Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00684

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 126 дугаар магадлалтай,

Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

400.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК-ийн захирал М.Нямжав нь Ж.А-тэй 2010 оноос хойш найз нөхдийн харилцаатай. 2013 оны 8 дугаар сарын сүүлчээс хойш мөнгө төгрөг өгч авалцаж байснаа 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 115.000.000 төгрөгийг М.Нямжаваас авсан. 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж 229.950 ам доллар буюу 425.407.264 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 01-нд өгөхөөр тохирсон. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахин гэрээ байгуулж 250.832 ам доллар буюу тухайн үеийн 1 ам долларын ханш болох 1985 төгрөгөөр тооцож 497.901.437 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар дахин зээлийн гэрээ хийж 537.733.552. төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Иймд Нямжавын хүсэлт, гуйлт, санхүүгийн боломж, нөхцөл байдлыг харгалзан үзэж 537.733.552 төгрөгөөс 137.733.552 төгрөгийг хасч үлдэх 400.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: М.Нямжав нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай гэрээг байгуулсан нь үнэн. Үүнээс  хойш нийт 117.000.000 төгрөгийг Ж.А-эд буцааж өгсөн. Одоо нэхэмжилж буй 400.000.000 төгрөгийг өгч авалцсан тухай баримт байхгүй. Тийм хэмжээний мөнгө аваагүй. Зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй тул хүү, алданги нэхэх эрхгүй, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийсэн гэх зээлийн гэрээнд ямар ч хөрөнгө барьцаалаагүй байхад хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ гэж бичсэн байна. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг сүүлд гаргаж ирсэн байна. Ийм их хэмжээний мөнгө өгөх учиргүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Б ХХК-иас 151.035.840 /нэг зуун тавин нэгэн сая гучин таван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж Ж.А-эд олгож, үлдэх 248.964.160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913.129 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 126 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.403.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02717 дугаартай шүүхийн шийдвэрээр 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр мөнгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж шүүх дүгнэсэн атлаа мөн өдөр 8 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзэж 139.848.000 төгрөгийг 11.187.840 төгрөгийн хүүгийн хамт 151.035.840 төгрөгийг хүүгийн хамт 151.035.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дүгнэлтээсээ зөрчилтэй шийдвэр гаргасан.

Иймд бодитоор байгуулагдаагүй гэрээг үндэслэн хүүнд 11.187.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хүүнд тооцсон уг мөнгийг хасуулж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 400.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл, хүү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам доллар  тус тус зээлсэн ба 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10 хувийн хүү төлөх, 1 ам долларыг 1780 төгрөгөөр тооцохоор  харилцан тохирчээ /хэргийн 26 дугаар тал/.

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, энэ талаар маргаагүй байна.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Хариуцагч дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 115.000.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь 250.832 ам доллар буюу 497.901.437 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаагаар хариуцагчид зээлдүүлэхээр тохирч 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба дээрх гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч уг гэрээгээр мөнгө аваагүй гэж маргажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч зээлдэгч уг мөнгийг аваагүй гэж маргасан тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө шилжүүлсэн эсэх үйл баримт ач холбогдолтой. 

Дээрх зээлийн гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн дээр буюу өмнөх зээлийн үлдэгдлийн тооцоогоор шинээр байгуулсан нь зохигчийн  тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, 2013 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн болон нэмэлт үүргийг тодорхойлж,  зээл 231.680.000 төгрөг, хүү 23.168.000 төгрөг нийт 254.848.000 төгрөгийг төлөхөөс115.000.000 төгрөг төлснийг хасч үлдэх 139.848.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. 

Харин 2015 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор мөнгө шилжээгүй, анхан шатны шүүх   зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн атлаа хариуцагчаас уг гэрээний дагуу 1 сарын хүүд 11.187.840 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу.

Шүүх 2013 оны зээлийн гэрээнд хүү тооцож хариуцагчийн хүлээх үүргийг 139.848.000 төгрөг гэж тогтоосон атлаа дээрх дүнгээс 2015 оны зээлийн гэрээний дагуу дахин хүү бодсон нь хүүг 2 удаа тооцсон агуулгатай байна.

Зохигчийн хооронд 2015 онд зээлийн гэрээ байгуулагдаагүй, тохиолдолд  хүү төлөх гэрээний үүрэг хариуцагчид үүсэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 139.848.000 төгрөгийг шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 126 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан “Б” ХХК-иас 139.848.000 /нэг зуун гучин есөн сая найман зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулж Ж.А-эд олгож, нэхэмжлэлээс 260.152.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...913.129” гэснийг “...857.190” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 193.955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