Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 124/2021/0039/з |
Дугаар | 221/МА2021/0580 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0580
А.С-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.С-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.С-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Х-гийн үйлдсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176463 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч А.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан А.С-д олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Х давж заалдах гомдолдоо: “Нэр дэвшигч А.С нь зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй нь тогтоогдсон.
Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
... Цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй.
... Шүүх “...зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаалаар баталсан журмыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж, А.С-ыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.С-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гомдол гаргагч А.С-аас “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176463 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176463 дугаар шийтгэлийн хуудсаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Увс аймгийн Ховд сумын 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч А.С “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх … талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгох”-оор тус тус заажээ.
Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч А.С нэр дэвшигчийн зардлын дансыг “Хаан банк” ХХК-д нээлгэсэн боловч сонгуулийн зардлын дансаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбар, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэр дэвшигч А.С-д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д нийцсэн байна.
Гомдол гаргагч “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны мэдээллээ сумын Ардчилсан намд өгсөн, сумын Ардчилсан нам аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн боловч аймгийн Ардчилсан нам тухайн мэдээллийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй” гэх боловч энэ нь хуулиар нэр дэвшигчид өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Харин нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх үүргээ бусад этгээдээр, тухайлбал, намын орон нутгийн салбараар гүйцэтгүүлэхээр тохиролцсон, тийнхүү тохиролцсон этгээд нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учирсан гэж үзвэл тухайн этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх “сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч уг дансаараа ямар нэг гүйлгээ хийгээгүй, бусдаас хандив тусламж аваагүй, энэ талаар гаргасан өргөдлийг аймгийн аудитын газар хүлээн авсан” гэх дүгнэлт хийж, “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх” бие даасан зөрчлийн шинжийг “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн өөр зөрчлийн шинжээр үгүйсгэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болох тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хавсаргаагүй, гомдол гаргагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт тусгагдаагүй, хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн дардас дараагүй зэрэг зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.С-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0176463 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР