Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 731

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа /регистр:9005358, дарга С.Медеухан, утас 70422111/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, утас 99423166, РД:БЮ87032410 Молхы овогт Харийн Нурханатад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мугалимхан, хариуцагч М.Нурханат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар болох 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий үнэт цааснуудын үнэ нийтдээ 956400 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байгаад өөр ажил буюу Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа Х.Нурханат нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа албан хэрэгцээнд ашиглаж байсан үнэт цаас болох гадаад, дотоодын жуулчдад бичдэг нэвтрэх тасалбарын үлдэгдэл болох 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас гадаад нэвтрэх тасалбар, 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий дотоод нэвтрэх тасалбар нийтдээ 956400 төгрөгийн үнэ бүхий үнэт цааснуудыг ажлаас гарах үедээ санхүүд тушааж өгч тооцоо хийхгүй би ажлаа хүлээж авсны дараа ирж бүрэн бүтэн хүлээлгэн өгнө гээд явсан боловч сар бүр, жил бүр удаа дараа шаардуулан өнөөдрийг хүртэл авч ирж өгөхгүй байна. Иймд Х.Нурханатаас 956400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мугалимхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Х.Нурханат нь манайд 2009 оноос аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед Х.Нурханат нь энэ албан тушаалд ажиллахдаа хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан гэрээний дагуу ажил үүргийн хуваарийг ажлын байрны тодорхойлолтод тодорхой заагаад гадаад, дотоод жуулчдад олгох нэг удаагийн тасалбарыг хариуцаж, бичилт хийж жил, улирал болгон тайлангаа өгч ажилласаар ирсэн. Х.Нурханат нь ажиллах хугацаанд нэг ч удаа үнэт цаасны талаар зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас аймгийн Засаг даргын Тамгын газарт өөр албан тушаалд томилогдон шилжиж явах болсон. Тэр үед би ийм ажилд шинээр томилогдох боллоо гэж явсан. Тэгэхэд би чи үнэт цаасны тооцоогоо хийгээд яваарай гэсэн. Хамгаалалтын захиргааны даргын тушаал дээр ч үнэт цаасны тооцоо болон хариуцаж байсан эд хөрөнгө, багаж хэрэгсэл, контор бүгдийг хүлээлгэж өгөхийг нягтлан бодогч А.Мугалимханд даалгасугай гэсэн шийдвэр байгаа. Гэхдээ уг тушаал хэрэгт байхгүй. Тэгээд Х.Нурханат нь би үлдэгдэл үнэт цаасаа ажлаас авчхаад хүлээлгэж өгье гэсэн. Тэгэхээр нь би хүлээсэн. Цалингийн тооцоогоо ч хийгээгүй байсан. Ингээд нэг өдөр цалингаа нэхээд ирсэн. Надад маш их мөнгөний шаардлага гарчихлаа, та мэдэж байгаа шүү дээ гэхээр нь би Атай даргад танилцуулсан. Тэгэхэд Х.Нурханатын цалинг өгчих гэсээр байгаад надаар өгүүлсэн. Дараа нь би Х.Нурханатад үнэт цаасны үлдэгдэлтэй яваад байх юм уу?. Санхүү тооцоо нийлсэн акт аваарай гэсэн. Тэгээд шаардаад ирээгүй явсаар байгаад 2 сарын дараа асууж лавлахад тооцоо хийнэ гээд яваад байсан. Тухайн үед энэ үлдэгдлүүдээ санхүүд хүлээлгэж өгөөрэй, энэ чинь бичигдээгүй үлдэгдэл шүү гэдгийг хэлсэн. Сүүлд нь би үүнийг алга болгочихсон. Энэ дээр даргын тушаал гаргуулна гээд надтай тоомсорлолгүй маягаар харьцсан. Тэгээд би их гайхсан. Манай байгууллагад сайн ажиллаж байсан залуу байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал ч байгаагүй. Ажлаас гарахдаа ийм ааш араншинтай болчихдог юм уу гэж гайхаж байсан. Тэгээд би 2,3 удаа нэхэж очиход Атай даргын тушаал гарвал танд өгнө, тушаал гарсан байгаа гэж хэлсэн. Хэрэв үнэт цаас гээгдүүлж алга болсон гэвэл л 3000 төгрөгөөр тасалбарыг төлөх учиртай байдаг. Үнэхээр алга болсон гэвэл хууль, шүүхийн байгууллагаар нотлуулаад ирээрэй. Нотолсон тохиолдолд хамгаалалтын захиргааны өмч хамгаалах байнгын зөвлөл болон хамгаалалтын захиргааны даргын шийдвэр гарч байж үнэт цаасыг хүчингүй болгодог журамтай. Тэгээд тийм гаргаж байсан эрхийн акт ч байхгүй, ямар ч шийдвэргүйгээр аман хариу өгсөн. Тусгай хамгаалалтын газрын тухайн үед Х.