Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 021

 

Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай

газруудын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 731 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Молхы овогт Харийн Нурханатадхолбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жухан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Х.Нурханат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар болох 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий үнэт цааснуудын үнэ нийтдээ 956400 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Тус хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байгаад өөр ажил буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа Х.Нурханат нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа албан хэрэгцээнд ашиглаж байсан үнэт цаас болох гадаад, дотоодын жуулчдад бичдэг нэвтрэх тасалбарын үлдэгдэл болох 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас гадаад нэвтрэх тасалбар, 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий дотоод нэвтрэх тасалбар нийтдээ 956400 төгрөгийн үнэ бүхий үнэт цааснуудыг ажлаас гарах үедээ санхүүд тушааж, тооцоо хийхгүй, би ажлаа хүлээж авсны дараа ирж бүрэн бүтэн хүлээлгэн өгнө гээд явсан боловч сар бүр, жил бүр удаа дараа шаардуулан өнөөдрийг хүртэл авч ирж өгөхгүй байна. Иймд Х.Нурханатаас 956400 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: Миний бие 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байсан ба тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалттай газар нутгийн нэг удаа нэвтрэх тасалбарыг бичиж, тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр санхүүд тушаадаг байсан. Нэхэмжлэлд дурдагдсан нэг удаа нэвтрэх тасалбарууд тухайн үед гээгдсэн ба гээгдсэн тасалбарын талаар хамгаалалтын захиргааны даргад мэдэгдэж тухайн үед хамгаалалтын захиргааны дарга гээгдсэн тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Би нэхэмжлэлд дурдагдаж байгаа тасалбаруудыг гадаад, дотоодын жуулчдад бичиж, мөнгө төгрөг хурааж авсан асуудал огт байхгүй. Зөвхөн тасалбар гээгдсэн болохоос биш бичилт хийгдээгүй. Уг нь цаасыг зөвхөн Байгаль орчны хяналтын улсын байцаагч хэрэглэх ёстой байсан ба би Хамгаалалтын захиргаанд ажиллаж байхад улсын байцаагчийн эрхгүй юм. Нэхэмжлэлд хавсаргасан үнэт цаасны тайланд Байгаль орчны хяналтын Улсын байцаагч гэж бичсэн нь өөрөө хууль бус тасалбарын хамгаалалтын захиргаанаас хүлээлгэж, бичилт хийлгэж байсан нь хууль зөрчсөн үйл явдал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 731 дүгээр шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3, 135.4-ийг баримтлан хариуцагч Х.Нурханатаас гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх тасалбар 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас, дотоод нэвтрэх тасалбар 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий үнэт цаасны үнэ гэх 956400 /есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны санхүүгээс 27504 /хорин долоон мянга таван зуун дөрвөн/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мугалимхан би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 731 дүгээр шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэл:

1. Хариуцагч Х.Нурханат нь 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байсан ба тэр хугацаанд гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалттай газарт нэг удаа нэвтрэх тасалбар бичиж, тайлан тооцоог гарган байгууллагын санхүүд тушаадаг байсан нь нотлогдсон юм. Х.Нурханат нь тус хамгаалалтын захиргаанд аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд шилжсэн үед өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байсан үнэт цаас болох гадаад, дотоодын жуулчдад бичдэг нэвтрэх тасалбарын үлдэгдэл болох 918000 төгрөгийн үнэтэй 306 хуудас гадаад нэвтрэх тасалбар, 38400 төгрөгийн үнэтэй 128 хуудас бүхий дотоод нэвтрэх тасалбар нийтдээ 956400 төгрөгийг үнэт цааснуудыг санхүүд тушааж байгаагүй нь тогтоогдсон юм.

