Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 22 өдөр                     Дугаар 183/ШШ2016/00006                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны зүүн талд өөрийн байранд байрлах, “Хүч боржигон холдинг” ХХК /РД:5652588, УБД:9011377127/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Буянт ухаа 58 дугаар байранд байрлах “Шинэ дэлхий” ХХК /РД: 2102684, УБД:9011237108 /-д холбогдох

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ дэлхий” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх манай компанийн бетон зуурмагийн үйлдвэрээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нийт 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй М300 маркийн бетон зуурмагийг талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” №15/01/035 тоот гэрээний дагуу авсан. Гэрээний урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэрээний 3.4 дэх заалтын дагуу 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тохирцгоосон. Үүнээс хойш үлдэгдэл 18,000,000 төгрөгийн тооцооноос огт барагдуулаагүй 2016 оны 5 дугаар сар хүрсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийн төлбөр төлөлт хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөлт нэмж хийгээгүй болно. “Шинэ дэлхий” ХХК нь энэ хугацаанд удаа дараагийн албан бичгээр төлбөр барагдуулах талаар хугацаа заасан амлалтуудыг өгч байсан боловч амлалтын дагуу төлбөрөө хийгээгүй. Иймд “Шинэ дэлхий” ХХК-иас үндсэн төлбөр болох 17,500,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 7.3-д тусгасан заалтын дагуу тооцсон 18,000,000 төгрөгөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл тооцсон 270 хоногийн алданги болох 9,000,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. “Хүч боржигон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Шинэ дэлхий” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон боловч хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-иас төлөөлөгч ирээгүй байна. Хариуцагч талаас өмнө нь иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрчлөх, өмгөөлөгч авсны үндсэн дээр шүүх хуралдаанд оролцоно гэх зэргээр хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Иймд өнөөдрийн буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-ийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-ийн захирал Л.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №15/01/035 тоот “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэгч талаас бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд манай талаас тухайн үед санхүүгийн асуудлаас болж 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийн төлбөрийг хийсэн. Хариуцагч талын зүгээс гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож тодорхой хугацаа тогтоон төлөх хүсэлтэй байна. Манай компанийн хувьд санхүүгийн боломж бололцоо тааруу бөгөөд гэрээний дагуу алданги төлөх нь хүндрэлтэй, мөн алдангийн хэмжээ хэт их байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд алданги төлөх нь хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул алданги болох 9,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК нь хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

 

            Нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” нь хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15/01/35 дугаар “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу  М300 маркийн, 150 м3 хэмжээтэй, нэгж үнэ нь 160,000 төгрөгийн үнэтэй нийт 24,000,000 төгрөгийн бетон зуурмагийг зээлээр худалдсан талаарх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үнэ, барааны чанарын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

 

           Харин хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь нийт 24,000,000 төгрөгийн бетон зуурмаг худалдаж авсан, хариуцагч компанийн хувьд санхүүгийн боломж тааруу, гэрээний дагуу алданги төлөх нь хүндрэлтэй, алдангийн хэмжээ хэт их байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 9,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

           Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах нь зүйтэй гэж үзлээ.

          Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба  2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15/01/035 дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дэх хэсэгт зааснаар “Захиалагч тал гэрээнд заагдсан төлбөрийн нөхцлийн дагуу бетон зуурмагийн төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бэлтгэн нийлүүлэгч талд төлнө” гэж харилцан тохиролцжээ.

   

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг 15/01/035 дугаартай гэрээ хангаж байх ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар 9,000,000 төгрөгийн алдангийг хуульд заасан 50 хувиар тооцож нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

        

Шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр мэдэгдэх хуудсаар хариуцагчид мэдэгдсэн боловч /хх-81/ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч “Хүч боржигон холдинг” ХХК нь Иргэний хуулийн 262  дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 290,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-иас 26,500,000 /хорин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Хүч боржигон холдинг” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  290,450  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