Нурханатын бичиж байсан, манай хамгаалалтын захиргааны даргаас өгүүлээд бичиж байгаа үнэт цаас бол Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төсвийн орлогын эх үүсвэр бүрдүүлдэг хоёр үнэт цаас байгаа юм. Тэр хэмжээгээр манайх орлогоо алдаж байна гэж ойлгож болно. Тэгээд өгөхгүй явсаар байгаад аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан. Хариуцагч тайлбартаа тасалбарыг хамгаалалтын захиргааны даргад мэдэгдэж, хүчингүй болгосон шийдвэр гаргасан гэсэн байдаг. Тухайн үед дарга байсан Атай нь тийм шийдвэр гаргаж байгаагүй. Түүнийгээ нотлоод ирээрэй гэсэн. Гэтэл түүнийгээ нотолсон байгууллагын архив, бичиг хэргээс нотолгоо гаргуулж шүүх хуралдаан эхлэхээс өмнө авч ирж өгсөн. Мөн улсын байцаагчийн эрхгүй байсан юм. Тасалбарыг бичихэд улсын байцаагчийн эрхгүй мөртлөө үнэт цаас бичүүллээ гэсэн. Энэ үнэт цаасны тайланг ихэнхдээ байгаль орчны улсын байцаагч нар хэрэглэдэг. Гэхдээ Х.Нурханат нь гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалтын газарт нэвтрэх тасалбар бичиж өгч байсан. Тийм учраас заавал улсын байцаагчийн эрхтэй, эрхгүй гэдэг зүйл байхгүй. Тухайн үед дарга нь үр дүнгийн гэрээ хийхдээ улсын байцаагчийн эрхтэй, эрхгүй гэдэг талаар юм заагаагүй. Энэ бол хариуцлагаас мултрах, үнэт цаасыг гээгдүүлж шамшигдуулах, ашиглах, үрэгдүүлж хаяхаас мултрах зүйл болохгүй байх гэж бодож байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 3,4 улирлын тайлан буюу 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамгийн сүүлд тушаасан үнэт цаасны хамгийн хойд талын багана буюу байгаль орчны улсын байцаагчийн гарт үлдсэн дугаар гэж бичсэн байгаа. Би энэ үлдэгдлийг нэхэмжилж байгаа. Энэ үлдэгдлийг бичигдээгүй, алга болгосон гэж байгаа. Өөр байдлаар ашигласан бол хуулийн дагуу энэ хүнээс арга хэмжээ авч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Нурханат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 7 дугаар сарын 20-ноос 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байсан ба тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалттай газар нутгийн нэг удаа нэвтрэх тасалбарыг бичиж, тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр санхүүд тушаадаг байсан. Нэхэмжлэлд дурдагдсан нэг удаа нэвтрэх тасалбарууд тухайн үед гээгдсэн ба гээгдсэн тасалбарын талаар хамгаалалтын захиргааны даргад мэдэгдэж тухайн үед хамгаалалтын захиргааны дарга гээгдсэн тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Би нэхэмжлэлд дурдагдаж байгаа тасалбаруудыг гадаад, дотоодын жуулчдад бичиж, мөнгө төгрөг хурааж авсан асуудал огт байхгүй. Зөвхөн тасалбар гээгдсэн болохоос биш бичилт хийгдээгүй юм. Уг нь цаасыг зөвхөн Баягаль орчны хяналтын улсын байцаагч хэрэглэх ёстой байсан ба би Хамгаалалтын захиргааны ажиллаж байхад улсын байцаагчийн эрхгүй юм. Нэхэмжлэлд хавсаргасан үнэт цаасны тайланд БОХУлсын байцаагч гэж бичсэн нь өөрөө хууль бус тасалбарын хамгаалалтын захиргаанаас хүлээлгэж, бичилт хийлгэж байсан нь хууль зөрчсөн үйл явдал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Монгол-Алтайн