2. Би анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х.Нурханатын 2012 оны 3, 4 дүгээр улирлын тайланг өгөх байтал тухайн үед би андуурч 2012 оны 1, 2 дугаар улирлын тайланг өгсөн байна. Хэрэгт авагдсан Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Х.Нурханатын 2012 оны 3,4 дүгээр улирлын үнэт цаасны тайланд түүний өгөөгүй үнэт цааснууд буюу дотоод нэвтрэх тасалбарууд болох 0236398-0236400 дуустал З ширхэг, 0728026-0728050 дуустал 25 ширхэг, 0728401-728500 дуустал 100 ширхэг, 0077601-0077700 дуустал 100 ширхэг, 0022552-0022594 дуустал 43 ширхэг, 0237001-0237200 дуустал 200 ширхэг нийтдээ 471 ширхэг буюу 141300 төгрөгийн, мөн гадаад нэвтрэх тасалбарын 0200751-0200816 дуустал 66 ширхэг, 0074111-0074150 дуустал 40 ширхэг, 0089701-0089750 дуустал 50 ширхэг, 0200661-1 ширхэг, 0200673-0200694 дуустал 22 ширхэг, 0200703-0200749 дуустал 47 ширхэг нийтдээ 226 ширхэг буюу 678000 төгрөгийн бүгд 819300 төгрөгийн үнэ бүхий үнэт цааснуудыг санхүүд тушаагаагүй байгаа нь эхний шүүх хурал дээр тогтоогдсон юм.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хариуцагч Х.Нурханат нь ажиллах хугацаанд гадаад, дотоодын жуулчдад гадаад нэвтрэх болон дотоодод нэвтрэх тасалбар бичиж, тайланг улирал, хагас бүтэн жилээр гаргаж байсныг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлд дурдагдсан нэг удаа нэвтрэх тасалбарууд тухайн үед гээгдсэн талаар хамгаалалтын захиргааныдаргад мэдэгдэж, гээгдсэн тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргасан гэх боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд өгч чадаагүй болно" гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна.Харин тус байгууллагын хамгаалалтын захиргааны өмч хамгаалах байнгын зөвлөл болон хамгаалалтын захиргааны даргыншийдвэр гарч байж үнэт цаасыг хүчингүйд тооцох ёстой юм. Х.Нурханат нь ажлаас гарсан даруйдаа үнэт цаасны үлдэгдлүүдийг алга болгосноо мэдсэн бол тэр даруйдаа байгууллагад мэдэгдэх байтал тэгээгүй, ажлаас гарах үед нь Х.Нурханатад үнэт цаасны тооцоогоо хий гэж шаардахад "Би ажлаа хүлээж авчхаад эргэж ирээд хүлээлгэж өгье" гэж явчхаад олон хоног хугацаа өнгөрснийдараа гэнэт үнэт цаасны үлдэгдлүуд алга болчихжээ гэж үл тоомсорлон худал хэлсэн нь илт мэдэгдээд байна гэж харж байна.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан байхад хариуцагч Х.Нурханаттай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д зааснаар хариуцагч Х.Нурханатад эд хөрөнгийнбүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 136 дугаар зүйлийн 136.2-тзааснаар дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй, ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаартодорхойлохоор заасан боловч эдгээр үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Х.Нурханат нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ТЗ-5 зэрэглэлээр цалинжижбайсан. Ажил олгогч Х.Нурханаттай жил бүр ажил олгогч нь Үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, түүгээр түүний хүлээх үүргийг тодорхойлж байсан юм. Ер нь тус байгууллагад ажиллаж буй нийт байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчнартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах гэсэн ойлголт байдаггүй бөгөөд тэд нартай Үр дүнгийн гэрээ байгуулж,жил бүр дүгнэн хоёр талын хоорондын харилцааг зохицуулдаг. Иймд анхан шатны шүүх нь хариуцагч X.Нурханаттай нэхэмжлэгч байгууллага эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэл муутай юм.

5. Тус байгууллагын санхүүд албан ёсны бүртгэлтэй гадаад, дотоодын иргэдэд тусгай хамгаалалтын газар нутагт нэвтрэхэд олгодог үнэт цаас нь төгрөгийн нэгэн адил үнэ ханштай байдаг ба энэ талаар нэхэмжлэлд тодорхой бичигдсэн байгаа.Тус хамгаалалтын захиргааны аялал жуучлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байгаа мэргэжилтэн нь заавал байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байхыг шаардахгүй бөгөөд энэ бол хариуцагч Х.Нурханатын хариуцлагаас мултрахын тулд хийж буй заль мэх гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 731 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие Х.Нурханат 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд гадаад, дотоодын жуулчдад Тусгай хамгаалалттай газар нутгийг нэг удаа нэвтрэх тасалбарыг бичиж, тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр санхүүд тушаадаг байсан.

Би 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр ажилд шилжин ажиллах болсон. Өөр ажилд шилжсэний дараа буюу 2013 оны 2, 3 дугаар саруудад үнэт цаасны тооцоог хийж дуусгасан эсэх талаар ня-бо А.Мугалимхан надад хэлсэн. Би тасалбаруудад ямар ч бичилт хийгдээгүй, жуулчдад олгогдоогүй байсан учраас өөрт байсан бичиг баримт материалуудаас хайгаад олсонгүй, тэгээд Тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбарууд гээгдсэн байна гэж үзээд, энэ талаар хамгаалалтын захиргааны дарга А.Атайд албан ёсоор буюу өөрөө биечлэн очиж мэдэгдэж байсан. Тухайн үед хамгаалалтын захиргааны дарга гээгдсэн тасалбаруудыг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхөөр болсон. Би нэхэмжлэлд дурдагдаж байгаа тасалбаруудыг гадаад, дотоодын жуулчдад бичиж, мөнгө төгрөг хурааж авсан асуудал огт байхгүй. Зөвхөн тасалбар гээгдсэн болохоос биш бичилт хийгдээгүй юм.

Бичилт хийгдээгүй тасалбаруудыг надаас шууд мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Бичилт хийгдсэн эсэхийг нэхэмжлэгч талаас тогтоож чадаагүй. Тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар болохоос биш үнэт цаас гэдгийг нотолж чадаагүй билээ. Миний бие Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд ажиллаж байх хугацаанд хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, мөн ажлын байрны тодорхойлолтод гадаад, дотоодын жуулчдад тасалбар хураах, олгох асуудал огт тусгагдаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан 306 хуудас гадаад нэвтрэх тасалбаруудын 200 хуудсыг буюу 0074801-0075000 дугаар, 600,000 төгрөгийн үнэ бүхий тасалбаруудыг би 2012 оны 12 дугаар сарын 06-нд тушаасан байна, нэхэмжлэгч талаас шүүхэд худлаа бичиг баримт гаргаж, тушаасан баримт байхад тушаагаагүй мэт буруутгаж байгаа нь хүртэл хууль бус юм.

Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 731 дүгээр шийдвэрийг хэвээр баталж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын Захиргаа нь хариуцагч Х.Нурханатад холбогдуулан Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын Захиргаанд аялал жуулчлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд албан хэрэгцээнд ашиглаж байсан үнэт цаас болох гадаад, дотоодын жуулчдад бичдэг нэвтрэх тасалбарын үлдэгдэл болох 306ш гадаад нэвтрэх тасалбарын үнэ 918000 төгрөг, 128ш дотоод нэвтрэх тасалбарын үнэ 38400 төгрөг, нийт 956400 төгрөгийн үнэ бүхий үнэт цааснуудыг ажлаас гарах үедээ санхүүд тушааж тооцоо хийхгүй явсан тул уг мөнгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч Х.Нурханат нь Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын Захиргаанд 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аялал жуулчлал, сургалт сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь нотлогджээ.

 

Хариуцагч Х.Нурханат нь ажиллаж байх хугацаанд гадаад, дотоодын жуулчдад тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбарыг бичиж, тайланг гаргаж санхүүд тушаадаг байсан нь 2012 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын тайлангаар нотлогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан байхад Х.Нурханаттай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж,Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 731 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