Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 18

 

 

 

           

 

 

 

 

 

Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 375 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт  оршин суух, Зүүн засгууд овогт Батсүхийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суух Борлууд овогт Цэгмэдийн Лхагважавт  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нарангэрэл, хариуцагч Ц.Лхагважав, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь Ц.Лхагважавтай 2011 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2012 онд охин Энхзаяа, 2013 онд хүү Энхбат нар мэндэлж, ам бүл 4-үүлээ 5 жил хамт амьдарсан. Үл ойлголцлын улмаас нөхөр Ц.Лхагважав гэрээ аваад тусдаа амьдрахаар болсон. Бид салаад 5 сар болж байна. Гэтэл нэг ч удаа хүүхдүүд дээрээ ирээгүй. Иймд Ц.Лхагважаваас охин Н.Энхзаяа, хүү Н.Энхбат нарт хуулийн дагуу зохих тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие Б.Нарангэрэлийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2011 онд гэр бүл болж амьдарсан. Бидний дундаас 2012 онд охин Н.Энхзаяа, 2013 онд хүү Н.Энхбат нар төрсөн. Бид 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хамт амьдарсан бөгөөд энэ өдрөөс хойш эхнэр Б.Нарангэрэл гэр бүлийн жижиг хэрүүлээс болж чамтай амьдрахгүй саллаа гээд 2 хүүхдээ дагуулаад явсан. Одоо ээжийнхээ гэрт дүү нартайгаа амьдарч байгаа. Хүүхдүүдтэйгээ уулзахаар очсон боловч хөөгөөд уулзуулаагүй. Би 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 375 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Зүүн засгууд овогт Нарангэрэлийн Энхзаяа, Зүүн засгууд овогт Нарангэрэлийн Энхбат нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Лхагважаваар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчБ.Нарангэрэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Лхагважаваас 28.282 /хорин найман мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие уг нэхэмжпэлтэй танилцаж, хуулийн хугацаанд хариу тайлбараа өгсөн. Би 2 хүүхдээ өнчрүүлж, гэр бүл салахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ар гэрийн, эхнэр нөхрийн ойр зуурын хэрүүлээс болж эхнэр маань тусдаа амьдарч байсан. Би цаашид эхнэртэйгээ эвлэрч, 2 хүүхдээ өнчрүүлэхгүй хамтдаа өсгөх байр суурьтай байсан бөгөөд үүнийгээ ч хариу тайлбартаа бичиж, илэрхийлсэн байсан. Би тайлбараа өгөөд хөдөө замын ажил хийхээр яваад саяхан Улаангомд ирсэн. Надад тус хэргийн хурлын тов мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан явуулж, миний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан гэдгийг мэдсэн. Би хэзээ шүүх хурал болсон талаар мэдээгүй, надад мэдэгдээгүй. Манай хажуу айлын танил эгч болох Дэлгэр гэх хүнд хурлын товыг хэлсэн гэх бөгөөд Дэлгэр гэх хүн шүүгчийн туслахад "Би Лхагважавт хурлын тов мэдэгдэж чадахгүй, тэглээ ч би хамаатан садан, ойр дотны харилцаатай хүмүүс биш, хаана ажиллаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй" гэж хэлсэн байсан. Гэтэл Дэлгэр гэх хажуу айлын хүнд хурлын тов мэдэгдсэнийг надад мэдэгдсэн мэтээр тайлбарлаж шүүх хуралдаан зарлаж, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч ирээгүй нөхцөлд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаар шүүгч өөрөө шийдвэрлэдэг боловч хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан шийдвэрлэж байгаа, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа тохиолдолд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай байсан.

 

Миний бие өөрт холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож, шүүх хурал дээр үзэл бодлоо илэрхийлж, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр сонсож, гардан авах эрхээ эдэлмээр байна. Надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх холбогдох хууль тогтоомж, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 375 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь 2011 оноос эхлэн Ц.Лхагважавтай хамтын амьдралтай байх үедээ 2012 онд охин Н.Энхзаяа, 2013 онд хүү Н.Энхбат нарыг төрүүлж эх Б.Нарангэрэлээр овоглон төрсөний гэрчилгээ авч хамтран амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч, шүүхэд охин Н.Энхзаяа, хүү Н.Энхбат нарын эцэг Б.Лхагважаваас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Лхагважав шүүхэд “бидний дундаас охин Н.Энхзаяа,хүү Н.Энхбат нар төрсөн, эхнэр Б.Нарангэрэл гэр бүлийн жижиг хэрүүлээс болж чамтай амьдрахгүй саллаа гээд 2 хүүхдээ дагуулж яваад одоо ээжийнхээ гэрт дүү нарынхаа хамт амьдарч байгаа. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очсон боловч намайг хөөгөөд хүүхдүүдтэй маань уулзуулаагүй. Би 2 хүүхдээ өнчрүүлж, хүүхдээсээ хол амьдрахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа ба охин Н.Энхзаяа, хүү Н.Энхбат нарын эцэг биш гэж маргаагүй, харин хүүхдүүдээ өнчрүүлэхгүй учир тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хариуцагч Ц.Лхагважавд шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүргүүлэхэд урьд байсан хаягтаа байгаагүй ба  түүнд сүүлчийн хаягаар нь хөрш амьдардаг бэргэн эгч Дэлгэрт 2016 оны 05 дугаар сарын 24, 27, 30-ны өдрүүдэд тус тус шүүх хуралдааны товыг  89218989 дугаартай утсанд мэдэгдсэн баримт /хх 25-27 дугаар тал/ хэрэгт авагдсан боловч хариуцагч Ц.Лхагважав өөрөө шүүх хуралдааны товыг хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй байна. Ц.Лхагважавын хөрш амьдардаг, түүний бэргэн эгч гэх Дэлгэрт шүүх хуралдааны тов мэдэгдэж, дамжуулан мэдэгдэхийг хүссэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д  заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн  гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Гэтэл хариуцагч Ц.Лхагважавт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны  дагуу шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах  үр дагаварыг танилцуулаагүй байж нэхэмжлэгч Б.Нарангэрэлээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах саналыг асууж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, тус шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж анхан шатны шүүхээс үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

 

Мөн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрсөнөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь заалтыг зөрчин хугацаанаас нь өмнө хариуцагчийн эцэг эхэд нь мэдэгдэж, /хх 35 дугаар тал/ хариуцагчид шийдвэр гардуулан өгөх хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. 

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, түүний давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Ц.Лхагважавт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                                   

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

Д.ЖАМБАЛСҮРЭН