Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 78

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-06 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН87030161, Зүүн засгууд овогт Батсүхийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 5-08 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ88062113, Борлууд овогт Цэгмэдийн Лхагважавт холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ц.Лхагважавтай 2011 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2012 онд охин Энхзаяа, 2013 онд хүү Энхбат нар мэндэлж ам бүл 4-үүлээ 5 жил хамт амьдарсан. Үл ойлголцлын улмаас нөхөр Ц.Лхагважав гэрээ аваад тусдаа амьдрахаар болсон. Бид салаад 5 сар болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа хүүхдүүд дээрээ ирээгүй. Иймд Ц.Лхагважаваас охин Энхзаяа, хүү Энхбат нарт хуулийн дагуу зохих тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Лхагважавт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд цаашид Ц.Лхагважавтай хамт амьдарч, 2 хүүхдээ Ц.Лхагважаваар овоглон амьдрахаар эвлэрсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь хариуцагч Ц.Лхагважавт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

             Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Нарангэрэл нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь хариуцагч Ц.Лхагважавт холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