Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2017/02717

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2017/02717

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 2А байр БХХК /РД:2020548/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 400.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бр, түүний өмгөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.И, гэрч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХХК-ийн захирал М.Нямжав нь Ж.Атэй 2010 оноос хойш найз нөхдийн харилцаатай байдаг найзууд юмаа.

Тэд 2013 оны 8 дугаар сарын сүүлчээс хойш мөнгө төгрөг өгч авалцаж байснаа 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Энэ зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай  гэрээ байгуулсан юм.

Үүнээс хойш 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 80.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 115.000.000 төгрөгийг М.Нямжаваас авсан.

Үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж 229.950 ам доллар буюу 425.407.264 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 01-нд өгөхөөр тохирсон. Ингэж тохирсоноос хойш ямар ч мөнгө өгөөгүй.

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахин гэрээ байгуулж 250.832 ам доллар буюу тухайн үеийн 1 ам долларын ханш болох 1985 төгрөгөөр тооцож  497.901.437 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар дахин зээлийн гэрээ хийж 537.733.552. төгрөгийг өгөхөөр тохиролцсон.

 Үүнээс хойш ямар ч мөнгө өгөлгүй 2017 он хүрсэн. Энэ тухай 2017 оны 2 дугаар сараас дарамталсан эсэхийг шалгуулахаар цагдаад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдэх асуудал гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдэж 400.000.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие Ж.А нь БХХК-ийн ерөнхий захирал М.Нямжавтай 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 250.832 ам доллар буюу 497.901.437 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй  нэг сарын хугацаатай зээлж  537.733.552 төгрөг болгож өгөхөөр гэрээ хийсэн.

Хариуцагч БХХК-ийн захирал М.Нямжав нь 250.832 ам доллар буюу 537.733.552 төгрөгийг хүлээн авч гарын үсэгээ зурж компанийн тамгаа дарж зээлийн гэрээг баталгаажуулсан.

Зээлсэн мөнгөө өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй боловч миний бие Нямжавын хүсэлт, гуйлт, санхүүгийн боломж, нөхцөл байдлыг харгалзан үзэж 537.733.552 төгрөгнөөс 137.733.552 төгрөгийг хасч үлдэх 400.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, М.Нямжав Ж.А нар найзууд байсан нь үнэн.

М.Нямжав нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай  гэрээг  байгуулсан нь үнэн.

Энэ цагаас хойш   2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 80.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, Пүрэвсүрэнгийн дансаар 600.000 төгрөг, Мягмарсүрэнгийн дансаар 1.700.000 төгрөг, нийт 117.000.000 төгрөгийг Ж.Аэд буцааж өгсөн.

 Одоо нэхэмжилж буй 400.000.000 төгрөгийг өгч авалцсан тухай баримт байхгүй. Тийм хэмжээний мөнгө аваагүй. Зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй тул хүү, алданги нэхэх эрхгүй, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийсэн гэх зээлийн гэрээнд ямар ч хөрөнгө барьцаалаагүй байхад хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ гэж бичсэн байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байхад гаргаж ирээгүй 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг сүүлд гаргаж ирсэн байна.

Ийм их хэмжээний мөнгө өгөх учиргүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч М.Цолмонгийн мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь Ж.А нь хариуцагч БХХК-д холбогдуулан 400.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Аээс 400.000.000 төгрөг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.Хариуцагч БХХК-ийн захирал М.Нямжав нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг Ж.Аээс тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай  гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 26-р хуудас/

2.БХХК-ийн захирал М.Нямжав нь дээрх гэрээний гүйцэтгэлд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн тооцоо хийж 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 80.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг Ж.Аэд өгсөн, үлдэх 229.950 ам доллар буюу 425.407.264 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар М.Нямжав гарын үсэг зуржээ. /хх-ийн 25-р хуудас/

3.Талууд 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр авсан зээлийн баримт, гэрээг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 250.832 ам доллар буюу 497.901.437 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй, 5%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдүүлсэн агуулга бүхий гэрээг 2015 оны 8 дугаар сарын 15-ний өдөр хийж, 537.733.552 төгрөгийг Ж.Аэд өгөхөөр тохиролцон, Ж.А 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан байна. /хх-ийн 23-р хуудас/

Энэ бүхнээс дүгнэхэд Ж.А нь БХХК-ийн захирал М.Нямжавд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56.000 ам долларыг тус тус зээлж, сарын 8%-ийн хүүтэй, 1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож нийт 231.000.000 төгрөгийг хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 26–р хуудас/

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 117.000.000 төгрөгийг өгсөн гэж байгаа боловч 5026450932 дугаартай Ж.Мягмарсүрэнгийн дансанд шилжүүлсэн 1.700.000 төгрөг, Пүрэвсүрэнд өгсөн 600.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Аэд өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна./хх-ийн 93-98,113,114–р хуудас/

Харин  2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 80.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 115.000.000 төгрөгийг Ж.Аэд өгсөн болох нь зохигчийн тайлбар болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 91,92,101,102,105–р хуудас/

2.1.Талууд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн тооцоо хийж баримт үйлдэхдээ 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл болох /213.000.000+21.300.000-115.000.000=139.848.000/ 139.848.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлэх байтал үлдэх 229.950 ам доллар буюу 425.407.264 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар баримт үйлдсэн нь зээлдүүлэгч зээлдэгчид бодитоор өгсөн мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгийг шилжүүлсэн мэт баримтыг үйлдсэн гэж үзэхээр байна. /хх-ийн 25-р хуудас/

3.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.

БХХК-ийн захирал М.Нямжав нь 537.733.552 төгрөгийг Ж.Аэд өгөхөөр 2015 оны 8 дугаар сарын 15-ний өдөр гэрээ хийсэн боловч зээлдүүлэгч Ж.А нь зээлдэгч БХХК-ийн захирал М.Нямжавд 250.832 ам доллар буюу 497.901.437 төгрөгийг шилжүүлээгүй /өгөөгүй/ тул зээлдэгч 537.733.552 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээгээгүй, тэдний хооронд уг гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ.

Иймээс талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сарын хугацаатай хийсэн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 132.000.000 төгрөг, 56.000.000 ам доллар буюу талуудын хоорондоо тохиролцсон тухайн үеийн ханшаар тооцоход 99.680.000 төгрөг, нийт 231.680.000 төгрөгнөөс тооцоо хийх үндэслэлтэй байна. 

Зээлдэгч 231.680.000 төгрөгийг 10%-ийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд түүний хүүд 23.168.000 төгрөг, нийт 254.848.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсанаас 115.000.000 төгрөгийг төлж 139.848.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2015 оны 8 дугаар сарын 15-ний өдөр 250.832 ам доллар буюу 497.901.437 төгрөгийг шилжүүлсэн мэт гэрээ хийсэн байх тул уг гэрээг хийх үед зээлдэгч 139.848.000 төгрөгийг бодитоор зээлдэж сарын 8%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар гэрээ хийсэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй болно.

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн  Зээлийн гэрээг тооцохдоо 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хийх нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн дээрх гэрээгээр зээлсэн мөнгө болох 139.848.000 төгрөгийн нэг сарын хүү нь 11.187.840 төгрөг  байх тул үндсэн зээл, хүүд /139.848.000+11.187.840=151.035.840/ 151.035.840 төгрөгийг хариуцагчаас гаргах үндэстэй.

Иймд хариуцагч БХХК-иас 151.035.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Аэд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 248.964.160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Б ХХК-иас 151.035.840 /нэг зуун тавин нэгэн сая гучин таван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж Ж.А-д олгож, үлдэх 248.964.160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 913.129 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                         

 

               

ШҮҮГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО