Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 109

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00109

 

 

Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.О, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “НУ” СӨХ, Л.Г нарт холбогдох,

 

“НУ” СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, “НУ” СӨХ-ын санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Л.Гт даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

“НУ” СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ж.Т болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Т

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баднайсүрэн

Хариуцагч: Л.Г

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их Тойруу-73, НУ хотхоны оршин суугч нар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагаас Бүх гишүүдийн хурлыг нээн хуралдуулсан. Хуралд хотхоны нийт 472 өрх айлаас биечлэн 210 өрх айл, урьдчилан бичгээр санал өгсөн 95 өрх айл буюу нийт 305 өрхийн 64.6 хувийн ирцтэйгээр хуралдсан. Ийнхүү хуралдаад “НУ” СӨХ-г өөрчлөн байгуулж, шинээр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, шинэчилсэн дүрмээ баталцгааж, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг баталсан. Хурлаар өөрчлөн байгуулагдсан “НУ” СӨХ нь 01 дүгээр хурлын тогтоолыг гаргаж, удирдах зөвлөлийн даргаар 6-р байрны оршин суугч Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 5 дугаар байрны оршин суугч Ж.Тыг сонгож томилсон. Ийнхүү томилоод эрх бүхий байгууллагуудад хандаж холбогдох арга хэмжээнүүдийг авсан.

Уг ажиллагааны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/1472 тоот албан бичгээр хуучин гүйцэтгэх захирал Л.Гыг үүргээ биелүүлэхийг шаардсан. Мөн шинээр өөрчлөн байгуулсан удирдах зөвлөлөөс бүх гишүүдийн хурлын тогтоолыг танилцуулж, үүргээ биелүүлэхийг Л.Гт шаардсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй “НУ” СӨХ-ны тамга, тэмдэг, бусад холбогдох баримт бичгүүдийг өнөөдрийг болтол гаргаж өгөхгүй шинээр өөрчлөн байгуулагдсан “НУ” СӨХ-ны удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал Ж.Т нарын үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их Тойруу-73, НУ хотхоны оршин суугчдын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон тус хурлаас гарсан “НУ” СӨХ-г зохион байгуулах хурлын шийдвэр, тогтоолыг хууль ёсны болохыг тогтоолгох, “НУ” СӨХ-ны санхүүгийн тайлан тооцоо, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтуудыг гэрчилгээний хамт шинээр өөрчлөн байгуулагдсан Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг Л.Гт даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуучин СӨХ буюу Л.Г нь сууц өмчлөгчдийн хамтын өмчлөлийн хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай зэргийг “Эрин гүрэн” ХХК удирдлагуудад сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн автомашины хөдөлгөөнгүй, оршин суугчдын салхилж, тоглодог, сагсны шит, хүүхдийн тоглоомын талбай байрладаг ганцхан газарт үндэслэлгүйгээр өргөтгөл барих зөвшөөрөл өгснийг эрх бүхий байгууллагад оршин суугчид болох Б.О, А.Мягмаржав, Н.Болд, Г.Болдбаяр нар хандаж энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагч НУ СӨХ болон Л.Г шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сараас Ж.Т, Б.О, П.Гнарын хүмүүс үгсэн хуйвалдаж, СӨХ-ны үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлж, хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулан хууль бус үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Нэр хаяг нь үл мэдэгдэх 20 орчим хүн цуглуулан өөрсдийн зохион байгуулсан цуглаанаа “НУ” СӨХ бүх гишүүдээр хурал хийсэн мэт болгож өөрсдийн бичиж хэвлэн гаргаж ирсэн протокол, тэмдэглэл, тогтоолдоо бусдаар гарын үсэг цуглуулсан бөгөөд энэхүү шийдвэртээ өөрсдийгөө дарга, гүйцэтгэх захирлаар сонгогдсон мэт болгож хууль бусаар СӨХ-ны тамга тэмдэг, баримт бичгийг шилжүүлэн авахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Ж.Пүрэвжаргал, Б.О, П.Гнарын зохион байгуулсан НУ хотхоны оршин суугчдын гэх 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүх оршин суугчдын хуралдаан, түүнээс гарсан 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Удирдах зөвлөлийн даргаар Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ж.Т нарыг сонгосон 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 143 дугаар зүйлийн 143.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх хэсэгт зааснаар Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнарын хариуцагч НУ СӨХ болон захирал Л.Г нарт холбогдуулан гаргасан СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

хариуцагч “НУ” СӨХ болон захирал Л.Гын сөрөг нэхэмжлэлийг хангаж, “НУ” СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг “НУ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөгийг гаргуулж “НУ” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Т болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн "Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах эрхгүй этгээд товлосон" гэх нэг үндэслэлээр нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.     

Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах тухай саналаа өгсөн гуравны нэгээс дээш этгээдийн санал бүхий 1 дүгээр хавтаст хэргийн 173-209 дүгээр хуудсанд буй баримтыг анхан шатны шүүх нь үнэлээгүй. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “НУ” СӨХ нь нийт 472 орон сууцтай, үүний 3/1 нь 315 орон сууцны өмчлөгч, гишүүн байх бөгөөд" гэж тооцоолсон бөгөөд 472 орон сууцны өмчлөгч болон гишүүний 3/1 хувь нь 315 биш 157 орон сууцны өмчлөгч болон гишүүн байх ёстой. Шүүх нь 3/2 буюу 315 нь өрх нь "Бүх гишүүдийн хурал"-ыг хуралдуулах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нарын хуульд заасан болон шүүхийн тайлбарлаад буй процессын дагуу хуралдуулсан ажиллагааг дээрх процессын дагуу явагдаагүй гэж дүгнэхдээ түр зөвлөлийг бүх гишүүдийн хурлыг хуралдуулахыг санаачилсан мэтээр буруу дүгнэсэн.

"НУ" СӨХ-ны оршин суугчид нь түр зөвлөлийг байгуулсан үнэн бөгөөд байгуулах болсон шалтгаан нь энэхүү "Бүх гишүүдийн хурал"-ыг зохион байгуулж хуралдуулах хуульд заасан ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх, үр дүнтэйгээр зохион байгуулах зорилгоор байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх нь "Бүх гишүүдийн хурал"-ыг нэг доор 472 өрхийн 3/1 хэсэг нь нэг өдөр цугларч хуралдуулах тухай товоо гаргаж, хуралдуулах тухай саналд бөөндөө гарын үсгээ зурж, баталгаажуулах ёстой гэсэн процессоор ойлгож хуулийг тайлбарласан.

Энэ нь дийлэнх тохиолдолд боломжгүй бөгөөд нийт 472 өрх нь нэг өдөр нэг хугацаанд бөөндөө цугларах боломжгүй тул уг ажиллагааг хөнгөвчилж, нийт өрхөөс бүх гишүүдийн хурлыг хуралдуулах тухай саналыг түр зөвлөл нь айл бүрийн хаалгыг тогшиж, "НУ" СӨХ-ны "Фэйсбүүк" дэх хаягаар саналыг авч тодорхойлсон.

Тухайн хотхоны оршин суугч нараас урьдчилсан байдлаар тодорхойлсон он, cap, өдөр бүхий хугацаанд "бүх гишүүдийн хурал"-ыг хуралдуулах уу гэх санал бүхий хуудас дээр дэмжиж гарын үсэг зурж буй процесс нь 193 өрхөөс тухайн өдөр "Бүх гишүүдийн хурал"-ыг хуралдуулах тухай саналаа дэмжин өгч байгаа "Бүх гишүүдийн хурал"-ыг товлон хуралдуулья гээд тухайн он, cap, өдрийг баталгаажуулж, товоо товлосон процесс болно.

Хэрвээ ийнхүү тодорхой нэг өдрийг тодорхойлж түүнийгээ баталгаажуулах байдлаар дэмжин санал авахгүй тохиолдолд өрх бүрээс нь хэдэн сарын хэдний өдөр "Бүх гишүүдийн хурал"-ыг товлох бэ гэж лавлан асууж явбал бүх өрх айл тус, тусдаа нэг санал хэлэх бөгөөд нэг тогтсон тов бүхий өдөр гарахгүй билээ. Тиймдээ ч урьдчилан тодорхойлсон нэг өдөр дээр та энэ өдрийг дэмжих уу, энэ өдөр хуралдуулах уу гэж асуугаад тухайн нэг оршин суугч нь тухайн тодорхойлсон өдрийг дэмжиж, гарын үсгээ зурж буй үйл баримт нь 472 өрхийн 3/1 нэг нь буюу 157-аас илүү 193 өрх нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "Бүх гишүүдийн хурлыг хуралдуулья" гэж саналаа өгч байгаа үйл баримт болно.

Ийнхүү "Бүх гишүүдийн хурал"-ыг хуралдуулах тухай саналаа авах ажиллагаанд түр зөвлөл нь дэмжлэг үзүүлэн оролцсон болохоос хурлыг товлож, санаачилсан зүйл биш болно.

Анхан шатны шүүх нь дүгнэхдээ нэг өдөр 472 өрхөөс 375 цугларч товоо гаргаад, "Бүх гишүүдийн хурал"-аа зарлах ёстой мэтээр тайлбарласан дээрх үндэслэлээр үгүйсгэгдэж буй болно. Мөн 472 өрх тус бүрээс хуралдуулах тухай лавлаж, тус тусаас нь товыг лавлавал 472 өөр он cap өдөр хэлэх нөхцөл байдал үүсгэхгүйг хөнгөвчилсөн билээ.

Хэрвээ энэхүү 193 өрх нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "Бүх гишүүдийн хурал"-ыг хуралдуулах тухай товыг баталгаажуулж, хуралдуулахыг дэмжиж саналаа өгөөгүй байсан тохиолдолд энэхүү "Бүх гишүүдийн хурал" нь хуралдахгүй байх байсан бөгөөд анхан шатны шүүх нь хуулийг хэт туйлшруулан нэг талыг барьж тайлбарлан  нэхэмжлэлийг шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнэж шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна .

