Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 631

 

“Хүч боржигон холдинг” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Хүч боржигон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Шинэ дэлхий” ХХК-д холбогдох

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 26 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хүч Боржигон Холдинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Шинэ дэлхий" ХХК нь манай компанийн бетон зуурмагийн үйлдвэрээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нийт 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй М300 маркийн бетон зуурмагийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх №15/01/035 тоот гэрээний дагуу худалдан авсан. Гэрээний урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 18 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч төлөхгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийн төлбөр төлөлт хийсэн. Иймд "Шинэ дэлхий" ХХК-иас үндсэн төлбөр 17 500 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 26 500 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Шинэ дэлхий" ХХК-ийн захирал Л.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №15/01/035 тоот "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэгч талаас бетон зуурмагийг нийлүүлсэн бөгөөд манай талаас тухайн үед санхүүгийн асуудлаас болж 6 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг нийт 6 500 000 төгрөгийн төлбөрийг хийсэн. Хариуцагч талын зүгээс гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд алдангийн хэмжээ хэт их байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд алданги төлөх нь хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул 9 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч "Шинэ дэлхий" ХХК-иас 26 500 000 /хорин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Хүч боржигон холдинг" ХХК-д олгож, Улсын тэмдзгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60  дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 290 489 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2016 оны 07 дутаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн өдөр хариуцагч тал нь гэрээний үндсэн төлбөр 17 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэвч хариуцагч талаас 17 500 000 төгрөгөөс алданги тооцолгүй, 18 000 000 төгрөгөөс алданги тооцсон нь буруу гэж үзэж байна. Учир нь 17 500 000 төгрөг, алдинги 50 хувь 8 750 000 төгрөг, нийт 26 250 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй тул илүү нэхэмжилсэн 250 000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас илүү нэхэмжилсэн 250 000 төгрөгийг хасч, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хүч боржигон холдинг ХХК нь хариуцагч Шинэ дэлхий ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 26 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн төлбөр 17 500 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 9 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 

Зохигчдын  хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь стандартын шаардлага хангасан 150 м3 бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-ийн 4-9/

 

Нэхэмжлэгч Хүч боржигон холдинг ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч буюу захиалагч Шинэ дэлхий ХХК нь гэрээний үүргээс 17 500 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд маргаагүй.

 

Мөн талууд алдангийн гэрээг бичгээр хийсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасантай нийцсэн болно. 

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан хэдий ч хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөр болох 17 500 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 8 750 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Харин шүүх зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан хүү төлөх зэрэг шинжийг агуулаагүй байх тул зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байх тул шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/00006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж, “26 500 000 гэснийг 26 250 000” гэж, “олгосугай” гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хариуцагчаас 290 450” гэснийг “хариуцагчаас 289 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шинэ дэлхий ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                        Ш.ОЮУНХАНД