нурууны улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Нурханат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд гадаад, дотоод жуулчдад олгодог тусгай хамгаалалттай газарт нэг удаа нэвтрэх тасалбарын тайланг хагас, улирал, бүтэн жилээр тушаадаг байсан. Би 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр ажилд шилжин ажиллах болсон. Өөр ажилд шилжсэний дараа надад 2013 оны 02, 03 дугаар саруудад тасалбарын тооцоо хийж дуусгасан уу, дуусгаагүй бол дуусгаарай гэж манай ня-бо хэлж байсан. Би тасалбаруудад ямар ч бичилт хийгдээгүй, жуулчдад олгогдоогүй байсан учраас өөрт байсан бичиг баримт, материалуудаас хайгаад үүнийг олсонгүй. Тэгээд тусгай хамгаалалттай газарт нэг удаа нэвтрэх тасалбарууд гээгдсэн байна гэж үзээд энэ талаар хамгаалалтын захиргааны дарга Атайд албан ёсоор буюу өөрөө биечлэн очиж амаар мэдэгдэж байсан. Тэр үед хамгаалалтын захиргааны дарга бол тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан юм шиг санагдаж байна. Би нэхэмжлэлд дурдсан гадаад, дотоодын жуулчдад бичиж өгөөгүй, мөнгө төгрөг хурааж авсан асуудал огт байхгүй. Зөвхөн тасалбар гээгдсэн гэж үзэж байгаа болохоос биш бичилт хийгдээгүй юм. Бичилт хийгдсэн эсэхийг нэхэмжлэгч талаас тогтоож чадаагүй. Энэ бол тасалбар болохоос биш яг үнэт цаас гэдэг нь нотлогдохгүй байгаа. Үнэхээр үнэт цаас гэж үзэж байгаа бол Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй хүмүүс хэрэглэх ёстой. Тухай үед надад ийм эрх байгаагүй. Миний үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод Х.Нурханат нь гадаад, дотоодын жуулчдад нэвтрэх тасалбар өгөх эрхтэй гэсэн зүйл байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан 306 хуудас тасалбарын 200 хуудсыг түрүүн шүүх хуралдаанд миний гаргаж өгсөн нотлох баримтад 0074801-0075000 дугаар бүхий тасалбаруудын үнэ болох 600 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тушаасан байна. Нэхэмжлэлд 2012 оны 6 дугаар сарын 25-нд тушаасан баримтыг хавсаргаж өгсөн байна. Энэ бол хэрэгт авагдсан байгаа. Ийнхүү шүүхэд худлаа баримт гаргаж тушаасан баримт байхад тушаагаагүй мэт буруутгаж байгаад харамсаж байна. Энэ үйлдэл нь хүртэл хууль бус юм гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан тасалбаруудын зарим нь 2009 оноос хойш надад бүртгэлтэй байсан. Дээр нь хэрэв гээгдсэн гэж үзвэл ажлын хариуцлага алдаж байгаа болохоос биш хууль зөрчсөн үйл явдал огт байхгүй байна. Гээгдсэн гэж үзээд санхүүгийн хяналтын улсын байцаагч болон акт тавих эр бүхий албан тушаалтан зөрчил хэмжээн үзэж байгаа бол энэ тасалбарыг хэвлэгдсэн үнээр надаар төлүүлэх ёстой байх гэж бодож байна. Тасалбарыг хураах, нэг удаа нэвтрэх журам байгаа болохоос биш ямар нэгэн нарийвчилсан зохицуулагдсан эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь бас өнгөрсөн гэж үзэж байна. Дээр нь нэхэмжлэлийн шаардлага нь хүртэл утга, агуулгын хувьд ойлгомжгүй байна. Тодруулбал надаас учир зүггүй мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Тэрхүү тасалбар хэн нэгэнд бичиж өгөөгүй, мөнгө хураагаагүй. Мөн авсан, бичилт хийсэн эсэх нь тогтоогдоогүй байхад надаас мөнгө нэхэж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Би ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд шилжин ажиллах шаардлага гарсан ба одоогийн ажиллаж байгаа ажилд уг тасалбаруудыг хэрэглэх, жуулчдад олгосон гэж үзэх нь утгагүй зүйл юм. Одоогийн ажил болон өмнөх ажлын чиг үүрэг нь хүртэл өөр өөр юм. Би өөр ажилд шилжиж явахдаа өөртөө хамааралтай бичиг баримтуудыг гэртээ аваачиж тавьсан. Ажлын шугамаар албан хэрэгцээндээ хэрэглэж байсан эд зүйл, бичиг баримт, материалуудыг албан тасалгааны өрөөндөө үлдээсэн. Тухайн үед тасалбарууд бол тэнд үлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Миний ажлыг тухайн үед хүлээж авсан Медеухан гэдэг хүн албан тасалгааны өрөөнд юу үлдсэн, юуг хүлээн авсан талаар сайн мэдэж байгаа байх. Би энэ тасалбаруудыг хувьдаа ашиглаагүй, хэрэглээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, хариуцагч Х.