 

Нэхэмжлэгч Б.Х, Д.С, Ц.Ө, Ж.Т, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнар нь хариуцагч “НУ” СӨХ болон захирал Л.Г нарт холбогдуулан тус СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийг шаардлага, хариуцагч “НУ” СӨХ болон захирал Л.Г нь нэхэмжлэгч нарт холбогдуулан дээрх тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их Тойруу-73, НУ хотхоны оршин суугчид 2007 онд “НУ” СӨХ-г үүсгэн байгуулснаар үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд  СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга  Х.Загдрагчаатай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Л.Г нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Тус СӨХ-д 472 өрх айл оршин суудаг талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар оршин суугч нь холбооны гишүүн байх юм.

 

 “НУ” СӨХ-ны гишүүд ээлжит бус хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдсан талаар тус хурлын тэмдэглэлд тусгагдсан ба нэхэмжлэгч тал уг ээлжит бус хурал болон хурлаас гарсан эрхийн актуудыг хүчинтэй гэж, харин хариуцагч тал уг ээлжит бус хурлыг хууль зөрчиж явуулсан тул хурлаас гарсан шийдвэрүүд хүчингүй гэж маргасан.

 

 Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар холбооны эрх бүхий дээд байгуулага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд хурал нь ээлжит бөгөөд ээлжит бус байхаар зохицуулжээ.

 

Бүх гишүүдийн ээлжит хурал зохион байгуулах хугацаа болоогүй байсан талаар талууд маргаагүй. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь ээлжит бус хуралд хамаарах тул Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шаардлага болох бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулах учиртай. Тус СӨХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулахаар Өдрийн сонины 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 084 дугаарт зар гаргасан, айл өрхүүдээс хурал зохион байгуулахтай холбоотой санал авсан, товлосон хугацаанд хуралд биечлэн 91 гишүүн, эчнээгээр оролцохоор санал гаргасан 210 гишүүн, нийт 301 гишүүн байгаа нь нийт 472 гишүүний гуравны нэгээс их байх тул хурлыг хүчинтэй гэж үзэхээр байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хурал хуралдуулах тухай гишүүдээс санаачилга гаргаагүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. /1 дүгээр хавтас 147, 169-209, 2 дугаар хавтас 1-43 дахь тал, СД бичлэг, бичлэгт хийсэн үзлэг/

 

Нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн, өмчлөгч бүр нэрээ зааж гарын үсэг зурсан жагсаалтыг үгүйсгэж байгаа тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Ийнхүү няцаасан баримт хэрэгт байхгүй тул хуульд заасан ирцийн шаардлага хангасан хүчинтэй хурал гэж үзэх юм.

 

Энэ хурлаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, шинэчилсэн дүрмийг баталж, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг гаргасан байна. Ээлжит бус хурлаас мөн өдөр 01 тоот тогтоол гарч, СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар 6-р байрны оршин суугч Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 5 дугаар байрны оршин суугч Ж.Тыг сонгож томилсон.

 

Иймд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Г нь тус СӨХ-ны санхүүгийн тайлан тооцоо, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтуудыг гэрчилгээний хамт шинээр томилогдсон СӨХ-ны захирал Ж.Тд хүлээлгэн өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул холбогдох нэхэмжлэлийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Тус СӨХ-ны ээлжит бус хурлын шийдвэр, уг хурлын шийдвэрийг үндэслэж гаргасан Удирдах зөвлөлийн тогтоол хуульд нийцсэн байхад эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрээр хариуцагчаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй бөгөөд энэ нь СӨХ-ны өмчлөл, эзэмшлийн зүйлийг хууль бус этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул тухайлан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн Б.Х, Д.С, Ц.Ө, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнар нь иргэнийхээ хувьд СӨХ-ны өмчлөл, эзэмшлийн зүйлийг хууль бус этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй этгээд биш байх тул тэдгээрийн нэхэмжлэлийг, энэ маргааны хариуцагч нь “НУ” СӨХ биш байх бөгөөд СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээс өмнө байсан удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, уг хурлаар батлагдсан удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын хооронд үүссэн маргаан байх тул СӨХ-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлаас Удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Х, Д.С, н.Азжаргал, Ц.Ө, Ж.Т, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Гантулга, н.Сансар нарыг сонгосон байх тул “НУ” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Х.Загдрагчаа гэж гарын үсэг зурсан удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг /3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/  хуульд нийцсэн гэж үзэхгүй тул уг тогтоолоор Л.Гыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж дүгнэхгүй тул Л.Гыг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Тын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02533 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Гаас “НУ” СӨХ-ны санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тд олгож,

“НУ” СӨХ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь, Л.Гт холбогдох Б.Х, Д.С, Ц.Ө, Б.Оюун-Эрдэнэ, Э.Т, М.Б, Д.Г, П.Гнарын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нарт холбогдох “НУ” СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай Л.Гын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 

2 дахь заалтыг “нэхэмжлэгч нараас 70 200 төгрөг гаргуулж “НУ” СӨХ-нд олгосугай” гэснийг “хариуцагч НУ” СӨХ-оос 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Тд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Таас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                        ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА