүний 50 хувиас дээших гишүүн нь 237 хүн байна. “Н” СӨХ-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байхад түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 109 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Г нар нь хариуцагч “Н” СӨХ, захирал Л.Гхолбогдуулан тус холбооны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурал зохион байгуулах шийдвэр, тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, холбооны санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх хурал болон тогтоолуудыг хүчингүйд тооцуулах сөрөг шаардлага гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их Тойруу-73, 73 дугаар хотхоны оршин суугчид 2007 онд “Н” СӨХ-ийг үүсгэн байгуулсан ба холбооны удирдах зөвлөлийн дарга Х.Загдрагчаа 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Л.Ганбаатартай гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлаар томилсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин 2016 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр хуралдсан “Н” СӨХ-ийн ээлжит бус хурал, уг хурлыг зохион байгуулах шийдвэр, хурлаас гарсан тогтоол хүчинтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Холбооны ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачлагаар хуралдуулахаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо ээлжит бус хурлыг бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачлагаар хуралдуулсан, Өдрийн сонины 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дугаарт зар гаргаж, мессэж илгээсэн, 210 өрх айл биечлэн оролцож, 95 өрх бичгээр санал өгсөн, хурал 64.6 хувийн ирцтэй хуралдсан гэжээ.

“Н” СӨХ-д 472 айл өрх хамрагддаг талаар зохигчид маргаагүй болно. Иймд тус холбооны бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь буюу 158 сууц өмчлөгч санаачлага гаргасан тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл ээлжит бус хурал хуралдуулах санаачлагыг тус холбооны нийт хичнээн гишүүн гаргасан болох, энэ нь хуульд заасан хэмжээнд хүрсэн эсэх нь тодорхой бус байна. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.-т ”бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ”, 8.7-т “бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална”. гэж тус тус заасан.

Холбооны бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь ээлжит бус хурлыг хуралдуулахаар санаачилж, хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хурлыг удирдах зөвлөлийн гишүүн бус этгээд даргалсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

Дээрх дурдсанаас үзвэл ээлжит  бус хурал хуралдуулах тухай хуульд заасан журам зөрчигдсөн байхад давж  заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүй, зөвхөн ирц бүрдсэн гэх үндэслэлээр хурлыг хүчинтэй гэж үзэхдээ  хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй  байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.4.9-т нийцжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