Нурханат нь 2009 оны 7 дугаар сарын 20-ноос 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Х.Нурханат нь тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалттай газар нутгийн нэг удаа нэвтрэх тасалбарыг бичиж, тайланг гаргаж санхүүд тушаадаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан тус газрын ня-бо А.Мугалимхан, Х.Нурханат нарын гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дарсан 2012 оны 1, 2; 3, 4 дугаар улирлын тайлангаар нотлогдож байна.

Эдгээр тайлангийн дээд талд БОХУ байцаагч Х.Нурханат гэж бичсэн боловч хариуцагч Х.Нурханат нь албан тушаалаар улсын байцаагчийн эрхгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас гэж бичээд эдгээр тасалбаруудыг үнэт цаас гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч тал Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар дээрх тасалбарууд нь санхүүгийн хэрэгсэлд хамаарах үнэт цаас мөн эсэхийг нотолж чадаагүй болно.

Мөн хариуцагч Х.Нурханат нь 2012 оны 3, 4 дүгээр улирлын тайлангийн баримтаар 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тасалбарын үнэ 600000 төгрөгийг ня-бод тушаасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө нэхэмжлэлдээ Х.Нурханатын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2012 оны 1, 2 дугаар улирлын үнэт цаасны тайланг хавсарган ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч талаас энэ асуудлаар удаа дараа хариуцагчид хандаж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэв.

Хариуцагч Х.Нурханат нь ажиллах хугацаанд гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх болон дотоодод нэвтрэх тасалбар бичиж, тайланг улирал, хагас бүтэн жилээр гаргаж байсныг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлд дурдагдсан нэг удаа нэвтрэх тасалбарууд тухайн үед гээгдсэн талаар хамгаалалтын захиргааны даргад мэдэгдэж, гээгдсэн тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан гэх боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан байхад хариуцагч Х.Нурханаттай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д зааснаар хариуцагч Х.Нурханатад эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 136 дугаар зүйлийн 136.2-т зааснаар дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй, ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тодорхойлохоор заасан боловч эдгээр үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хариуцагч Х.Нурханатаас гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий үнэт цаасны үнэ гэх 956400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч төсвийн байгууллага тул энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 27504 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3, 135.4-ийг баримтлан хариуцагч Х.Нурханатаас гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий үнэт цаасны үнэ гэх 956400/ есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны санхүүгээс 27504 /хорин долоон мянга таван зуун дөрвөн/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК